Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.04

2022-09-04, 11:00
1,597

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Бучагийн аллагын хохирогчдыг оршуулав, АНУ-ын арми “Microsoft”-ын хийсэн байлдааны шилийг зүүнэ, Орос: ЕХ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг нээхгүй зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.04

1 Бучагийн аллагын хохирогчдыг оршуулав

Украины нийслэл Киевийн ойролцоох Буча хотод Оросын арми олон тооны энгийн иргэний амийг хоморголон хөнөөсөн хэрэг гуравдугаар сарын сүүлээр гарч байв. Энэ аллагыг Оросын дайны гэмт хэргийн “мөсөн уулын орой” гэж тухайн үед Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн юм.

Буча дахь оршуулгын газарт Оросын түрэмгийлэгчдийн гарт амиа алдагдсдыг оршууллаа. Ихэнх цогцсыг ар гэр, хамаатан саднуудад нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн цогцсыг хэн болохыг нь тогтоосон ч ирж аваагүй, холбоо бариагүй учраас тэднийг оршуулжээ. Нийт 13 хүнийг оршуулсан гэж Буча хотын орлогч дарга Михайлина Скорык Шкаривска хэллээ.

Бучагийн аллагын хохирогчдыг оршуулав

2 АНУ: Тайваньд 1.1 тэрбум долларын зэвсэг худалдана

АНУ-ын Төрийн департмент Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг хэрэгсэл худалдахыг зөвшөөрчээ. Үүнд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин 60 ширхэг, агаар ангиллын пуужин 100 ширхэг зэрэг зэвсэг багтаж байна. Тодруулбал, эдгээр нь 85.6 сая ам.долларын үнэтэй газрын довтолгоонд ашиглаж болох “Sidewinder” пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч Харпун пуужин юм. Түүнчлэн Тайванийн ажиглалтын радарын хөтөлбөрийг дэмжихэд 665.4 сая ам.доллар төсөвлөжээ. Энэхүү шийдвэрт Хятад улс дургүйцлээ илэрхийлж, эсрэг арга хэмжээ авна гэлээ.

АНУ: Тайваньд 1.1 тэрбум долларын зэвсэг худалдана

3 АНУ-ын арми “Microsoft”-ын хийсэн байлдааны шилийг зүүнэ

АНУ-ын арми “Microsoft” компанийн үйлдвэрлэсэн “HoloLens” нэртэй байлдааны зориулалттай нүдний шилийг худалдаж авахаар тушаал баталжээ. Технологийн аварга “Microsoft” компанийн ажилчид хэдэн жилийн өмнө цэргийнхэнтэй байгуулсан гэрээгээ цуцлахыг удирдлагуудаасаа шаардаж байв.

Дайны талбарт хийсэн туршилт амжилттай болсон тул “Microsoft” компани 5000 шил нийлүүлэх болжээ. Шилний захиалгыг 2021 оны гуравдугаар сард өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас түр зогсоогоод байсан. Ирэх 10 жилийн хугацаанд арми нүдний шилний худалдан авалтад 21.9 тэрбум ам.доллар зарцуулахаар тооцоолжээ. Хамгийн сүүлийн туршилтыг аравдугаар сард хийх бөгөөд хөтөлбөр амжилттай болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа армийн төлөөлөгч мэдэгдлээ.

АНУ-ын арми “Microsoft”-ын хийсэн байлдааны шилийг зүүнэ

4 “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

“Хиннамнор” хар салхи Японы баруун өмнөд арлууд руу чиглэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хар салхи ирэх долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Хэрвээ “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгост хүрвэл энэ нь тус улсад тохиолдож байгаагүй хамгийн хүчтэй шуурга болох юм.

“Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

5 “Их-7” Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтооно

“Их-7”-ийн бүлгийн Сангийн сайд нар Германы Эльмау хотод дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ үеэрээ Оросоос гаралтай түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоохоор төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Мэдээж энэ нь Оросыг дайнаас ашиг олохыг зогсоох гол зорилготой.

Ингэхдээ, анхны үнийн дээд хязгаарыг техникийн орц дээр үндэслэн тогтоох бөгөөд шаардлагатай бол дахин авч хэлэлцэх аж. “Бид үүнийг Европын холбооны зургаа дахь хориг арга хэмжээний багцын хүрээнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Цаашлаад энэ нь дэлхийн эрчим хүчний үнийг бууруулах зорилготой” гэж сайд нар мэдэгдэв. “Үнийн дээд хязгаарын хэлэлцээр нь Оросын санхүүд томоохон цохилт болж, Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд нь саад болно” гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэв.

“Их-7” Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтооно

6 Польш улс Германаас нөхөн төлбөр шаардаж байна

Герман улс Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшт 1.32 их наяд ам.долларын хохирол учруулсан гэж Варшавын эрх баригч үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч мэдэгдэв. Тиймээс албан ёсоор нөхөн төлбөр авахыг шаардаж буйгаа мэдэгдлээ.

Герман нь Польшийн худалдааны хамгийн том түнш бөгөөд Европын холбоо, НАТО-ийн гишүүн. Тус улс өмнө нь Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой бүх санхүүгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж мэдэгдэж байв. Дайны үеэр зургаан сая орчим польш хүн амь үрэгдсэн бөгөөд түүний гурван сая нь еврей үндэстэн байсан. Түүнчлэн 1944 оны бослогын дараа Варшавыг сүйрүүлж, 200 мянга орчим энгийн иргэний аминд хүрчээ.

Польш улс Германаас нөхөн төлбөр шаардаж байна

7 Энэтхэг улс тэнгисийн хүчний элитүүдийн эгнээнд нэгдэв

Энэтхэг улс хамгийн анхны өөрсдөө үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлгөө ашиглалтад оруулав. Улам хүчирхэгжиж буй Хятадын байлдааны хөлгийн флотыг эсэргүүцэхийн зэрэгцээ Энэтхэгийн хөлөг онгоц бүтээх чадавхийг сайжруулах хүрээнд ийнхүү нэг алхам ахижээ.

“INS Vikrant” нэртэй уг хөлөг нь Энэтхэгийн хоёр дахь том тээгч хөлөг онгоц аж. Нэрний утга нь санскрит хэлээр хүчирхэг, зоригтой гэсэн үг юм. Хамгийн анхны тээгч хөлөг онгоцоо тус улс 2004 онд Оросоос худалдаж авч байв. Энэтхэгийн далай болон Энэтхэгийн буланг хамгаалах зорилгоор худалдаж авч байсан тус онгоц нь Зөвлөлтийн үеийн “INS Vikramaditya” хөлөг юм.

Энэтхэг улс тэнгисийн хүчний элитүүдийн эгнээнд нэгдэв

8 Орос: ЕХ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг нээхгүй

ОХУ-аас Европ руу чиглэсэн байгалийн хийн хоолой төлөвлөсний дагуу нээхгүй гэдгийг “Газпром” мэдэгдэв. Тус шийдвэр нь энэ өвөл эрчим хүчний хангамжийн талаар санаа зовоосон асуудал болж байна.

“Газпром” улсын эрчим хүчний компани “Хойд урсгал 1”-д алдагдал илэрсэн тул тодорхойгүй хугацаагаар хаагдаж магадгүй гэв. Өмнө нь Герман  руу дамждаг хоолой нь "Газпром"-ын зүгээс засвар үйлчилгээний ажил явуулна гэж тайлбарласнаар гурав хоног хаагдаад байсан.

Орос: ЕХ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг нээхгүй

9 Байден: Трамп болон түүний холбоотнууд Америкийн ардчиллыг сүйтгэж байна

Дональд Трамп болон түүний Бүгд найрамдах намын дэмжигчид тус улсын ардчиллыг сүйтгэж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

Тэрбээр "Трамп болон түүний Бүгд найрамдах намын холбоотнууд  2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэж ярив.

Байден: Трамп болон түүний холбоотнууд Америкийн ардчиллыг сүйтгэж байна

10 Япон улс Файзер вакциныг хүүхдүүдэд нэмэлт тунгаар хэрэглэхийг зөвшөөрөв

Япон улсын эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдэд коронавирусний эсрэг Файзер вакциныг нэмэлт тунгаар хэрэглэхийг зөвшөөрчээ. Уг насны бүлгийн хүүхдүүдэд өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн Файзер вакциныг эхний болон 2 дахь тунг хийж эхэлсэн.

Одоо Япон улсад омикрон хувилбар болон түүний дэд хувилбаруудын тархалт өндөр байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг нэмэлт бүүстэр тунд хамруулах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Япон улс Файзер вакциныг хүүхдүүдэд нэмэлт тунгаар хэрэглэхийг зөвшөөрөв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()