Цагаан ордны зүгээс олон төрлийн өнгөний сонголттой тэнхимийг хосуудад санал болгодог байж. Бүр “Ногоон, цэнхэр, улаан хүссэн бүх өнгөөр тань зассан өрөө Цагаан ордонд бий” гэх уриа үг ч бий болж байсан агаад өдөрт нэгэн зэрэг хэд хэдэн хуримын ёслолыг ч хүлээн авах боломжийг бүрдүүлсэн байв. Гэвч Цагаан ордонд хуримласан эрхмүүдийн дийлэнх нь тухайн үеийн ерөнхийлөгчдийн төрөл садан, үр хүүхдүүд байсан юм. Харин ерөнхийлөгч өөрөө Цагаан ордонд хуримаа хийсэн явдал тэртээ 1886 онд тохиож байжээ. Улиран сонгогдоогүй боловч хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Гровер Кливленд 1886 оны 6-р сарын 2-ны өдөр Френсис Фольсомтой Цагаан ордонд гэрлэсэн юм.
2019 онд CNN сувгийн хөтлөгч Жек Таппер ерөнхийлөгчийн хуримыг “Хачин хурим” болж байсан хэмээн тодорхойлсон аж. Ерөнхийлөгч Гровер Кливленд тухайн үед өөрөөсөө 27 насаар дүү, хүүхэд байхаас нь ойр дотно байсан бүсгүйтэй гэрлэжээ. Френсис Фольсомыг ердөө 11 настайд нь түүний эцэг нас барж, эцгийнх нь өв хөрөнгийг хуулийн хамтрагч Гровер Кливленд өвлөн авсан байна.
Эл үйл явдлыг тухайн цаг үед ч хүмүүс цочирдон хүлээж авч байсан бөгөөд ерөнхийлөгчийг өөр нэгэн бүсгүйтэй хамт явааг хэвлэлээр олж мэдсэн хүмүүс түүнийг өөртэй нь нас ойролцоо, эхнэрийнхээ эхтэй нэр холбогдсон хэмээн таамаглаж байсан удаатай. Ийнхүү бүх л амьдралынхаа туршид охин шигээ үзэж явсан бүсгүйтэйгээ тэрээр гэрлэсэн юм.
Тэрээр олны анхаарлыг ихээр татсан эл хуримдаа гэр бүлийн гишүүн, ойрын найз, өөрийн кабинетын гишүүдээс бүтсэн 28 хүнийг л урьж байв. Маш цөөн хүнтэй, тэр дундаа уригдсан зочдын тал нь ерөнхийлөгчийн кабинетын гишүүд байсан ч ерөнхийлөгч хуримаа олон зочинтой боллоо хэмээн үзэж байсан гэдэг. Зурагт харагдаж буй ерөнхийлөгчийн кабинетын гишүүдийн хувьд ч шөнөжин наргиж, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлэх сонирхолтой хүмүүс шиг харагдахгүй байгааг та анзаарч байгаа биз ээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордонд хийх хуриманд уригдсан хүн бүрд сайтар бэлдэх цаг зав хэрэгтэй болох нь зүйн хэрэг билээ. Гэвч ерөнхийлөгч хуримын урилгаа товлосон өдрөөс ердөө 5 хоногийн өмнө илгээж байсан гэдэг. Shapell Manuscript санд ерөнхийлөгч Кливленд өөрийн нарийн бичиг Уиллиам Виласт “Нам гүмхэн хурим хийнэ. Таныг болон хатагтай Виласыг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн хоёрхон мөр бүхий гараар бичсэн урилга хадгалагдан үлдсэн байдаг. Үүнээс авч үзвэл ерөнхийлөгч Кливленд өөрөөс олон дүү Френсистэй үүсгэсэн харилцаа нь хүмүүсийн таалалд нийцэхгүй гэдгийг мэдэж байсан гэхэд хилсдэхгүй. Бүр түүний урьсан эрхмүүд дунд ч түүний энэ шийдвэрийг гайхан хүлээж авсан хүн байжээ.
Ерөнхийлөгч хэдий хуримаа даруухан хийхээр төлөвлөсөн боловч ердөө ганц шөнийн дотор бүх л сонингийн тэргүүн нүүрэнд хуримын талаар нийтлэл гарч, сүйт бүсгүйг Френки хэмээн хочилж, түүнийг загварын чиг хандлага тодорхойлогч мэтээр дөвийлгөн бичиж байжээ. Иймдээ ч Европоос Нью-Йорк хотод ирсэн даруйд түүнийг сэтгүүлчид Цагаан ордон хүртэл дагаж, түүний талаар авч болох бүх л мэдээллийг иргэдэд хүргэхээр ажиллаж байв. Хуримын талаар бүх л зүйлсийг судалж байсан бөгөөд хуримын бялууны талаар ч нийтлэл гарч байсан түүхтэй. Гэвч хуримын үйл ажиллагаанд оролцсон цөөн тооны зочид хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж байсан гэдэг. Хуримын маргааш Нью-Йорк Таймс сонин ерөнхийлөгчийн хуримтай холбоотой 5 багана томоохон нийтлэл гарав. Уг нийтлэлд сүйт бүсгүйн хийсэн бүх үйл хөдлөлүүдийг өгүүлсэн байдаг.
Гровер Кливленд болон Френсис Фольсом нарын хурим Цагаан ордны хамгийн чамин, онцгой засалтай гэгдэх Цэнхэр тэнхимд болжээ. Тус тэнхимийг 4 жилийн өмнө нэрт загвар зохион бүтээгч Луйс Комфорт Тиффани шинэчлэн засаж тохижуулан хоёр жилийн өмнө бүх тавилгыг сольсон нь ерөнхийлөгчийн таалалд нийцэж, хуримын ёслолоо хийх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэлцдэг.
Ялангуяа Нью-Йорк Таймс сонин хуримын тэнхим, түүний цэцгэн чимэглэлийг онцлон өгүүлж байсан агаад зочид өөрсдийгөө яг л жижигхэн ширэнгэн ой дунд байгаагаар төсөөлж байсан гэхэд хилсдэхгүй хэмээн бичиж байжээ. Тус тэнхимд цэцгээр “E pluribus unum” буюу латин хэлээр “Олны дундаас онцгой” гэсэн үгийг хосын нэрний эхний үсэгнүүдийн хамтаар бичсэн байжээ.
Хэдийгээр ерөнхийлөгчийн хурим эгэл даруухан явагдсан ч нэрт хөгжмийн найруулагч Жон Филип Соуза Тэнгисийн цэргийн найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байх үетэй давхацсан нь түүний хуримын цөөн хэдэн онцгой үйл явдлуудын нэг болсон. Гэвч тэрбээр ерөнхийлөгчийн хуримаар “Хайрын сурагч” нэртэй хөгжмийг толилуулахаар бэлдсэн байхад олон дүү бүсгүйтэй гэр бүл зохиож байгаагаа олноос нуух бүх арга хэмжээг авч байсан Кливленд хөгжмийн нэрийг “Квартетте” хэмээн нэрлэсэн гэдэг. Үнэхээр ч Гровер Кливленд Френсис Фольсомтой үерхэх зөвшөөрлийг ээжээс нь авах үед дурлалт бүсгүй Уэльс коллежийн оюутан байсан тул “Хайрын сурагч” гэх нэрнээс эрс зайлсхийсэн түүхтэй.
Френсис Фольсом тухайн цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд ерөнхийлөгчийг улс төрийн хувьд буруутгах үедээ ч эрх мэдэлтнүүд “Би түүний гэргийг царайлаг биш гэж бодох хүртлээ түүнд дургүй хүрч байна” хэмээн ярих явдал ч олширч байсан гэдэг.
Цагаан ордны түүхийн хүрээлэнгийн мэдээлж буйгаар сүйт бүсгүй хуримын өдрөө английн нэрт загвар зохион бүтээгч Чарлес Фредерик Уортын бүтээсэн улбар шар өнгийн цэцгийн дэлбээгээр гоёсон даашинз өмссөн нь цэцгээр дүүргэн зассан хуримын тэнхимтэй төгс зохицож, зочид ч түүний үзэсгэлэн гоог биширч байсан аж. Хэвлэл мэдээллийнхэн ч түүнийг яг л загварын од мэтээр бишрэн бичиж, иргэдэд түгээж байжээ.
Френсис Фольсомыг Европоос ирэх зуурт түүний өвөө нас нөгчсөн нь хуримын ёслолыг хойшлуулах шалтгаан болж болох байсан ч ерөнхийлөгч Кливленд хуримаа хойшлуулахыг огтхон ч хүсээгүй гэдэг. Тэрбээр сүйт бүсгүйгээ Европ тивд 8 сарыг өнгөрүүлэх хооронд хуримын ёслолоо гардан төлөвлөжээ. Хуримаа цомхон хийхээр төлөвлөсөн тэрээр ёслол удаан үргэлжлэхгүй тул зочдод сандал тавих ч хэрэггүй гэж үзсэн бөгөөд түүний хуримаар өвчтэй байсан АНУ-ын Эрдэнэсийн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Даниель Маннинд л сандал өгсөн ч тэрээр суугаагүй гэсэн баримт бий.
Ерөнхийлөгч хурим болох өдрийн өглөөний 5 цаг 30 минутад босож, өдөр тутмын ажил хэргээ үргэлжлүүлсээр үдэш нь өөрийн албан өрөөнөөс хуримын тэнхимд шууд ирсэн ч гэдэг. Түүнчлэн удаан хугацаанд хол байсан хос хоёр хуримын ёслолын үеэр нэгэндээ татагдсан үйлдэл нэг ч хийгээгүйн дээр эхнэр нөхөр болсныхоо дараа үнсэлцэн хайраа илэрхийлэх зан үйлээ ч үйлдээгүй хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Хуримын ёслолын дараа зочид Цэнхэр тэнхимээс гарч тодорхой нэр заалгүйгээр бэлтгэсэн хоолны тэнхимд очин грекийн гэрлэлтийн тэнгэр болох Гимений нэрийг цэцэгсээр алаглуулан бичсэн ширээнд нэрийг нь мэдэхгүй ч гайхалтай амттай хоол зоогложээ. Энэ үеэр Их Британийн хатан хаан Викториагаас хос хоёрт аз жаргал хүссэн илгээмж ирсэн байдаг. Ийнхүү цаг орчим хугацаанд үргэлжилсэн зоогийн эцэст шинэхэн хос бал сарын аялалдаа гарч, нийслэлээс 200 милийн зайд орших Мерилендийн уулс дунд орших Deer Park Lodge-ийг зүглэв. Ерөнхийлөгч хуримнаас долоо орчим хоногийн өмнө сүйт бүсгүйдээ бичсэн захидалдаа “Ёслолын дараа цагийг хоёулхнаа өнгөрүүлэх боломжтой газар луу 7 хоног аялал хийхээр бэлдсэн” хэмээн сэтгэл хөдлөнгүй бичсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Гэвч хэвлэлийнхэн хосыг бөглүү хөдөө хүртэл дагаж бал сарыг нь сүйтгэсэн гэх таамаглал ч байдаг аж.