Хоол хийх бүтээгдэхүүнээ урьдчилж бэлдэх
Нэгдүгээрт, худалдаж авах зүйлээ төлөвлөж, төлөвлөгөөтэй дэлгүүр явах нь цаг хугацаанд асар их хэмнэлттэй. Энэ тохиолдолд та ажлаа тараад тогтмол дэлгүүр орох шаардлагагүй болно.
Хоёрдугаарт, дэлгүүр явахдаа өлсгөлөн явах хэрэггүй. Яг энэ үед л та илчлэг ихтэй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай хүнсийг авах нь элбэг. Эрүүл зөв хооллоход заавал үнэтэй бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Зуны улиралд л гэхэд жимс жимсгэнэ хямд үнэтэй байдаг шүү дээ. Үүнээс гадна мах заавал авах хэрэгтэй. Мөн үр тариа, шошийг урьдчилан авч бэлдээрэй. Эдгээр бүтээгдэхүүн эслэг өндөртэй байдаг учир удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлэх болно. Зарим тохиолдолд хатаасан жимс, самар ч танд тусална.
Хоол хийхдээ нэг өдрийг зарцуул
Та хэчнээн завгүй байсан ч долоо хоногийн нэг өдрийг хоол хийхэд зарцуулаарай. Жишээлбэл амралтын өдөр эсвэл завтай нэг орой. Ингээд өөртөө зориулж төрөл бүрийн будаа агшааж тавь. Будааг хөргөгчид багагүй хугацаанд хадгалах боломжтой. Эсвэл гурвалжин будааг халуун усанд дэвтээж тавихад л хангалттай. Харин үндсэн хоолондоо тахианы махыг төрөл бүрээр нь бэлдэж болно. Бэлэн болсон тахиаг хөргөгчид 4 хоног хадгалж болох давуу талтай. Брокколи, өнгөт байцаа гэх мэт хүнсний ногоо нь амархан болдгоос гадна мөн л хөргөгчинд хэд хоногийн турш хадгалахад асуудалгүй.
Өөрийн гараар хагас боловсруулсан бүтээгдэхүүн хий
Мэдээж дэлгүүрээс бэлэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авч болох хэдий ч эрүүл зөв хооллохыг хүсэж байвал өөрийн гараар хийсэн нь хамгийн тохиромжтой. Ингээд өөрийн гараар хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийхийн тулд сард нэг өдрийг зөвхөн энэ ажилд зориулаарай. Бэлэн хоол болон түүнийг бэлтгэхэд шаардагдах орцыг ч хөлдөөх боломжтой. Хамгийн их тархмал хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь мах болон будааны төрөл байдаг. Жишээлбэл будаатай хуурга, гурвалжин будаатай тахианы мах, тефтель, котлет гэх мэт. Пицца, төрөл бүрийн амттан, төмсний хучмал, шарвин гээд ер нь бүхий л зүйлийг хөлдөөж болно. Мөн яаралтай тохиолдолд хэрэглэх шөлийг ч хөлдөөж болно шүү дээ. Амт чанарыг нь алдагдуулахгүйн тулд хөлдөөсөн бүтээгдэхүүнээ удаан гэсгээх хэрэгтэй. Эхлээд хөргөгчийн сэрүүн хэсэгт байрлуулж, харин гэссэнийхэн дараа плитка болон богино долгионы шарах шүүгээнд хийж халаах боломжтой.
Анхаарах зүйл: Аливаа хөлдөөсөн бүтээгдэхүүнээ 18-аас доош градуст гэсгээх шаардлагатай. Хөлдөөсний дараа 2 сарын дотор хэрэглэх боломжтой.
Бэлэн хоол захиал
Хэрвээ та үнэхээр завгүй эсвэл чөлөөт цагаа өөр ямар нэгэн зүйлд зарцуулахыг хүсэж байвал энэ аргыг ашиглаж болно. Ялангуяа бүх бэлдсэн бүтээгдэхүүн чинь дууссан тохиолдолд заримдаа бэлэн хоол захиалахад гэмгүй. Гэхдээ бэлэн хоол захиалж байна гээд хаа хамаагүй газраас захиалахгүй бөгөөд эрүүл хоолыг сонгох нь зүйтэй. Сүүлийн үед Монгол улсад эрүүл хооллолтыг дэмжиж буй хүргэлтийн газрууд элбэг болсон. Тиймээс та өөрийн сонирхолд нийцэхүйц хоолыг сонгож захиалж болно.
Эрүүл зуушийг дэргэдээ байлга
Энэ нь таныг хэт өлсөх, эрүүл бус, илчлэг ихтэй зүйл идэхээс сэргийлнэ. Гар доороо жимс эсвэл шууд боловсруулахгүй идэж болох хүнсний ногоог байлгах нь илүү тохиромжтой. Жишээлбэл Лууван болон алимыг хэрчээд авч явж болно шүү дээ. Мөн шинэ ногооны салат байсан ч болно. Шинэ ногооны салат нь амин хүчил ихтэй байдаг учир таны дархлааг сэргээж, бүтэн өдрийн турш сэргэг байхад тусална. Үүнээс гадна хатаасан жимс, самар авч тавихад асуудалгүй.