Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бэр гэж хэлэхэд ч хатуудам миний сайхан охин гээд Яруу найрагч Ц.Хулан нэгэн сайхан дууны үг бичсэн байдаг. Өнөөдөр өөрийн минь охиноос өөрцгүй өчүүхэн жижигхээн охин минь манай бэр болон орж ирээд 10 гаран жил болчихжээ. Нилээн хэдэн жилийн өмнө хүүгийнхээ хуримыг хийж бөөн хөөр, баяр цэнгэл болж байсан сан. Хуримын өдөр уригдан ирсэн унаган багын найз маань "Оги чи, чамайг асар ихээр хайрласан хүнийхээ охиныг яаж яваад олоод бас бэрээ болгосон байна аа" гэдэг байгаа. Энэ үг намайг шоконд оруулж билээ. Алдрай бяцхан арван жилийн сурагч байхад минь үнэнээсээ дурлаж, үхэн хатан хайрлаж байсан үеийн минь хүү сайн найз, сайхан залуу Даваажаргалын минь амин хайртай отгон охин манайд бэр болоод хүрээд ирсэн нь энэ.
Хүү маань хөөрхөн охинтой үерхээд хамтдаа Америк явж удалгүй алс холын оронд бэр минь жирэмсэн болсон. Өдөр болгон биш ч өнжөөд нэг бэрийнхээ биеийг асууна. Дажгүй ээ л гэдэг байсан. Нэг өдөр залгатал их л урам муутай, дуу султай гайгүй ээ л гэж байна. Зүрх базлаад явчихлаа. Ямар юмаа хийгээд хүний охин үрийг тээр хол цөлчхөөд сууж байна аа. Давхар биетэй ядарч гэр орноо санаж байгаа даа гэж бодсоор
- Миний охин монголдоо ирэх юмуу гэж асуув.
- Охин минь жигтэйхэн баяртайгаар тэгье л даа гэж байна шүү.
Тэр өдрөө билетийг нь бичүүлээд аль болох хурдан ирээ л гэсэн. Миний ойр хавийнхан бас охины талынхан америкдаа төрөөч, ядаж л хүүхэд нь америкийн иргэн болно гэцгээж байсныг нуугаад яахав. Хүү ч бас тэндээ байх санаатай. Гэвч дураараа ээж, эрх бяцхан бэр хоёр ингэж хуйвалдаад монголдоо ирцгээсэн.
Удалгүй анхны хөөрхөн ач хүү маань ч төрлөө. ХӨӨРХӨН хацар нь хонхойсон, хүү бэр хоёртой маань хачин адилхан ач хүүтэй боллоо. Ач хүүгээ ой гарантай байхад нь бэр охиныхоо ээж, ах дүүгээс нь албан ёсоор бэр гуйж амьхандаа нижгэр хурим хийлээ. Тэр үед охины аав гэж хүн нас барсан гэж байсан. Аавыг нь хэн бэ, хаана байсан, юу хийдэг байсан, яагаад өнгөрсөн тухай ч асууж лавлаагүй ээ. За ингээд хурим гэж хирэндээ бэлдэж, гүйсээр байгаад хуримтай золгов. Энэ өдөр энд тэндийн ах дүү нар, үе тэнгийн найз нөхөд, өвгөд, хөгшид хамаатан садан гээд бужигнаж инээд хөөр болцгоож билээ. Яг энэ үеэр ангийн охины хэлсэн үг бүх кадраа эргүүлж бодоход хүргэсэн дээ.
Даваажаргал гэх нүдээрээ инээсэн, алиа хошин, онц сурлагатан тэгсэн мөртлөө номын биш, юу ч хийхгүй маазарч суугаад л, бүх л олимпиад уралдаан, тэмцээнд номер нэг хүү байсан сан. Би 7-р ангиа төгсөөд Улаанбаатарт энэ хүүгийн ангид шилжиж ирсэн. Энэ цагаас тэр миний ард байнга сууж, тоог минь бодож, шугам зургийг минь зурж, намайг учиргүй инээлгэж бас уурлуулж, аргадаж, чихэр өгч байсан.
Ямар сайндаа боксчин Бандь гуайн эхнэр Цэцэгдэлгэр гээд нээх гоё тооны багш байж билээ. Би Даваажаргалаас тоо хуулаад ангиар нэг хуулуулдаг байсан. Цэцэгдэлгэр багш өндөр өсгийт гутлаа тог тог дуугарган хойш, урагш алхах нь тоонд муу надад айж сүрдмээр... Нэг удаа Цэцэгдэлгэр багш Даваажаргал гуай та хайртай бүсгүйдээ тоогоо хуулуулахдаа олигтойхон бичээд зөв хуулуул мэд үү гэж байж билээ. Би өөрөө бодоогүй болсон болоогүй хальт мулт хуулахдаа зайлуул зарим цифр, тэмдэгтээ буруу хуулаад ангиар нэг өөртэйгөө адил хүмүүсдээ тараадаг байж. Нүүрний арьс хуурах шахсан, ээ бүү үзэгд гэж... Энэ өдрөөс авхуулаад Даваажаргал давхар миний дэвтэрт яг надтай адил бичихийг мөн ч их хичээж олон ч удаа түүгээр контролийн ажлаа бодуулдаг байсан. 10-р ангийн улсын шалгалтын цаасыг авч эхлээд минийхийг бодож өгөөд би онц авч байсан. Тэр маань чимээгүй хайрлаж, жинхэнээсээ дурлаж байсныг хожим л ойлгосон. Би худлаа уурлаж мөн ч их том чихэр авахуулж аргадуулдаг байж.
9-р ангийн намар САА явж төмс хурааж билээ. Нэг удаа муйхар, мангардуу би өдрийн нормоо хийхээр өөрөөсөө том шуудайтай төмс үүрсээр зоорь луу ороход араас гүйж ирэн өргөлцөж, чи багаар зөө, нуруу чинь бөгтөр болно гэж байж билээ. Намайг шоолно. Эрхэнцэг, эрх шар гээд... би уйлаад л... Бас нөгөөхөө шар муур гэж шоолно. Үргэлж хошин зүйл ярьж үхтэл инээлгэдэг байсаан. Сурагч насны гэнэн томоогүй, гэгээлэг, тунгалаг хайраар тэр намайг зөндөө хайрласан. Гэвч би тэр хүнийг намайг хамгаалаад, хайрлаад л үргэлж хамт байх шиг санаж байжээ. Би үерхэх дургүй гэдэг байж. Зүгээр л бүх хөвгүүд араас гүйх ёстой би хөөрхөн гэж боддог байсан ч юмуу мэдэхгүй...
10 төгсөөд тал тал тийшээ таран одсон. Хааяа даа тэр тэнд сурдаг гэнэ, тэр маань хүнтэй сууж, тэр охин хүүхэд гаргаж гэж л сураг чимээгээр явж байлаа. Даваажаргал номер нэг учраас Германд ч гэлүү сургуульд явсан гэж л байсан. Сүүлд ангийн багш маань Даваажаргал их сайн хүү шүү чи яагаад тоогоогүй юм гэж байсныг санадаг...
Хожим хүү маань бэртэй танилцахын өмнөхөн аав нь нас барсан гэж хэлж байсан. Тэр маань дүрэлзэн асаад унтарсан байсаан. Хоёр сайхан охинтой, сайн ханьтай сайхан гэр бүл байж. Миний бэр аавынхаа нуруун дээр өсөж, алган дээр нь бөмбөрсөн охин байжээ. Миний хүү тэр хөөрхөн охиныг олж хараад үерхээд ээждээ бэр болгоод аваад ирсэн байсан. Одоо хүү, бэр хоёр минь ХҮҮ, ОХИН хоёртой. Бэр, хүү хоёр маань ёстой л заяаны хань гэдэг шиг нөхцөлгүй адилхан. Хүү маань хөгжилтэй, хамгийн гол нь бэр маань хүүгийн яриаг анхааралтай сонсож инээдтэй үед элгээ хөштөл инээнэ. Нэг гоё үг байдаг даа. Намайг инээлгэдэг хүнтэй л сууна гэж. Тиймээ хоёр хүүхэд маань үнэнгээсээ инээлдэж чаддаг. Бурхан гэж байдаг. Тэр бурхан бидний зүрх сэтгэлд байж хайраа түгээж оршдог гэж би боддог. Тэр маань охиноо над руу явуулсан бизээ. Ач хүү маань тэр хүний сүнс гэдэгт би бас итгэдэг. Эмээ нь хүү дээ ЭРХЭМ гэж нэр хайрласан. Эрхэм хүү маань хачин smart boy.
Амьдралаа гэж хайрлавал хачин гоё шүү.