1
"Django Unchained"
Квентин Тарантиногийн алдарт "Django Unchained" кино нь нээлтээ хийсэн өдрөө Хятад улсад гарах эрхгүй болжээ. Кино театрууд тус кино нь Хятадын Кино Групп Корпорацийн тавьсан техникийн шаардлагыг хангаагүй учир гаргах боломжгүй гэж мэдэгдсэн ч үнэндээ Тарантиногийн кинонууд хэт их хүчирхийлэл, харгислал харуулдагтай холбоотой. Сонирхолтой нь кино найруулагчид Хятадын үзэгчдэд зориулж кинонд гарах асгарсан цус, аллагын хэсгийг бүдэгрүүлж, далдалсан тусгай киног бүтээж гаргаснаар тус кино Хятадад нээлтээ хийсэн Тарантиногийн анхны кино болжээ.
2
"Wonder Woman"
"Wonder Woman" бол DC Universe компанийн алдартай кинонуудын нэг. Гэхдээ тус кинонд Израиль улсаас гаралтай жүжигчин Гал Гадот тоглосон нь зарим орны үзэгчдэд тааламжгүй санагджээ. Израилийн бусад эмэгтэйчүүдийн адил жүжигчин бүсгүй цэргийн алба хааж байсан. Энэ шалтгаанаас болж Ливан, Тунис, Алжир зэрэг орны үзэгчид киног сөргөөр хүлээн авчээ. Мөн киноны нээлтээс хэдхэн хоногийн өмнө Катарын хоёр кино театр тус киног гаргахыг хоригложээ.
3
"Kingsman: The Golden Circle"
Алдартай блокбастер кинонуудын нэг "Kingsman: The Golden Circle" киног Камбож улсад гаргахыг хориглосон нь тус улсыг гэмт хэрэгтнүүдийн толгой хоргодох аюулгүй газар болгож дүрсэлсэнтэй холбоотой. Камбожийн Соёлын Яамны ажилтан уг киног манай улсад гаргахад зохимжгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Камбожийн ариун сүмийг хориотой бодис үйлдвэрлэдэг, гэмт хэрэг үйлдэгдсэн газар болгон харуулсанд зовниж байна гэжээ.
4
"Борат"
Саша Барон Коэны тоглосон "Борат" инээдмийн кино нь Казахстаныг үл тооцвол дэлхий нийтийг тэр чигт нь хөгжөөсөн гайхалтай бүтээл болсон. Кинонд телевизийн сэтгүүлч Борат гэх казах залуу АНУ-ын түүх, соёлыг судлахаар тус улсыг зорьдог.
Тэгвэл Казахстан улсын үзэгчид киноны гол дүрийг бүтээсэн Саша Барон Коэнийг огтхон ч казах хүн шиг харагдаагүйгээс гадна улсын өнгө төрхийг буруугаар дүрсэлсэн (Казахстан биш Румын улсад зураг авалт хийгдсэн) хэмээн дургүйцэж байв. Улмаар уг киног Казахстан улсад гаргахыг хориод зогсохгүй жүжигчин Коэнын хувийн сайтыг ч хоригложээ.
Гэхдээ Борат кино Казахстанд ирэх гаднын жуулчдын тоог эрс өсгөсөн болохыг тус улсын Соёлын яам хүлээн зөвшөөрсөн байдаг.
5
"Saw 3D"
"Saw 3D" алдарт аймшгийн киног хэд хэдэн оронд гаргахыг хориглосон байдаг. Герман улсад уг киног хэтэрхий их харгислал хүчирхийлэл агуулсан хэмээн гаргахыг нь хориглосон байсан ч жилийн дараа хоригийг цуцалжээ.
6
The Matrix Reloaded
Хүн төрөлхтөнг боолчилдог машинуудын тухай гардаг энэхүү кинонд шашны болон философийн маш олон санааг агуулсан байдаг бөгөөд найруулагчид нь шинэ бэлгэ тэмдэг, шинэ үзлийг харуулахыг зорьжээ. Гэсэн ч Египетэд шашны үндэслэлтэйгээр тус киног гаргахыг хориглосон байна.