Халимагт зорчсон тэмдэглэл

2013-02-25, 18:07
43,580
Оросын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг Улсын талаар ер нь их сонирхдог бөгөөд Монголчуудаас дээхэн үед тасарсан хүмүүс болхоор цаашлаад явж үзэхсэн гэж боддог байв. Ингээд саяхан энэ Улсын талаар "Google" хайлтаас хайж үзэж байгаад нэг хүний блог руу яваад оров. Тэгтэл блогийн эзэн маань "Халимаг" руу аялсанаа блогтоо оруулсан байсан нь үнэхээр гоё санагдаж түүний бүх нийтлэлийг дуртай нь аргагүй уншиж миний дотор байсан "Халимагт" зочлох хүсэлийг улам бадраагаад өглөө.
Халимагт зорчсон тэмдэглэл

Халимагт зорчсон тэмдэглэл: 1. Замд гарахын өмнө


Өнгөрсөн долоо хоногт Оросын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хотоор аялаад ирлээ. Өмнө нь Халимаг гэдэг үгийг сонсож байсан ч тэдний тухай цэгцтэй ойлголт огт байсангүй. Харин оюутан болсон хойноо л халимагуудын талаар бага сага мэддэг болсон. Сүүлийн үед Халимагт очиж үзэх хүсэлд автав. Тэнд очих таатай нөхцөл боломж өнгөрсөн долоо хоногт бүрдэхээр нь ухас хийгээд ирлээ. Гэхдээ сэтгэлийн хөөрөлдөө автаж Халимаг руу гэнэтхэн явсангүй ээ. Халимаг орныг зорих аялалдаа гарахаасаа өмнө чадах чинээгээрээ аялалын бэлтгэл хийлээ.

Эхний ээлжинд Халимагийн түүх, өнөөгийн байдлын талаар ном, сонин, сэтгүүл, интернэт ухаж үзлээ. ОХУ-ын өмнө хэсэгт, Каспийн тэнгисийн хөвөөнөөс холгүйхэн тэгш тал газар аж төрж байгаа Халимагууд бол монгол угсааны дүрвэд [дөрвөд], торгууд ястанууд. Одоогоос бараг 500 жилийн өмнө тэдний овог дээдэс өнөөгийн Монгол Улсын баруун хэсэгт аж төрж байгаад баруун тийш нүүдэллэн явжээ. Халимагууд өнөөгийн Казахстан, Киргизийн өндөр уулс, өргөн талыг туулж замдаа их л зүдэрч байж Каспийн тэнгисийн эрэг, Оросын Волга мөрний орчимд суурьшсан юм байна Волга мөрнөөс Каспийн тэнгис хүртэлх нутгийн газар зүйн тогтоц, байгаль нь төв Азийн цээжинд байдаг төрөлх Монгол нутагтай нь төстэй байсан тул Халимагууд урт удаан нүүдлээ өндөрлөж, энд гэр ачаагаа буулгаж, мал сүргээ хотлуулсан бололтой. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэж ардын зүйр үг байдаг даа. Төрсөн нутгаа орхиж, харь оронд дасаж идээших гэж Халимагууд нэлээн зовжээ, хөөрхийс.

Монголоос гарч явахдаа казах, киргиз, ной, дагестан, оростай таарч, дээрэмдүүлж, тонуулж, алуулж хядуулжээ. Аж төрөх, амьдралын орон зай, байр сууриа эзлэн авахын тулд Халимагууд нутгийн уугуул үндэстэнүүдтэй эвлэрэх цагтаа эвлэрч, байлдах үедээ байлдсаар ямар ч гэсэн гэсэн өөрсдийн төрт улсаа байгуулж, эзэн хаан хүртэл сонгож байж. Гэвч аажимдаа сүр хүч нь буурсаар Оросын эзэнт гүрний харъяанд оржээ. 1917 онд Оросууд эзэн хааныхаа гэр бүлийг өнөөгийн Екатеринбург хотын орчимд ой модонд хороож, Октябрийн хувьсгал ялж байх үед Халимагууд оросын коммунистуудыг дэмжиж, хаант засгаа түлхэн унагаасанд нь талархал дэвшүүлж байжээ. Үүний хариуд Оросын коммунистууд Халимагийн өөртөө засах мужийг 1917 онд байгуулах шийдвэр гаргасан байна. Дараа нь 1935 онд Халимагийн өөртөө засах мужийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улс гэж зарлав. Халимагууд тусгаар тогтносон бүрэн эрхэт улс байгуулж чадаагүй ч, автономит эрхтэй улс болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, тодорхой шалтгааны улмаас ЗХУ-ын удирдагч нар Халимагийн автономит улсыг хүчээр татан буулгаж, Халимаг үндэстнүүдийг Сибирь, Дундад Ази, Дагестан, Казахстан, Оросын Алтайн хязгаар руу цөлсөн байна. 1958 онд ЗХУ-ын удирдагч нар Халимагийн автономит улсыг сэргээн байгуулжээ. Цөллөгт явуулсан хүмүүс, тэдний үр хүүхдүүдийг Волга мөрнөөс, Каспийн тэнгис хүртэлх тал нутагт нь эргэж ирэхийг нь зөвшөөрчээ. 1980-аад оны сүүлээр ЗХУ задарсан ч Халимагийн статус нь олигтой өөрчлөгдөөгүй. Сүүлийн хорь гаруй жил “ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс” гэж албан ёсоор нэрлэдэж байна. Халимагийн түүхийг товчхон дурьдахад нэг иймэрхүү.
Халимгийн тухай материал цуглуулах явцдаа Wikipedia-ийн орос хувилбараас нь Халимагийн тухай ерөнхий мэдээлэл авч монгол хэл рүү орчуулж, Wikipedia-ийн монгол хувилбар руу оруулсан. Ямар ч байсан Wikipedia-ийн монгол хувилбарыг хөгжүүлэхэд би өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан шүү гэдгээ энд завшааныг ашиглаад зарлая. (жаахан онгирчихлоо) Сонирхсон хүмүүс Халимагийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэлээр эндээс уншаарай.

Халимаг руу явахын өмнө дан ганц түүх, ерөнхий мэдээлэл унших нь хангалтгүй байлаа. Халимагийн нийслэл Элстэй [Элиста] хот руу ямар унаагаар очих вэ? Очоод ямар зочид буудалд хоноглох вэ? Халимаг руу түрүүвчиндээ хичнээн рубльтэй байвал болох вэ? Элстэй хотод нүд баясгахаар сонин содон юм юу байна вэ? гээд асуулт зөндөө ундарч гарч ирж байна аа. Юуны түрүүнд Элстэй хот руу ямар унаагаар очиж болохыг судаллаа. Москвагаас Элистэй руу долоо хоногт хоёр удаа Оросын РУСЛАЙН гэдэг иргэний агаарын тээврийн компани нислэг үйлддэг юм байна. Тасалбарын үнэ нь нэг талдаа 8500 рубль. Над шиг үүргэвчтэй аялал хийх гэж байгаа ядуу оюутанд бол дэндүү ахадсан үнэ. Ингээд Элстэй руу галт тэргээр очиж болох эсэхийг судаллаа. Харамсалтай нь 2004 оноос хойш Москва-Элстэй чиглэлд зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахаа болисон юм байна. Москвагаас Волгоград хот руу галт тэргээр хүрч, тэндээсээ Элстэй орох машин, эсвэл автобусанд дамжин суух өөр нэг хувилбар байдаг. Олон унаа сэлгэх нь цаг алдахаас эхлээд, ер нь түвэгтэй санагдав. Москва-Элстэй хотуудын хооронд том оврын автобус явдаг юм байна. Тасалбарын үнэ ханш нь ч боломжийн юмаа. За ингээд би Элстэй руу автобусаар л явах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрлээ.
Элстэйд очоод гудамжинд хонолтой биш. Цаг агаарын урьдчилсан мэдээ харсан 10 сарын сүүлийн долоо хоногт өдөртөө +5 шөнөдөө -3 хэм. За ингээд Элстэйд ямар зочид буудал байдгийг интернэтээр хайж үзлээ. Элстэй хотын зочид буудалд бууж байсан хүмүүсийн сэтгэгдэлээ бичиж үлдээсэн форумыг хүртэл санаандгүй олж уншлаа. Элстэй хотод байдаг зочид буудлуудаас хамгийн эртнийх нь “Элиста” hotel. Гэвч “Элиста” зочид буудалд хоноглож байсан хүмүүсийн ихэнх нь тус буудал бохир заваан, үйлчилгээ тааруухан гэж муулжээ. “Сити чесс” хотхоны зочид буудал үйлчилгээ сайтай боловч үнэ нь өндөр юм. Өөр хэд хэдэн зочид буудал, бас үнэ ханшын тухай олж уншив. Гэсэн ч Элстэй хотод ямар зочид буудалд хоноглохоо шийдэж чадсангүй ээ.

Элстэй хотод үзэх харахаар юу байна гэдгийг нь бол түвэггүй олж мэдлээ. Бас Халимаг руу аялахад хэдий хэмжээний зардал хэрэгтэйг ч барагцаалаад тооцооллоо. Ингээд Халимаг руу ямар хугацаагаа л товлох үлдэв. Очоод тэнд хэд хоноод эргэж ирэх вэ? гэдгээ ч бас товлолоо.

2011 оны 10 сарын 27 [пүрэв гариг]. Элстэй руу явах автобус зогсдог нэгэн автовокзалыг зорив. Хэдэн цагт автобус хөдөлдөгийг нь интернэтээс урьдчилаад мэдсэн тул цагийг нь дөхүүлээд автовокзал дээр очлоо. Москва-Элиста гэсэн хаягтай автобус руу Халимагууд, цөөн хэдэн оросууд орж суудлаа эзлэж тухлахыг харав. Автобусны дэргэд давхраатай алаг нүдтэй, царайлаг ази залуу зогсож байхаар нь дөхөж очоод:

-Чи Халимаг уу? гэж асуув. Өнөө залуу надад "Тийм" гэж хариуллаа. Элстэй руу автобус хэдэн цаг явж байж хүрдэг вэ? Автобус замдаа зогсдог уу? Би Элстэй руу явах гэсэн юм. Зөвлөгөө өгөөч гэлээ. Автобус ойролцоогоор 19 цаг явж байж Элстэй хотод хүрнэ. Замдаа дөрвөн удаа зогсдог. Замын зогсоол дээр идэж уух зүйлийн үнэ өндөр тул замдаа идэх хүнсээ Москвад байхдаа зэхсэн нь дээр. Элстэй хотод оройн цагаар гадуур явах нь осолтой гэж надад хэлэв. Асуулт болгонд дэлгэрэнгүй хариулт өгсөн тэр Москвагийн нэгэн их сургуулийн 2-р дамжааны оюутан гэж өөрийнхөө талаар ч надад ярьсан юм.
Зөвлөгөө өгсөн халимаг оюутанд баярллаа, замдаа сайн яваарай гэж ерөөгөөд автовокзалын касс орж Элстэй орох автобусны тасалбар хэдэн рубль байгааг тодруулав. Москва-Элиста чиглэлийн хот хоорондын автобусны тасалбарын үнэ нь интернэтэд бичсэнээс ялимгүй илүү үнээр зарагдаж байлаа. Интернэтэд автобусны үнэ 1500 рубль гэж байсан юм. Тасалбарын үнэ 100 рублиэр нэмэгджээ. Интернэт сайтад байгаа мэдээлэл хоцрогдсон байжээ гэж би бодож амжив.




2011 оны 10 сарын 28 [баасан гариг]. Өглөө, өдөр нь хөөцөлдөх ажлаа амжуулаад, нар жаргахтай зэрэгцээд үүргэвчиндээ авч явах юмаа цуглуулав. Солих хувцас, хоолны хордлого, толгой өвдөх үед уух эм, идэвхижүүлсэн нүүрс, хурууны боолт гэх мэтийн ойр зуурын юм үүргэвчиндээ хамаад хийчихлээ. Мэдээж аялалд явах гэж байгаа хүн зургийн аппаратаа мартаж болохгүй. За ингээд автовокзалын касснаас тасалбар авч Элстэй хүрэх хот хоорондын автобусанд суудлаа эзлэв.


Халимагт зорчсон тэмдэглэл: 2. Замдаа

Москва хотод хичнээн ч автовокзал байдаг юм байгаан. Бүү мэд. Москвагаас Элиста руу автобус хөдөлдөг хоёр автовокзал байна лээ. Би өөрийнхөө Москва дахь гэртэйгээ ойрхон орших автовокзалыг сонгов. Москва-Элстэй чиглэлд өдөрт таван өөр компаний таван автобус тогтсон цагуудаас замд гардаг ажээ. Би оройны 19 цагт аян замд гардаг автобусны тасалбар худалдаж авсан юм. Алянс-Тур гэдэг энэ компани Германд үйлдвэрлэсэн хоёр давхар, маш тохиолог автобусаар зорчигч тээвэрлэдэг. Хоёр давхар автобусанд амьдралдаа анх удаа сууж үзсэнээ нуугаад яахав. Миний суудал яг хоёр давхарт таарав. Хоёр эгнээ суудалтай. Голд нь ганц хүн л явах боломжтой. Зорчигч тасалбартаа бичигдсэн дугаартай суудалдаа л сууна.

Зураг 1. Замд автобус зогсож, зорчигчид жорлон руу гүйдэж, тамхилж, идэх уух юм зардаг ТҮЦ-рүү зүглэнэ.



Хоёр давхар автобусанд нэг ч хоосон суудал байсангүй. Миний суусан автобусанд залуус олон байлаа. Баасан гариг тул Москвад сурдаг халимаг оюутнууд гэртээ харих гэж байгаа биз гэж таамагласан юм. Тэгээд ч 11 сарын 4-нд орост “Ард түмний эв нэгдлийн өдөр” буюу хуучинаар бол Октябрийн хувьсгал ялсаны баяр тохионо. Баяр болж, олон хоног амрах тул ийнхүү Халимаг оюутнууд гэртээ очих нь ч аргагүй. Миний хажуугийн суудалд нэг халимаг бүсгүй суув. Нэрийг нь асуугаагүй тэр халимаг бүсгүй Москвад сүүлийн таван жил ажиллаж амьдарлаа. Эндээс залхаж байна. Гэртээ харихын хүслэн болж байгаагаа надад ярив. Би ч өөдөөс нь найрсагаар инээмсэглэж, түүний яриаг дэмжиж хэдэн үг хэлэв. Ингээд автобус хөдөллөө. Автобус хөдөлмөгц өнөө халимаг бүсгүй замын хүнс хийсэн гялгар торноосоо чипс гаргаж амандаа хийгээд, чихэвчний хөгжимөө сонсонгоо цонхоор ширтэж өөрийнхөө ертөнцөд умбав бололтой. Хамгийн сонирхолтой нь энэ бүсгүй солонгос дуу хөгжмийн улаан фэн. Замын турш чихэвчнийх нь цаанаас солонгос дуу хөгжим битүүхэн сонсогдож байлаа. Солонгос дуу хөгжим Халимагуудад таалагддаг бололтой. Автобус хөдөлсөний дараа би бусад зорчигчидыг нүдээрээ ангуучлав. Ер нь халимагууд их цэвэрхэн цагаан царайтай юм. Өнгөц харах юм бол солонгос, япон залуучуудтай төстэй ч юм шиг.

Зураг 2. Халимаг залуус ихэнхи нь цэвэрхэн цагаан царайтай, өнгөц харвал Солонгос, Япончуудтай ч төстэй юм шиг санагдав.



Автобусны салонд 14 инчийн хоёр ширхэг өнгөт зурагт тавьжээ. Замын турш зорчигчдыг уйдаахгүйн тулд уран сайхны кино үзүүлдэг юм билээ. Москвагаас 19 цагт хөдөлсөн автобус оройн 23 цагийн орчимд нэгэн шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо түр зогсов. 30 минут зогсоно гэж жолооч чанга яригчаар зарлав. Зорчигчид автобуснаас цувран бууж, хөшсөн биеийн чилээгээ гаргана. Шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо нийтийн жорлон, бас хүнсний бүтээгдэхүүн өрж тавьсан жижигхэн ТҮЦ байлаа. Нийтийн жорлонд бие засахад 20 рубль. Харин хүнс зардаг ТҮЦ-нд нэг ширхэг төмстэй пирошки 25 рублийн ханштай. ТҮЦ-нээс нь төмстэй пирошки, байцаатай пирошки тус бүр нэгийг авч идэв. Замдаа бага сага идэх уух зүйл үүргэвчинд байсан л даа. Үүргэвчнээсээ цэвэр усаа гаргаж, халуун пирошки идэж ходоодоо баярлуулав. Автобус 30 минут энд зогсох ёстой байсан ч яагаад ч юм саатав. Жолооч автобусныхаа ар талыг ухаж, хогийн сав руу ямар нэгэн зүйл чулуудаж байгааг цонхоор харав. Автобусанд ялимгүй техникийн доголдол гарсан бололтой. Бүтэн нэг цаг зогссоны дараа автобус цааш замдаа гарав.

Москвагаас Элстэй хот хүртэл ойролцоогоор 19 цаг явдаг юм билээ. Ингэхдээ нийт дөрвөн удаа зогссон. Зогсож байгаа газар бүр нийтийн жорлон, ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн, пирошки, ундаа ус зардаг ТҮЦ ажиллана. Өнөө пирошкины үнэ 25 рубль байснаа Москвагаас холдох тусам нэмэгдэж 35-40 рубль болж байв. Харин Москвагаас холдох тусам нийтийн жорлонгийн үнэ хямдарч байлаа. Элиста орохоос наана нийтийн жорлонд орж бие засахдаа 5 рубль төлсөн. Автобусанд шөнө түшлэгээ налаад жаахан зүүрмэглэж явав. Өмнө нь ийшээ зүглэж байгаагүй тул хаагуур ч яваад байгаа юм бүү мэд. Ямар ч байсан Москва хотоос урагшаа л яваад байгаа гэсэн төсөөлөл толгойд байлаа.

Зураг 3. Халимагийн тал нутаг. Модгүй , тэгш тал газар хязгааргүй мэт үргэлжилнэ.



Элстэй хот орохоос ойролцоогоор 3 цагийн өмнө Волгоград хотын дундаар автобус явсан. Волгоград хотод зогссонгүй. Хотын нэг захаас нөгөө зах руу нь сүнгэнэчих шиг болсон. Энэ хотыг өнгөрмөгц уул, ой модгүй тэгш тал газраас автобус давхив. Өөрөөр хэлбэл миний зорин явж байгаа Халимаг орон ойртсон гэсэн үг. Гэхдээ дандаа асфальтан хар замаар явсан гэдгээ хэлэх нь зүйтэй. Ийнхүү Москвагаас Элиста хүртэл 1200 гаруй км замыг туулж дараачийн өдрийн [2011.10.29/Бямба гариг] 15 цагт Элиста хотын автовокзал дээр буулаа. За Халимагийн Элстэй хотын тухай дараагийн удаа бичье.

Халимагт зорчсон тэмдэглэл: 3. Элстэй хотод өнгөрүүлсэн эхний өдөр

Автобусанд удаан хөдөлгөөнгүй сууж явсан тул хамаг бие чилээд, бөгс хавтгайдуу болоод жаахан хэцүү л байлаа. Гэхдээ би өмнө нь Хөвсгөл далайг үзэх гэж ганцаараа Улаанбаатараас Мөрөн хот руу автобусаар 24 цаг явж байсан туршлагатай. Элстэй хотод буумагц шинэ орчинд ороод дорхноо сэтгэл сэргэж, бие хаа, хөл гар чилж байгаагаа дорхноо мартав.

Зураг 1. Элстэй хотод нийтийн тээвэрт зөвхөн ийм ГАЗЕЛ маркийн микроавтобус ашигладаг юм билээ.



Элстэй хотын автовокзалаас хотын төв рүү нь очиж, хоноглох зочид буудал олох нь хамгийн чухал асуудал биз дээ. Ингээд автовокзалаас нь гарч нийтийн автобусны буудал дээр хэсэг зогсов. Ингээд асууж сураглаж байгаад хотын төв ордог микроавтобусанд суув. Элстэй хотод том оврын автобус, троллейбус, трамвай байхгүй. Хотын нийтийн тээврийн хэрэгсэл нь микроавтобус. Микроавтобус нь 10 рубль. Кондукторт нь мөнгөө өгнө. Манай Улаанбаатарын микро автобустай харьцуулах юм бол кондуктор нь автобусны буудал дээр орилж чарлахгүй. Суудлынхаа тоогоор л зорчигч суулгана. Хаяа даац хэтрүүлэн зорчигч тээвэрлэх явдал мэр сэр байдаг юм билээ. Гэхдээ шахаад суу гэж зорчигчоо дарамтлахгүй. Даац хэтрүүлэн орж ирсэн зорчигч микро автобус дотор хагас тонгойж, зогсож явна.

Зураг 2. Элстэй хотын төвд байдаг "Элиста" зочид буудал



Элстэй хотын яг төв талбайн хажууд “Элиста” хэмээх зочид буудал байна. Таван давхар энэ зочид буудалд өрөө авчих санаатай орлоо. Решепшин халимаг хүүхэн хумсаа будаад сууж байв. Би танай зочид буудлын өрөө ямар үнэтэй вэ? гэж асуув. Нэг хоногийн 1400 рубль гэсэн хариу сонслоо. Тэгээд намайг Монголын иргэн гэдгийг мэдмэгцээ “гадаадын иргэн нэг хоногийн 2000 рубль” гэж үнэ ханшаа суга өсгөдөг байна шд. Амандаа орсон тоогоо л тэр эмэгтэй хэлсэн байх. Би “уучлаарай, битгий дэмийр” гээд хаалгыг нь саваад гарав. Халимаг явахаар бэлтгэж байхдаа “Элиста” зочид буудлын талаар чадах чинээгээрээ мэдээлэл цуглуулсан ухаантай юм. Тус зочид буудалд байрлаж байсан хүмүүс их муу үнэлгээ өгч, “Элиста” зочид буудлын бохир заваан, үйлчилгээ гэж авах юмгүй хэмээн бичсэн байлаа. Энэ нь ч угаасаа үнэн бололтой.

Зураг 3. Элстэй хотын төв гудамж



Зураг 4. Элстэй хотын сүлд бэлгэ тэмдэг болсон багана



Зураг 4. Морьтой Жангар баатар гэж таамаглав. Гэхдээ ойр хавьд нь ямар ч тайлбар бичсэн самбар харагдсангүй.



Зочид буудлын гадаа зогсож эргэн тойрноо жаахан ажиглав. Хаашаа ч харсан монголчууд шиг царай зүстэй хүмүүс. Гудамжинд нь цөөн хэдэн оросууд алхаж явах нь үзэгдэнэ. Ер нь л яг Монголдоо байгаа юм шиг дотно санагдаад байлаа. Намайг энэ гадаад хүн байна хэмээн анзаарч байгаа хүн ч алга. Би халимагуудаас огт ялгарахгүй байгаа бололтой. Хотын төв хэсгийн гэрэлтүүлэг, зарлалын самбар нь Монгол үндэсний гэмээр хээ угалзтай юм. Цаг агаар, уур амьсгал нь ч зөөлөн. Зочид буудлын харалдаа машин замын хөдөлгөөн нь их сэлүүхэн. Элстэй хотод замын түгжрэл ч гэж алга. За ингээд гудамжинд гарч хэд алхаж байгаад нэг Халимаг жаалаас хямдхан зочид буудал мэдэх үү? гэж асуув. Өнөө жаал маань надад нэг зочид буудлын хаяг, хэрхэн очихыг нь зааж өгсөн юм. Гэтэл өнөө жаал хүү сүүлд нь "ангийн хүүхэд" болж таардаг юм даа.

Зураг 5. Миний буусан зочид буудал. Хажуудаа жижигхэн хүнсний дэлгүүртэй.



Ингээд Элстэй хотын 1-р микрорайонд Халимагийн Үндэсний Музейн замын эсрэг талд байрладаг нэгэн зочид буудалд ирлээ. Зочид буудлын ресепшин нь 60 гаран насны халимаг авгай байна. Би зочид буудлын өрөөг орж үзэж болох уу гэв. Өнөө авгай намайг дагуулан 2-р давхарт гарч сул байгаа өрөөгөө үзүүлэв. Өрөө нь бас ч гэж дажгүй ээ. Үнийг нь асуувал хоногийн 1200 рубль гэж дуугарч байна. Таниж мэдэхгүй газар өөр ямар ч зочид буудал хайгаад явж байх билээ. Ингээд энэ зочид буудалд хоноглохоор болов.

Зураг 6. Зочид буудлын өрөө нь нэг иймэрхүү



Өрөө нь дотороо угаалгын өрөө, жорлонтой. Коридортоо хувцасны шүүгээтэй, ширээ сандал, ор, толь, 21 инчийн өнгөт зурагч, хөргөгч, бас жижигхэн тупочка тавьжээ. Цонхны хажууд агааржуулагчтай. Зочид буудлын коридортоо дээрээ 5 литрийн баллонтой том ус буцалгагч тавьсан юм билээ. Зочид буудал эрж хайж явсаар байтал цаг нэлээн орой болсон байлаа. Ингээд жаахан юм идэж аваад тас унтав. Замдаа автобусанд нойр дутуу явсан болохоор нэлээн ядарсанаа мэдрэв. Ингээд маргааш өглөө нь 10 цагт сэрлээ. Нүүр гараа угааж, өглөөний цай уугаад зургийн аппаратаа халааслаад гадагшаа гарлаа даа.

Халимагт зорчсон тэмдэглэл: 4.Халимагийн үндэсний музей

2011 оны 10 сарын 30. Ням гариг. Миний хувьд Элстэй хотын анхны өглөө. Хөнгөн цайлж аваад зочид буудлаас гарав. Гарахдаа өрөөний түлхүүрээ үлдээх хэрэгтэй гэж ресепшин хэлж байсан. Гэвч би өрөөний түлхүүрээ үлдээлгүй гарч явсан юм. Бас ресепшинд паспортоо үлдээх журамтай гэнэ. Би гадаадын иргэн. Гудамжинд цагдаа нар миний баримт бичгийг шалгаж магадгүй учраас би паспортоо үлдээх боломжгүй гэж тайлбарлав. Иймд тэд паспортоо үлдээ гэж дахин шаардсангүй. Ер нь би гадаад паспортоо таньж мэдэхгүй газар хэн нэгэн хүнд өгөх угаасаа дургүй. Гадаад паспортоо байнга л биедээ авч явж байхад сэтгэл амар байдаг юм.

Өчигдөр зочид буудал зааж өгсөн халимаг жаалхүү надад утасны дугаараа өгч, тусламж хэрэгтэй бол залгаарай гэсэн юм. Надад зочид буудлын хаяг хэлж өгсөн жаалхүү: "Миний нэрийг Алдар гэдэг. 17 настай" гэж өөрийгөө танилцуулсан. Хэрвээ Элстэй хотод явж байгаад ямар нэгэн асуух зүйл гарвал би Алдар руу утасдаж, зөвлөгөө авах нь зөв юм байна гэж дотороо бодож байсан юм. Алдар хэмээх тэр халимаг жаал надад тус болсоон.. болсон. Түүний тухай тусгайлан дараа бичнээ.

Зураг 1. Халимагийн Үндэсний Музейн барилга



Зочид буудлаас гараад замын эсрэг талд байрладаг “Халимагийн үндэсний музей” руу алхав. Музейн тасалбар нь 60 рубль. Гадаадын хүн үзнэ гэвэл тасалбар нь 100 рубль. Харин цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд, ахмадууд үнэ төлбөргүй музей үзэх эрхтэй юм билээ. 1 рубль=41 төгрөгийн ханштай гэж тооцвол музейн тасалбарын үнэ ойролцоогоор 2460 төгрөг. (Пататэгийн хүсэлтээр үнэ ханшийг нь монгол төгрөг руу шилжүүлж бичив.) Би түрүүвчнээсээ 100 рублийн дэвсгэрт гаргаж кассирт өгөв. Гэвч музейн ажилтан намайг гадаадын иргэн гэж огт таамаглаагүй бололтой. Надад 60 рублийн тасалбар өгч, 40 рубль хариулж өгч байна. Би “Баярллаа” гэж хэлээд тасалбар, хариулт мөнгөө авч үзмэрийн танхим руу нь эргэв. Халимагийн үндэсний музей 3 давхар. Үүнээс нэг, хоёрдугаар давхар нь бүхэлдээ үзмэрийн танхим. Гурван давхарт нь захиргаа, аж ахуй, санхүү нь байрладаг бололтой. Музей дотор фото зураг, видео бичлэг хийхэд бас нэмж мөнгө төлдөг юм билээ.

Зураг 2. Музейн барилга нь загвар хийцийн хувьд их өвөрмөц. Дээрээс нь харвал хоорондоо холбоотой монгол гэрийг санагдуулахаар юм билээ.



Музейн эхний танхимд Халимагийн газар зүйн тогтоц, байгаль, цаг уурын тухай мэдээлэл, нэлээн хэдэн зүйлийн шувуу, ан амьтаны чихмэл байна лээ. Харин үзмэрийн хоёрдугаар танхимд халимагуудын гарал үүсэл, түүхтэй холбоотой үзмэр байрлуулжээ. Монгол Улсын баруун хэсгээс нүүдэллэн явсанаас эхлээд, Халимагийг удирдаж байсан ноёд, тэдний удам угсааны тухай бүдүүвч, халимагууд Оросын хаант улсын ивээлд орсон тухай түүхэн баримт бичгийн хуулбар хүртэл байна лээ. Халимаг руу явахаас өмнө интернэтээс Халимагийн түүхтэй холбоотой мэдээлэл олж уншсан нь музей үзэх үед их нэмэр боллоо. Интернэтээс уншсан зүйлүүд маань баримт сэлттэйгээ музейн шилэн хоргонд байрлаж байна лээ.

Зураг 3. Халимагийн газар зүйн байрлалын зураг. Үндэсний музейн 1-р танхим



Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд зориулсан тусгай үзмэрийн танхимд дараа нь явж орлоо. Дайны он жилүүдэд Оросын зэвсэгт хүчинд дэм болж Германы эсрэг тулалдсан Халимаг цэргүүдийн тухай мэдээлэл, зураг хөрөгтэйгээ байна.

Зураг 4. Дэлхийн 2-р дайны он жилүүдэд Халимагуудын тал нь Германы талд орж, оросуудын эсрэг, харин тал нь Оросын талд орж Германы эсрэг тулалджээ. Харин энэ туг бол Оросын талд орж Германы эсрэг байлдсан Халимагийн 110-р цэргийн дивизийн улаан туг.



1958 онд Оросууд Халимагийн өөртөө засах орныг сэргээн байгуулж удирдагчаар нь Городовиков Басан Бадминович хэмээх цэргийн албан хаагчийг томилсон юм билээ. Б.Б.Городовиков дэлхийн хоёрдугаар дайнд Оросын зэвсэгт хүчинд орж Халимаг цэргийн хороог удирдаж, хэд хэдэн ширүүн тулаанд орж, баатарлаг гавъяа байгуулсан юм билээ. Үүнийхээ төлөө нэлээн олон медалиар энгэрээ цоолж. Түүний авсан хамгийн том шагнал нь ЗХУ-ын баатар цол. Халимагийн өөртөө засах орныг сэргээсэний дараа энэ нөхөр устаж үгүй болох шахаад байсан үндэсний соёл, уламжлалаа Орос маягийн социалист бүтээн байгуулалттай хослуулж хөгжүүлж чадсан сүрхий алсын бодолтой хүн байж. Ер нь Элстэй хотод Городовиковын нэрэмжит гудамж бий. Түүний хүрэл хөшөө Элстэй хотод нэг бус, нэлээн хэд харагдана лээ.

Зураг 5. Халимагаас төрсөн ЗХУ-ын баатар, 1961 оноос хойш 80-аад оны эхэн үе хүртэл Халимагийг удирдсан Б.Б.Городовиковийн амьдрал, тэмцлийг харуулсан танхим



Социализмийн үеийн Халимагийн лидер нь Городовиков байсан бол харин шинэ үеийн Халимагийн лидер нь Кирсан Илюмжинов. Халимагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кирсан Илюмжинов Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг Иймд шатрын спортыг их дэмждэг нь музейн үзмэрт ч тусгалаа олжээ. Халимагийн үндэсний музейд шатрын спорттой холбоотой үзмэрийн танхим байна. Энд манай Монголын шатрын холбооныхон Кирсан Илюмжиновт бэлэглэсэн шатар, өөр бэлэг дурсгалийн зүйл олон байна лээ.

Зураг 6. Халимагийн анхны Ерөнхийлөгч, Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов.



Зураг 7. Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновт Монголын Шатрын Холбооноос бэлэглэсэн шатар



Манай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Халимагт албан ёсны айлчлал хийхдээ Халимагийн ард түмэнд бэлэглэсэн Монголын үндэсний бэлэг дурсгалын зүйлийг музейн хойморт хүндэтгэлтэйгээр залжээ. Монголын төрийн тэргүүний бэлэг гэсэн тодотголтой үндэснийхээ бэлэг дурсгалын зүйлсийг хараад сайхан л санагдлаа. Бас Халимагт ирсэн Монголчууд ч энэ музейд хандив болгож бэлэг сэлт өгсөнийг нь музейн үзмэр болгож нэг шилэн хоргонд хийжээ.

Зураг 8. Халимагт ирсэн Монголчуудын музейд өгсөн бэлэгнүүд. Монголын шатрын холбооныхоны өгсөн бэлэг ч энэ дунд байна лээ.



Халимагууд 1578 оноос буддын шашин шүтдэг болсон юм билээ. Одоо Европ дахь хамгийн том буддын шашны төв нь Халимаг орон. Үндэсний музейд Буддын шашинтай холбоотой үзмэр байрлуулсан нэг танхим байна.

Зураг 9. Халимагийн нийслэл Элстэй хотод байдаг "Бурхан багшийн Алтан сүм"-ийн макет. Энэ бол Европ дахь хамгийн том буддын шашны сүм



Зураг 10. Орос, Халимагуудын уулзалт. Ер нь Халимагууд Оросын бүрэлдэхүүнд орж байх үеийг л дүрсэн харуулсан уран зураг



Зураг 11. Халимагийн шинэ үеийн зураачдын уран бүтээл. Зурагийн нэр : "Эмээ, ач хүү"



Зураг 12. Хэрвээ би андуураагүй бол энэ зургийн нэр "Гэр бүл"



Зураг 13. "Тэмээ"



За тэгээд энэ Халимагийн Үндэсний Музейн бүх үзмэрийг нь тоочоод бичээд байлтай биш.Бүх үзмэрийг нь зурагтай нь блогтоо оруулчих юм бол энэ музей дампуурчих байлгүй. Халимаг гэр, Халимагийн үндэсний ардын уран зохиолын сор болсон "Жангар" тууль гээд олон сонирхолтой үзмэр музейд нь байна. Зарим үзмэрийн зургийг нь авахыг зөвшөөрөөгүй. Ер үзмэрийн хувьд баялаг өв сантай, их дажгүй сайхан музей байна. Халимагийн Элстэй хотод ирэх юм бол заавал энэ музейг нь үзээрэй.

Дараагийнн удаа Элстэй хотоор хэрхэн зугаалсанаа бичнээ.


Халимагт зорчсон тэмдэглэл: 5. Элсгүй Элстэй хот

Өнгөрсөн хэд хоног зав муутай байсан тул тэмдэглэлээ бичиж амжсангүй. Олон хүнд хүлээлт үүсгэсэн болохоор өнөөдөр олон зураг хөрөгтэй, уртхан юм бичнээ. За аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлэе.

1862 оны хавар нэгэн орос эр Халимагийн тал нутагт хувийн модон байшин барьжээ. Гэтэл бусад оросууд түүний байшинг тойруулж хувийн байшин сууц нэмж барьсанаар яваандаа энэ газар тов хийсэн жижигхэн суурин газар үүссэн гэнэ. 1930 онд энэ сууринг хотын статустай болгож Элиста [Элстэй] гэж нэрлэсэн түүхтэй. Нэрнээс нь ургуулан бодоход энэ хотыг учиргүй их элсэн дунд байдаг юм байна хэмээн төсөөлж байсан нь эндүүрэл байж. Элстэй хот тал хээрийн бүс нутагт байрладаг. Анх нэг ч модгүй тэгшхэн тал газар байсан гэнэ лээ. Хотын статустай болсон хойноос мод бут тарих кампанит ажил өрнүүлж, өнөөдөр Элиста хот битүү модтой болж чаджээ. Элстэйчүүд хотынхоо мод бутыг сүрхий арчилж, торддог юм билээ.

Зураг 1. Элстэй хотын "Жангар" театр



Музейгээс гараад хэсэг алхаж байгаад микро автобусанд сууж хотын төвд хүрлээ. Ингээд баахан явган алхаж хоттой нь танилцаж эхлэв ээ. Элстэй хот янз бүрийн хөшөө, баримал, дурсгалын самбар ихтэй юм. Хотын төвд нэг ийм хөшөө миний нүдэнд өртсөн юм.

Зураг 2. Элстэй хотын төвийн цэцэрлэгт гудамжинд үндэсний хөгжим барьсан хүний хөшөө.



Зураг 3. Хөгжимчин эрийн барималыг арай ойроос харвал...



Элстэй хотод ердөө 100 мянган хүн оршин суудаг. Манай Дархан, Эрдэнэт хотын дайтай. Хотын захиргаа, Халимагийн төрийн ордон нь төв талбайгаасаа хэдхэн алхамын зайд зэрэгцээд сүндэрлэж байх юм.

Зураг 4. Элстэй хотын захиргааны байр



Зураг 5. Арслантай хөшөө. Элстэй хотын захиргааны байрны гадаа



Зураг 6. Элстэй хотын захиргааны байр



Зураг 7. Халимагийн төрийн ордон. Халимагууд үүнийгээ "Цагаан Ордон" гэж нэрлэдэг юм билээ. Энд Халимагийн Ерөнхийлөгч, Засгийн Газар, Парламент, мөн Халимаг дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч ажилладаг юм билээ.



Зураг 8. Тэмээний хөшөө



Зураг 9. Элстэй хотын төвд байрладаг худалдаа-үйлчилгээний төв



Зураг 10. "Пагода на семи дней" цогцолбор. Элстэй хотын төв талбайн гол чимэг.



Зураг 11. Буддын шашны тэргүүн Далай лам халимагийн ард түмэнд энэ хүрдийг бэлэглэжээ



Зураг 12. Элстэй хотын төв талбай



Зураг 13. Элстэй хотын төв талбайн ерөнхий байдал нэг иймэрхүү



Зураг 14. Элстэй хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэн. 1995 оны 7 сарын 6-нд барималыг Далай ламын төрсөн өдөрт зориулан Кирсан Илюмжиновын санаачилгаар хийжээ.



Зураг 15. Энэ бол Халимагт төдийгүй, Европт анх удаа залсан бурхан багшийн хөшөө



Зураг 16. Элстэй хотын төв гудамжны гэрлийн шон. Үндэсний уламжлалыг тусгасан байгаа биз.



Зураг 17. Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээс Элстэй хотын төв талбайн "Пагода на семи дней" цогцолбор ингэж харагддаг юм билээ.



Зураг 18. Халимагийн удирдагч, ахмад дайчин, ЗХУ-ын баатар Городовиковын хөшөө



Зураг 19. Элстэй хот. Ленины гудамж



Зураг 20. Халимагийн үндэсний гимназийн бэлгэ тэмдэг хөшөө



Элстэй хотын төв гудамжаар хэсэг зугаалаад "Бурхан багшийн алтан сүм" рүү явлаа. Халимаг руу явахын өмнө энэ сүмийн талаар уншиж байсан болохоор тодорхой мэдээлэлтэй байсан юм. "Бурхан багшийн алтан сүм"-ээ халимагууд энгийн хар яриандаа "Хурул" гэж нэрлэдэг юм билээ. 2004 онд Далай лам Халимагт айлчлал хийхдээ энэ сүмийг барих газрыг өөрөө шинжиж сонгосон юм билээ. Сүм байгаа энэ газар өмнө нь Элстэй хотын барилгийн материалын үйлдвэр байрлаж байж. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр барилгийн материалийн үйлдвэр дампуурч, байшин сав нь балгас болж хувирсан ажээ. Балгас байсан энэ газар сүм хийд барьсанаар орчин нь эрс өөрчлөгдөж, одоо сүсэгтнүүдийн ирж буян хураадаг газар болж хувирсан нь энэ.

Зураг 21. Элстэй хот дахь Бурхан багшийн алтан сүм. Энэ бол Европ дахь хамгийн том буддын шашны сүм



Зураг 22. Сүмийн хаяг нь халимаг, орос хэлээр. Халимаг хэлэнд зарим эгшиг үсэг л гээгдээд байдаг бололтой.



Зураг 23. Бурхан багшийн алтан сүмийн ажиллах цагийн хуваарь. Өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд үүд хаалга нь нээлттэй.



Зураг 24. Сүмийн хашаан дотор 20 гаруй ийм бурхантай



Зураг 25. Бурхан багшийн алтан сүм



Зураг 26. Сүмийн хашаан дотор



Зураг 27. Сүмийн эргэн тойронд нэг л нам гүм



Зураг 28. Сүмийн барилгийн эргэн тойронд 108 хүрдтэй



Зураг 29. Сүмийн үүд хүртэл 108 шатны гишгүүрээр алхана. Шатны хажууд усан оргилууртай



Сүмийн хашаан дотор зураг авах нь чөлөөтэй. Харин сүм дотор гэрэл зураг, дүрс бичлэг хийхийг хориглодог. Сүм рүү орохын тулд үүдэнд нь гутлаа тайлж орно. Би ч гутлаа тайлаад сүм рүү нь орлоо. Нар зөв тойрч явсаар хойморт нь залсан бурханд мөргөлөө.

Зураг 30. Бурхан багшийн алтан сүмийн ерөнхий байдал



Бурхан багшийн Алтан сүмээс гараад "Шатрын хотхон" руу явахаар шийдэв. Шатрын хотхон нь Элстэй хотын захын дүүрэгт байрладаг аж. Шатрын хотхон руу яаж явах вэ? гэж гудамжинд яваа хэд хэдэн асуув. Гэтэл хүн болгон өөр өөр зүг рүү явахыг зөвлөж толгой эргүүлээд хаячлаа. Энэ олон замын хаагуур нь явах вэ? гэдэг шиг, энэ олон зөвлөгөөний алийг нь дагах вэ? гэдэг сонголтын өмнө ирэв. Аргаа бараад өнөө халимаг жаалхүү рүү утасдав. Ашгүй өнөөх маань шатрын ордон руу хэрхэн явахыг товч, тодорхой хэлж өгөв. Бас оройхон тийшээ нэг газар уулзахаар болзоо тогтоолоо.

Зураг 31. Шатрын хотхоны төв хаалга



Сити Чесс хотхон Элстэй хотын захад байрладаг юм байна. Хотын төвөөс 7-р чиглэлийн микроавтобусанд сууж, эцсийн зогсоол дээр нь буулаа. Сити Чесс хотхон нь сүүлд баригдсан шинэ барилга гэсэндээ Элстэй хотын төвийн дүүргийн барилгуудаас загвар, хийцээрээ эрс ялгагдаж, арай илүү өнгөлөг юм. Энэ хотхонд шатрын ордоноос гадна 3 одтой зочид буудал, Япон болон Европ хоолны ресторан, хувийн орон сууцнууд байдаг юм билээ. Шатрын ордон руу орж үзэхэд 1-3 хүн үнэ төлбөргүй. Харин 3-аас дээш тооны хүн ороход тодорхой хэмжээний төлбөртэй юм байна. Үүдний жижүүр нь намайг хэдүүлээ яваа юм бэ? гэж асуув. Ганцаараа яваа гэж хэлтэл шууд л үнэгүй оруулав.

Зураг 32. Шатрын ордон



Зураг 33. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Шатрын ордон"-д зочилж байжээ. Үүнийг гэрчлэх гэрэл зураг Шатрын Ордоны хүндэт зочидын самбарт өлгөөстэй байна.



Зураг 34. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Халимагт айлчлах үеэрээ мөн л "Шатрын Ордон"-д зочилж байжээ.



Зураг 35. Шатрын хотхоны ерөнхий макет. Шатрын хотхоныг барилгийн ажил бүрэн дуусаагүй. Ирээдүйд шатрын хотхон хэрхэн хүрээгээ тэлэхийг 36 зургаас хараарай.



Зураг 36.



Шатрын ордон дотор шатрын спорттой холбоотой сонирхолтой баримтууд, Дэлхийн Шатрын Холбооны гишүүн орнуудын төрийн далбаа, үе үеийн дэлхийн шатрын аваргуудын хөрөг зураг, Шатрын Ордоны хүндэт зочидын гэрэл зураг байрлуулсан том танхим, шатрын сургалт явуулах ангиуд, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах зориулалттай том саруул танхимтай юм билээ.

Зураг 37. Шатрын ордоны дотор.



Зураг 38. Шатрын хотхон дотороо дэд бүтэцтэй "бичил хот" юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.



Шатрын хотхоны хажуугийн хоёр давхар хаузны гадаа Монголын маань төрийн далбаа намирч байх юм.



Байшингийн гадаа яваад очлоо. Гэтэл гадаа нь ийм хаяг байна.





Монголын Консулын газар, Монголын мэдээлэл соёлын төв орж ажилладаг хүмүүстэй нь уулзая, танилцая гэсэн хүсэл төрсөн. Гэвч ням гариг байсан тул тэд амарч байгаа бололтой. Хоосон хаалга мөргөсөн доо. Ямар ч байсан Элстэй хотод Монголын консулын газар ажилладаг юм байна гэдгийг мэдэж авлаа.


Дараагийн удаа, халимаг хоол, халимагуудын аж амьдрал, мэдээж "манай ангийн" халимаг залуучуудын тухай бичнээ.


Халимагт зорчсон тэмдэглэл: 6. MNED халимаг хэл сурсан нь буюу "Би чамдаан дуртай"

Халимаг руу аялалд гарахаар бэлтгэж байхдаа Халимаг-Орос толь бичиг интернэтээс олж ганц хоёр үг цээжилсэн юм. Халимагууд бол төрөлх эх нутгаа орхиод явсан монгол угсааныхан. Иймд бид бие биенээ ойлголцоод байж болох юм шиг санагдаад байгаа юм. Гэвч тэдний хэл, яриа нь орчин цагийн монгол хэлнээс ялимгүй өөр байна.

Уг нь бол халимагууд 1920-оод оны дунд үе хүртэл уйгаржин монгол бичгээр л харилцаж байж. Оросууд уйгаржин монгол бичгийг халж, крилл үсгийг халимаг авиа зүйд нийцүүлэн хэрэглэхийг тулгасан байгаа юм. Халимагууд 1930-аад онд латин цагаан толгой хэрэглэж байсан гэнэ. Үүний дараа эргээд крилл үсэг хэрэглэдэг болжээ. Монгол Улсад ч бас уйгаржихн монгол бичгээ орхиж, Оросуудын тулгалт шахалтаар латин үсэг, дараа нь крилл үсэг хэрэглэдэг болсон билээ. Уйгаржин монгол бичгээ орхиж, крилл үсэг хэрэглэж эхэлсэн цаг хугацаа нь Халимаг, Монголын аль алинд нь давхцаж байгаа юм. Оросын крилл үсгийн цагаан толгой нь 33 үсэгтэй. Харин монголчууд ө, ү гэсэн хоёр үсэг нэмж цагаан толгойн 35 үсэгтэй болсон. Гэтэл халимаг крилл цагаан толгой нь 39 үсэгтэй юм байна. Яагаад ингээд олон үсэг нэмэгдээд гараад ирэв гээд хартал монгол бичигт байдаг нг, хг гэх мэт авиануудыг тэмдэглэсэн нэмэлт үсгүүд байна. Бас нэгэн үе халимагууд латин цагаан толгой хэрэглэж байсны ул мөр болж латин хэлний h үсэг халимаг цагаан тогойд үлдсэн байх юм. Крилл үсгээр бичсэн халимаг үгний дунд латин цагаан толгойн h үсэг их содон харагдаж байлаа. Жишээ нь: маңһдур гэдэг үг. Монголоор бол маргааш гэсэн утга илэрхийлж байна лээ. Миний анзаарсанаар монгол, халимаг хэлэнд дараах хэдэн ялгаа байна.

1. Үгийн үндэс нь ижил боловч залгавар, дагавар нь жаахан хувирсан үг.
Жишээ нь: 
Халимаг үг      Монгол орчуулага          Үгийн утга
      нэгэн                   нэг                             нэгийн тоо. тооны нэр

     чамдаан        чамд                               чамд.   Биеийн төлөөний үг. Ө.О тийн ялгал

     хайг                хаяг                                хаяг. Ямар нэгэн газрын байрлал.

     гүүдл             гүйх                                  гүйх. Хөдөлгөөн заасан үйл үг

     жолач           жолооч                            жолооч. мэргэжил заасан нэр үг

2. Дуудлага нь монгол хэлэнд байдаг боловч халимаг хэлэнд огт өөр утга санаа илэрхийлж байгаа үг.
Жишээ нь:
Халимаг үг                Монголоор 
    Баяртай                      Баяртай

Монголчууд хэн нэгэнтэй уулзаад, салах ёс хийхдээ "Баяртай" гэдэг дээ. Гэтэл халимагууд хэн нэгэнтэй уулзаад салах ёс хийхдээ "Сайн байтан" гэж хэлдэг юм байна. Халимагуудад "баяртай" гэж хэлэх юм бол цаадуул чинь "аж жаргалтай, баяр хөөртэй байна" гэж ойлгох нь байна.

Халимаг үг                Монголоор
     Мэнд                              Мэнд

"Мэнд" гэдэг үг халимагт хэлэнд " Сайн уу" гэсэн утга илэрхийлж байна. Залуучууд уулзаад хоорондоо ингэж мэндэлдэг. Гэтэл монгол хэлэнд "мэнд" гэдэг үг дангаараа төгс утга илэрхийлж чаддаггүй. "Өглөөний мэнд", "Эрүүл мэнд" гэх мэтээр холбоо үг үүсэж байж утга санаа нь тодорхой болдог.

Халимаг үг                    Монголоор
     Дуртай                   Хайртай

Халимагууд хэн нэгэнд хайр сэтгэлээ илэрхийлэхдээ "Би чамдаан дуртай" гэж хэлдэг. Харин монголчуудад энэ өгүүлбэр жаахан марзандуу л санагдахаар байгаа юм.

3. Дуудлага нь орчин цагийн монгол хэлэнд байдаггүй халимаг үг. Жишээ нь:

Халимаг үг             Монголоор                  Үгийн утга

шамин бүркә            чийдэнгийн бүрхүүл        ------------------- 

әәмг                             аймаг                            засаг захиргааны нэгж

нөр эс күрлһн        нойргүйдэл                         нойр хүрэхгүй байх

Йосн                         Засаг                      засаг захиргаа, төр засаг гэсэн утга

гиичлүр                зочид буудал                     -----------------------

меечг                      бөмбөг                             тоглоомон бөмбөг

Халимаг хэлэнд урт эгшиг байхгүй. Жишээ нь, цагаан гэсэн өнгө заасан тэмдэг нэрийг халимагаар цаган гэж бичдэг юм байна.


Хэл шинжлэлийн ухааны судлаач биш болохоор нарийн сайн ангилал гаргаж чадахгүй байх шиг байна. Халимагийн залуучууд өдөр тутмын хэрэглээндээ үргэлж оросоор ярьдаг юм билээ. Ер нь Элстэй хотод халимагаар ярьж байгаа хүн тун цөөнхөн. Элстэй хотод микроавтобусаар явж байхад өөдөөс хараад сууж байсан нэг ахмад настан л гар утсаараа хэн нэгэнтэй халимаг хэлээр харилцаж байхыг сонссон. Элстэй хотод байхдаа халимагуудтай зөвхөн оросоор л ярилцаж байлаа. Ингээд бодохоор халимагууд төрөлх хэлээ хэрэглэхгүй байгаагийн улмаас халимаг хэл мартагдаж, мөхөж байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Халимагт төрийн байгууллагуудын гадаа хаяг, мөн зарим нэг дэлгүүр, хоолны газрын хаяг нь л халимагаар байна лээ. Ихэнхи газрын хаягийг оросоор бичжээ.


Зураг 1. Халимагийн нийслэл Элстэй хотын захиргааны байрны гадаах хаяг. Хот гэдэг үгийг халимагаар балhсна гэдэг юм байна. Ер нь бол балгас гэж л ойлгож болохоор.



Зураг 2. Элстэй хотын төвд байдаг дэлгүүр. Бас Элстэй хотод "Даян" гэдэг нэртэй диско баар байдаг юм билээ.



Нэгэнт халимаг хэлний талаар ярьсан болохоор Халимагт гардаг сонин хэвлэлийнх нь талаар бичье. Угаасаа Халимагт төрөлх хэлээрээ ярьдаг хүн цөөхөн болохоор бүх сонин хэвлэл нь оросоор хэвлэгддэг байх гэж таамагласан юм. Гэтэл халимаг хэлээр хэвлэгддэг сонин Элстэйд байна. Хотын гудамжинд тусгай самбар дээр Элстэй хотод хэвлэгддэг сонингуудыг дэлгээд хадчихсан байхаар нь зургийг нь авсан юм.

Зураг 3. "Халимагийн үнэн" сонин. Энэ сонин халимаг, орос хэлээр хэвлэгддэг юм байна. Зарим нийтлэл нь халимагаар, зарим нь орос хэлээр.


Зураг 4. "Известия Калмыкии" сонин. 100 хувь орос хэлээр хэвлэгддэг.



Элстэй хотын захиргааны байшингаас 50 гаруй метрийн зайтай байрладаг "Галарей" хэмээх худалдаа үйлчилгээний төв дотор нэгэн ресторанд орсон чинь Халимагийн үнэн сонины шинэхэн дугаар байхаар нь аваад унших гээд оролдоод үзлээ. Халимаг хэлээр сонин уншсан чинь ер нь надад ойлгогдохоор юм байна лээ. Гэхдээ огт юу гэж байгааг нь мэдэхгүй халимаг үг мэр сэр тааралдсан. Өгүүлбэр дотор нь орос үгнүүд ч тэр чигээрээ бичигдсэн байна лээ.

Зураг 5. Халимагийн үнэн сонины 11 сарын 1-ний өдрийн дугаар. 8-р нүүр.



Бараг 500 жилийн өмнө төрөлх монголоосоо нүүгээд явсан халимагууд нэлээн оросжижээ. Бид халимагаар ярьсанаас оросоор хоорондоо ярилцах нь илүү амар байдаг гэж надтай уулзсан халимаг залуучууд ярьж байсан юм. Төрөлх хэлээ мартаж байгаа нь харамсалтай л санагдсан. Гэхдээ Элстэй хотод хүмүүс төрөлх хэлээрээ харилцах таатай нөхцөл бүрдүүлээгүй юм билээ. Дэлгүүрт барааны үнэ, нэр төрөл нь оросоор, кафе ресторанд хоолны цэс нь бас л оросоор. Гудамжны зарлал сурталчилгаа ч бас орос хэлээр....

Зураг 6. Ирэх 12 сарын 4-нд ОХУ даяар парламентын сонгууль болно. Оросын парламентын сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлжээ. Эрх баригч "Нэгдсэн Орос" намын сурталчилгааны самбар. Элстэй хот.



Зураг 3. Элстэй хотын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд байдаг түргэн хоолны мухлаг. Энд орос, халимаг үндэсний хоол зардаг юм билээ.



Цагаан сар гэсэн холбоо үг энэ зурган дээр байгаа биз. Халимагууд жил бүрийн 2 сард цагаан сарын баярыг хийдэг юм билээ. Цагаан сарыг хаврын баяр гэж үздэг. Халимагуудын өөр нэг том баяр нь жил бүрийн 12 сарын 7-8 өдрүүдэд тэмдэглэдэг ЗУЛ гэж баяр. ЗУЛ баяраар халимагийн он тоололоор шинэ он, шинэ жил гарлаа гэж үздэг. Энэ тухай надад Халимаг жаалхүү Алдар ярьж өгсөн юм.


Халимагт зорчсон тэмдэглэл: 7. Аршан болтха

Аршан болтха.

Түрүүчийн удаа Халимаг хэлний талаар баахан өөрийнхөө олж мэдсэн хэмжээндээ бичсэн. Харин өнөөдрийн тэмдэглэлдээ Элстэй хотод амтлаж зооглосон хоол ундны талаар бичье.

Аршан болтха гэдгийг орчин цагийн монгол хэл рүү орчуулах юм бол "Тавтай хооллоорой", "Сайхан хооллоорой" гэсэн утга санаа илэрхийлж байгаа юм. Ухаандаа идсэн уусан идээ ундаа нь хүний биенд хор биш, рашаан болж шингээрэй гэж бэлгэдэж байна. Хот хоорондын автобусаар 19 цаг явж Элстэй хотод ирээд зочид буудалд өрөө авчихаад, эргэж гарч хоол унд эргүүлсэн юм. Өнөө намайг монгол гэж мэдээд үнээ суга нэмэгдүүлсэн "Элиста" зочид буудлаас холгүйхэн "Хотан" гэдэг жижигхэн хоолны газар би орлоо.

Зураг 1. "Хотан" хоолны газрын хаалган дээр "Тавтай хооллоорой" гэж томоор бичсэн байлаа.



"Хотан" хоолны газраас би "дотур" гэж нэрлээд байгаа шөл захиалсан юм. Энэ бол хонины дотор шөл. Хонины зүрх, бөөр, уушиг, гүзээг жижиглэж хэрчээд, давс, сонгиноор амтлаад сайхан шөл гаргаж. Шинэ хонины шөл ууж байгаа юм шиг л сайхан болсон шд. Нэг таваг "дотур" шөл 65 рубль буюу 2730 төгрөг орчим. (1 рубль = 42 төгрөг гэж тооцов.) Сүүтэй цай 20 рубль буюу 840 төгрөг.

Зураг 2. "Дотур" шөл.



Халимагт байх хугацаандаа идсэн өөр нэг хоол бол "буйрэки". Өөр хоолны газар "Бериги" гэж бичсэн байсан. Энэ бол ер нь банш, бууз л гэсэн үг. Манайд буузыг жигнэдэг дээ. Харин халимагууд чанадаг юм билээ. Нэг порц нь таван ширхэг буйрэки ирнэ. Үнэ нь: 85 рубль. 3570 төгрөг. Хазаад үзсэн чинь дотороос нь тос өөх бялхаад... Би бол дороо л цадсан.

Зураг 3. Буйрэки. Энэ хоолыг бас "Береги" гэж нэрлэж байсан



Халимагт "боорцог" гээд нэг хоол байгаа юм. Манай монголд боорцог гэхээр тосонд шарсан гурилан бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг даа. Харин манайханы хуушуур, пирошки гэж нэрлээд байгаа хоолыг энд боорцог гэж нэрлэж байна лээ.

Элстэй хотод Халимаг үндэсний хоолноос гадна энд орос, европ, итали, хятад, япон хоолны газар ажиллаж байна. Орос, европ, итали, япон хоолны газар нь оросууд, халимагууд л ажилладаг юм билээ. Харин хятад ресторанд хятадууд ажиллах юм. Энэ хятад хүний хөл хүрээгүй гэдэг гэж алга аа. Хаа холын бөглүү халимагт хүртэл хятадууд хүрч ирээд ресторан нээгээд ажилуулж байх юм.

Зураг 4. Элстэй хот дахь хятад хоол ресторан



Элстэй хотын төвд байдаг Галарей гэж худалдаа үйлчилгээний төвийн -1 давхарт нь их аятайхан цэвэрхэн, тохижилт сайтай ресторан ажилладаг юм билээ. Хамгийн гол нь энд үйлчлүүлж байгаа хүмүүс нь бас их аятайхан. Энд байхдаа хоол идэж ходоодоо баярлуулангаа, хөөрхөн, царайлаг халимаг охид залуучуудыг харж нүдээ баясгасан шд. Рестораны хоолны дундаж үнэ 150-250 рубль буюу 6000-10000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Хамгийн хямдхан пицца 200 рубль буюу 8400 төгрөг орчимд. Монголд дуудлагаар пицца захиалахад ойролцоогоор 15000 төгрөг байдаг санагдаж байна. Ингээд харьцуулаад бодохоор энд хоолны үнэ ханш нь тун боломжийн юмаа.

Зураг 5. Галарей худалдааны төвийн -1 давхарын ресторан. Эндэхийн үйлчлүүлэгч нар нь ихэвчилэн залуучууд



Элстэйд байхдаа хүнсний дэлгүүрээр нь хэсэж үзсэн. Ихэнхи хүнсний барааны үнэ Москвагийн өөртөө үйлчилдэг хүнсний дэлгүүрийнхтэй ойролцоо байлаа. Анхаарал татсан нэг юм нь Элстэйн хүнсний дэлгүүрүүдэд хөлдөөсөн бууз зарж байна лээ. "Хинкали" гэж нэрлээд байгаа хөлдөөсөн бууз 1 кг нь 70 рубль 20 копеек. Өөрөөр хэлбэл 2900 төгрөг гэсэн үг. Буузны чимхэлт нь харин жаахан өөр юм билээ.

Зураг 6. Хинкали. Манайхаар бол хөлдөөсөн бууз.



Явуулын хүн хөлдөөсөн бууз худалдаж аваад ч яахав гэж бодоод аваагүй. Бууз дэлгүүрээс нь авчихаад хэнээр, хаана ч жигнүүлэх вэ дээ. Нөгөө зочид буудлынхан жигнэж өгөхгүй шд. Халимагуудад "бууз" гээд ярьсан чинь ойлгохгүй байна лээ. Тэгэхээр нь буйрэки, хинкалитай яг адилхан хоол гэж хэлсэн чинь сая нэг юм толгой дохиж, ойлгож байсан даа.

Ер нь Элстэй хотод очсон хойно хооллож ундлахдаа бол яг л Улаанбаатарын нийтийн хоолны газруудын үнэ ханшаар л хоол авч идэх юм байна лээ. За ингээд муу хүн идсэн ууснаа гэж... Баахан хоол ундны талаар бичлээ. Гэхдээ Халимагийн Элстэй хот руу явах гэж байгаа хүнд иймэрхүү мэдээлэл их хэрэг болно байх гэж бодоод бичсэн юм шүү.


Халимагт зорчсон тэмдэглэл: 8. Халимаг залуус миний радарт

Халимагуудын дунд ороод явж байхдаа нүд бол алсын радиустай радар болчихсон л явж байлаа шд. Бараг л оодоос ирж яваа залуу хүн бүрийг сонжиж хараад... Ядаж байхад, халимаг залуучууд яасан ч сайхан цэвэрхэн цагаан царайтай юм. Огт таньж мэдэхгүй хүний зургийг учир зүггүй дараад байх бас эвгүй юмаа. Зургийн аппаратныхаа вспышкаг нь унтрааж байгаад сэм сэмхэн хэдэн зураг дарсан л даа. Гэхдээ нууцаар шахуу зураг авсан тул олигтой сайн чанарын зураг гараагүй. Нууцаар зураг дарах нь нэг бодлын кайфтай, нөгөө бодлын их эвгүй юм билээ. Папараци хийдэг мэргэжлийн гэрэл зурагчид ажлаасаа гоц кайф авдаг байхдаа л гэж бодож байсан.

Зураг 1. Халимаг охин



Зураг 2. Галарей ресторанд сууж байсан хоёр охин



Зураг 3. Галарей ресторанд ажилладаг залуу.



Зураг 4. Энэ ресторанд сууж байсан хоёр халимаг залуу



Зураг 5. Энэ ресторанд ажилладаг зөөгч. Хальт харсан чинь их цэвэрхэн царайтай юм билээ. МИАТ компанид олон улсын нислэгт ажилладаг нэг стюардесс залуутай жаахан төстэй ч юм шиг санагдаад явчихсан. Энэ сүүлийн залуу их хөөрхөн харагдаад байгаа юмаа. хэхэ



Хамгийн сүүлийн зурагны залуу өөрийнх нь зургийг аваад байгааг мэдчих шиг болсон. Зургийг нь аваад байгааг анзаараад бага зэрэг унтууцсан бололтой суудлаасаа босоод явчихсан.Элстэйд байхдаа ангийн нэг жаалхүү, мөн өөр хоёр залуутай уулзсан юм байна. Хамгийн эхэнд уулзсан ангийн хүүхэд бол надад зочид буудал олж өгсөн жаалхүү. Нэрийг нь Алдар гэдэг. 18 настай. Аав ээжтэйгээ амьдардаг. Элстэй хотын хөгжмийн сургуульд сурдаг гэж өөрийгөө танилцуулсан. Харин дараагийн танилцсан ангийн хоёр нь 27 настай, нөгөө нь 38 настай агаа. 27 настай залуугийн нэрийг Наран. Гэвч тэр Артур гэсэн орос нэр өөртөө сонгож авсан юм билээ. Эцэг эхээс заяасан халимаг нэрээс гадна орос нэр өөртөө сонгоод авчих юм бол местный оросуудтайгаа харилцахад их амар байдаг гэж Наран надад тайлбарласан юм. Харин 38 настай ангийн ахын нэр Бадминов. Наран, Бадминов хоёр Элстэй хотод хамтарч жижиг бизнес эрхэлдэг юм билээ.

Халимагийн Элстэй хотод ердөө 100 мянган хүн оршин суудаг тур хотынхо бие биенээ андахгүй. Хэн хэний хүүхэд вэ гэдгийг хөгшчүүд нь толгой дарааллан мэддэг юм байх. Ийм нөхцөлд манай ангийн халимаг хүүхдүүд нэлээн нуугдмал байдал өөр хоорондоо харилцахад хүрнэ. Манай Элстэйд гомофоб бодолтой хүмүүс олон. Хэрвээ чамайг "анги" гэдгийг хэн нэгэн гомофоб бодолтой хүн олж мэдэх юм бол ганц өдрийн дотор хот даяараа чиний талаар ярилцаж, амныхаа зугаа болгож таарна. Манай халимагуудын ихэнх нь консерватив үзэлтэй хүмүүс гэж Бадминов надад хэлсэн юм.

Элстэй хотод манай ангийнхан олон уу? гэж би асуулаа. Бадминов мөрөө хавчиж, мэдэхгүй гэж хэлээд толгойгоо сэгсэрсэн юм. Тэгвэл та Элстэйд байгаа ангийнханыгаа хэр таних уу гэж намайг асуухад ойролцоогоор 20 гаран хүнийг мэднэ гэж хариулсан. Элстэй хотод манай ангийнхан гол төлөв Оросын "Одноклассник", "Вконтакте" зэрэг social network-оор л харилцдаг гэж Наран хэлэв. Элстэй хотод манай ангийнхан дагнан үйлчлүүлдэг бар, саун , кафе байхгүй. Бас ангийнханы party болдоггүй. Яагаад гэвэл хот дэндүү жижигхэн. Ангийн party хийх гэж аль нэгэн баар, диско клубыг түрээлэх зориг гаргах хүн энэ жижиг газар байхгүй ээ. Тэгээд ч энэ нь нэлээн эрсдэл дагуулж мэднэ. Нийгэмд ялгаварлагдан гадуурхагдаад төрсөн нутагтаа амьдрахад хэцүү болно гэж манай ангийн халимагууд болгоомжилж байна лээ.

Наран, Бадминов хоёр монголд дахь ангийханы талаар бас сонирхож асуусан. Тэд Монголд ирж үзэх хүсэлтэй явдагаа ч надад хэлсэн. Тэдний энэ хүслийг нь би ч дэмжиж "Монголд заавал ирж, аялаарай" гэж тэдэнд зөвлөсөн. Ирэх зун хэрвээ тэд монголд ирэх юм бол хөтөч чинь болоод явж болно шүү гээд би ам алдчихсан. Өөрсдөө бүх зардалаа даагаад УБ-д ирчих юм хотоор жаахан дагуулж яваад, Тэрэлж, Чонжин болдог гэх мэт хотоос холгүй газар очоод үзүүлчихэд ядах юу байхав дээ. Тийм ээ? За ингээд ангийхаа халимагуудтай уулзаж яриа хөөрөө өрнүүлсээн.

Сүүлийн 30-аад жилд халимагууд оросжих үйл явц бүр ч түргэсэж байгаа юм байна. Халимаг охидууд орос залуутай гэрлэх нь их болсон гэсэн. За, энэ ч яахав, хүний хайр дурлалын асуудал. Дэлхий даяарчлагдаж байгаа өнөө үед асуудал биш. Халимаг, орос хүний дундаас гарсан хүүхдийг энд БОЛДЫР гэж нэрлэдэг юм билээ. Яагаад эрлийз хүнийг БОЛДЫР гэж нэрлэдэг вэ? гэж асуухад мэдэх хүн байгаагүй л юм даа.

Ирсэн зочин буцдаг болохоор би Элстэй хотоос явах цаг хугацаа ч болсон.Халимагт очиж үзэх юм сан гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Гэхдээ миний мөрөөдөл ч үүгээр дуусчихгүй. Боломж гарвал өөр очиж үзмээр газар зөндөө л байна.

Халимагаас буцахдаа би их сайхан сэтгэгдэлтэй буцсан. Элстэй хот цэвэрхэн, нам гүм, машин зам нь түгжрээгүй. Хотын оршин суугчид нь уур уцаар, бухимдал багатай юм шиг санагдсан. Уулзсан халимаг болгонд "би Монгол хүн" гэдгээ дуулгахад тэд бүгдээрээ их найрсагаар хандаж байлаа.

Халимагт байхдаа би тусгаар тогтносон бүрэн эрхэт улсын иргэн байх үнэлж баршгүй эрхэм нандин юм гэдгийг сайн мэдэрч авсан. Надтай хамгийн анх уулзсан халимаг жаалхүү Алдар надаас Монгол Улсын гадаад паспортыг маань гуйж гартаа бариад зурагаа авахуулсан юм. Тэгээд зургаа авахуулчихаад миний паспортыг эргүүлэн өгөхдөө Алдар "Би энэ зургаа үе тэнгийнхэндээ үзүүлж гайхуулна" гэж хэлсэн. Дөнгөж 18 настай тэр жаалхүүгийн дотор хүртэл Монгол Улсыг гэсэн сэтгэл байна лээ. Халимагууд Монголоо гэсэн наашаа сэтгэлтэй хүмүүс.

За Халимаг ахан дүүс минь баяртай. Элстэй хотод аялсан тэмдэглэлээ ингээд дуусгая даа.

Бичсэн: MNED
http://newmned.blogspot.com/
2013 оны 02-р сарын 24, Улаанбаатар хот.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()