Хамар нь бидний үнэрлэх мэдрэхүйн гол төв, хүчил төрөгч дамжуулах гол суваг билээ. Тэгвэл хос нүхний нэг үнэрлэх, нөгөө нь амьсгалах чадварыг илүү хөгжүүлсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл нэг хамрын нүх нь нөгөөгөөсөө илүү их агаар сорж байхад нөгөө нь илүү бага агаар сордог бөгөөд ингэснээр хүрээлэн буй орчны үнэрийг илүү сайн шингээх боломжтой болдог байна.
Хамрын хоёр нүхэнд өөр өөр сүрчиг үнэртүүлэхэд тухайн хүнд үнэр нь ээлж дараатай мэдрэгддэг аж. Хэрвээ та сүрчиг хамрынхаа нүхний нэг талд бариад нөгөө талд тэс өөр үнэртэй зүйлийг барьж үнэрлэвэл эдгээр үнэрүүдийг хэзээ ч нэгэн зэрэг үнэртэхгүй. Харин ээлж дараагаар мэдрэх болно.
Бид ямар нэг үнэр үнэртэхэд хамраас ирсэн дохио тархины хоёр өөр хэсэгт хүрдэг. Тархины урд хэсэгт очсон дохиоллоор тархи ямар үнэр байгааг ялгана. Хамрын үнэр мэдрэгч хэсгүүд нь орж ирж буй тоосонцрыг шинжлэх байдлаар ажилладаг. Сонирхолтой нь илүү их агаар сордог нүх нь тоосонцрыг хамгийн түрүүнд хүлээн авч мэдэрдэг байна.
Харин зарим тоосонцор үнэр мэдрэгчид шууд мэдэгдэхээргүй жижиг байдаг учраас илүү агаар сордог нүхэнд мэдэгдэлгүй өнгөрдөг. Тиймээс бага агаар сордог нүх тэдгээрийг жижиг тоосонцрыг задалж мэдрэх тал дээр илүү "мэргэшдэг" аж. Сонирхолтой нь хамрын 2 нүх бага агаар, илүү агаар сорох үүргээ сольж чаддаг гэнэ. Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэг судалгаанд оролцсон хүмүүсийн хамар өдөрт хэд хэдэн удаа ингэж үүргээ сольсон байдаг аж.