Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.01

2022-09-01, 08:57
1,525

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Шинэ ажилчид өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй гэв, БНСУ Хойд Солонгосын эсрэг батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэв, Хятадын Коммунист намын хурал аравдугаар сарын 16-нд болно зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.01
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Aтомын энергийн байцаагч нар Запорожьед ирэв

НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн байгууллагын баг өчигдөр Украины Запорожье хотод хүрэлцэн ирлээ. Тэд Оросын эзэмшилд байсан цөмийн станцыг шалгах үйл ажиллагааг эхлүүлэв.

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Гросси тус багийн айлчлалын ач холбогдлыг онцолж "Цөмийн ослоос урьдчилан сэргийлэх Европын хамгийн том атомын цахилгаан станцыг хамгаалах зорилготой" гэж тодорхойлсон байна.

Aтомын энергийн байцаагч нар Запорожьед ирэв

2 "Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий бүрэн зогсов

Газпром компани "Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий нийлүүлэлтээ  бүрэн зогсоов. "Портовая компрессорын станцад үлдсэн цорын ганц хийн шахуургад засварын ажил өнөөдрөөс эхэлж байна" гэж Газпром мэдэгдлээ. 

"Хойд  урсгалаар дамжуулан нийлүүлэх хийг бүрэн зогсоосон. Хийн шахуургын хэсэгт урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажил эхэлж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

"Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий бүрэн зогсов

3 Шинэ ажилчид өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй гэв

Энэтхэгийн нэгэн гүйцэтгэх захирал ямар ч ажилд шинээр орсон хүмүүс ажлынхаа эхний 4-5 жилийн хугацаанд өдөрт 18 цаг ажиллах ёстой гэж зөвлөсний дараа олон нийтийн сүлжээгээр шүүмжлэлд өртөв. Бомбей компанийг үүсгэн байгуулагч Шантану Дешпанде онлайн нийтлэлдээ залуу ажилчдаас "Ажлаа шүтэн мөргөж" залхуурлаас  зайлсхийхийг хүссэн байна. Олон нийтийн сүлжээгээр түүнийг "Буруу ажлын соёлыг сурталчилж байна" гэж шүүмжлээд байна. Энэтхэг улс хөдөлмөрийн хатуу хуулиудтай боловч үүнийг чанд хэрэгжүүлэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэйг албан тушаалтнуудаас иргэд шаардах болжээ. Учир нь Шантану зэрэг захиралтай газрууд хүмүүсийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг гэв.

Шинэ ажилчид өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй гэв

4 Херсонд томилогдсон Оросын албан тушаалтан нутаг буцжээ

Украины арми өмнөд Херсон хотод сөрөг довтолгоогоо эрчимжүүлж буй. Гэтэл Оросоос Херсонд томилсон албан тушаалтан аюулгүй байдлыг эрэлхийлж, нутаг буцсан байж болзошгүй байна.

Тодруулбал, Кирилл Стремоусов телеграмд нийтэлсэн бичлэгтээ "Херсонд бүх зүйл сайхан байна" гэж хэлсэн боловч арынх нь цонхоор Оросын таван одтой зочид буудал харагдаж байжээ. Энэ нь Оросын баруун өмнөд хэсэгт орших Воронежийн Марриотт зочид буудал гэдгийг тогтоосон байна. Цонхоор харагдаж буй хоёр баганатай барилга болон ягаан барилга Воронеж хотод байдаг аж.

Херсонд томилогдсон Оросын албан тушаалтан нутаг буцжээ

5 БНСУ Хойд Солонгосын эсрэг батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэв

Өмнөд Солонгосын засгийн газар 2023 оны санхүүгийн батлан хамгаалахын төсвөө энэ оноос 4.6 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Хэрэв энэ нь эцэслэн шийдэгдвэл Японы санхүүгийн анхны төсөв болох 5.4 их наяд иен буюу 39 тэрбум долларыг давах юм. Өмнөд Солонгосын Засгийн газар батлан хамгаалах төсвөө 57.1 их наяд вон буюу 42.4 тэрбум доллароор баталлаа.

БНСУ Хойд Солонгосын эсрэг батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэв

6 Хятадын Коммунист намын хурал аравдугаар сарын 16-нд болно

Хятадын эрх баригч Коммунист нам аравдугаар сарын 16-нд таван жилийн үр дүнгээ танилцуулах их хурал хийнэ. Мөн Ши Жиньпин гурав дахь удаагаа манлайлж, Мао Зэдунаас хойших улс орны  удирдагчийн байр сууриа бэхжүүлэхэд бэлэн байна. Бээжингийн төв хэсэгт байрлах Тяньаньмэний талбайн баруун талд байрлах Ардын их хурлын танхимд их хурал ихэвчлэн долоо хоног үргэлжилдэг. Ихэвчлэн хаалттай хаалганы цаана болдог хурлын  эхлэх товыг ийнхүү Улс төрийн товчоо зарлалаа.

Хятадын Коммунист намын хурал аравдугаар сарын 16-нд болно

7 Европын холбоо Украинд цацрагийн эсрэг шахмал нийлүүлнэ

Европын хамгийн том атомын цахилгаан станцад осол гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр байгаа тул Европын холбоо Украинд таван сая гаруй цацрагийн эсрэг шахмал нийлүүлж байна.

Запорожье дахь үйлдвэр Оросын эзлэн түрэмгийлэлд байгаа бөгөөд сүүлийн үед хоёр тал бие биеэ халдлагад буруутгаж, галд өртөх болсон. Зарим бүс нутагт албаны хүмүүс цацраг идэвхт иодыг шингээхийг зогсоож чадах эмийг аль хэдийн тарааж эхэлжээ.

Европын холбоо Украинд цацрагийн эсрэг шахмал нийлүүлнэ

8 БНХАУ-ын Төрийн өмчит агаарын тээврийн компаниудын алдагдал $18.5 тэрбум хүрлээ

Цар тахлын хязгаарлалтын нөлөөгөөр БНХАУ-ын тэргүүлэх агаарын тээврийн гурван компани 18.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.

Тухайлбал оны эхний хагаст “Air China” компанийн алдагдал өмнөх оны мөн үеэс 186 хувиар өсөж, 2.8 тэрбум ам.доллар болжээ. Харин “China Southern Airlines” компани 1.6 тэрбум ам.доллар, “China Eastern Airlines” компани 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан байна.

БНХАУ-ын Төрийн өмчит агаарын тээврийн компаниудын алдагдал $18.5 тэрбум хүрлээ

9 Евро бүсийн эдийн засагт итгэх итгэл сүүлийн 19 сарын доод түвшинд хүрлээ

Эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж инфляц эрчимжсээр байгаа нь эдийн засаг уналтад орох эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Европын Комиссоос гаргадаг итгэлийн индекс долоодугаар сард 99 нэгж байсан бол наймдугаар сард 97.6 нэгж болж буурчээ. Эрчим хүчний хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийн гарц буурч хэрэглээний үнэ өссөн нь аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт итгэх итгэлийг бууруулж байгаа аж.

Евро бүсийн эдийн засагт итгэх итгэл сүүлийн 19 сарын доод түвшинд хүрлээ

10 ХБНГУ-ын инфляц бүх цаг үеийн дээд түвшинд хүрэв

Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан ХБНГУ-ын инфляц бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Наймдугаар сард ХБНГУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байна.

Тус улсын Засгийн газар нийтийн тээврийн тасалбарын үнийг хямдруулах, шатахууны НӨАТ-ыг бууруулах зэрэг арга хэмжээ авсан ч хүнс, эрчим хүчний үнийн өсөлт инфляцад гол жин даржээ.

ХБНГУ-ын инфляц бүх цаг үеийн дээд түвшинд хүрэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()