1. “GoPro” камер, зохион бүтээгч Ник Вудман
Калифорний үйлдвэрийн эзэн Ник Вудман (Nick Woodman) хүүхэд байхаасаа л спортод элэгтэй, ялангуяа серфингээр гулгах дуртай нэгэн байв. 1990-ээд оны сүүлчээр түүнд серфингчдэд зориулан гарын оролцоогүйгээр камерыг тогтоон барьж байх бэхлэгчтэй бүс зохион бүтээх гайхалтай санаа төржээ. Хэд хэдэн туршилтын дараа Ник “нойтон” нөхцөлд бүрэн дүүрэн зураг авалт хийхэд дан ганц бүс хангалтгүй, ус нэвтэрдэггүй тусгай хамгаалалтын жижиг цүнх, хамгийн гол нь онцгой камер хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
2001 онд Вудман “GoPro“ хэмээн нэрлэсэн ухаалаг төхөөрөмжийн хэд хэдэн хувилбарыг Хятадад захиалан хийлгэсэн байна. Учир нь өөрийн гэсэн загварыг гаргахад хэтэрхий их мөнгө шаардагдаж байжээ. Харин камерынхаа гэрийг өөрөө бүтээсэн байна. Дараагийн хэдэн жилийг тэр камераа сурталчлахад зарцуулав. Тэрээр шинэ камераа найз нөхөд, танилууддаа танилцуулж, серфингийн эд зүйл худалдаалдаг дэлгүүрүүдэд санал болгох болсон байна.
2004 онд Вудман Японоос 100 “GoPro”-гийн анхны захиалгаа хүлээн авлаа. Дараагийн 12 сарын хугацаанд камерын худалдаа эрс өссөн байна. энэхүү төсөлдөө тэрээр хамгийн томоохон хөрөнгө оруулалтыг 2011 онд хийсэн бөгөөд нийт 88 сая долларыг зарцуулсан юм. 2012 онд “GoPro”-гийн хувийг Тайванийн “Foxconn” компани авлаа. Харин Ник Вудманы төсөл 2,25 тэрбумаар үнэлэгдсэн юм. Өнгөрсөн ганц жилийн дотор л гэхэд төслийн ашиг 60,6 сая доллар хүрсэн гэдэг.
2. “Dell Computer Corporation”, үндэслэгч Майкл Делл
Техасын оюутан Майкл Делл (Michael Dell)-ын гол сонирхол нь компьютер байв. 1984 оны босгон дээр 19 настай залуу, компьютер угсран хямд үнээр найз нөхөд, танилууддаа зарж мөнгө олохоор шийджээ. Халаасандаа 1000-хан доллартай залуухан бизнесмэн ийнхүү автомашины гаражинд “Dell Computer” компаниа байгуулжээ. Ажлын схем тун энгийн байв. Майкл хэрэгтэй зүйлсээ худалдан авч, компьютер угсран дэлгүүрийнхээс хамаагүй хямд үнээр борлуулах болсон байна.
Эхний хэдэн сард тэрээр бараг 200 мянган долларын ашигтай ажиллажээ. Ийм үр дүнд хүрнэ гэж тэр огт төсөөлөөгүй байсан гэдэг. 1985 онд “Dell Computer” өөрийн үйлдвэрийн суурин компютерээ танилцууллаа. Харин 1989 онд анхны зөөврийн компьютер, 1999 онд Майклын компани АНУ-ын компьютерийн зах зээл дээр борлуулалтаараа тэргүүлж эхлэв. Одоогоор “Dell”-ийн хөрөнгө 18 тэрбум доллараар хэмжигдэж байна.
3. “Yahoo!” хайлтын систем, Жерри Янг , Дэвид Файло нар
1994 оны өвөл "Стэнфордын их сургууль"-ийн төгсөгч Жерри Янг (Jerry Yang) болон Дэвид Файло (David Filo) нар интернэт сайтуудад зориулсан өөрийн гэсэн каталог бүтээхээр шийджээ. Энэ төсөл “Дэлхийн аалзны тороор аялагч Жерри” гэсэн нэртэй байлаа. Жилийн дараа сайт “Yahoo” хэмээх шинэ нэртэй болсон юм.
Гэхдээ энэ нэр хэдийн махны сүмс үйлдвэрлэдэг компанийн худалдааны тэмдэг болсон байсан тул тэд бага зэрэг өөрчилж үгийн төгсгөлд “анхаарлын тэмдэг” нэмсэн байдаг ажээ. Энэ бүхний эцэст “Yahoo!” болсон гэнэ. Өдгөө компанийн үнэлгээ 38 тэрбум болсон бөгөөд Дэвид Файло гурван тэрбум, харин түүний хамтрагч хоёр тэрбумын хөрөнгөтэй юм байна.
4. “WhatsApp” мессенжер, Ян Кум, Брайан Эктон нар
“Yahoo”-д хэдэн жил ажилласан Украины уугуул Ян Кум (Yang Kum) хамтрагч Брайан Эктон (Brian Acton)-ы хамтаар утасны дугаартай холбогдож, текст мэдээлэл болон дүрс, бичлэг илгээж чадах программ бүтээхийг зорьжээ. 2009 оны өвөл Кум “WhatsApp” компаниа Калифорнид бүртгүүлж, вэб хөгжүүлэгч Игорь Соломенниковын тусламжтайгаар “WhatsApp“ программаа бичсэн байна.
Ингээд 2 жилийн дараа гэхэд "WhatsApp" Америкийн App Store хэрэглэгчдийн дунд өргөнөөр хэрэглэгдэх болсон байна. 2014 онд энэ төслийг “Facebook” 19 тэрбум доллараар худалдан авсан бөгөөд өнөөгийн байдлаар программыг 800 сая хүн хэрэглэж байна.
5. “Alibaba” худалдааны сайт, Жек Ма
Багшийн мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажил хайгаагүй Хятадын иргэн Жек Ма (Jack Ma) төрөл бүрийн бараатай онлайн худалдааны салбарт өөрийн гэсэн төсөл хэрэгжүүлэхээр том зорилго тавьжээ. 1999 онд залуу эр АНУ руу явж “Alibaba” хэмээн нэрлэсэн компанидаа хөрөнгө оруулагч хайх болсон байна.
“Энэ нэрийг дэлхий даяараа мэднэ” хэмээн Жек Ма хожим компанийхаа нэрийн талаар дурссан байдаг. Гэвч АНУ руу хийсэн аялал тийм ч бүтэлтэй байсангүй. Тэр ердөө 60 мянган доллар цуглуулсан байв. Тиймээс Жек болон түүний 17 хамтран зүтгэгчийн анхны оффис өөрийнх нь гэр байжээ.
Гэвч азгүйтэл тийм ч удаан дагасангүй. Тухайн ондоо “Alibaba.com”- томхон аз таарч, “Goldman Sachs” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын анхааралд өртжээ. Ингэснээр төсөл 25 сая долларын хөрөнгө оруулалт босгож чаджээ. Тус компани анхны мэдэгдэхүйц ашгийг 2002 онд хүртсэн юм. Харин өдгөө тэд 200 тэрбум долларын үнэлгээтэй явж байгаа бөгөөд Жекийн хувийн хөрөнгө л гэхэд 24 тэрбум доллараар үнэлэгдэнэ.
6. “Amazon” худалдааны сайт, Жефф Безос
Яг үүнтэй адил түүх өдгөөгийн интернэт дэлгүүрүүдийн хамгийн алдартай “Amazon.com” сайтыг ч бас тойроогүй юм. Үүсгэн байгуулагч нь Пристоны их сургуулийн Жефф Безо (Jeff Bezos) бөгөөд түүний ярьснаар тэр нийтийн тээврээр үйлчлүүлж байх үедээ ирээдүйн хүүхдүүддээ зориулан “хөл дээрээ зогсох” бизнес төлөвлөгөө бичсэн нь хожмын нэр алдар, эд баялагт хүргэжээ. Энэ нь интернэтээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдаж авах болон зарж борлуулах сайт байв.
“Alibaba”-г бодоход түүнд гараанаасаа гарахын тулд 60.300 мянган доллар энд тэндээс цуглуулах шаардлага гарсангүй. Түүнд хөрөнгө оруулагч хайх шаардлага тулгарсангүй. Хэрэгтэй санхүүжилтээ тэрбээр интернэт дэлгүүр ирээдүйтэй гэдэгт итгэж байсан хойд эцгээсээ авсан байна. Ийнхүү эрэлт хэрэгцээн дээр тулгуурласан худалдаа, үйлчилгээний сайт 1994 онд ашиглалтанд орж, 1997 он гэхэд “ IPO” бүртгэгдсэн байна.
Эхэндээ Amazon дуу бичлэгийн хуурцаг, номны төрөлжсөн худалдаа эрхэлдэг байсан бол өдгөө сайтын каталог бэлэн хувцас, гоо сайхны бараанаас өгсүүлээд тавилга, цахилгаан бараа зэрэг 1000 нэр төрлийн бараа худалдан борлуулдаг интернэт дэлгүүр болжээ. Компани 200 тэрбумын үнэлгээтэй ба Безосын хөрөнгө 38 тэрбум доллар ажээ.
7. Bloomberg, Майкл Блумберг
1981 онд ажилгүй болсон Белорусын цагаачийн үр сад Майкл Блумберг (Michael Bloomberg)-т санхүүгийн зах зээлд оролцогчод үнэлж баршгүй тусыг үзүүлэхүйц, терминалын тусламжтайгаар эдийн засгийн мэдээлэл цуглуулж, дүгнэлт хийж, тараах үйлчилгээ үзүүлэгч компани байгуулах санаа төржээ.
Түүнд энэ санаа төрөхөөс өмнө Майкл Америкийн “Salomon Brothers” байгууллагад ажиллаж байв. Түншийн зөвшөөрлийн нөхцөлтэйгээ "ажлаас халагдсаны төлбөрт" тэрбээр 10 сая доллар авчээ. Энэ мөнгийг тэр “Innovative Market Systems” компаниа байгуулахад зарцуулсан бөгөөд хожим нэрээ өөрчилж “Bloomberg” болжээ.
Тус компанийн анхны томоохон агентлаг, хөрөнгө оруулалт нь“Merrill Lynch” банк байв. Банк 22 терминал тогтоож, “Innovative Market Systems”-ийг хөгжүүлэхэд 30 сая доллар оруулжээ. Өнөөдөр “Bloomberg” дэлхийд тэргүүлэх санхүүгийн мэдээллийн хөтөч болсон бөгөөд компанийн цэвэр үнэлгээ 37 тэрбум доллар юм байна.
8. “Facebook” цахим сүлжээ, Марк Цукерберг
2004 онд Харвардын их сургуулийн оюутан Марк Цукерберг (Mark Zuckerberg) хэсэг нөхдийн хамтаар, оюутнууд хоорондоо харилцахад зориулсан, хуудас нээн мэдээлэл болон зургаа байршуулж байх мэдээллийн сайт нээхээр ярилцжээ. Төслөө тэд “The facebook” хэмээн нэрлэж, эхэндээ Харвардын оюутнууд л ашигладаг байсан гэдэг. Гэвч сүүлдээ бүртгэлийг бусад сургуулийн оюутнуудад ч нээлттэй болгосноор өргөжиж, хүчээ авах үндэс тавигдсан байна.
Харин 2006 он гэхэд сайтад дурын хүн нэвтэрч, ашиглах боломжтой болсон төдийгүй нэрээ “Facebook” болгон өөрчилжээ. Ийнхүү ердөө хэдхэн жилийн дотор Цукерберг болон хамтрагчдын сайт дэлхийн хамгийн их хүн зочилдог портал сайтуудын нэг болсон юм. 2010 оны гуравдугаар сарын 13-нд тус сайтын нэг өдөрт зочлох хэрэглэгчийн тоо “Google”-ийн үзүүлэлтээс давлаа. Ийнхүү 10хан жилийн дотор Facebook 250 тэрбум долларын хөрөнгөтэй том компани болж хувирсан юм. Харин үүсгэн байгуулагчийн хөрөнгө 35 тэрбум доллар болжээ.
9. “Google”, Ларри Пейж, Сергей Брин нар
Цахим ертөнцөд хамгийн амжилттай яваа сайт бол Стэнфордын их сургуулийн оюутан Ларри Пейж (Larry Page), Сергей Брин (Sergey Brin) нарын санаачлан бүтээсэн сургалтын төсөл юм. 1995 онд тэд интернэтэд өөрийн гэсэн хувийн хайлтын систем бүтээх санаа төржээ. Бүр “BackRub” хэмээх нэр хүртэл бодоод олчихсон байсан гэнэ. Гэхдээ хожим энэ нэрийг “Google” хэмээх нэртэй болгосон байдаг.
Тэд мөнгө муутай байсан тул хайлтын системынхээ анхны логог Брин өөрөө боловсруулсан байдаг. Тэр цагаас хойш өдийг хүртэл ”Google”-ийн лого хэд хэдэн удаа өөрчлөгдсөн юм. Хэдэн жилийн дараа Брин, Пейж нар хайлтын системээ зарах гэж оролдсон ч худалдаж авах хүн гарсангүй. Жишээ нь л гэхэд “Excite” компанийн Ерөнхийлөгч Жорж Белл хайлтын системээр мөнгө олох боломжгүй хэмээгээд үүний оронд шуудангийн үнэ төлбөргүй сайт байгуулахад хүчээ авахыг зөвлөж байжээ.
Гэвч Жорж Белл эндүүрсэн байлаа. Түүний төсөл дампуурч харин “Google” эсрэгээрээ хүчээ авсан байна. Өнөөдөр Брин, Пейж нарын бүтээл дэлхийд хамгийн алдартай, өргөн хэрэглэгддэг хайлтын систем болж, хөрөнгө нь 370 тэрбум доллар, үүсгэн байгуулагчдын хөрөнгө тус бүр 30 тэрбум болжээ. Хэдийгээр “Google”-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хайлтын систем боловч олон олон төсөл хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, судалгааны тус компанийн хамгийн нууцлаг нэгэн дэд салбар бол “Google X” юм.