Ирланд хөвгүүн – жүжигчин Рис Томпсон (Reece Thompson)
Ээж болон эгчийнхээ хамтаар 3-р зэрэглэлийн бүхээгт явж байсан 5 настай Ирланд хүүгийн дүрийг жүжигчин Рис Томпсон бүтээж байжээ. Мөсөн уултай мөргөлдсөний дараа 3-р зэрэглэлийн бүхээгийн бүх хүмүүс амьд гарахын тулд дээш зугтсан боловч зарим хаалга нь хаалттай байсан учир ус бүхээгт ихээр орж ирснээс болж хүү, эгч, ээжийнхээ хамтаар усанд автаж амь насаа алддаг.
Бяцхан Рисын хувьд жүжигчний карьер санаандгүй байдлаар эхэлсэн. Тэр авьяаслаг хүмүүсийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд түүнд шатахууны сурталчилгаанд тоглох эсвэл томоохон кинонд туслах дүр бүтээх санал ирсэн байна. Түүний хувьд “Титаник” кинонд тоглох санал их таалагдаж, ээж нь ч энэ санааг дэмжсэн аж. Уг кинонд дүр бүтээснээр бяцхан жүжигчин 30 мянган долларын цалин авчээ.
“Титаник” киноны 5 настай хүүгийн дүрийг Рис Томпсон бүтээжээ.
Хэдийгээр гол дүрийн жүжигчид 2 сая долларын цалин авч байсан ч 5 настай хүүгийн хувьд 30 мянган доллар гэдэг асар их мөнгө байсан юм. Кино дэлгэцийн уран бүтээл болсон цагаас эхлэн Рис киноны ашгаас одоог хүртэл тодорхой хувийг хүртэж байгаа аж. Харин одоо Рис Юта мужид байрлах “Brian Head Resort” компанийн дижитал маркетингийн хэлтсийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэнэ.
Томпсон одоог хүртэл “Титаник” киноны орлогоос ашиг хүртдэг.
Зорчигч Маргарет Браун- жүжигчин Кэти Бэйтс (Kathleen Doyle-Bates)
Баян хатагтай Маргарет Брауны дүрийг америкийн жүжигчин Кэти Бэйтс бүтээжээ. Кинонд түүнийг Мооли хэмээн нэрлэдэг. Тэрээр “Титаник”-ийн ослоос амьд гарч чадсан азтай хүмүүсийн нэг бөгөөд бодит явдал дээр ч Маргарет гэх бүсгүй байсан юм. Тухайн үед Маргарет Брауны ач өвдөж тэрээр яаралтай Нью-Йорк руу буцах шаардлагатай болжээ. Энэ нь түүнийг аймшигт осолд өртөхөөс аварсан бололтой. Тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч байсан бөгөөд Титаник онгоц живсний дараа тэр ослоос амьд үлдэгсдэд туслахад зориулсан тусгай сан хүртэл байгуулсан аж. Кэти Бэйтс энэ дүрийг гайхалтай бүтээсэн гэхэд болно.
Кэйтийн хувьд кино жүжигчний карьер 40 орчим насанд нь эхэлсэн бөгөөд түүнийг нас болон жин нэмж эхлэх үед кино найруулагчид дүр санал болгох болжээ. Тэрээр хамгийн анх 1991 онд “Misery” кинонд туслах дүрийг бүтээж, 1998 онд “Титаник” киноны туслах дүрийг амжилттай бүтээсэн байна. Хэдийгээр бүсгүй нэлээд хожим жүжигчний карьераа эхлүүлсэн ч олон тооны дүр бүтээж, их хэмжээний шагналын эзэн болсон.
Жүжигчин Кэти Бэйтс баян хатагтай Маргарет Брауны дүрийг гайхалтай бүтээсэн.
2003 он Кэйтигийн хувьд хүндхэн жил болсон байна. Эмч нар түүнийг хөхний болон өндгөвчний хорт хавдартай хэмээн оношилж, Кэйт хагалгаанд орох болжээ. Амьд гарах магадлал тун бага байсан ч бүсгүй энэ бүхнийг даван туулж чадсан аж. Нэгэн ярилцлагын үеэр Кэйт өөрийгөө “азтай” хэмээн дурдсан байна. Хүнд өвчин түүнд дэлхийг өөрөөр харах боломжийг олгож, ертөнц түүнд дахин аз жаргалтай амьдралыг бэлэглэжээ.
Өвчнөө ялан дийлсний дараа Кэйт бусдад тусалж эхэлжээ.
Офицер Лоу – жүжигчин Йоан Гриффит (Ioan Gruffudd)
Офицер Лоу нь хөлөг онгоцны ахмадын адилаар бодит хүн байсан юм. Тэрээр “Титаник” хөлөг онгоцны 5 дахь офицер байсан бөгөөд хөлөг онгоцыг мөсөн уултай мөргөлдөх үед тэр ээлжээ хүлээлгэн өгч өрөөндөө амарч байсан аж. Осол болох үед түүнийг сэрээж офицер залуу тэр даруй болсон үйл явдлыг ойлгож, арга хэмжээ авч эхэлсэн байна. Лоу офицер зорчигчдыг суулгасан аврах завийг буулгах үйл ажиллагааг зохион байгуулж, өөрөө ч амьд гарч чадсан. Зорчигчдыг дахин хуваарилж, нэг аврах завийг суллаж чадсан ч усанд унасан зорчигчдоос 4 хүнийг л аварсан байна.
Лоу офицерын дүрийг бүтээсэн Йоан кельтийн иргэн байсан бөгөөд Их Британид төрж өссөн аж. Хэдийгээр Гриффит гол дүрийг бүтээгээгүй ч тэр үзэгчид, найруулагчдын анхааралд ихээр өртөж “Титаник” кино дэлгэцийн бүтээл болсны дараа төрөлх нутагтаа алдартай болжээ. Ингээд тэр “Hornblower: The Even Chance”, “102 Dalmatians”, “Fantastic Four”, “Harrow”, “The Double”, “Forever” гэх мэт маш олон кинонд тоглосон байна.
Жүжигчний карьерт амжилт гаргаад зогсохгүй тэрээр жүжигчин Элис Эванстай гэрлэж, хоёр хүүхдээ өсгөж байгаа гэнэ.
Офицер Лоугийн дүрийг жүжигчин Йоан Гриффит бүтээсэн.
Ахмад Смит – жүжигчин Бернард Хилл (Bernard Hill)
“Титаник” хөлөг онгоцны ахмад нь Эдвард Жон Смит байсан бөгөөд түүнийг британийн жүжигчин Бернард Хилл дэлгэцийн уран бүтээлд амилуулжээ. Ахмад Смит бол 40 орчим жилийг хөлөг онгоц жолоодоход зарцуулсан туршлагатай хүн байсан боловч Титаник хөлөг онгоцыг жолоодож яваад осолд хүргэсэн нь одоог хүртэл хачирхалтай санагдана. Зарим хүмүүс түүнийг хэт согтуу байсан эсвэл санаатайгаар хөлөг онгоцыг мөсөн уултай мөргөлдүүлсэн хэмээн таамаглаж байгаа аж. Гэхдээ энэ бол баталгаагүй таамаг төдий л зүйл юм. Ахмад Смит хөлөг онгоцоо живж байхад онгоцноосоо зугтаагаагүй бөгөөд бусад зорчигчдын хамтаар харамсалтайгаар амь насаа алдсан.
Титаник хөлөг онгоцны ахмад Эдвард Жоны дүрд жүжигчин Бернард Хилл тоглосон байна.
Жеймс Кэмерон “Титаник” кинонд тоглох жүжигчдийг амжилттайгаар сонгож чадсан бөгөөд уг кинонд тоглосныхоо дараа Хилл гадаад дүр төрхийнхөө онцлогоос хамаарч ихэнхдээ фэнтези төрлийн кинонд дүр бүтээх болжээ. Үүнд: “The Lord of the Rings”, “The Scorpion King” зэрэг багтана. “Титаник” кинонд ахмад Смитийн дүрийг бүтээснээр тэр 310 мянган долларыг цалин авчээ. Мөн кино зураг авалтын үеэр тэр жүжигчин Кэти Бэйтстэй хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан ч эцэст нь гэр бүлээ сонгож эхнэр Марианна болон хүү Габриелийнхаа хамтаар амьдарч байгаа аж.
“Титаник” кинонд тоглосны дараа жүжигчин Хилл “The Lord of the Rings”, “The Scorpion King” зэрэг кинонд тоглосон
Роуз Букатерын ач – жүжигчин Сьюзи Эмис (Suzy Amis)
“Титаник” киноны гол дүр болох Роуз өөрийн хайртай залуу Жек Доусоны ачаар аймшигт ослоос амьд гарч чадсан байдаг. Хайртай залуу нь хөлдсөн ч бүсгүй амьд үлдэж аз жаргалтай амьдралыг зохиож чадсан юм. Харин Лиззи буюу Элизабет Калверт нь Роузын ач охин аж. Роуз нэгэн удаа ачдаа өөрийн амьдралын гунигтай бас аз жаргалтай мөчүүдийг ярьж өгснөөр кино эхэлдэг. Лиззи нь Роузын экс сүйт залуу Каледон Хоклигийн сейфийг олсон хүмүүстэй уулзахад хамт явсан аж. Учир нь Роуз зөвхөн тэргэнцэртэй л явж чаддаг байсан юм.
Роузын ачийн дүрд фотомодель Сьюзи Эмис тогложээ.
Ахмад Эдвард Жон Смит болон офицер Гарольд Годфри Лоу нар бодит хүмүүс байсан бол Роуз Букатер болон түүний ач Лизи нар найруулагчийн гаргасан санааны хүмүүс байсан юм. Ач охины дүрийг фотомодель Сьюзи бүтээсэн бөгөөд тэрээр томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй найруулагчтай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тэдний харилцаа гэрлэлт болж үргэлжилж, хосууд 3 хүүхэдтэй болсон аж.
Сьюзи болон Титаникийн найруулагч нарын хооронд хайр сэтгэлийн холбоо үүсжээ.