Олон ч хүний хувьд энэ асуултад хариулахад тун хүндрэлтэй байгаа биз. Учир нь бид ухаалаг утсаараа цахим сүлжээнд орж, бусадтай харилцаж, тоглож, дүрс бичлэг болон дуут мэдээлэл дамжуулах, маш олон аргачлал, аппликэйшн зэргийн тусламжтайгаар мэдээлэл солилцсоор хэдэн цаг өнгөрснийг ч анзаараагүй байх нь элбэг.
Ихэнх тохиолдолд энэ бүхэн өөрийн мэдэлгүй албадлагын шинжтэй болсон байдаг. Одоо цаг үед ариун цэврийн өрөөнд орохдоо утасгүй л бол цаг өнгөрөхгүй байгаа мэт санагддаг уу? Энэ л мэдрэмж биднийг үргэлж гар утсаа ашиглахад хүргэдэг бөгөөд энэ бүхэн тархинд ялгарах "допамин" гэх бодисоос болдог юм.
"Допамин" нь хүний биед ялгардаг бодис бөгөөд мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд бидний тааламжтай мэдрэмжид үндэслэж допамин ялгардаг бөгөөд бидэнд төвлөрөх болон өөрт сонирхолтой зүйлсийг нээж олоход тус нэмэр болж байдаг. Энэ нь бидний суралцах чадвар, сэтгэц, мэдрэлийн өдөөлт, анхаарал болон бусад чанаруудад нөлөөлдөг. Энэ л чадвар нь биднийг гар утсанд донтоход хүргэдэг.
Дижитал эринд технологийн дэвшлийн ачаар бид асар их мэдээллийг олон их сурвалжаас маш сонирхолтой, өөрт таалагдах байдлаар тогтмол авах боломжтой болсон. Үүнийгээ ч бид тогтмол ашиглаж байгаа бөгөөд тэргүүн жишээ нь өнөөх л бидэнд ойр байрлах гар утсаар, цаг тутамд өөрт хэрэгтэй эсвэл сонирхолтой мэдээллийг шалгаж байдаг.
Энэ нь бидний биед их хэмжээний допамин ялгаруулж байдаг бөгөөд үүнийг цаг тутам давтаж хийх нь биднийг цаашид допаминий нөлөөнд оруулж орхидог. Тиймээс эцэстээ гар утсаа ашиглаж, мэдээлэл авч, допамин ялгаруулж байх нь албадлагын хэлбэртэй болж орхидог тул та ариун цэврийн өрөөнд гар утасгүй орсон үедээ яг л мансуурагч шиг гар утсаа хүсэмжилж, эрж хайж эхэлнэ гэсэн үг. Энэ нь хар тамхитай ижлээр биднийг донтуулж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг танд хэлж өгье.
Өөрийн хэрэглээг хянаж, өөрийн жолоодлогыг гартаа авах эхний алхам нь гар утсанд суулгасан бүх төрлийн аппликэйшний мэдээллийн цонхыг хаах хэрэгтэй. Шинэ мэдээ нэмэгдэх, найзын хүсэлт ирэх, зурвас илгээх зэрэгт ирдэг цаг тутмын шуурхай мэдээллийн цонхыг хааснаар та илүү тайван болж, цаг тутам допамин ялгаруулах эрсдэлээс бага ч гэсэн сэргийлэх боломжтой болно. Гэхдээ зөвхөн дууг нь хаагаад зогсохгүй мэдээллийн цонхыг бүрэн унтрааснаар та илүү тайван болох болно.
Мэдээллийн цонх тогтмол ирж байх нь танд сатаарах шалтаг болж өгдөг бөгөөд бүр цаашилбал гар утсанд ирэх мэдээллийг тогтмол шалгах, мэдээлэл ирж буй чичиргээ эсвэл дууг нь удаа дараа сонсох нь сэтгэл зовуурьтай байдал үүсгэж, стресст оруулах ч нөлөөтэй. Мөн таныг нэг зүйлд удаан төвлөрөх чадамжийг үгүй хийдэг сул талтай.
Магадгүй та өөрийгөө “multitasking” буюу олон ажлыг нэгэн зэрэг амжуулах чадвартай, ажилдаа төвлөрөхийн хажуугаар мэдээллээ ч шалгаад явж чаддаг гэж бодож байж болох юм. ТИЙМ. ЗҮЙЛ. БАЙДАГГҮЙ. Судлаачид хоёр ажлыг нэгэн зэрэг амжуулахыг оролдох нь тус тусад нь цагийн дарааллаар хийснээс илүү их цаг авдаг болохыг тогтоосон. Түүнчлэн танаас илүү их энерги зарцуулж, тархийг илүү их ядраадаг байна. Ингэснээр стресс үүсгэж, алдаа гаргахад түлхэц болдог. Тийм ч учраас та олон ажил зэрэг амжуулах, ажлын хажуугаар утсаа шалгах гэсний хэрэггүй юм. Энэ нь зүгээр л цагийг дэмий үрсэн хэрэг болно.
Тийм ч учраас олон сэтгэл зүйчид, мэргэжилтнүүд допамины албадлагад орохоос сэргийлж ядаж ажлын цагаар зайлшгүй хэрэг бус тохиолдолд гар утсаа унтраах эсвэл мэдээлэл ирэхийг болиулах арга хэмжээ авахыг зөвлөдөг. Гэхдээ аль сонголтыг хийх эрх нь таны гарт.