Хатан Туулын булга хариу Сумъяад илгээв...

2022-04-27, 13:21
3,512
Хатан Туулын булга хариу Сумъяад илгээв...

Туул голоор нутагтай билээ, туждаа суудаг гэр минь билээ. Хэнтийгээс эхэлж, Төв аймгийг дамнаж, Сэлэнгийн бэлчрийг даган 819 км замыг туулдаг орон гэр минь юмсан даа, олуулаа бид амьдардаг даа. Хагийн хар нуураас эх авч, Горхи Тэрэлжийг услан зүтгэж, Улаанбаатарыг ундаалан зүдэж, Орхон, Сэлэнгэд цутгатлаа таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран, хүн малыг ундаалдаг Туул голынхон бид олуулаа, тууж хөөгөөд ч өөр орон гэр, очих газар үгүй.

Загасны 16 зүйл, хөхтөн амьтны 60 зүйл, жигүүртэн шувууны 171 төрөл зүйл, дээр нь минж, булга бид бүгдээрээ Туул голоос ундаалдаг, туруугаа дэвтээж, голоо зогоож, амьдран сууж аж төрдөг юм аа. Асралт хайрханаас эхлээд Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл хээр тал, тайга, ойн бүсийн нийт 50 мянган км.кв нутагт орших туурайтан хийгээд туурт жигүүртэн бүгдийн ундаалга болдог ус гол нь эх Туул билээ, эрдэнэ мэт хэвлийтэй билээ.

Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 65 хувь, Төв аймгийн 40 хувь, Булганы 20 хувь, Өвөрхангайн 6.0 хувь, Архангайн 4.4 хувь, Сэлэнгийн 2.2 хувь Туул голын сав газарт хамаарч, усаараа ундаалж, урсгалаараа аргаддаг гэдгийг бас дуулгая аа. Туул голын ус хамгийн гүндээ 3.5м, хамгийн гүехэндээ 0.8м байдаг. Тийм атал танай Улаанбаатарын тансаг мээр Сумъяа, байшин сав захирдаг бааштай дарга Нацагдорж хоёр нийлж байгаад Туулыг бараадсан хүн, мал, амьтны эрхийг зөрчиж, Туулаас ундаалдаг аймаг сумынхныг хохироон, хатан голын хүйсийг хагалж, хамаг усыг нь юүлэн хоргоож, 200м өргөнтэй, 6.0м гүнтэй усан зам тавих гэнэ ээ, усан завь хөвүүлэх гэнэ ээ.

Туул голын оршин суугч бид жил бүрийн 11 дүгээр сард анир гүмд шилжин, амьсгал юугаараа мөстөж, атираа бүрээрээ хөлдөж, дөрөвдүгээр сарын дундуур дөнгөж гэсч, дөрөө харшуулан цөн түрдэг гэдгийг та мэдэх үү? Хүмүүс та нарт явах газар, давхих зам ховордов уу, идэх хоол өмсөх хувцас дутав уу? Эх Туулаараа юунд тоглож, эх адгийг нь намагжуулах гэж ингэтлээ юунд яарна вэ? Энэ голтой Улаанбаатарын ундаалга болсон 229 булаг, 38 нуур, 19 рашаан хүйсээрээ холбоотой, хүйгээрээ зангилаатай. Туулаар оролдоход туж бүгдээр ширгэнэ, турж бүгдээр шургана. Энэ эрсдэлийг бодсон уу, эргэж тооцож үзсэн үү? Эсвэл нийслэлийн замын бөглөрлийг шийдэхэд зориулан жил бүр Засгаас олгох 420 тэрбум төгрөгөө идэж шингээх гээд ингэж шогтож байна уу? Эх гол Туулыг ширгээж, эцэг хайрхан Богдханыг хатаахаас илүү үнэтэй мөнгө юм уу, илүү шуналтай түшмэлүүд юм уу? Сэнтийд залраад ч сэхээрдэггүй, сэм хулгайлаад ч гэгээрдэггүй заяа тавилан гэж бий, замын хазгайд чинь Туулын бид урсмааргүй байна, турсага болж үрэгдмээргүй байна.

Энгийн урсахдаа 3.5м-ийн гүнтэй байдаг голыг эвдэж салаалахаар 6.0м-ийн гүнтэй болдог гэж ямар тэнэг нь хэлэв, ямба нь ихдэж, ял нь багадав уу? Туулын булга би хэлж байна, Туулын усаар андгайлж байна, Туулаараа бүү тогло, туурт бүхэн хатаж, туурайт бүхэн ангаж, усны эх шургаж, уулын эх нүүж, Улаанбаатар намагт гацаж, улс Монголын таван аймаг, 37 сум цангаж цуцна шүү!

Эмүжин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()