Хар тахал эхэлсэн нь
Булчирхайн тахал тээсэн хөлөг онгоцнууд Мессина боомтод ирэхээс өмнө европчууд үхэл дагуулсан тахлын талаар мэдээг авсан байсан аж. 1340-өөд оны эхээр Хятад, Энэтхэг, Перс, Сири, Египет зэрэг дорнын орнуудаар аймшигт халдварт өвчин дэгдэж байгаа тухай мэдээ хэдийн тарсан гэдэг.
Хар тахал одоогоос 2000 гаруй жилийн өмнө анх бүртгэгдсэн гэж үздэг ч 5000 жилийн тэртээ Европ тивд тархаж байсан гэж үзэх таамаглал ч бий. Хожим 14-р зуунд эл тахал Европ тивд ахин тархаж олон сая хүний аминд хүрчээ.
Хар тахлын шинж тэмдэгүүд
Италийн найрагч Жиованни Боккаччио булчирхайн тахлын талаар “Эхэндээ дотор муухайрч, цавь болон суга орчимд өвдөж, өндөг шиг зарим тохиолдолд алим шиг хэмжээтэй шархлаа үүсэж бугладаг” хэмээн бичиж байжээ. Ийнхүү бугласан шархлаа задрах үед цус, идээ бээр урсан гарч, эмчилгээ хийгдээгүй тохиолдолд тунгалгийн булчирхайгаар дамжин цус, уушгинд нэвтэрснээр халуурч, бөөлжиж, бүх биеэр аймшигтай өвдөлт мэдрэгдэж үхэлд хүргэдэг байсан аж.
Хар үхэл тахал хэрхэн тархсан бэ?
“Хүрэх төдийд л халдаж, орой цоо эрүүл байсан нэгэн маргааш өглөө ахин сэрдэггүй байсан” хэмээн найрагч Жиованни Боккаччио тэмдэглэн үлдээснээс ажиглавал булчирхайн тахал асар хурдан тархаж байсныг харах боломжтой.
Өдгөө судлаачид хар үхэл тахал нь "Yersinia pestis" хэмээх нянгаар үүсгэгддэг нь тогтоогдсон бөгөөд халдвартай харх, нохой бөөсөнд хазуулах болон амьсгалын замаар халдварладаг. Харх, нохой бөөс нь тухайн цаг үед Европ тивд нэн түгээмэл байсан нь тахал маш хурдтай тархахад нөлөөлжээ. Ийнхүү Италийн Мессина боомтоос Францын Марсель болон Хойд Африкийн Тунисд хүрсэн өвчин нэг жилийн дотор Парис, Бордо, Лион, Лондон зэрэг тухайн цагийн томоохон хотуудад тархсан гэдэг. Хамгийн гол нь тухайн цаг үед хар тахлыг эмчлэх ямар ч арга байгаагүйн дээр хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ч ойлголтгүй байсан нь олон сая хүний аминд хүрэх гол хүчин зүйлсийн нэг болсон юм.
Булчирхайн тахлыг хэрхэн эмчлэх вэ?
Тухайн цаг үед мэргэд хар тахлыг хавдрыг хагалж, цус болон идээ бээрийг гаргах замаар эмчилнэ гэж үзэж байсан бол цуу, сарнайн навчтай усанд орох, үнэрт ургамлуудыг шатааж утах зэрэг мухар сүсэг бүхий эмчилгээг ч хийдэг байжээ.
Улмаар арга барагдсан иргэд хотоос хөдөө рүү нүүж эхэлсэн ч үхэр, хонь, ямаа, гахай, тахианд булчирхайн тахал халдварласан тул хөдөө явсан ч өвчнөөс зугтах боломжгүй болсон байв. Түүнчлэн тухайн цаг үед хар тахлын улмаас маш их хэмжээний хонин сүрэг үрэгдсэн нь ноос ноолуурын хомсдол үүсгэж байсан удаатай.
Шинжлэх ухаан хөгжөөгүй харанхуй үед тахал өвчнийг биологийн өвчин бус бурхны шийтгэл хэмээн хүлээн авах хүмүүс цөөнгүй байсныг дурдах хэрэгтэй. Ингэхдээ тэд шунал тачаал ихтэй, тэрс үзэлтэй, бурхныг үл тоосон хүмүүс өвчин тусаж амиа алдаж байгаа гэдэгт итгэж байсан гэдэг. Иймээс тэд хар тахлаас амьд үлдэх цор ганц гарц бол бурхны ивээлд орох явдал хэмээн үзэж байжээ.
Хар тахал дууссан нь
Хар тахлын тархалт буурсан ч бүрэн дарагдаагүй тул Европ тивд газардаж буй далайчдыг тусгаарлаж, өвчингүй гэдгийг нь баталж байж эх газарт хөл тавих эрх олгох болсон нь дахин өвчин нийтийг хамрах эрсдэлийг бууруулжээ. Эхэн үедээ далайчид трентино буюу 30 хоногийн тусгаарлалтад байдаг байсан бол хожим куарантин буюу 40 хоногийн хязгаарлалт тогтоох болсон нь өнөөгийн бидний мэдэх “карантин” гэх үгний үүсэл болсон түүхтэй.
Ийнхүү 1350-аад онд эрчээ авсан хар тахал өнөөг хүртэл хүн төрөлхтний дунд оршин буйг ДЭМБ баталсан бөгөөд жил 1000-3000 хүн өвчилдөг гэх судалгааг ил болгожээ.