Бүхий л иргэдийн мөрөөдлийн хотхон нь Хятадын баруун өмнөд зүгийн Чэнду хотод байх “Qiyi City Forest Garden” байсан юм. Уг цогцолборын 8 өндөр орон сууцны захиалга аль хэдийн дүүрсэн байсан аж.
Барилга 2018 оноос эхлэн баригдаж, 2020 оны 4-р сард дуусахаар байжээ. Гэтэл хотхонд одоогийн байдлаар ердөө 10 айл амьдарч байгаа бөгөөд тэд ногоон ургамалд татагдан ирсэн асар их ялаа, шумуул, шавж хорхойтой дасан зохицож амьдрах хэрэгтэй болсон аж. Өөрөөр хэлбэл хотхоны жинхэнэ эзэд нь ялаа шумуулнууд болжээ.
Барилга баригдаж эхлэх үед хотын захирагч: “Бүтээн байгуулалт дууссаны дараа айл бүрд ойн дунд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрөх бөгөөд шувуудын чимээ, навчсын дундуур тусах нарны гэрлийг хүн бүр гэртээ мэдрэх боломжтой болно” гэж байжээ.
Орон сууцныхаа дэргэд ногоон байгууламжтай байх энэ санаа мэдээж хүн бүрд таалагджээ. Үүнээс гадна халууны улиралд кондишн асаахгүйгээр сэрүүцэх боломжийг “босоо ой” өгч байсан учир цахилгааны хувьд хэмнэлттэй байсан гэнэ. Мөн ургамал чийгийг өөртөө шингээж, барилгад гажилт үүсэхээс сэргийлэх байжээ.
Нарны гэрэл, хөрс, чийг байвал ургамал хаана ч чөлөөтэй ургана гэдгийг бүгд мэднэ. Гэвч ургамлын навч болон иш нь төрөл бүрийн шавжийн амьдрах, хооллох таатай нөхцөл болдог гэдгийг төслийн санаачлагчид мартсан бололтой.
Дээрх бүх алдаа дутагдал, дутуу тооцоолол нь “Qiyi City Forest Garden” гэх гайхалтай төслийг үгүй хийсэн юм. Хэдийгээр 30 давхар 8 барилгын нийт 826 байр баригдахынхаа өмнө бүгд зарагдсан байсан ч одоо харахад амьд хүн огт үлдээгүй балгас мэт харагдана.
Хотхонд амьдарч буй 10 гэр бүл аль болох цонхоо онгойлгохгүй, тагтан дээр гарахгүй байхыг хичээдэг аж.
Өндрөөс харахад энэ хотхон үнэхээр гайхалтай, сэтгэл хөдлөм харагдаж байгаа ч харанхуй болж, гэрэл асах үед бүх зүйл эсрэгээрээ эргэдэг байна.