1929 оны эдийн засгийн "Их хямрал" хэрхэн үүссэн бэ?

1929 оны их хямрал бол орчин үеийн дэлхийн түүхэн дэх хамгийн том, хамгийн удаан үргэлжилсэн хямрал байсан юм. Дэлхий даяар хямрал харилцан адилгүй цаг хугацаанд үргэлжилсэн ч ихэнх улсуудад 1930 оноос 1940-өөд оны дунд үе хүртэл үргэлжилсэн байдаг. Бүхий л судлаачид, түүхчид, эдийн засагчид дуу нэгтэйгээр "Их хямрал"-ыг бүх цаг үеийн түүхэн дэр хамгийн хамгийн том сүйрэл хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл юунаас болж ийм том хямрал үүссэн юм бол?

1929 оны эдийн засгийн "Их хямрал" хэрхэн үүссэн бэ?

Хэдэн зуун жил дэлхийг хуваан ноёрхсон Европын орнууд Дэлхийн нэгдүгээр дайнд хамаг хүн хүч, мөнгөө барсан учраас эдийн засгийн нөлөөгөө АНУ-д алдсан байдаг.

Их Британи, Герман, Франц, Бельги улс нийлэхэд АНУ-аас илүү ихийг үйлдвэрлэж байсан бол дайны дараа АНУ Европын тэн хагасаас илүүг бүтээж байсан юм. Үр дүнд нь дэлхийн санхүүгийн төв Лондонгоос Нью-Йорк руу аажмаар шилжиж байлаа.

Тиймээс дэлхийн голлох орнууд АНУ-аас тусламж авах замаар эдийн засгаа тогтворжуулав. 1928 оны эцсээр АНУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болсон байна. Сонгууль Америкийн эдийн засаг “цэцэглэн хөгжсөн”, “онцгой шинжтэй” гэсэн уриан дор болов. Сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Герберт Гувер ялжээ. Тэрбээр цэцэглэлт авчирсан бодлогыг үргэлжлүүлнэ гэж америкчуудад амлав.

1925 онд 1.7 сая хувьцаа нэг өдөр арилжаалагдаж байснаа 1929 он гэхэд 4.1 сая болж нэмэгдсэн байдаг. Энэ үеийг бол АНУ-д "Архирч буй хориод он" гэж нэрлэсэн байдаг. Чухамдаа ийм учраас түүхчид 1920-оод он бол мөнгөөр бялхсан өнөөгийн орчин үеийн нийгэм бүрэлдсэн үе гэж тодорхойлдог байна.

Америкчуудын хувьд хөрөнгийн зах зээл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх дардан зам нь болоод байв. Баян, ядуу, мэргэжилтэй, мэргэжилгүй хэн боловч хөрөнгийн зах зээлд мөнгө хийж, богино хугацаанд хөрөнгөжихийг зорьж байлаа. 

Харамсалтай нь хэн ч тухайн үед хувьцааны ханшийг хий хөөргөдөх аюултайг ойлгоогүй юм. Хялбар аргаар баяжих гэсэн хүмүүс ашиг олдог, олдоггүйг нь мэдэхгүй хэрнээ ямар ч хамаагүй компаниудад хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Үүнээс болоод асар том "Хөөсрөлт" үүссэн бөгөөд 1929 оны 8-р сар гэхэд дээд хэмжээндээ хүртэл томорчээ. 

Үүнтэй давхцан өнөөх ашгаа өгч чадахгүй компаниуд ээлж дараалан хаалгаа барьж хувьцаа эзэмшигчид хоосон хоцров. Цаашлаад ажилгүйдэл ердөө 5 хувь байснаа сарын дотор 9.6 хувьд хүрсэн юм. Мөн хөрөнгийн зах зээлд орох гээд бүхнээ барьцаалж зээл авсан хүмүүс ашиг хүртээгүй учраас ээлж дараалан дампуурлаа зарлажээ. 

Эцэст нь 1929 оны 10-р сарын 24-ний өдөр жам ёсоороо хөөс хагарах нь тэр. Үүнийг түүхэнд "Хар Пүрэв гараг" гэж тэмдэглэсэн байдаг. Үнэндээ 9-р сарын сүүл 10-р сарын эхэнд томоохон хувьцаануудын ханш мэдэгдэхүйц унасан юм. Үүнийг анзаарсан цөөн тооны овсгоотой хүмүүс амжиж зарсан гэдэг. Эцэст нь 10-р сарын 18-ний өдөр Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр дахин савалгаа үзэгдэх үед хүмүүс сандралдан хувьцаагаа зарж эхэлсэн аж. Энэ нь явсаар 24-ний өдөр улам дордож хямралд хүргэжээ.

1929 оны 10-р сарын 24-ны "Хар Пүрэв гараг"

Ердийн үед өдрийн арилжааны хувьцааны тоо дунджаар 4 сая ширхэг байв. Харин энэ өдөр арилжаалагдсан хувьцааны тоо 12.9 сая ширхэгт хүрч, хэт их нийлүүлэлт нь хувьцааны ханшийг 33 нэгжээр буюу 9 хувиар унахад хүргэсэн байна.

1929 оны 10-р сарын 28-ны "Хар Даваа гараг"

Пүрэв гарагийн ханшийн уналтаас хойш зах зээл буцаад сэргэх байх гэсэн найдвар хөрөнгө оруулагчдын дунд байжээ. Гэтэл энэ өдөр 9.25 сая ширхэг хувьцаа арилжаалагдаж ханш дахин 13 хувиар унаж хөрөнгө оруулагчдын ханш сэргэнэ гэсэн итгэл үгүй болов.

1929 оны 10-р сарын 29-ны мягмар гараг

16.4 сая ширхэг хувьцаа арилжаалагдаж ханш дахин 12 хувиар унаж, зах зээл цочролд орсон энэ өдрийг ихэнх судлаачид “Их хямрал”-ын эхлэлийн цэг гэж дуу нэгтэйгээр хэлдэг. Уг уналтын дараа зарим нэгэн брокер, хөрөнгө оруулагчид ажлын газрынхаа цонхоор үсэрсэн юм. Хувьцааны ханш цаашид унасаар 1932 оны долоодугаар сард доод цэгтээ хүрчээ. 1929 онд 381 нэгж байсан зах зээлийн индекс 1932 онд 41 нэгж болтлоо буурав.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж тэр өдрөө хаагдаж АНУ-ын эдийн засагт 14 тэрбум ам.доллар (Өнөөгийн ханшаар 2 их наяд ам.доллар)-ийн хохирол учруулсан байна. Үүний дараа үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд дараалан хаагдах болов. Иргэд хэдэн зуун мянгаараа ажилгүй болж бүрэн замбараагүй байдал үүсэв. 1929-1932 онд нийтдээ 5 тэрбум ам.долларын хадгаламжтай 5761 банк дампуурчээ. Тэр үед АНУ-д аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1929 оныхтой харьцуулбал 46 хувь буурч, 1905-1906 оны түвшинд хүрчээ. Автомашины үйлдвэрлэл 80 хувь буурсан байна.

Аж үйлдвэрийн сацуу хөдөө аж ахуйд ч хямрал тохиолдов. Хөвөнгийн хэрэглээ хямралын дөрвөн жилд 30 гаруй хувиар буурав. Улаан буудайн экспорт 82 хувиар буурсан байна. ХАА-н бүтээгдэхүүний үнэ 1929 оныхоос 3-4 дахин хямдарчээ.

Хүн амын эрэлт, үйлдвэрийн эздийн хөрөнгө оруулалт буурсан нөхцөлд Гуверийн засгийн газар улсын хөрөнгө оруулагчийн үүргийг хүлээж, бас фермерүүдийн бүтээгдэхүүний эрэлтэд дэмжлэг үзүүлэхийг оролдсон байна. АНУ-ын эрх баригчид их барилгад 8 тэрбум ам.доллар оруулахыг санал болгож, бас аж үйлдвэрийн болон төмөр замын монополийн эзэд үйлдвэртээ 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар амлажээ. Санхүүгийн шинэчлэх нэгдэл, холбооны фермерийн товчоо байгуулсан байна.

Фермерийн товчоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, фермийн эздэд түлхэц өгөх зорилгоор бүтээгдэхүүнийг нь худалдаж авав. Гэвч эцсийн бүлэгт энэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан нь үнэ улам хямдрахад хүргэжээ. 3.8 тэрбум ам.доллартай байсан санхүүгийн шинэчлэх нэгдлээс үйлдвэрийн эзэд, банкуудад зээл олгож, банкны сектор, үйлдвэрлэлийг сэргээхийг оролдов. Гэвч эдгээр арга хэмжээ үр дүн өгсөнгүй.

Түүнээс гадна АНУ-ын засгийн газар импортын барааны гаалийн хураамжийг нэмэгдүүлэв. Их уналтын үед дэлхийн 76 орон гаалийн саад тогтоосон буюу нэмэгдүүлсэн байдаг. Үүний улмаас олон улсын худалдааны хэмжээ гуравны хоёроор буурсан юм. Дэлхий нийтийн аж ахуйн холбоо тасалдсан нь 1929-1933 оны эдийн засгийн хямралаас гарах замыг улам удаан, хүнд бэрх болгосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()