1
БНАСАУ цөмийн хөтөлбөрийг нь шүүмжилснийг эрс няцаав
АНУ-ын Нью-Йорк хотод цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал үргэлжилж байна. Хуралд үг хэлсэн илтгэгчид цөмийн хөтөлбөрийг нь шүүмжилсний хариуд Умард Солонгос эрс няцаасан хариу өгчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен бага хуралд хэлсэн үгэндээ Умард Солонгос хууль бус цөмийн хөтөлбөрөө өргөжүүлж, бүс нутгийн эсрэг өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байгааг шүүмжилжээ. Өрнөдийн бусад улс болон Японы төлөөлөгч Умард Солонгосыг энэ бага хуралд оролцохгүй байгааг шүүмжилсэн байна.
2
Япон улс хоёр долоо хоног дараалан коронавирусний халдварын тоогоор тэргүүлж байна
ДЭМБ Ковид-19 цар тахлын долоо хоногийн шинэчилсэн тайланг гаргажээ. 7 дугаар сарын 25-аас 31-нийг хүртэлх долоо хоногт дэлхийн улс орнуудад коронавирусний зургаан сая гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Япон улсад коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдлээ.
3
Япон улсын ерөнхий сайд Нэнси Пелоситой уулзав
Нэнси Пелосигийн Ази дахь айлчлалын эцсийн зогсоол Япон улс байв. Тэрбээр Пүрэв гаригт Японд хүрэлцэн ирсэн. Энэ нь Пелосигийн 2015 оноос хойш Японд хийж буй анхны айлчлал боллоо.
Түүнийг Токио дахь Йокота агаарын баазад онгоцноос буухад АНУ-ын Элчин сайд болон бусад албаны хүмүүс угтаж авав. Тэрбээр өчигдөр өглөө /2022.08.05/ Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзаж, хоёр орны эвсэл болон хамтын ашиг сонирхлын асуудлаар ярилцжээ. Түүнчлэн Японы төлөөлөгчдийн танхимын дарга Хироюки Хосодатай олон улсын харилцааны асуудлаар хэлэлцсэн байна.
4
“Tesla”-ийн хөрөнгө оруулагчид компанийн нэгж хувьцааг 3 хуваах саналыг дэмжив
“Tesla”-ийн хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцааг гурав хуваах саналыг дэмжлээ.
Ингэснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla" компанийн нэгж хувьцааны ханш 300 ам.доллар болж буурахаар байна. Хувьцааг хуваах шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэхийг албан ёсоор тогтоогүй байгаа аж. Анх хувьцааг хуваах саналаа тус компани гуравдугаар сарын эцсээр “Twitter” хуудсаараа олон нийтэд мэдээлэв.
5
L’Oreal: 2022 онд борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх төлөвтэй байна
II улиралд “L’oreal”-ийн нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар өсөж, 18.36 тэрбум евро хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас 1.3 дахин давсан үзүүлэлт боллоо.
Өнгөрсөн улиралд “L’oreal”-ийн гол зах зээл БНХАУ-д цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь тус компанийн борлуулалтад нөлөөлжээ. Хэдий тийм боловч тансаг зэрэглэлийн гоо сайхан, нүүр будалтын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь “L’oreal”-ийн ашиг өсөхөд нөлөөлсөн байна. Тухайлбал: “Helena Rubinstein”-ийн энгэсэг, “Saint Laurent”-ийн үнэртний борлуулалт 15 хувиар өссөн байна. Инфляц өндөр байгаа үед хэрэглэгчдийн зарцуулалт буурах асуудал сорилт дагуулж байна.
6
“Meta” анх удаа бонд гаргав
Хувьцааны ханш нь унаад байгаатай зэрэгцэн “Meta” компани анх удаа бонд гаргалаа. 10 тэрбум ам.долларын бондыг дөрвөн хэсэгт хуваан худалдаалсан байна.
Хамгийн урт хугацаатай буюу 40 жилийн хугацаатай бонд нь АНУ-ын Засгийн газрын бондоос 1.65 нэгж хувиар илүү өгөөжтэй байгаа аж. Нью-Йоркт “Meta”-ийн бондын захиалга дээд цэгт хүрч, 30 тэрбум доллар давсныг эх сурвалжууд мэдээллээ.
7
“Gucci”, “Tiffany” брэндүүд крипто зах зээлтэй холбоотой төслүүдээ танилцууллаа
Дэлхий даяар крипто зах зээл уналттай байгаа ч тансаг зэрэглэлийн “Gucci”, “Tiffany” брэндүүд NFT -тэй холбоотой төслүүдийг танилцууллаа.
Тухайлбал: мягмар гарагт “Gucci” брэнд “Apecoin”-оор төлбөр тооцоо хийх боломжтой болж байгаагаа мэдээлсэн байна.
8
“АНУ баталгаа гаргавал Иран улс хүлээсэн үүргээ биелүүлнэ”
Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрт тусгасан эдийн засгийн бүх заалтыг хэрэгжүүлэх баталгааг АНУ гаргавал Иран улс уг баримт бичгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байна. АНУ-ын Нью-Йорк хотод болж буй Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцогч орнуудын аравдугаар бага хурлын үеэр Ираны төлөөлөгчдийн гишүүн ингэж мэдэгджээ.
9
Ирак улсад 50 хэм давж халав
Иракийн олон бүс нутагт агаарын температур 50 хэмээс дээш гарсан тул төрийн албан хаагчид нь нэг өдөр амарчээ. Дэлхийн хамгийн халуун газруудын жагсаалтыг тус улсын хэд хэдэн хот Пүрэв гаригт тэргүүлэв. Хэт халалтын улмаас дор хаяж 10 мужид төрийн албан хаагчдын ажил түр зогссон гэж “Курдистан 24” цахим хуудас мэдээллээ. Тус улсад долдугаар сарын дунд үеэс хойш хэт халалт үргэлжилж буй бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
10
Хятадын пуужин Японы онцгой бүсэд унажээ
Тайванийн ойролцоо хийгдэж буй Хятадын цэргийн сургуулилалтыг Япон улс буруушаасан байр суурьтай байна. Тус улсын Батлан хамгаалах сайд Нобүо Кишигийн хэлснээр, Хятадын харвасан таван баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэв. Тодруулбал, Японы гол арлуудаас өмнө зүгт орших Хатерума арлын ойролцоо унажээ. Энэ үйлдэл нь Японы үндэсний болон ард түмний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэж Нобүо Киши хэлэв.