1
Чампаватын эмэгчин бар
1900-аад оны эхээр Балба, Энэтхэгийн хилийн орчмоор эм бар нутагласан бөгөөд 8 жилийн хугацаанд 400 гаруй хүний аминд хүрсэн гэж түүхчид үздэг. Чампаватын бар гэгддэг уг аюултай амьтныг Энэтхэг гаралтай Британийн анчин Жим Корбетт устгажээ. Гурван жилийн дараа Корбетт 60 гаруй хүний үхэлд сэжиглэгдсэн хос барыг мөн устгасан юм.
2
Төв нутгийн ирвэс
Ирвэс ч бас арслан бараас дутахааргүй хүний аминд хүрдэг аж. 1900-аад оны эхээр Энэтхэгийн төвийн нутгаар хэдхэн жилийн дотор 150 орчим хүн (бүгд эмэгтэйчүүд, хүүхдүүд) амиа алдсан аж. Үүнд Төв нутгийн хэмээх хоч авсан ирвэс буруутай юмсанж. Түүнийг тусгайлан цуглуулсан мэргэжлийн анчид агнасан гэдэг.
3
Майсорын залхуу баавгай
1957 онд Майсорын гэж нэрлэгддэг залхуу баавгай Энэтхэгийн Бангалор (одоогийн Бенгалуру) орчимд арваад хүний аминд хүрч, түүнээс хоёр дахин их иргэдийг шархдуулж байжээ. Тиймээс энэтхэг гаралтай Британийн анчин Кеннет Андерсон баавгайг олж устгасан юм. Сонирхолтой нь сүүлийн үеийн түүхчид Майсорын залхуу баавгайг дээрх халдлагын талыг нь л үйлдсэн хэмээн үзэх болсон гэнэ.
4
Густав хочит аварга матар
Густав хэмээх матар 1980-аад оноос хойш Бурундигийн Рузизи гол болон Танганика нуурын хойд эрэг орчмын оршин суугчдыг айлгасаар иржээ. Тус араатан 300 гаруй хүний аминд хүрсэн гэж нутгийн хууль сахиулагчид үздэг бөгөөд энэ тухай 2004 онд PBS суваг баримтат кино хүртэл хийсэн аж. 5.5 метрийн урттай энэхүү аварга алуурчин матрыг барих хэд хэдэн томоохон оролдлого хийсэн боловч бүгд бүтэлгүйтсэн гэнэ.
5
Цавогийн хүн идэштнүүд
1898 онд Кени улсын Цаво мөрөн дээгүүр төмөр зам бүхий гүүр барих ажил эхэлсэн юм. Тэгтэл гэнэт 2 эр арслан гарч ирээд барилгын ажилчдыг барьж идэх болжээ. Үнэхээр үзэгдэж харагдалгүй гэнэт гарч ирдэг учраас нутгийн иргэд тэднийг Сүнс ба Харанхуй хэмээн хочилсон байна. Тэрхүү арслангууд нийтдээ 140 гаруй хүний аминд хүрсэн гэх тооцоо бий. Эцэст нь тус араатнуудыг Ирландын инженер Жон Хенри Паттерсон буудаж устгасан аж.
6
Аварга загас
Аварга загасны аюулыг харуулдаг алдарт Jaws кино бодит явдал дээрээс сэдэвлэгдэн бүтээгдсэн гэдгийг та мэдэх үү? 1916 оны 7-р сард АНУ-ын Нью Жерси мужид хэд хэдэн аварга загасны халдлага болж дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн шархаджээ. Тэгээд зогсоогүй сар хүрэхгүй хугацааны дараа өглөөний цагаар далайд сэлж байсан хос, 11 настай Лестер Стилвелл хэмээх хүү мөн амиа алдсан байна. Эцэст нь далайн аврагч Стэнли Фишер гэх залуу сураггүй алга болов. Энэ бүхнээс болоод томоохон шүүмжлэлд өртөн нутгийн удирдлага туршлагатай загасчдыг цуглуулан далайн эрэг хавиар отолт хийлгэсний үр дүнд 2.3 метрийн урттай аварга загасыг барьсан байна.