Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.20

2022-09-20, 10:32
1,351

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв, “Volkswagen” Европт сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй том IPO хийхээр зэхэж байна, Цахилгаан автомашины борлуулалтын өсөлтийг нийлүүлэлт гүйцэхгүй болсноор литийн үнэ дээд түвшинд хүрлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.20

1 Украины арми Луганск дахь Оросын баазыг устгажээ

Луганск муж дахь Оросын эзлэн түрэмгийлэгчдийн байрлаж байсан Сватове баазад Украины арми цохилт өгчээ. Энэ тухай Луганскийн бүс нутгийн цэргийн захиргааны дарга Серхи Хайдай телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Сватове дахь Бавовна нэртэй автобус баазад орос цэргүүд байрлаж байжээ. Энэ газрыг Оросын түрэмгийлэгчдийн хувьд тайван бус газар гэж Хайдай өмнө нэрлэж байв.

Украины арми Луганск дахь Оросын баазыг устгажээ

2 Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв

Хятад улсад анх удаа сармагчны цэцэг өвчний халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг өдрийн дараа Хятадын эрүүл мэндийн салбарын дээд албан тушаалтан иргэддээ гадаад хүнд хүрч болохгүй гэж сэрэмжлүүлэв. 

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн судлаач, ахлах Ву Зунёу "Weibo" сайтад нийтэлсэн нийтлэлдээ гадаадын иргэдтэй арьсаар хүрэлцэн, харьцахгүй байхыг зөвлөжээ. Энэхүү нийтлэл нь маргаан дагуулж, зарим ажиглагчид үүнийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан үзэл гэж тэмдэглэсэн аж. Удалгүй платформоос анхны нийтлэлийн сэтгэгдлүүдийг идэвхгүй болгосон байна.

Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв

3 Хятад Тайванийг түрэмгийлбэл АНУ хамгаална гэв

"Хятад улс урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага үйлдсэн тохиолдолд АНУ Тайванийг хамгаална" гэж Жо Байден дахин мэдэгдэв. "CBS" телевиз АНУ-ын хүчин Тайванийг хамгаалах талаар тодруулан асуухад Байден тус мэдэгдлийг гаргажээ. Уг ярилцлага дээр Цагаан ордон АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүйг дахин санууллаа.

Тайвань нь Бээжингийн өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн мэдэгддэг зүүн Хятадын эргийн ойролцоох өөрийгөө захирдаг арал юм. Вашингтон энэ асуудлаар удаан хугацааны турш дипломат шугамаар хандаж ирсэн. АНУ нэг талаараа "Нэг Хятад" бодлогыг хүндэтгэн үздэг ч түрэмгийллийг буруутгасан хэвээр аж. Энэхүү бодлогын дагуу Тайвань бол Хятадын нэг хэсэг юм.  

Хятад Тайванийг түрэмгийлбэл АНУ хамгаална гэв

4 Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврийн хураамжийг нэмнэ

Суэцийн сувгийг удирдаж буй Египетийн эрх баригчид 2023 онд усан замаар дамжин өнгөрөх хөлөг онгоцны хураамжийг 15 хүртэл хувиар нэмнэ гэж мэдэгджээ. Тус сувгийн захиргаа ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хуурай, задгай тээвэрлэгч болон аяллын хөлөг онгоцны дамжин өнгөрөх төлбөрийг 10 хувиар, бусад хөлөг онгоцны төлбөрийг 15 хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тус улсын эрх баригчид газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн усан замын ашиглалтын зардал нэмэгдэж буйг дурджээ.

Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврийн хураамжийг нэмнэ

5 Японы эзэн хаан Их Британид айлчлан, хүндэтгэл үзүүлэв

Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолын өмнө Их Британийн хаан III Чарльзын зохион байгуулсан хүлээн авалтад Японы эзэн хаан оролцжээ. Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар Их Британийн хамгийн удаан төр барьсан хатан хааныг оршуулах ёслолд оролцохоор Лондонд ирэв. Орон нутгийн цагаар ням гарагийн 17:00 цагт хар маск зүүсэн эзэн хаан эхнэрийн хамт байрлаж буй зочид буудлаас гарч, Букингемийн ордон руу явжээ.

Уулзалтын үеэр эзэн хаан Нарухито хааны гэр бүлийн гишүүд болон дэлхийн удирдагчидтай цагийг өнгөрөөсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр мөн хатан хааны оршуулгын өмнөх өдөр Хаан Чарльз болон гэргий Хатан хаан-консорт Камилла нарт өөрийн биеэр эмгэнэл илэрхийлжээ. Дараа нь эзэн хаан Нарухито Вестминстерийн танхимд зочилж, хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн байна.

Японы эзэн хаан Их Британид айлчлан, хүндэтгэл үзүүлэв

6 Тайваньд цунамийн анхааруулга дуугарав

Тайванийн зүүн өмнөд хэсэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилга нуржээ. Үүнээс үүдэлтэй цунами болж магадгүйг сэрэмжлүүлсэн байна.

Газар хөдлөлт 10 км гүнд болсон. АНУ-ын Геологийн алба уг газар хөдлөлтийг анх 7.2 магнитуд гэж бүртгэсэн ч сүүлд 6.9 хүртэл бууруулжээ. Тус алба ойролцоох эрэг дагуу цунамийн давлагаа үүсэхийг анхааруулсан. Түүнчлэн Японы Цаг уурын агентлаг ч зүүн Хятадын тэнгис дэх Мияко аралд цунами болж магадгүйг анхааруулсан ч сүүлд нь үүнийгээ цуцалжээ.

Тайваньд цунамийн анхааруулга дуугарав

7 Туркийн сөрөг хүчний удирдагч иргэдийн зээлийг тэглэж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээ амлав

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоаны нам инфляцын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газрын зарцуулалтыг нэмэхээ амлаад байна.

Туркийн гол сөрөг хүчний тэргүүн Кемаль Кылычдароглу сонгогчдын дэмжлэгийг татахын тулд нийгмийн халамжийн зарцуулалтыг нэмэгдүүлж, бага орлоготой иргэдийн зээлийг тэглэх амлалт өглөө.

Туркийн Бүгд Найрамдах Ардын Намын дарга Кемаль Кылычдароглу 2023 оны зургаадугаар сард болох сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоантай өрсөлдөх магадлал өндөр байгаа юм. Ням гарагт хэвлэлийн хурал хийхдээ тэрбээр нийгмийн халамжийн зарцуулалтын төсөвт эзлэх хувийг гурав дахин нэмж, 12 хувьд хүргэхээ амлажээ. Мөн банкнуудтай хэлэлцээ хийх замаар бага орлоготой бүлгийн чанаргүй зээлийг алсдаа тэглэнэ гэж мэдэгдсэн байна.

Туркийн сөрөг хүчний удирдагч иргэдийн зээлийг тэглэж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээ амлав

8 Японы инфляц Төв банкных нь зорилтот түвшин 2 хувиас даваад байна

Японы инфляц эрчимжиж, 1991 оноос хойших дээд түвшинд хүрэв

Наймдугаар сард Японы инфляц 1991 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Тухайлбал: хүнсний бүлгийн үнийн өсөлтийг оруулалгүйгээр тооцвол хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн байна.  Энэ нь сүүлийн 30 орчим жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Японы инфляц Төв банкных нь зорилтот түвшин болох хоёр хувиас хол даваад байна. Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, гэрэл цахилгааны үнийн өсөлт инфляцад гол жин дарж байгаа аж. Япон улсын Төв банкны тэргүүн Харухико Курода цалин инфляц хоёр уялдах хүртэл бодлогын хүүг хамгийн боломжит доод түвшин хадгалсаар байна гэж мэдэгдээд байна.

Японы инфляц Төв банкных нь зорилтот түвшин 2 хувиас даваад байна

9 “Volkswagen” Европт сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй том IPO хийхээр зэхэж байна

Германы “Volkswagen” компани өөрийн эзэмшлийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” брэндийг олон нийтэд нээлттэй компани болгож, 9.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Европт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй ийм томоохон хэмжээний IPO хийснээр “Porsche”-ийн зах зээлийн үнэлгээ 70-75 тэрбум евро хүрнэ гэж тооцоолсноо тус компани ням гарагт мэдээллээ. Гэхдээ зах зээлийн уналттай холбоотойгоор энэ нь өмнөх 85 тэрбум еврогийн зорилтоос багассан үзүүлэлт аж.

Эрчим хүчний хямрал, бодлогын хүүгийн өсөлт, өндөр инфляцаас шалтгаалж Европын компаниуд энэ онд IPO хийх нь эрс цөөрөөд байгаа юм. 

“Volkswagen” Европт сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй том IPO хийхээр зэхэж байна

10 Цахилгаан автомашины борлуулалтын өсөлтийг нийлүүлэлт гүйцэхгүй болсноор литийн үнэ дээд түвшинд хүрлээ

БНХАУ-ын зах зээлд литийн үнэ тонн нь 71 мянга 315 ам.доллар хүрээд байна. Цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох литийн үнийн өсөлт шинэ дээд түвшинд хүрээд байна. Баасан гарагт БНХАУ-ын зах зээлд литийн үнэ 71 мянга 315 ам.доллар хүрснийг “Asian Metal” компаниас мэдээллээ.

Эрэлт ихсэж, дотоодын үйлдвэрлэлийн төвүүдэд саатал үүссэнээс шалтгаалан сүүлийн нэг жилийн хугацаанд литийн үнэ гурав дахин өссөнөөр цахилгаан автомашины цэнэг хураагуурын өртгийг эрс нэмэгдүүлээд байгаа юм.

Цахилгаан автомашины борлуулалтын өсөлтийг нийлүүлэлт гүйцэхгүй болсноор литийн үнэ дээд түвшинд хүрлээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()