Монгол Улс бүх төрлийн нунтаг металл гарган авах дэвшилт технологи бүхий үйлдвэртэй боллоо

2022-04-12, 12:08
911

Их Британи, Герман улсын дэвшилт технологид суурилсан, катодын болон хаягдал зэсийг дахин боловсруулж нунтаг металл гарган авах үйлдвэрийг “Талын Метал нунтаг" компани байгуулж, ашиглалтад орууллаа. Нунтаг металлыг дэлхийд Герман, БНХАУ, Япон, Их Британи зэрэг 20 гаруй оронд л үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг аж. Тэгвэл манай улс анх удаагаа дэлхийн жишигт нийцсэн дэвшилт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна.

Монгол Улс бүх төрлийн нунтаг металл гарган авах дэвшилт технологи бүхий үйлдвэртэй боллоо

Монгол инженерүүд Их Британи, Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёр жилийн хугацаанд үйлдвэрээ барьж, өнгөрсөн нэгдүгээр сараас туршилт хийж эхэлжээ. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа бөгөөд нунтаг металл нь автомашины жижиг эд ангиуд болох очлуур, араа, цахилгаан сойз, холхивч, вакум унтраалга, мөн 3D хэвлэл, гоёл чимэглэл, үнэт эдлэл компьютер, гар утас зэрэг өндөр технологи бүхий эд ангиудад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Жилд 3000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь түүхий эд бүтээгдэхүүнээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологитой байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Манай улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг учраас түүхий эд бүтээгдэхүүн хангалттай гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан тус үйлдвэрийг байгуулж, улсынхаа аж үйлдвэржилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Талын Метал нунтаг” компанийнханд амжилт хүсээд “Дэлхий нийтээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед Засгийн газар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт Шинэ Сэргэлтийн бодлогыг зорилт болгон дэвшүүлээд буй.

Аж үйлдвэржилтийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж буй энэ цаг үед технологийн дэвшил, монгол инженерүүдийн ур чадварыг харуулсан үйлдвэр ашиглалтад орж байна. Дотоодын металл боловсруулалтын түвшинг нэг шат ахиулж, нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн, улсынхаа үйлдвэржилтийн бодлогыг хөгжүүлэхэд шинэ шан татлаа. Нунтаг металл бол аж үйлдвэрийн IV хувьсгалын чухал материал түүхий эд бөгөөд үүнийг Монголд үйлдвэрлэх суурь тавигдсанд баяртай байна” гэсэн юм.

Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтойг нээлтийнхээ үеэр хэлж байлаа. Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж буй бөгөөд Япон, Их Британи, БНСУ-д нийлүүлэхээр бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулаад буй юм байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()