Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.13

2022-09-13, 09:13
1,773

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Запорожье станцын асуудлаар Путин, Макрон нар санал зөрөлдөв, БНХАУ сарны гадаргуугаас шинэ төрлийн эрдэс илрүүлж, дахин судалгааны хөлөг илгээхээр боллоо, Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна, Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар илэрлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.13
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Газар дундын тэнгист болсон ослоор 11 цагаач амиа алджээ

Тунисын эргийн ойролцоо усан онгоц живсний улмаас наад зах нь 11 хүн нас барж, 12 хүн сураггүй алга болсон байна. Итали руу 37 цагаачийг тээвэрлэж явсан завь живсний дараа Тунисын эргийн хамгаалалтынхан 14 хүнийг аварчээ. Үүнээс гадна "Өнгөрсөн даваа гарагийн шөнө дахин таван хүний ​​цогцсыг оллоо" гэж төрийн мэдээллийн агентлаг “TAP” мэдээлснээр амиа алдагсдын тоо 11 болжээ. Энэ онд 1 мянга гаруй цагаач Газар дундын тэнгисийг гатлах гэж байгаад амиа алдсан гэх таамаг бий. Уг таамгийг НҮБ-ын агентлаг болох Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргажээ. Нас барсан болон сураггүй алга болсонд тооцогдох 1033 цагаачаас 960 нь живсэн гэж таамаглаж байна.

Газар дундын тэнгист болсон ослоор 11 цагаач амиа алджээ

2 Запорожье станцын асуудлаар Путин, Макрон нар санал зөрөлдөв

Францын Ерөнхийлөгч Макрон Украины Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлаар Путинтэй хэлэлцээ хийв. Атомын станцын аюулгүй байдалд Оросын Ерөнхийлөгч Украиныг буруутгасан бол Эммануэль Макрон Оросын талыг буруутгасан байр суурьтай байна.

Европын хамгийн том атомын цахилгаан станцын нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Станцын эргэн тойронд буудалцаан өрнөсөөр буй тул цацраг идэвхт туяа тархах эрсдэл өндөр байна. Улс төржилгүйгээр Олон улсын атомын энергийн агентлагийн оролцоотойгоор уг асуудлыг шийдэх уриалгыг мэргэжилтнүүд дэвшүүлсэн. Францын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд Оросын цэргүүд цахилгаан станцыг эзэлсэн нь эрсдэл үүсгэж байна гэжээ. Тиймээс хүнд болон хөнгөн зэвсгээ станцын нутаг дэвсгэрээс гаргахыг хүсжээ.

Запорожье станцын асуудлаар Путин, Макрон нар санал зөрөлдөв

3 Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Япон руу цахим халдлага үйлдэх нь олширчээ. Тухайлбал, энэ сарын эхээр “Killnet” нэртэй Оросын хакерын бүлэглэл Япон руу хэд хэдэн удаа халдав. Тэд Японы засгийн газартай холбоотой цахим хуудаснууд, Токио Метро компанийн метроны сүлжээ, Нагояа боомт зэрэг тээврийн дэд бүтцийн системд халджээ.

Түүнээс гадна “JCB” зээлийн картын компани, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “Mixi inc” компани, “Niconico” видео платформ гэх мэт газрууд халдлагад өртсөн байна. Токио Метро болон Осака Метро компанийн цахим хуудаснууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нэвтрэх боломжгүй болсон. “Killnet” бүлэглэл Японы засгийн газрын цахим хуудсанд халдсан хэргээ хүлээснээс нэг өдрийн дараа энэ халдлага гарчээ. Тэд ням гарагт 18:30 цагийн орчимд телеграмдаа Оросын эсрэг кампанит ажил зарласан Япон улстай дайн зарласан тухайгаа бичиж, бичлэг байршуулжээ. Удалгүй 19:00 цагийн үед Токиогийн метроны сүлжээг зогсооно гэж дахин нийтэлсэн байна.

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна

4 Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар илэрлээ

Энэтхэгт газар аваад буй омикроны дэд хувилбар BA.2.75 улам бүр мутацид орж буйг албаныхан анхааруулав. Ингэснээр ирээдүйд халдварлах чадвар нь улам өндөр болж, хүний дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай болж болзошгүй аж.

Энэтхэгийн мэргэжилтэн Ражеш Карякарте уг хувилбарыг мутацид орж буйг баталсан. Мөн Бээжингийн их сургуулийн дархлаа судлаач “BA.2.75.2 нь одоогоор туршиж үзсэн хамгийн хүчтэй дархлаанаас зайлсхийдэг мутаци” гэж жиргэжээ. Дэлхий даяарх шинжээчид BA.2.75.2-ыг судалж байна. Учир нь энэ хувилбар BA.4, BA.5-ыг орлож эхэлсэн байна.

Дархлааны урвалаас зайлсхийх чадвартай омикроны шинэ хувилбар илэрлээ

5 Токиогийн олимпын хахуулийн дуулиан улам гүнзгийрэв

Токио 2020 зуны олимпын наадамтай холбоотой хахуулийн дуулиан Японд дахин олимп зохион байгуулах уу үгүй юу гэсэн асуултыг дагуулав. Токиогийн наадмын зохион байгуулагч Харүюки Такахашиг өнгөрсөн сард авлигын хэргээр баривчилсан. Тодруулбал, компаниудыг наадмын албан ёсны ивээн тэтгэгч болгоход нь тусалсныхаа хариуд авлига авсан гэж Такахашиг буруутгаж байна.

Саппоро хотын дарга Кацухиро Акимото, Японы Олимпын хорооны Ерөнхийлөгч Ясухиро Ямашита нар энэ сарын сүүлээр Олон улсын олимпын хорооны төв байранд уулзаж, Саппоро 2030 өвлийн олимпын талаар санал солилцох байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт эл уулзалтыг цуцалжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн санааг зовоосон асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас ангид цэвэр тендер явуулна гэж амлан, хамтарсан тунхагт гарын үсэг зурсан юм.

Токиогийн олимпын хахуулийн дуулиан улам гүнзгийрэв

6 Оросын арми бүтэлгүйтсэнд үндсэрхэг үзэлтнүүд бухимдаж байна

Оросын арми өнгөрсөн гуравдугаар сард Украины нийслэлээс цэргээ эргүүлэн татсанаас хойших хамгийн том ялагдлаа Харьков мужийн Изиумд хүлээжээ. Украины зүүн хойд нутаг дахь үндсэн баазаа Оросын цэргүүд бямба гарагт орхив. Тиймээс ялъя гэвэл нэн даруй өөрчлөлт хийхийг Оросын үндсэрхэг үзэлтнүүд Путинд уриаллаа. Цэргүүд нь Изиум хотыг орхин гарч байхад Путин Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд баяр тэмдэглэж байв. Тодруулбал, тухайн өдөр Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Европын хамгийн том алсыг харагчийн нээлтийн ёслол болсон. Түүнчлэн Москва хот байгуулагдсаны 875 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд ёслолын буудлага буудуулжээ.

Оросын арми бүтэлгүйтсэнд үндсэрхэг үзэлтнүүд бухимдаж байна

7 Европын Холбоо эрчим хүчний хямралын эсрэг шуурхай уулзалт хийж магадгүй

Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар эрчим хүчний үнийн өсөлтийг хэлэлцэхээр шуурхай хурал зарлаж магадгүй байна.

Европын Холбооны ээлжит удирдлага байгаа Чех улсын талаас цахилгааны үнийг хязгаарлах саналыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг тус улсын Аж үйлдвэрийн сайд мэдээлсэн.

Түүнчлэн Чехүүд Европын Холбооны хэмжээнд үнийн хязгаар тогтоохыг дэмжинэ гэж мэдэгдсэн ч шинэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Европын Холбоо эрчим хүчний хямралын эсрэг шуурхай уулзалт хийж магадгүй

8 БНХАУ сарны гадаргуугаас шинэ төрлийн эрдэс илрүүлж, дахин судалгааны хөлөг илгээхээр боллоо

БНХАУ сар руу судалгааны хөлгүүд илгээх, өөрийн сансрын станц байгуулах, цаашлаад Ангараг гарагийн судалгаанд анхаарах зэргээр АНУ-тай шууд өрсөлдөхөөр төлөвлөж байна.

Сансрын судалгааны шинэ эринд АНУ-ын гол өрсөлдөгч болохоор зорьж буй БНХАУ ирэх 10 жилд сарыг судлахаар гурван удаагийн нисгэгчгүй даалгавар гүйцэтгэхээр төлөвлөжээ.

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг “Chang’e” хөтөлбөрийн хүрээнд сарны тойрог замаас судалгаа хийх гурван хөлөг хөөргөх зөвшөөрөл авсан тухай албаныхан мэдэгдсэнийг CCTV мэдээллээ. 

БНХАУ сарны гадаргуугаас шинэ төрлийн эрдэс илрүүлж, дахин судалгааны хөлөг илгээхээр боллоо

9 Вьетнамын “VinFast” XI сараас АНУ, Европ, Канадын зах зээлд цахилгаан автомашин нийлүүлнэ

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” 11 дүгээр сарын эхээр АНУ, Канад, Европын зах зээлд 5000 орчим автомашин нийлүүлэхээр болсныг толгой компани болох “Vingroup JSC” мэдэгдлээ.

Хөрөнгийн хэмжээгээрээ Вьетнамд тэргүүлдэг тэрбумтан Пхат Нам Вуонгийн үүсгэн байгуулсан тус компани 12 дугаар сард дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хийхээр төлөвлөснөө мэдэгдэж байв. 

“VinFast” олон улсын зах зээлд гаргаж буй анхны автомашин болох “VF8”-аа өнгөрсөн бямба гарагаас эхлэн дотоодын зах зээлдээ нийлүүлж эхэлсэн байна. Дунд оврын SUV ангиллын “VF8” загварын эхлэх үнэ 57 мянган ам.доллар байгаа ажээ.

Вьетнамын “VinFast” XI сараас АНУ, Европ, Канадын зах зээлд цахилгаан автомашин нийлүүлнэ

10 БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 8-р сард өмнөх оны мөн үеэс 62.23 хувиар өсжээ

Өнгөрсөн сард БНХАУ 6.12 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 62.23 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь өмнөх сараас 22.78 хувиар өссөн үзүүлэлт болсноос гадна БНХАУ-ын коксжих нүүрсний импорт тав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж байна.

Тайланд сард нийт 1.56 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 134.5 хувиар өсжээ. Үнийн дүнгийн өсөлт биет хэмжээний өсөлтөөс өндөр байгаа нь нүүрсний үнэ өндөр байгааг илтгэж байна.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 8-р сард өмнөх оны мөн үеэс 62.23 хувиар өсжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()