Шашин бүхний талаарх бараан үнэнүүд

2022-04-14, 11:33
4,425
Шашин бүхний талаарх бараан үнэнүүд

Хэрсүү ухаанаар, хийгүй бясалгалаар нэн сайн нягтлах аваас бүх шашины үүссэн шалтгаан, үндэс нь адилхан, зорилго ба зориулалт нь ч яг ижил юм. Байгалийн ер бусын үзэгдлүүд, их хүчнүүдийг цаанаа эзэнтэй, бүр аугаа их хүчтэй, бүхнийг бүтээгч, захирагч эзэнтэй болгож сэтгэсэн, тайлбарласны үр дагавар нь, холын илрэл, оршил нь өнөөгийн том шашин суртлууд мөн болно. Дэлхийн улс орон нэг бүрд шашин үүсэхээс өмнө бөө, удган нар байжээ. Тэд байгалийн ер бусын үзэгдэл, хүчнүүдтэй, бүр давраад нас барагсдын сүнс, дээд тэнгэр дэх тэдний ертөнцтэй холбоо, харилцаатай мэтээр авирлах, жүжиглэх болжээ. Хүмүүс олон зууны туршид бөө, удган нарын үгээр, зан үйлээр оюун санааныхаа амьдралыг удирдуулж, амьтны амь, цусаар тахил өргөж, нас барагсдыг дагалдуулж эд баялаг, зэр зэвсэг, эмс, боолуудыг хүртэл хөнөөж оршуулж байжээ. Тахилга, хойлог Азид ч, Европод ч, Африк, Америкад ч (инкүүд, ацтекүүд, майяа нар) ёслол төгөлдөр үйлдэгдсээр байв. Хүмүүс аажимдаа бурхадыг, чөтгөрүүдийг, шулмасуудыг зохион бүтээжээ. Аймаар, сүрдмээр бурхадын хөрөг, баримал, хөшөөнүүд, тэдний устгасан, олзолсон гэх чөтгөрүүд, шулмуудын зүүдэнд ормоор муухай дүрүүд ч буй болжээ. Гайхмаар урлагтай бүтээлүүд ч олон бий. Бурхадын орон, диваажин, там, олон нэрийн бурхад, бурхадын хаан, ертөнцийн эзэн, хамгийн хүчтэй бурханы нэр, дүр хүртэл буй болж, тэд зэрэгцэн дээд тэнгэртээ амьдарч байгаа мэтээр яригдах, төсөөлөгдөх болов. Төдхөн л өмнөх бүх фантазыг нэгтгэж, хэлбэржүүлж, шинэ шатанд гаргаж, илэрхий болчихсон бурангуй зүйлүүдээс нь цэвэрлэж шашин, түүний сургаал, номлол зохиогджээ.

Мөнхүү сургаал, номлолыг судалж, эзэмшиж, дагаж мөрддөг санваартнууд, онцгой  ариун үйлстэн болох гэгээнтнүүд, тэдгээрийн  дагалдагсад, даяанчлан сууж бясалгагчид, бусдын нүглийг бурхадын нэрийн өмнөөс цайруулж аврал түгээгчид, гэгээрэн гэгээрсээр бурханы хутагийг ологсод ч гарч иржээ. Ивээн тэтгэгсэд, дагалдагсад, сүм хийдүүд, шавь нар, судар номууд, гэгээнтнүүд, хамба нар, сүм хийдүүдийн эзэмшил газар, хөрөнгө зоорь, зарц, үйлчлэгчид ч буй болжээ. Төр ба шашин элдвээр холбогдож хэн хэн нь дээд тэнгэрээс гарвалтай, тэтгээстэй гэгдэх ч болов. Хаадууд ба хамба нар тэнгэр, бурхадын элчүүд болж хувирчээ. Жирийн хүмүүсийг тэнгэрийн хөвүүд, элч болгож хувиргасан түүх товчдоо ийм юм. Бөө, удган нарын хэдэн зууны туршид бүтээсэн фантази, шашины түрүү үеийнхний бүтээсэн фантази, нийгэм дэх биеэ даасан тогтолцоо болж хэлбэржсэн том шашинуудын буй болгосон дээд зиндааны фантази нийлж, нэгдээд, итгэгдэж шүтэгдээд аль ямар ч зохиолчийн бичсэн зөгнөлт роман, үлгэр, туульсаас ч хальж, хөөвч гүйцэгдэхээргүй өндөрт гарчихжээ.

Эцэс сүүлдээ хүмүүс зөвхөн л сүсэглэн дагаж, шүтэж мөргөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Өнөөдөр гэхэд л шашин нэг бүрийн үнэн, худлыг ялгаж салгаад төгс ойлгочихсон шинжлэх ухааны доктор цолтон ч цөөн талдаа л байна шүү дээ...

Өмнө яригдсан түүх дээр шашин нь шашинаа төрүүлсээр, тэтгэж дэмжсээр ирсэн түүхийг товчхон нэмэх нь зөв болно. Бөө мөргөлийн эхэн, дунд, сүүлч үе нь шашиныг төрүүлжээ. Шашны эхэн дунд үе нь дэлхийн том шашинуудыг буй болоход хүргэжээ. Өөрөөр хэлбэл бөө, удган байгаагүй бол лам, санваартнууд гарч ирэхгүй. Энэтхэг Жагарт ведүүд, бярман, арш нар байгаагүй бол бурханы шашин, бурхан Будда өнөөгийнхээ шашинжсан оршлыг олохгүй. Христын шашин буй болоогүй бол лалын шашин төрөхгүй байжээ. Хэрээ хэрээнийхээ зүгт нисдэг шиг л шашин шашнаа нөлөөлж гаргажээ. Нэг шашинд байдаг бүх зүйл нөгөө шашинд арай өөр нэр, хэлбэрээр байдаг нь үүний нотолгоо юм. Зүйрлэвээс улс төрийн анхны нам л бусад намуудыг төрүүлдэг дээ. Бүх нам хэлбэрийн хувьд адилхан, зорилго нь ч ижилхэн байдаг даа... Нам бол шинжлэх ухаанд дулдуйдсан “шашин”, шашин бол бурхадад “дулдуйдсан” нам мэт юм. Гэхдээ нам нь зөв талдаа, хэрэгтэй талдаа, харин шашин нь зөвхөн сүсэгтнүүдэд л хэрэгтэй юм даа...

Намуудын хувьд бодох, тооцох юм шашиныхаас хэдэн арав дахин их гэж хэлж болно. Жишээ нь: “Коммунист нам бүх хүнийг жаргалтай амьдруулахын төлөө байсан. Харин нацист нам зөвхөн ари үндэстэнг жаргах ёстой гэж үзсэн. Коммунистууд л нацистуудыг төрүүлсэн” гэж үздэг хүн ч байх юм. Намуудын талаарх олон янз үзэл, бодол, үнэн ба төөрөгдлийн тухай судалгаа тун ч бага байна даа...

***

Аль ч шашины гол сургаал, номлол бол яг анх үүссэн тэр цаг үеийнхээ л оюун санааны бүтээл, яг тэр зууныхаа л мэдлэг, мэдээллийн тусгал байдаг.Учир нь тэд бүгдээрээ л тухайн тухайн цагийн тааруухан сэтгэгчдийн бүтээл юм. Цаг үеэсээ хэтийдсэн жинхэнэ ухаантнууд бол шашны хуурамчлалтай орооцолдохгүй шүү дээ...

Ертөнцийн юмс, үзэгдэл, хүний хувь заяаг бурхад, ер бусын далдын хүч, эзэн, ивээгч, ид шидийн үүднээс тайлбарлаж, хүмүүст итгүүлж, шүтэн бишрүүлэх, сүсэглэн дагах сэтгэл зүйтэй болгох, зорилгоор шашны гол номлол, сургаалууд зохиогдож байжээ. Хүмүүсийн оюун санааны амьдралыг бүхлээр нь өөртөө урвуулан татаад, зоргоороо залж жолоодож байх гэсэн санаархал шашин болгонд байдаг нь үнэн юм. Харлуулж, доошлуулж хэлэх юм бол шашин бүхэн хүмүүсийн сэтгэл, итгэлээр тоглодог. Олон салбарын шинжлэх ухаан үүсэж, хөгжиж, юмс, үзэгдэл нэг бүрийн талаар батлагдсан, нотлогдсон, үнэн мэдлэг, мэдээллүүдийг буй болгосноор шашин нэг бүрийн олон олон хуурамчлал илчлэгдэж няцаагджээ. Гэвч сүсэгтнүүдийн 80-90 хувь нь мухар сохроор сүсэглэн залбирдаг л болохоос биш уг шашин нь чухам үнэнийг номлодог уу, худал хуурмагийг сурталчилдаг уу гэдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Ихэнхид нь ийм хэмжээ, түвшинд шашныг таних, ойлгох боловсрол байдаггүй. Христос шашин ч тэр, Лалын шашин ч тэр, мөн бурханы шашин ч тэр хүмүүсийг зөв замаар явуулах, сайхан амьдруулах, бүр дараах төрөлд нь ч жаргуулна гэж амладаг, номлодог, итгүүлж “аврал, ивээлдээ авдаг.”

Аль ч шашины номлол, сургаалын ёс суртахууны тал нь итгэл төрүүлж, сэтгэл татдаг л даа. Гэвч яг амьдрал дээр тэр бүхэн нь сахигдана, биелнэ гэж бараг үгүй.

Энэ гурван шашинд үхтэлээ үнэнч байгаад зовлонгоос бүрэн гэтэлгэсэн, мөнхөрсөн, бурханы оронд заларсан, хойд төрөлдөө жаргасан, ид шидийг олсон, сохрыг нүдтэй, дүлийг сонсголтой, үхсэнийг амьд болгосон хүн аль ч тив, аль ч улс оронд гараагүй юм. Харин яг тэгсэн мэтээр зохиомжилсон худлаа яриа, домог бол олон бий.

Дэлхийн гурван том шашны аль нь ч гэсэн олон урсгалд хуваагддаг, урсгалууд нь хоорондоо зөрчилддөг, бүр дайсагналцдаг. Европод Христос шашны урсгал хооронд дайн гарч гуч гаруй жил үргэлжилж, олон сая хүний аминд хүрсэн баримт бий. Төвдөд бурханы шашны урсгал хооронд дайн дэгдэж, олон арван мянган жирийн иргэд ба лам нар алагдсан тохиолдол гарсан. Эдүгээ лалын шашны урсгал хооронд гарсан дайн олон зуун мянган хүний амийг хөнөөгөөд байна. Том шашин хооронд гарсан дайн, мөргөлдөөн гэвэл хэдэн арав буй. Тэдгээрийн учруулсан хөнөөл асар их, алагдсан, шархадсан, тахир дутуу болсон, галзуурч солиорсон хүний тоо хэдэн саяар хэмжигддэг. Том шашин хоорондын, мөн шашин нэг бүрийн элдэв урсгалуудын хоорондын сөргөлдөөн, тэмцэл нь олон олон аллага, хядлага, дайн тулалдаанд хүргэж, олон сая хүний амь насыг бүрэлгэж, олон мянган хүнийг тахир дутуу болгож, мөн олон мянган хүнийг галзуу, солиотой болгосон нь яахын ч аргагүй түүхэн үнэн юм. Ингэхлээр том, жижиг бүр шашин өөрөө маш их нүгэл үйлджээ. Хэрэг дээрээ шашинууд нь нүгэл хилэнцийг арилгах, устгах биш, харин ч хамгийн их нүгэл үйлдэцгээжээ. Энэ их нүглээ шашин бүр хүлээн зөвшөөрч, нүглээ ил тод наминчилж, хүн төрөлхтнөөс уучлал гуйж, өршөөлийг эрэх ёстой. Тэдэнд ийм мөс чанар байх учиртай...

Шашин бүр л материал баялгийн үйлдвэрлэлээс олон сая эрчүүдийг хөндийрүүлж, нийгмээ ядууруулж байдаг. Тэд мал, гахай, шувуу өсгөдөггүй, хүнсний ногоо тариалдаггүй. Аж үйлдвэрт ажилладаггүй, хүнс, хувцас үйлдвэрлэдэггүй. Цэрэгт явж, зэвсэг барьж эх орноо ч хамгаалдаггүй. Сүм хийд, бунхан, суврага тахилгын сүрлэг барилга, байгууламж барьж их хэмжээний хөрөнгө, мөнгө үргүй зарцуулдаг хэрнээ улсын төсөвд татвар ч төлдөггүй. Шууд биш ч өөр нүгэл Европын шашинд их бий. Жишээ нь Англи, Франц, Испани, Португаль зэрэг орны булаан эзлэгчид Америк тивийн уугуул иргэдийг хядаж газар орныг нь өөрийн болгоход тэдгээр орны санваартнууд шууд болон шууд бусаар оролцжээ. Хөөрхийлөлтэй улаан арьстангуудад хүмүүнлэгээр хандахын чухлыг санваартнууд Европчуудад ойлгуулж зэрэгцэн аж төрж болох л байсан даа. Хууль ёсны эзэд нь индианчууд шүү дээ! “Христэд энэ яргалал яагаад ч таалагдахгүй байсан нь тодорхой юм.”

Австралид ч ийм гэмт хэрэг, нүгэл үйлдэгджээ. Аборигенууд ч гэсэн амьдрах, нутаг орондоо эзэн байх заяагдмал, төрөлх эрхтэй хүмүүс билээ...

Өнгөрсөн түүхэн үнэн, өнөөдрийн бодит байдал, цаашдын нь хувь заяанд тулгуурлан хэлэх юм бол Төвд орон, төвдийн ард түмнийг мөхөх, бусдад уусахад хүргэсэн гол буруутан бол Далай лам нар тэргүүтэй шарын шашин юм. Төвд орон хаантай, цэрэг, армитай, зэр зэвсэгтэй байсансан бол эрэлхэг төвд эрчүүд эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадах л байсан. Өнөөдөр Төвд гэх биеэ даасан тусгаар улс, НҮБ-ын гишүүн орон бусад улстай зэрэгцэн оршиж байх л байсан. Төвд улсын яг энэ буруу замаар Монголчууд бид ч хальтран, азаар гарсан юм. Шашны ихэнх үйлчилгээ бол сэтгэл засах төдий л үр дүнтэй байдаг. Дайны аюулын өмнө, өвчин тахлын өмнө, дээрэм тонуулын өмнө шашны уншлага, элдэв зан үйл ямар ч хүчгүй, ашиг тусгүй. Энэ бол түүхээр батлагдсан үнэн, батлагдсаар байгаа үнэн. Бурханы шашны лам хүмүүс нүгэл бүхнээс зайлсхийх учиртай байтал луйвар, залилан хийх, архидах, эхнэрээ орхиж хүүхэд өнчрүүлэх, өргөл барьцын ихэд шунах, өөрт нь олгогдоогүй эрх эдэлж зөвшөөрөгдөөгүй зан үйл хийх үзэгдэл эдүгээ мөн гарсаар байна. Бага насны хүүхдийг шашны зан үйл, нөлөөнд татаж оруулах, эмэгтэйчүүдийн чөлөөт байдлыг хумих, эрхийг нь хязгаарлах, бусад шашны эсрэг сүсэгтэн олныг турхирах, буруу номтон гэх нэрийн дор бүхэл бүтэн ард түмнийг үзэн ядах, шүтэн бишрэх эрх чөлөөг боомилох зэрэг бусармаг зүйлүүд тив болгонд гарсаар л байна.Хүмүүсийн оюун санааны амьдралын бүх талыг гагцхүү өөрийн шашин сурталд зуун хувь хатуу захируулж, оюун санааны хувьд боолчлох, лавлуулаад хүмүүсийн сар, жилийн орлогоос шашны, сүсэг бишрэлийн “албан татвар” авч мөлжих гэж оролдох нь энэ 21-р зууны боловсорч, соёлжсон нийгмүүдэд байх ёсгүй үзэгдэл юм. Нийгмүүд, төр засгууд шашин болгоныг хүндэтгэн үзэж болох хэдий ч шашин болгоны сөрөг шинжүүдийг тэвчин өнгөрөөж, өөгшүүлж байх учиргүй билээ.

Бүх шашин шинэчлэгдсээр ирсэн түүхтэй. Өнөө үед ч шинэчлэл хийх  шаардлага тулгамдсан хэрэгцээ болоод байна. Шинэчлэгдэж чадсан бүхэн л үлдэх, оршин байх жамтай билээ. Энэ бол тойрох, хуурах, түтгэлзүүлэх аргагүй хууль юм.

***

Шарын шашинтай холбоотойгоор Монголчуудын үзсэн хохирол яг хэрэг дээрээ бол үнэхээрийн их. Монголчууд олон зуун жилийн туршид олон мянган лан алт, мөнгө, олон зуун мянгаар тоологдох үнэт эдлэл, үнэт үс арьс, үнэт чулуу, олон тооны мал, махыг зөвхөн өргөл барьцын хэлбэрээр Лхасруу зөөжээ. Төвдөд шавилан сууж байсан лам нарын зардал, Төвдрүү явж эргэл мөргөл хийсэн сүсэгтнүүдийн гаргасан зардал хичнээн их байх нь ч тодорхой юм.Эд материалын хувьд үзсэн хохирол ч яана гэхэв хэмээн хэрэгсэхгүй байж болох ч Монгол эрчүүдийн амь настай холбоотой гарсан хохирол даан ч дээ гэхээр их юм. Улаан малгайтан, шар малгайтны талд хуваагдан талцан оролцсон 40.000 гаруй Монгол цэрэг хоорондоо тулалдаж, 20.000 гаруй нь амь үрэгдсэн гэх тооцоо бий. Хожим нь Лхасаас өгсөн хутагт, хувилгаан цолтнууд, дээр нь нэмээд 8-р Богдын том том өргөл, барьц аваад олгосон хутагт, хувилгаан цолтнууд бүгд эсэргүүнд тооцогдож цаазлагджээ. Тун цөөн нь амьд үлджээ. Ийм л хар мөр дагуулсан нь түүхэн үнэн билээ.

Монгол эрчүүд улаан болон шар малгайтныг хамгаалж тулалдаж олноороо үрэгдээд, шалдан банди нар болж зэр зэвсгээс ангижирч доройтоод, шар феодалууд гэж адлагдаж цаазлагдаад, мөн лам нарын бослогод оролцож олноороо хөнөөгдсөн нь цаад утгаараа Монголыг маань сульдуулж, доройтуулж, жижигрүүлжээ.

Ламын шашин ингэж Төвд, Монгол хоёроор, эртний их түүх, уламжлал бүхий хоёр ард түмний хувь заяа, эрх чөлөөгөөр “тоглочихсон” нь үнэн билээ. Өнгөрсөн 3 мянган жилийн дүнгээр үзэх, тооцох аваас шашны ихэс, дээдэс, сүм хийдүүдийн шүүх, яллах үйл ажиллагааны улмаас амь хохирсон ( цаазлагдсан, шатаагдсан) иргэдийн тоо олон мянгаар хэмжигдэнэ. Тэдний тоонд шулам гэгдэн гүтгэгдэж цаазлагдсан эмэгтэйчүүд мөн олон байжээ. Энэ бол 100 хувь хилс хэрэг юм. Шашины сургаал, номлолд харш үзэл санаа, дүгнэлт, мэдэгдэл хийсэн, баримталсан гэх үндэслэлээр амь хохирсон судлаач, эрдэмтдийн тоо ч мөн цөөн биш билээ. Энэ бол бас л бүгд хилс хэрэг. Энэчлэн үзэх, нягтлах аваас үүх түүх нь гэмт хэргээс ангид, цэвэр үлдэх шашин нэг ч байхгүй нь үнэн болно.Би судлаач хүний хувьд аливаа хэрэг, явдлын үр дүн, үр дагаврыг сонирхох үүрэгтэй. Тэгвэл Зонховын шашинд нэвтэрч, мэргэжээд, ид шид олж бурхадын эгнээнд орсон Монгол лам хэд байна вэ? Энэ шашинд чин үнэнчээр сүсэглэсээр диваажинд очсон Монгол эр, эм хүн хэд байна? Шарын шашны холбогдолтой тоон мэдээ (Монголчуудын талаар) ер нь бий юү? Энэ асуултын хариуг Лхас хэлэх ёстой юу? Аль эсвэл манай Гандан хийдийн олон нийттэй харилцах алба хэлэх ёстой юу? Аливаа зүйл үнэн мөнөөрөө, тоо, баримттайгаа байх шиг сайхан юм хаа байх билээ!

Би шашин бүхэнд дайсан болчихоод ингэж бичиж байгаа юм биш шүү. Хар, шар, цагаан, халтар арьстай бүх хүнд, бүх ард түмэнд сайн сайхныг хүсдэгдээ, хүн бүхэн үнэнийг дээдэлж, үнэн зам мөрөөр явж, бие нь ч, бас сэтгэл оюун нь ч эрүүл, тунгалаг байгаасай гэж хүсдэгдээ л ингэж бичиж байна. Нэгэнт сүсэглэдэг хүмүүс байгаа болохоор аль ч оронд ямар ч шашин, сүм хийд, лам нар байж болно л доо. Гэхдээ тэд хүмүүст чадах юмаа амлаж, амласан зүйлээ хийж, хэрэгжүүлж байвал сайнсан. Хүмүүст хийх горь төрүүлж, цаг алдуулж, өвчнийг нь хүндрүүлж, тус биш ус болдоггүй л байх хэрэгтэй. Бүхнийг чадагч болж жүжиглэх нь үнэндээ бол луйвар, гэмт хэрэг юм шүү дээ! Лам хүн үнэхээр сайн чаддаг, үр дүн нь гардаг зүйлийг, зан үйлийг л хийх нь зөв юм. Түүнээс биш Төвд хэлээр 20-30 минут хэдэн нүүр судар уншаад бүхнийг шийдчих мэтээр аашлах нь одоо цагт тун ч явуургүй зүйл болж дээ...Хүмүүс ухаажсан шүү!

Дэлхий дахины хэмжээнд бүх шашныг нэр хүндгүй болгож байгаа нэгэн түгээмэл үзэгдэл бол аль ч шашны санваартан нар өөр өөрийн шашны номлодог ёс суртахууныг сахьж ер чадахгүй байгаа баримтууд юм. 20, 21-р зууны жишээ, баримт гэхэд л аль ч шашны лам нар, мөн сүсэгтэн нар шашныхаа дүрэм, журмыг ч зөрчдөг, мөн иргэн хүний хувьд төрийнхээ хууль, дүрмийг ч зөрчдөг болчихжээ. Жинхэнэ санваартан, жинхэнэ сүсэгтэн ер нь байгаа юм уу? Ийм нөхцөлд шашин нэг бүрд шинэчлэл хэрэгтэй болчихжээ. Аль, ямар ч шашин тухайн цаг үедээ яг л шашин шиг шашин, дээд ёс суртахуун, энэрэл, нигүүсэл, гэгээрэл байх ёстой биш бил үү? Цаг үе бүхэндээ ийм байхын тулд шашин бүхэн шинэчлэгдэх ёстой, үеэ өнгөрөөсөн бүхнээсээ салах ёстой, хар буртгаасаа ангижрах ёстой. Ид шидтэй болж жүжиглэдэг, мэргэ төлөг тавьж хуурамчилдаг, тэнгэр, бурхадтай холбоотой байдаг мэтээр өөрийгөө сурталчилдаг, байгалийн үзэгдлүүдэд нөлөөж чаддаг хэмээн өөрийгөө өргөмжилдөг булхай, луйвруудаас жинхэнэ санваартан хүн хол байж, эдгээр булхай, луйврын хорлолоос сүсэгтэн олныг хамгаалж байх учиртай. Ийм байж чаддаг шашин л мөнхөд оршин байхын утга, тавилантай билээ. Будда хэрвээ амьд сэрүүн байсансан бол яг л иймэрхүү байр, сууринаас санваартнуудад хандах байсан болов уу?

***

Шашин бүр өөрийнхээ нөлөө, хүрээг тэлэх, чадвал л дэлхийн бүх хүн амыг өөрийн үзэл, сургаалд захируулахыг хичээдэг нь үндсэндээ хоёр шалтгаантай. Дэлхийн бүх хүний оюун санааны амьдралын бүх талыг өөрийн номлол, сургаалд захируулж өрсөлдөгч үгүй болох, тэгж чадваас бүх сүсэгтнээс өргөл, барьцын хэлбэрээр асар их баялгийг цуглуулж эзэн суух- энэ хоёр зорилго нь яг үнэндээ бол сүсэгтнүүдийг оюун санааны хувьд боолчлох, эдийн засгийн хувьд мөлжих бурангуй санаархал мөн болно. Тэгвэл шинжлэх ухаан нь хүмүүсийг оюун санааны хувьд гэгээрүүлж, дээр нь баялаг бүтээх чадавхыг нь нэмэгдүүлж байдаг ажээ. Шашин болон шинжлэх ухааны нөлөө, ач холбогдлыг нь үнэн мөнөөр нь хүмүүст ойлгуулах ажлыг ардчилсан төр засаг, тэргүүний сэхээтнүүд, ер шударга хүн бүр тасралтгүй хийж байж л бүх нийтийн гэгээрлийг авч ирэх болно. Техникийн өндөр боловсролтой хэдий ч мухар сүсэгтэй хүн олон байна. Дэлхийд нэртэй тамирчин хэдий ч, мөн нэртэй дуучин, жүжигчин, зураач, уран барималч, яруу найрагч хэдий ч найгүй мухар сүсэгтэн бас олон буй.

Аюул, осолтой ажил үйлс эрхэлдэг хүмүүс, аз ёндоонд найддаг хүмүүс, өөртөө итгэлгүй хүмүүс бас л мухар сүсэгтэн байх нь элбэг.

Гэгээрнээ гэдэг бол шинжлэх ухааны нотлогдсон мэдлэг, үнэн мэдээлэл, ардын зөв ёс суртахуун, хүмүүнлэг зан чанар, гоо сайхны зөв мэдрэмж, хэр чадлаа ухаарах чадавх, бусадтай зөв харьцах соёл зэргийг эзэмшсэн даруу, төлөв хүн болж төлөвшихийг хэлдэг билээ. Мухар сүсэг, сохор бишрэл хүнийг байнгад л гутааж, арчаагүй болгож, үнэлгээг нь дарж, доошлуулж байдаг. 21-р зуунд амьдарч байгаа ухаалаг, боловсролтой, хүмүүнлэг, ариун явдалтай хүмүүст энэ дэлхийн аль ямар ч шашин хэрэггүй юм. Мухар сүсэг, сохор шүтлэг, ид шидэд итгэх нь хувь хүний сэтгэл, санааг байнгад л айх, эмзэглэх төлөв байдалд барьж, аврал, өмгөөлөл эрэхэд түлхэж, өөртөө итгэх чадварыг сулруулж, сүйтгэж, оюун санааны ертөнцийг нь зүүд, зэрэглээ, бүр солиорол болгож хувиргах аюултай. Иймэрхүү тохиолдол, баримт дэлхийн хэмжээн жилдээ хэдэн зуун мянгаараа бүртгэгдсээр байна. Мухар сүсэгт гүнзгий автсан хүн аймхай, хулчгар болдог. Шөнөөр, эзгүй газраар явах аваас чөтгөр, шулмаас эмээдэг. Аман дотроо элдэв тарни, шившлэг уншиж эхэлдэг. Бурханы хөрөг, зураг харвал залбирах, мөргөхийг хүсдэг. Аливаа ажил, үйлс эхлэхдээ бөө, лам, зурхайчруу хадаг, мөнгө барьж гүйдэг. Ямар ч нөлөө, холбогдолгүй асуудлаар хүртэл мэргэн түргэн гэгдсэн хэн нэгний үгийг дагаж, давтаж бусдын инээдэм, тохуу болдог. 21-р зуунд ингэж өөрийгөө гутаах, доошлуулах хэрэг байна уу?

 “Шарын шашиныг ар, өвөр, баруун, зүүн Монголруу импортлон авч ирсний гол зорилго нь тэр цагт бутарч, шил шилээ хараад байсан Монголчуудыг нэг шашин суртлын үндсэн дээр нэгтгэх, үндэсний эв нэгдлийг сэргээх явдал байсан” гэж өнгөцхөн сэтгэх, магтах хүмүүс одоо ч байсаар байна...

Мухар сүсэг, сохор итгэлийн суурин дээр ард олныг нэгтгэх санаа бол буруугаар барахгүй хортой үзэл, бодол юм.

“Бид (Монголчууд) нэг угсаатан, бидний нутаг, ус, хэл, соёл, түүх адилхан, эцэг өвгөд маан энэ бүхнийг бүтээж, хамгаалж, хөгжүүлж ирсэн юм. Тэдний энэхүү түүхэн замнал, уламжлалыг бид цааш нь үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй. Бидний түүхийн ухамсар, үндэсний дархлаа, Монголын гэсэн, өнө эртнээс уламжлагдсан үнэтэй бүхэн л биднийг холбох, нэгтгэх ёстой. Эх орны маань уулсын энгэр бүхэнд өвөг дээдсийн маань шарил бий, ус ургамалтай тал, хөндий бүхэнд нь аавуудын маань гэрийн буйр бий, ээжүүдийн маань унага, тугалын зэлний ором бий, хүүхдүүд бидний чулуун тоглоомууд бий” хэмээн сэтгэж Монгол хүн бүрийн сэтгэл нялхарч, зүрх цохиж байх” ёстой. Бид Монголын гэсэн бүхэн дээрээ тулгуурлаж, суурилж, нэгдэх, эв найртай амьдрах учиртай!

Төвд лам нарт мөргөж, төвд сударт итгэж, зохиомол чөтгөрүүдээс айж олон зууныг элээлээ. Үр дүнд нь Төвд, Монгол хоёр орон улс төрийн газрын зурагнаас хамтдаа ч арчигдаж үзсэн...

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()