25 жилийн дараа интернэтийн ачаар ихрээ олсон нь

2022-09-25, 11:10
1,141

Заримдаа бидний амьдралын хамгийн чухал мөчүүд санамсаргүй байдлаар тохиолддог. Анаис Бордиер хэмээх бүсгүй өөрийгөө өргөмөл гэдгийг мэддэг байсан ч ихэр гэдгээ огт гадарлаагүй юм санж. Тэгтэл 33 настай Анаис санаандгүй байдлаар нэгэн видео үзсэнээр 25 жилийн өмнө хагацсан ихрээ олжээ. 

25 жилийн дараа интернэтийн ачаар ихрээ олсон нь

Анаис өөрийгөө Өмнөд Солонгосоос гаралтай, ганц бие ээжтэйгээ амьдарч байгаад хүнд үрчлүүлсэн гэдгээ мэдэж байсан бөгөөд түүнийг гурван сартайд нь Парис руу авч явсан байна. Үрчилж авсан эцэг эх нь охинд сайн хандаж, хайр халамжаар дутаагаагүй аж. 

Анаисын төрсний гэрчилгээ дээр түүнийг ах дүүтэй болох талаар юу ч тэмдэглээгүй байсан бөгөөд тэрээр үргэлж ойрын төрлийн хамаатантайгаа уулзахыг мөрөөддөг байв. Бага насандаа тэрээр төсөөллийн дүүтэй хүртэл болж байсан гэнэ. 

2012 оны 12-р сард Анаис Лондонд байрлах Гэгээн Мартины нэрэмжит Урлаг, дизайны коллежид дизайны чиглэлээр суралцахаар элсэх үед түүний амьдрал үүрд өөрчлөгдсөн юм. Оюутан найз нь түүнийг фэйсбүүк дээр байрлуулсан нэг бичлэг дээр тагласан аж. Тэрээр өөрийг нь яагаад тагласан болохыг мэдэхээр тус бичлэгийг үзэхээр шийдсэн бөгөөд гайхалтай нь Анаис тус бичлэгийг хийснээ огт санахгүй байжээ. Эхэндээ Анаис тус бичлэгийг хийхэд байгаагүй гэдгээ мэдэж байсан тул үүнийг хошигнол гэж хүлээж авсан аж. Дэлгэц дээр гарч буй охин түүнтэй яг ижил үс, сэвхтэй байсан юм. 

Гэхдээ зөн совин нь Анаисд үүний цаадах учрыг олохыг ятгасан байна. Хоёр сарын турш тэр өөрийн хуулбараа олох гэж оролдсон боловч харамсалтай нь олигтой мэдээлэл байсангүй. 2013 оны 2-р сард нөгөө найз нь тэр Анаисыг "21 and Over" киноны трэйлер дээр дахин харсан аж. Ингэж Анаис өөрийн ихэр Сэмийн тухай олж мэдсэн байна. Тиймээ тэрээр даруй ихэр рүүгээ фэйсбүүкээр дамжуулан зурвас илгээв. 

8000 км цаана Лос Анжелес хотод байсан Сэм киноныхоо нээлтэд бэлдэж байв. Анаисаас зурвас хүлээн авсны дараа тэр нүдэндээ итгэсэнгүй. Түүний найзуудын нэг нь зурган дээрх охиныг түүний эгч дүү байж магадгүй гэж зөвлөсөн бөгөөд жүжигчин бүсгүй өөрийгөө үрчлэгдсэн болохыг мөн мэдэж байсан тул ийм зүйл байх бүрэн боломжтой гэдгийг ойлгосон байна. Долоо хоногийн дараа ихрүүд видео чатаар холбогдов. Анхны уулзалт байсан учраас хэдэн цагийн турш тасралтгүй ярилцав. Тэд ижил хоолонд дуртай, олон нийтлэг хоббитой, тэр ч байтугай нүүрний хувирал, дохио зангаа ч адилхан болохыг мэдэж авчээ. 

Гурван сарын турш зайнаас харилцсаны дараа 2013 оны 5-р сард Анаис, Сэм нар Лондонд уулзав. Тэдний үрчилж авсан эцэг эх нь тэдэнтэй хамт байсан аж. Анхны уулзалт нь тэдний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм, гайхалтай мөч байсан гэнэ. Эгч дүүс төрсөн цагаасаа хойш анх удаа нүүр нүүрээ харсан ч гэсэн цаанаасаа халуун дулаан мэдрэмжийг авч байжээ. 

Эцэст нь тэд үнэхээр ихрүүд болохоо шалгахын тулд ДНХ-ийн шинжилгээ хийв. Мэдээж тэд жинхэнэ ихрүүд болох нь батлагдсан байна. Хоёр сарын дараа Анаис Лос Анжелес дахь Сэм дээр ирсэн бөгөөд ихрүүд эх орон болох Солонгос руу хамт явахаар шийджээ.

Харамсалтай нь охид төрсөн эхээ олж чадаагүй ч төрөлх нутаг руугаа аялснаа үүрд дурсах болно гэжээ. Тэд аяллынхаа зураг авалтыг хийсэн нь 2015 оны Twinsters баримтат киноны үндэс суурь болсон юм. 

Анаис одоо Парист амьдарч байгаа бөгөөд гэрлэж, хүү төрүүлсэн байна. Сэм харин сүйт залуутай болжээ. Жүжигчин бүсгүй Лос Анжелес хотод амьдарсаар байна. Ихрүүд жилд хэд хэдэн удаа уулздаг байсан ч цар тахлаас болж энэ уламжлал нь зогссон гэнэ. Гэхдээ тэд байнга утсаар ярьж, мессеж бичиж, амьдралд тохиолдсон бүх зүйлсээ нэгэндээ хуваалцдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()