Их нээлтийн цаг үеийн нүүдэл, суудал
Америк бол цагаачдын өлгий нутаг. Нутгийн уугуул иргэд хэмээх индиан омгийн ард ч нэгэн цагт Ази тивээс Берингийн хоолойгоор дамжин тус Америк тивд хөл тавьсан хүмүүс билээ. Тэгвэл тус тивд хөл тавьсан анхны цагаан арьст хүмүүс нь Испани болон Францын аялагчид байв. Тэдний дараа 1607 онд Английн анхны колони одоогийн АНУ-ын Жеймстаунд байгуулагдсан түүхтэй.
1620 онд 100 гаруй тооны бүлэг хүмүүс Европоос шашны эрх чөлөөг хайн Атлантын далайг гаталж өнөөгийн Массачусеттс мужийн Плаймаутад ирсэн нь хожим 20 мянга орчим хүний нүүдлийг буй болгосон юм. Шашны эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн боломж хайсан иргэд ч маш олноор буурал тивээс Америк тивд газардаж байв. Европоос ирсэн нийт иргэдийн талаас илүү хувь нь гэрээгээр ажиллаж, амьдрахаар ирсэн иргэд байсан ч гэх тоо баримт бий.
19-р зууны дунд үеийн цагаачлал
Түүнчлэн Баруун Африкаас хүчээр боолчлогдон ирсэн хүмүүсийн тоо 1680 оны байдлаар 7000 байсан бол 1790 он гэхэд 700 мянга болж өссөн гэдэг. Улмаар 1808 онд АНУ-ын Конгресс боолын худалдааг хууль бус хэмээн зарласан ч төдийлөн хэрэгжээгүй юм. XVII-XIX зуунд 500-650 мянган африк иргэд боол болон худалдаалагджээ.
1815-1865 оны хооронд болсон цагаачлалын давлагаагаар Баруун болон Хойд Европчууд Америк тивийг ихээр зорих болов. Нэн ялангуяа 19-р зууны Ирландын өлсгөлөнгийн улмаас 1820-1930 оны хооронд 4.5 сая ирланд иргэд цагаачилжээ. Түүнчлэн мөн хэмжээний герман иргэд АНУ-ыг зорьж, өнөөгийн Милвоки, Сейнт Луис, Синсиннати хотуудад төвлөрч суужээ. Харин 1800-аад оны дунд үеэс эхлэн Ази тивээс, ялангуяа Хятадаас АНУ-ын баруун өмнөд эргийг чиглэх цагаачдын тоо эрс нэмэгдэж, алтны халууралтай зэрэгцэн 25 мянга орчим хятад иргэн тус улсад иржээ.
Эллис арал ба Холбооны цагаач хариуцсан нэгдсэн бодлого
Гэвч англо-саксон гаралтай протестант урсгалыг шүтэгч, өөрсдийгөө Америкийн жинхэнэ иргэд хэмээн үзэгсэд цагаач иргэдэд таагүй хандах болов. Улмаар 1870-аад онд тохиосон хямрал, иргэний дайны уршиг цагаачдын урсгалд нөлөөлж, тус улсыг зорих иргэдийн тоог цөөрүүлжээ.
1882 онд Нэгдсэн Улсын засаг захиргаа Хятадаас ажилтан татахыг хориглосон хууль баталж, Калифорни муж хятад ажилтнуудыг ажилдаа хойрго, залхуу хэмээн цоллон гадуурхах болов.
1800-аад оноос АНУ-ын засаг захиргаа цагаачдын асуудлыг муж тус бүрийн удирдлагуудад үлдээхээр шийдвэрлэв. Улмаар 1890 онд Ерөнхийлөгч Бенжамин Харрисон Нью-Йорк мужийн Эллис арал дээр цагаачдын асуудал хариуцсан газар байгуулсан нь 1892-1954 оны хооронд нийт 12 сая гаруй иргэдийг хүлээн авчээ.
Брасеро хөтөлбөр
1880-1920 оны хооронд аж үйлдвэр эрчимтэй хөгжсөн он жилүүд тохиов. Энэ үеэр Европ тивээс 20 сая гаруй хүн цагаачилж иржээ. 1907 онд 1.3 сая цагаач хүлээн авч байсан АНУ Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэнтэй холбоотойгоор цагаач хүлээн авахаа түр хугацаанд зогсоов.
1942 онд АНУ болон Мексик хооронд хэрэгжүүлж эхэлсэн Брасеро хөтөлбөр нь 1942-1964 оны хугацаанд нийт 4.6 сая гаруй иргэнийг АНУ-руу ажлын гэрээгээр нэвтрэх боломжийг олгожээ. Гэвч ажлын аюулгүй байдал бүрэн хангадаггүй, өрөнд орох нь их байсан тул хангалттай хэмжээний хөрөнгийг эх нутаг руугаа татаж чадалгүй байсаар буцах иргэд их байсан бол мөн хууль бусаар АНУ-д үлдэгсэд ч олон байсан гэдэг.
1965 оны цагаачийн тухай хууль
Их хямрал, Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын гадаадад төрсөн иргэдийн тоо 14.2 байснаас 10.3 сая болтол буурчээ. Энэ үеэр АНУ-ын засаг захиргаа Европ, ЗХУ, Кубаас ирэх иргэдэд улс төрийн орогнол үзүүлэх болсон юм.
Түүнчлэн 1965 онд цагаачийн тухай хуулийг баталж, АНУ-ын иргэншилтэй гадаадад төрсөн иргэдийг төрөлх нутгаасаа төрөл төрөгсөд, гэр бүлээ татах спонсор эрхийг үүсгэжээ. Өдгөө АНУ руу Ази болон Латин Америкийн орнуудаас цагаачид ихээр очиж байна.