1
Америко Лопес - 38.5 сая ам.доллар
2009 он хүртэлх хугацаанд Америко Лопес Нью Жерси хотод барилгын компанид ажилладаг байжээ. Нэг өдөр хамтран ажиллагсдынхаа хамт мөнгө цуглуулан "Mega Millions" гэх үндэсний сугалааны тасалбаруудыг худалдан авсан байна. Дундаасаа авсан тасалбарууд дотор 38.5 сая ам.долларын хонжвортой тасалбар байв.
Лопес бусдаасаа үүнийг таг нуухаар шийдэн, хөлний мэс засал хийлгэх шаардлагатай боллоо хэмээн худал хэлж, ажлаасаа гарчээ. Шуналдаа хөтлөгдсөн Лопес хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны тэтгэмжийг ч улсаас авав. Даравч дардайна гэгчээр түүний хожлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих үед хамтран ажиллагсад нь түүний булхайг мэдээд шүүхэд өгчээ. Үүнээс болоод тэрээр 5 жилийг шоронд өнгөрөөсөн байна.
2
Нэр нь тодорхойгүй - 750 мянган ам.доллар
2013 онд Канзас мужийн сугалаагаар нэр нь үл мэдэгдэх ах дүү хоёр 750 мянган ам.доллар хожжээ. Тэд хожлоо тэмдэглэх болж гэртээ марихуан болон кристал мет зэрэг хар тамхи, мансууруулах бодисоор элбэг дэлбэг үдэшлэг зохиосон аж. Үдэшлэгийн үеэр ах дүү хоёрын нэг нь гал тогоондоо орон мансууруулах бодисоо татахад ашигладаг хийгээр ажилладаг асаагуурыг цэнэглэхээр оржээ. Гэвч плитканы галтай хэт ойртсоноос болж байшин нь дэлбэрсэн байна. Цагдаа нар болон гал сөнөөгчдийг ирэх үед байшингийн ихэнх эд хогшил сүйдсэн байсан ч ямар нэг гэмтэл аваагүй бөгөөд их хэмжээний мансууруулах бодис олдсоноор ах дүү хоёр хоёулаа шоронд орсон юм.
3
Рожер ба Лара Гриффит - 2.8 сая ам.доллар
Их Британид сугалаагаар 2.8 сая ам.долларын хонжвор хожсон Рожер болон Лара Гриффит нар 8 жилийн дараа гэр бүлээ цуцлах үед дансандаа ердөө 10 ам.доллартой үлдсэн байв. Тэд бусад шиг мөнгөө тэр дор нь үрэн таран хийхийн оронд бизнест хөрөнгө оруулж, мөнгөө үржүүлэхийг хичээсэн байна. Рожерын хувьд 39 мянган ам.долларыг өөрийн цомгоо гаргахад зарцуулсан ч тэр нь ердөө 600 ширхэг зарагдав. Лара 156 мянган ам.доллароор салон нээсэн ч амжилт олоогүй ба түүнийгээ зарах үед 109 мянган ам.долларын алдагдал хүлээсэн аж. Мөн хуучин байшингууд худалдан авч, засварлан зарах бизнес эхлүүлсэн ч зарахаас нь өмнө нэг байшин шатаж, бусад нь эдийн засгийн хямралаас болж авсан үнэдээ ч хүрээгүй байна.
4
Хосе Антонио Куо Ток - 750 мянган ам.доллар
Жоржиа мужид Хосе Антонио Куо Ток гэгч хүн 2010 онд сугалаагаар 750 мянган ам.доллар хожив. Тэр үнэхээр баярласан ч мөнгөө авахаас эмээж байлаа. Учир нь түүний хууль бус цагаачийн статус нь баригдаж, асуудалд орно гэж боджээ. Ингээд тэр өөрийнхөө дарга Эрик Сервантесыг өмнөөс нь очиж, бэлэн мөнгө болгож өгөөч гэж гуйв. Сервантес хонжворын тасалбарыг өөрийнх нь хэмээн мэдэгдэж, бүх мөнгийг нь өөртөө авчих нь тэр. Куо Ток үүний хариуд Сервантесыг шүүхэд өгсөн байна. Шүүх ажиллагаа удаан үргэлжилж, эцэст нь Куо Ток мөнгөө буцаан авсан ч хууль бус цагаачлалын асуудлаас болж нутаг буцах болсон гэдэг.
5
Эвелин Адамс - 5.4 сая ам.доллар
Дэлхийн хамгийн азтай хүмүүсийн нэг Эвелин Адамс 1980-аад оны үед 4 сарын дотор ХОЁР удаа Нью Жерсигийн сугалаанд хожсон юм. Түүний нийт хонжвор 5.4 сая ам.доллар байлаа. Үлдсэн амьдралаа тансаг амьдрахад хангалттай мөнгөтэй болсон Эвелин мөнгөө үр ашигтай зарцуулахын оронд Атлантик Ситид очин бүх мөнгөөрөө мөрийтэй тоглосон байна. Уг явдлаас хойш олон жилийн дараа ямар ч мөнгөгүй болсон Эвелин автомашины чиргүүлд амьдарч байгаа гэсэн мэдээлэл байдаг.
6
Эндрю Уиттакер - 314 сая ам.доллар
314 сая ам.доллар гартаа барьсан Техас мужийн эр Уиттакер өөрийгөө бурхнаас илгээгдсэн хүмүүн хэмээн итгэсэн байв. Тиймээс тэрээр буяны ажилд маш их мөнгө хандивлаж, хэд хэдэн сүм бариулжээ. Харамсалтай нь энэ их мөнгө хайртай зээ охин Брэндиг нь эвдэж орхисон юм. Ердөө 15 настай Брэнди хар тамхи хэрэглэн, болж бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөж, дараа нь хулгайлагдан, сураггүй алга болжээ. Удаан хугацааны турш эрэл хайгуул болсны эцэст түүний цогцсыг хоёр жилийн дараа олсон аж. Энэ явдал Уиттакерийн амьдралыг тэр чигээр нь сүйрүүлж, одоо тэрээр эзгүй хөдөө хэнтэй ч уулзахгүй амьдарч байгаа юм байна.
7
Мария Лу Деврелл - 5 сая ам.доллар
Лу Девреллын гэр бүл сугалаанаас 5 сая доллар хожсон байна. Тэд ийм их мөнгөтэй харьцаж үзээгүй тул санхүүгийн зөвлөгч хөлсөлж авсан аж. Гэвч Питер Келли хэмээх тэрхүү санхүүч мөнгийг дураараа үрж, нэг мэдэхэд 1 сая ам.доллар алга болсон байв. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Питер хэргээ нуухын тулд хөөрхий хосыг хөнөөхийн завдсан бөгөөд Мария Лу Девреллыг гэртээ байхад нь хороосон аж. Үүнийхээ төлөө санхүүч эр 20 жилийн ял авсан гэнэ.