1
Их Британи Омикрон хувилбарын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болов
Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хяналт тавих агентлаг омикрон хувилбарын эсрэг АНУ-ын биотехнологийн Модерна компанийн бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгожээ. Ингэснээр Их Британи омикрон хувилбарын эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн анхны улс болж байна.
Их Британийн анагаах ухааны байгууллагын мэдээлж байгаагаар Модерна компанийн вакцин коронавирусний эсрэг анхны хувилбар болон одоо дэлхий нийтэд тархаад байгаа омикрон хувилбарын дэд хувилбарууд болох БиЭй-4, БиЭй-5 хувилбарт тохирох гэнэ.
2
НҮБ болон ОХУ Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар Запорожийн атомын цахилгаан станцын нөхцөл байдал болон аюулгүй ажиллагааны талаар хэлэлцсэн тухай Тасс мэдээллээ.
Мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, үр тариа бордооны экспортын нөхцөлийг хөнгөвчлөх НҮБ-ын санал санаачилга зэрэг хэд хэдэн асуудлыг хоёр тал хэлэлцсэн тухай Ройтерс онцоллоо.
3
Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна
Норвеги болон Финландын цаг уурын хүрээлэнгийн судлаачдын багаас хойд туйлд цаг агаар бидний төсөөлж байгаагаас хурдтай явагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.
1979 оноос хойш буюу хиймэл дагуулаас мэдээлэл авдаг болсон цаг үеэс хойш Хойд туйлын бүх тойрогт, хиймэл дагуулаас авсан мэдээлэлдээ үндэслэж, хамгийн сүүлийн үеийн судалгааг хийсэн байна. Уг судалгааны дүнгээс үзвэл сүүлийн 40 жилийн хугацаанд Хойд туйл дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад цаг уурын өөрчлөлт хамгийн хүчтэй явагдаж 4 дахин хурдан дулаарсан аж. Тодруулбал, Арктикийн агаарын хэм 10 жил тутамд дунджаар 0,75 хэмээр дулаарч байжээ.
4
Украинд дайн удааширсан ч дуусах болоогүй байна
Украины нөхцөл байдлыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Харин тус улсад биечлэн очиж нөхцөл байдлыг гэрчилсэн "CNN" агентлагийн сэтгүүлчид Украиныг ямар уудам гэдгийг анзаарчээ. Тэд гурван долоо хоногийн турш Украины өмнөд нутгаас зүүн тийш “аялсан” бөгөөд галын шугам болсон хот тосгод, хамгаалалтын тороор хүрээлсэн бэхлэлтүүд, дайнд стратегийн чухал нөлөөтэй өндөрлөг хэсгүүдийг ч үзэж туулжээ.
5
Крымд дахин дэлбэрэлт боллоо
Крым дахь Оросын агаарын цэргийн баазад өнгөрсөн долоо хоногт дараалсан 12 удаагийн дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлтээр Оросын долоон байлдааны онгоц устжээ. Тэгвэл өнөөдөр /2022.08.16/ өглөө Крымийн хойд хэсэгт орших Майское хотод байдаг зэвсгийн агуулахад дэлбэрэлт болов.
Оросоос томилогдсон Майское хотын дарга Сергей Аксенов дэлбэрэлтийг баталгаажуулсан бөгөөд нөхцөл байдлыг судалж буйгаа мэдэгдлээ. Бичлэгээс харахад тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байв.
6
Сингапур улсад баячууд илүү их татвар төлөх болжээ
Сингапурын засгийн газар эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг эрэлхийлж, эмзэг бүлгийн иргэдийг инфляцийн нөлөөллөөс хамгаалах арга замыг хайж буй. Энэ хүрээнд чинээлэг хүмүүс илүү их татвар төлөх шаардлагатай болж магадгүйг тус улсын шадар сайд Лоуренс Вон мэдээллээ. Орлогын тэгш бус байдал харьцангуй буурч байгаа ч засгийн газар илүү хүртээмжтэй өсөлтийн чиглэлийг зорьж байна. Хүн бүр ямар нэг хэмжээгээр татвар төлдөг ч өндөр орлоготой баячууд илүү төлөх шаардлагатай гэдгийг Лоуренс Вон онцоллоо.
7
Оросыг Запорожжийн атомын цахилгаан станцаас гарахыг 42 улс шаардаж байна
Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорожжиа атомын цахилгаан станцаас Оросын цэргийг нэн даруй гаргахыг 42 үндэстний бүлэг уриалж байна. Европын холбооны гишүүн орнууд, Япон, АНУ зэрэг 42 орон баасан гарагт хамтарсан мэдэгдэл хийж, уриалга гаргажээ. Цөмийн байгууламжид Оросын цэргийн албан хаагчид болон зэвсгийг байрлуулах нь аюулгүй байдал, хамгаалалтын зарчмуудыг үл тоомсорлож буй үйлдэл гэж тус улс орнууд мэдэгдэв.
8
Молдавын нисэх буудал дээр тэсрэх бөмбөг тавьжээ
Молдавын дээд шүүх болон Кишинев хотын нисэх онгоцны буудалд байрлуулсан байж болзошгүй хэд хэдэн тэсрэх бөмбөгийг цагдаа нар шалгаж байна. Түүнчлэн худалдааны төв, эмнэлэг гэсэн газруудад нийт есөн бөмбөг тавьсан байсныг эрх баригчид мэдээллээ.
Кишинев хотын нисэх буудалд өнгөрсөн сард 40 удаа ийм хэрэг гарснаар буудлын үйл ажиллагааг түр зогсоож байсан. Одоогоор нэг ч дэлбэрэлт бүртгэгдээгүй, хэн ч бэртэж гэмтээгүй байна. Гэхдээ нисэх буудал дээр өндөржүүлсэн аюулгүй байдал зарлажээ. Тус улсын Ерөнхий сайд Наталья Гаврилитагийн мэдэгдсэнээр Орос, Беларусийн IP хаягуудаас аюул заналхийлсэн гэв. “Энэ үйл явдал нь бидний сонор сэрэмжийг алдуулж, завгүй байлгах мөн бидний хариу үйлдлийг шалгах зорилготой гэдэг нь тодорхой” гэлээ.
9
Мьянмарын шүүх Су Чид авлигын хэргээр зургаан жилийн хорих ял оноов
Цэргийн засаглалтай Мьянмарын шүүх даваа гарагт удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын дөрвөн хэрэгт буруутай гэж үзэн зургаан жилийн хорих ял оноолоо гэж эх сурвалж мэдээллээ. Нобелийн шагналт, 77 настай Мьянмарын цэргийн засаглалыг эсэргүүцэгчдийн толгойлогч Су Чиг авлига хээл хахууль авахаас эхлээд сонгуулийн зөрчил хүртэл дор хаяж 18 гэмт хэрэгт буруутгаж, нийтдээ 190 жил хорих ял оноов.
10
Кишида засгийн газартаа улаан буудайн үнийг царцаах заавар өгөв
Японы Ерөнхий сайд Кишида Фумио хөдөө аж ахуйн яаманд хандан дотоодын гурилын үйлдвэрүүдэд борлуулж буй импортын улаан буудайн үнийг одоогийн түвшинд барих арга хэмжээ авахыг үүрэг болгов. Кишида даваа гарагт үнэ, цалин хөлсний асуудлаарх засгийн газрын ажлын хэсгийн хуралдаан дээр ийм үүрэг өгсөн байна.
Учир нь аравдугаар сараас импортын улаанбуудай 20 орчим хувиар өсөх хандлагатай байгаа судалгаа ил болсон байна.