1
Хаанаас ч юм бэ гэнэт л гарч ирсэн шигээ ор мөргүй үгүй бологсод
Аварчууд Европ тивд гэнэтхэн гарч ирсэн тухай баримт олон. Хэн ч тэднийг чухам хаанаас ирсэн бэ гэдэг асуултын хариултыг мэддэггүй байсан агаад бидний үед тэдний тухай Византийн эзэнт гүрний түүхчдийн тэмдэглэн үлдээсэн цөөн тооны баримт л уламжлагдан иржээ. Гэхдээ өстөн дайснуудынх нь бичсэн түүхэнд итгэлтэй байж болох уу гэдэг нь эргэлзээтэй.
Тэднийг Монголын тал нутагт төвлөн сууж асан Жужан улсаас нүүдэллэн ирсэн хүмүүс хэмээн үзэх баримт ч мөн бий. Тухайн цаг үед Жужан гүрэн түрэг угсааны овог аймгуудад эзлэгдэж байсан нь энэ таамаглалыг батлах мэт. Харин Туркын түүхчдийн үзэж буйгаар Аварчууд бол турк үндэстэн байсан гэж үздэг ажээ.
Олон жилийн турш түүхчид тэднийг хэсэг бүлэг овог аймгийн нэгдэл байсан уу эсвэл оргодол, босуул хүмүүс байсан уу гэдэг дээр мэтгэлцсээр иржээ. Археологичдын хувьд Карпатын хөндийн Аварчууд болон Евро-Азийн нүүдэлчин овог аймгуудын хүмүүсийн хэрэглэж байсан хэрэглэл, зэвсэг, хувцас зэрэгт ижил төстэй зүйл тун их байдаг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн морины дөрөөг Европ тивд анх Аварчууд нэвтрүүлсэн ч гэж үзэх үзэл бий. Тэдний тухай өдгөө Германы Лайпциг хотын Антропологи, хувьслын хүрээлэн, Унгарын Будапешт хотын ELTE их сургууль болон Археологийн хүрээлэн, АНУ-ын Бостон хот дахь Харвардын Анагаахын сургууль зэрэг олон байгууллагын судлаачид судалгаа хийж байна.
2
Карпатын хөндий дэх олдворууд
Хэсэг судлаачид Карпатын хөндий дэх булшнуудаас гарган авсан 70 гаруй олдворт судалгаа хийж байгаа аж. Уг судалгаагаараа тэд 1500 гаруй жилийн тэртээд буурал тивд хөл тавьж, дийлдэшгүй хэмээгдэж байсан Византын зээнт гүрэнд заналхийлж, өнөөгийн Хорват, Серби, Румын, Словак, Австри, Унгарын нутагт нөлөөгөө тогтоосон Аварчуудын тухай учир битүүлэг асуултуудад хариулт олохоор зорьж буй юм.
Аварчууд боломжгүй мэт зүйлийг боломжтой болгож, төв болон зүүн Европ тивийг эрхшээлдээ оруулж, Византийн эзэнт гүрнээс алба гувчуур авахыг ч санаархаж байсан гэдэг. Аварын хаант улсын анхны хаан Баян гэгч байсан бөгөөд тэрээр зөвхөн Византын эзэнт гүрэнтэй бус баруун зүгт Франк болон төв Германы овог аймгуудтай ч сөргөөцөлдөж байсан түүхтэй. Аварын эзэнт гүрний оргил үед НТ 7-р зуунд хамаарна.
Алба гувчуур авахаас гадна эртний түүхт Константинополь хотыг эзлэхээр санаархсан явдал нь тэднийг сүйрэлд хөтөлжээ. Ширүүн тулааны эцэст Аварчууд ялагдал хүлээхийн зэрэгцээ улс дотроо хагаран бутарч, баруун зүгт Францын эзэн хаанаар хожим “Агуу” хэмээн нэрлэгдэх болсон Нэгдүгээр Карл хаан тодорсон нь улам бүр аюул заналыг дагуулах болжээ. Улмаар Франц баруун зүгээс хүчтэй цохилт өгсөөр нийслэл хотыг нь булаан эзлэж, зүүн зүгээр Дунай мөрний сав газрыг болгарчууд авснаар Аварын хаант улс мөхжээ.
Аварчуудын хувьд өөрсдөө ямар ч түүх бичлэг хийж үлдээгээгүй бөгөөд өнөөгийн судалгаагаар тэднийг манай орны тал нутгаас Кавказын нуруу давж, асар богино хугацаанд өнөөгийн Унгарын нутагт нүүдэллэн очсон гэж таамаглаж байна. Магадгүй тэдний нүүдэл нь хүн төрөлхтний хийсэн хамгийн хурдан аймгийн нүүдэл байсан байх боломжтой гэж түүхчид үздэг. Түүнчлэн Аварчууд зүүн хойд Ази тивтэй тун ойр холбоотой байсан ул мөр байдаг бөгөөд 7-р зууны үеийн Аварын язгууртнууд болон баруун Ази, Кавказын нурууны умард хэсгийн иргэд хооронд харилцан холбоо байсан түүх ч бий.