Өмнөд Солонгосыг өөд татсан Пак Чон Хи

2022-04-10, 13:51
4,732
Өмнөд Солонгосыг өөд татсан Пак Чон Хи
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Пак Чон Хи 1917 оны 9-р сарын 30-ны өдөр Солонгосын Кёнсан - Пукто мужийн Кумид эцэг Пак Сон Бин, эх Пэк Нам Хи нарын хүү болон төржээ. Тэднийх зургаан хүүхэдтэй айл байв. Пак 1932 онд 15 настайдаа Тэгу хотын багшийн сургуульд элсэн орж 1937 онд 20 настайдаа  төгсөөд хэдэн жил Мунгёнед багшаар ажиллав. Пак 1940 онд 23 настайдаа Манж го улсын Квантуны армийн цэргийн академид элсэн орж шилдэг оюутан болсон тул үргэлжлүүлэн 1942 онд Японы Эзэн хааны армийн цэргийн академид суралцав. Энд л тэр бусидогийн ёс, цэргийн сахилга бат, зохион байгуулалт, цэрэг эрийн эх оронч үзэл,  улс төрөөс ангид байх цэргийн зарчимд суралцсан юм. Цэргийн академийг онц сайн төгсөөд тэр дэслэгч цолтойгоор дэлхийн хоёрдугаар дайн дуустал Манж Го улсын армийн явган цэргийн 8 дугаар дивизид алба хаажээ. Дайны дараа Пак армийн коммунист үүрт элсэн орж баривчлагдаад цаазаар авхуулах ял оноогдов.Түүний амийг хоёр хүн аварчээ. “Маш сайн цэрэг эр тул түүнийг амьд үлдээнэ үү” хэмээн  америкийн цэргийн зөвлөх Жеймс Хаусман төрийн тэргүүнд хүсэлт гаргаж тэр үеийн ерөнхийлөгч Ли Сын Ман зарлиг гаргаж түүний амийг өршөөсөн аж. Энэ явдлын дараа Пак армийн дотор шургалсан коммунист намын зүтгэлтэнүүдийн нэрсийг гарган өгч удалгүй армийн тагнуулын  офицер болж коммунистуудыг илрүүлж устгах ажиллагааг явуулдаг болов.

Тэр удалгүй армиас халагдав.1950-1953 оны солонгосын дайны үед тэр дахин армидаа эргэн ирж хойд солонгосын улаантнуудын эсрэг сайн тулалдаж армийн тээврийн эксперт болж нэг жил АНУ-д цэргийн тусгай бэлтгэл хийв. Пак солонгосын дайны үед тушаал дэвшиж генерал цолтой болов. 1960 онд Солонгост Юн Бо Сон ерөнхийлөгч болж төрийн толгойд гарав.Тэр үед  засгийн эрхийг үнэн хэрэгтээ ерөнхий сайд Чан Мён барьж байлаа. Энэ үед улс орны эдийн засаг муудаж авилгал газар авч оюутны хөдөлгөөн жагсаал өрнөж улс төр эдийн засгийн шинэчлэл хийхийг шаардах болов. Яг энэ үймээн самуунтай цагт Пак Чонхи генералын удирдсан солонгосын армийн хэсэг офицер  ямар ч цус урсгалгүйгээр 1961 оны 5 дугаар сарын 16 ны өдөр төрийн эргэлт хийж, тайван замаар  улс төрийн хямралыг эцэс болгов. Тэр үед Пак 43 настай, эрэлхэг зоригтой,  туршлагатай,  эх оронч генерал байлаа. Цэргийн эрх баригчдын анхны алхам бол гадаад, дотоодын дайснуудын хорлон сүйтгэх  ажиллагааг таслан зогсоох зорилготойгоор Солонгосын Тагнуулын Төв Газарыг байгуулав. Ерөнхийлөгч Юн Бо Сон цэргийнхний талд орж АНУ-ын удирдлага болон өмнөд солонгосын армийн бусад ангиудын дарга нарыг цэргийн шинэ удирдлагад саад болоод хэрэггүй хэмээн ятгав.Пакын удирдсан цэргийн засаглал улс орноо эмх замбараагүй үймээн самуунаас хамгаалж  өмнөх засгийн үеийн түшмэд сайд, хөрөнгөтөнүүдийн  авилгалаас  цэвэрлэж, улсдаа  дэг журам, хууль ёс тогтоож эхлэв. Эрүүгийн гэмт хэрэгтнүүд болон оюутны босогчдыг дарж, хотууд болон гудамж талбайд эмх журамтай болгов. Их хэмжээний авилга авсан гучаад эрх мэдэлтэн албан тушаалтнуудыг баривчилж, хууль бусаар хөрөнгө мөнгө олсон албан тушаалтан, хүнд сурталтан хүмүүсийн хөрөнгийг хураав.”Самсунг” компаний удирдагч  3.0 сая долларын торгууль төлж үйл ажиллагаагаа цаашид явуулах эрхтэй болж байв. 1962 онд Засгийн газар мөнгөний шинэчлэлт хийж хувийн банкнуудаас 87 сая долларыг царцаав. Өмнөх дэглэмийн 4367 улс төрийн зүтгэлтнүүдэд сонгуульд орох эрхийг нь хязгаарлав. 

1961 оны хавраас зун хүртэл 17 мянган албан хаагч, 2 мянган цэргийн албан хаагч нарыг баривчилж, буруутгаж, өндөр насны тэтгэвэрт гаргаж төрийн албыг хүнд суртал, авлигачдаас цэвэрлэжээ. 1962 онд шинэ Үндсэн хуулийг батлав.Пак Чонхи тэр хүнд үед “ Хүн бүр өөрийнхөө төлөө амьдрах боломжтой болохын тулд хүнд хүчир чанга хатуу ч гэсэн сайтар  хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн бүр амжилт гаргаж баян чинээлэг болох хэрэгтэй. Тэгвэл баталгаатай  нийгэм буй болж улс орон баян чинээлэг болно.Энэ бол жинхэнэ баялаг бүтээх дүрэм юм” хэмээн ард түмэндээ хандаж байв.Тэр үед солонгосчууд бүтэн сард ердөө ганц хоног амарч бусад бүх өдөрт 10-12 цаг тасралтгүй ажиллаж байв. 

Пак Чон Хи эдийн засгийн шинэчлэл хийхдээ “Ядуурал сөнөтүгэй” гэсэн уриа дэвшүүлэв. Авилгалтай бүх шатанд тэмцэж ялсан нь өмнөд солонгосын эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн  нэг гол нөхцөл байлаа.Нэгэн удаа Сөүлд засгийн газрын  хүлээн авалт дээр  зарим сайд, дээдсүүдийн эхнэрүүүд нь очир алмасан үнэт эрдэнэсийн бугуйвч зүүж ирснийг харсан генерал Пак Чонхи ихэд зэвүүцэж, тэдний нөхрүүдийг нь дуудан ирүүлж “Улс орон ийм ядуу байхад та нарын эхнэрүүд ямар хөрөнгө мөнгөөр хаанаас ийм үнэт эрдэнэс авч зүүүдэг байна аа. Хууль бусаар олсон хөрөнгөө одоохон даруй улсад хураалга” хэмээн тэднийг зэмэлж байсан гэдэг. 1962 оны 3 дугаар сард ерөнхийлөгч Юн Бо Сон огцров. Удалгүй Пак тушаал дэвшиж армийн дэслэгч генерал болж, 1962 оны 3 дугаар сараас  эхлэн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч боллоо. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн шахалтаар Пак Чонхи улс орондоо иргэний засаглал тогтоохыг зөвшөөрч, 1963 онд ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар тогтов. Анхандаа Пак ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолгүй байлаа.Гэтэл 1963 оны 3-р сарын 10-ны өдөр  Өмнөд Солонгосын ТТГ / Тагнуулын Төв Газар / өндөр тушаалтай армийн хэсэг офицерууд Пакыг зайлуулж өөрсдийн засгийн газар байгуулах гэсэн хуйвалдааныг илрүүлэв. Мөн оны 3-р сарын 14-ний өдөр армийн олон арван офицерууд ,залуу хурандаа нар цугларч генерал Пакыг явуулахгүй, харин  үлдэээж улс орныг удирдахыг шаардах болов. Үүний дараа Пак Чонхи ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болж 1963 оны 8-р сард цэргийн албанаас халагдаж өөрийн үүсгэн байгуулсан Бүгд найрамдах ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болов. Пакын дэвшүүлсэн эдийн засгийн хөтөлбөр ард түмний дэмжлэгийг авлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд Пак Чонхи 46.6 хувь, Юн Бо Сон 45.1 хувийн санал авч Пак яллаа. 

Чухам энэ үеэс Пак Чонхи улс орондоо  эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг тууштай  хийж,  амжилтын гараагаа эхэлсэн юм. Пак Чонхи засгийн эрхийг авах цагт Өмнөд Солонгосын эдийн засгийн байдал маш муу, ард түмэн нь африкийн улсын түвшинд ядуу амьдарч байв.  1961 онд өмнөд Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/    дөнгөж  72 ам.доллар байсан нь африкийн Папуа Гвинейгээс ч ядуу, африкийн Нигери улсын түвшинд  байв. Дөч, тавин сурагчидтай нэг ангийн хүүхдүүдийн дөрөв тавхан хүүхэд л гэртээ цагаан будаа иддэг  байжээ. Хөдөө тосгонд хавар бүр  өлсгөлөн нүүрлэж хүмүүс өвс ногоо, модны үндэс идэж амь зогоодог  байлаа. Улс оронд нь нэг ч олон давхар барилга байсангүй, Сөүл хотын дөрөвний нэг нь усны хоолойгоор холбогдсон, томоохон  хотуудад  өдөрт хэдхэн цаг  цахилгаанаар хангадаг байв.   Пак Чонхи: “Би 1961 оны хавар төрийн эрхийг гартаа авах  үед дээрэмдүүлсэн аж ахуйг хүлээн авсан мэт, дампуурсан пүүсийн ажлыг хүлээн авсан хүн мэт надад санагдаж байлаа. Эргэн тойрон бүх юм ямар ч найдваргүй байв. Ирээдүй бүрхэг байв. Гэвч би энэ хүнд байдлаас гарч эдийн засгаа  босгох шаардлагатай байв. Ядуурал, эдийн засгийн уналтыг заавал зогсоож, эдийн засгийнхаа бүтцийг өөрчилснөөр ард түмний амьдралыг дээшлүүлэх хэрэгтэй байв ” гэсэн байдаг. 

 

Пак засгийн эрхэнд гарах үед өмнөд Солонгос ямар байдалтай байв?

 

1. Солонгосын дайнд 3 сая солонгос хүн амь хүн үрэгдэж  зам гүүр, барилга байгууламж эвдэрч газар тариалан эдийн засаг сүйтгэгдсэн байв.

2. Байгалийн баялаг, ашигт малтмал, нөөц баялаг улс оронд юу ч байхгүй байв.

3. Хүн ам ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн байв.Хүн амд ажил орлого алга байлаа.

4. Нутаг дэвсгэр бага,  газар нутаг уулархаг тул хөдөө аж ахуй хөгжүүлэх боломж муу байв.

5. Улсын бараг бүх үйлдвэр хойд Солонгосын нутагт үлдсэн байв.Өмнөд Солонгост өндөр мэдлэгтэй инженер, өндөр мэргэшсэн ажилчин анги байсангүй.

6. Хүн амын  ихэнхи нь бичиг үсэггүй, боловсролгүй, мэргэжилгүй, ядуу  байв.

7. Өмнөд Солонгос арлын улс болж хувирав.Хойд хилийг нь Хойд Солонгос хаачихсан тул хуурай газраар бусад оронтой харилцах аргагүй болов.Энэ нь эдийн засгийг хүндрүүлэв.

Пак Чонхи ерөнхийлөгч “Бидний  ертөнц аюул заналтай нүүр тулах үед солонгосчууд бид амьдралаа хамгаалахын тулд мэргэн арга олж, хүнд бэрхийг хатуужилтайгаар  даван туулдаг байсан.Үүнд л манай соёлын нууц оршиж байгаа юм. Хэрэв бид дорой байх юм бол манай эх оронд аюул учирна. Унаж доройтохгүйн тулд улс эх орон өөрийнхөө хүчинд тулгуурлах хэрэгтэй” хэмээн хэлж байв. Пак төрийн эрх барьж байх үед “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн зарчмыг  хатуу чанга мөрдөж байв. Өмнөд Солонгос тэр үед авилгалд автсан  хуучин хоёр ерөнхийлөгчийг  болон уг хэрэгт холбогдсон тэдний хүүхдүүдийг торны цаана суулгаж , авилгалд автсан хэд хэдэн сайд, парламентийн гишүүд болон хэдэн мянган төрийн албан хаагчийг шоронд суулгаж байв.Пак ерөнхийлөгч “ Асуудлыг нүүр тулж шийдэх хэрэгтэй. Би улс орны өмнө тулгарсан  асуудлыг өөрсдийн хүчээр шийдэж чадна  хэмээн бодож байна.Бид үүнийг хийх ёстой. Амжилтын гол түлхүүр нь манай үндэстний хүч юм. Тусгаар тогтносон улс болох зам бэрх байсан ч бид үндэстний бахархал, уламжлалынхаа эр зоригоороо даван туулах ёстой” гэж байв.  Харин тэр үед хойд Солонгос нь  өмнөд Солонгосоос эдийн засаг,цэргийн хүчин чадлаараа илүү, олон үйлдвэр үлдсэн, Зөвлөлт Холбоот улс болон бусад социалист улсаас цэрэг, эдийн засгийн тусламж зээл авдаг орон байв.Өмнөд Солонгос улсын төсвийн 50 хувийг АНУ-ын зээл тусламж эзэлдэг байв.Учир иймд эдийн засгийн гол бодлого бол төрийн зохицуулалттай капиталист эдийн засгийг босгох явдал байлаа.

Улс орноо 1962 оноос эхлэн  таван жилийн төлөвлөгөөтэйгээр хөгжүүлж эхлэв. Үндэстний Өөрчлөн байгуулалтын Зөвлөлийг байгуулж даргаар нь Пак ажиллав. Мөн  Эдийн засгийн төлөвлөгөөний зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн яам, Сангийн яамыг байгуулав. 

Энэхүү таван жилийн төлөвлөгөө 1984 он хүртэл үргэлжилсэн ажээ.Эдийн засгийн гурван том зорилт: хүнд үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, экспортын баримжаатай эдийн засгийг босгох гэсэн зорилтыг дэвшүүлэв.Хамгийн түрүүнд Ульсан, Пхоханы үйлдвэрийн бүсийг байгуулав.1965 онд Пак Чонхи Япон улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Үүнийг нь саяхан японы колони байсан ард түмэн нь ихэд эсэргүүцэж байв. Японтой гэрээ байгуулсны үр дүнд японы хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж,  японы лиценз, технологи,  үйлдвэр орж ирэв. Японы туршлагыг хэрэгжүүлж, гадаадын патент лиценз худалдан авч, гадаадын зээлээр үйлдвэр байгуулж, гадаадаас оруулж ирсэн түүхий эдээр гадаадын технологоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаж валют олоод дахин энэ мөнгөөр технологи, түүхий эд худалдан авч, дэд бүтэцээ хөгжүүлж үйлдвэржих гэсэн бодлого баримталж амжилттай хэрэгжүүлэв. Азид 1965-1973 онуудад Вьетнамын дайн болж Пак Чонхи бүх талаар АНУ-д туслав. Өмнөд Вьетнамд өмнөд солонгосын 2 дивиз, нэг бригад нийтдээ 300 000 цэргийн албан хаагчийг байрлуулав. Өмнөд солонгосын цэргүүд хойд вьетнамын улаан цэрэгтэй маш сайн байлдаж байв. АНУ энэ дайны үед  өмнөд Солонгост 12.6 тэрбум тэрбум долларын  хөрөнгө  зээл ,тусламж олгож их хэмжээний хөрөнгө оруулалт хийв.Энэхүү АНУ-ын зээл тусламж хөрөнгө оруулалтыг өмнөд солонгосын бизнесменүүд үр дүнтэй ашиглаж чадсан юм. Энэ зээлийн хүчээр өмнөд солонгосын арми хамгийн орчин үеийн зэвсэг техниктэй болов.   

1962-1970 онуудад их хөрөнгө, шинэ технологи,мэргэшсэн ажилчин шаарддаггүй хөнгөн үйлдвэрийн салбарыг  хөгжүүлэх бодлого баримталж хэрэгжүүлэв. Тэр үед солонгосын экспортын 41 хувийг бөс бараа, хувцас эзэлж байв.1970- аад оны эхнээс өмнөд Солонгост бизнесийн туршлага, хөрөнгө хуримтлуусны дараа төмөрлөг, хөлөг онгоцны үйлдвэр, химийн үйлдвэрийг хөгжүүлэв. Дараа нь 1976 оноос автомашины үйлдвэрийг хөгжүүлэв.1980-аад оноос электорникийн үйлдвэрийг хөгжүүлэв. Сөүлээс гадна Бусан, Тэгу хотууд үйлдвэрийн бүс боллоо. 1972-1975 онуудад цөмийн зэвсгийн судалгаа боловсруулалт хийж  амжилт олж эхэлмэгц харин тэр салбарыг АНУ гэнэт зогсоов.Төрөөс гадаад худалдаанд хяналт тавив. Зээл экспорт лицензийг улс шийдэж байв. Хувийн компани банк байгуулахыг хориглов. Банк, эрчим хүч, тээвэр, дэд бүтцийг улсын өмчид авч хөгжүүлэв. Пак Чонхи бүх насаараа л авилгатай тэмцсээр байв. 1967 оны сонгуулийн үеэр сөрөг хүчин түүний засгийн газрын зарим сайдыг авилга авсан хэмээн буруутгаж байв. 1970 оны эхээр Пак авилгатай тэмцэх ажиллагааг орон даяар дахин зохион байгуулж нэг мянга гаруй төрийн албан хаагчийг шалгаж, зөрчилтэй гарсан 265 албан хаагчийг баривчлав. Тэр үеийн Бусан хотын даргад 25 сая вон авилгал авсан ял тулгаж байв. 

Пак чучхесон онолыг гаргасан. Энэ нь өөрөө өөртөө эзэн гэсэн утгатай үг.

Пакын эдийн засгийг хөгжүүлсэн нэг том санаачлага бол чебол. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл  улсдаа ирээдүйтэй, тухайн компанийг удирдаж байгаа хүний арга барил туршлага ур чадварыг харгалзаж Пак өөрөө судалж хэдэн арван компанийг сонгоод эдгээр сонгосон компаниудад төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын хөрөнгө оруулалт олгох эрхийг өгч хариуд нь тэдгээр чеболиуд засгийн газрын даалгаврыг хэрэгжүүлэхийг шаарддаг байв. Улсын хэмжээнд 30 шилдэг чебол улс орны үйлдвэрлэлийг гартаа атгаж экспорт хийж их хэмжээний валют олж байлаа.Тэдгээрийн дотор  Samsung, LG Group, Hyundai, Daewoo бүлэглэл манлайлан зах зээл дээр ноёлж байсныг  дэлхий нийт сайн мэднэ. Өмнөд Солонгост хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалт хэргээ бүтээв.   

Пак өөрийн нисдэг тэргээрээ улс даяар нисэн явж зам гүүр, орон сууц, үйлдвэр барьж байгуулах ажлыг газар дээр нь очиж шалгаж заавар зөвлөлгөө өгдөг байв.  Пакын нэг гавьяа бол тэр үед нэр хүнд муутай байсан солонгос бизнесмений нэр хүндийг өсгөж, ажил хэрэгч нэр хүндтэй бизнесмен болгосон явдал байв. Эдгээр арга хэмжаээний үр дүнд өмнөд Солонгосын эдийн засаг манай дэлхийн хамгийн өндөр өсөлттэй  хүчирхэг эдийн засгийн нэг  болсон юм. Пак төрийн эрхэнд гарах цагаас эхэлж өмнөд солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 1963 онд 9.1 хувь өслөө. Пакын төр барьсан жилүүдэд ДНБ-ний өсөлт жил бүр 8-10 хувь, заримдаа 12-14 хувиар өсөж байв. ДНБ гурав дахин өсөв. 

Эдийн засгийн өсөлт 1962-1966 онуудад 8.9 хувь байв. Хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлт 15.1 хувь байв.Жар далаад онуудад үйлдвэрлэл 11.1 хувь, экспорт 28.7 хувь, ДНБ 15.8 хувь өслөө.Ядуурал 1965 онд 40 хувиас 1980 онд 10 хувь болтлоо буурав. Хүн амын орлого жил бүр 1000 доллараар өсөв. Дунд ангийн эзлэх хувь хүн амын 45 хувьд хүрч, улс орон баян чинээлэг болов.1973-1974 онуудад өмнөд Солонгос улс бие даасан эдийн засагтай болж 1971 онд АНУ-ын тусламжийг бүрмөсөн зогсоов. Ийнхүү Өмнөд Солонгос хойд Солонгосыг 1966-1968 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлтөөр гүйцэж түрүүлэв. Хойд солонгосчууд энэ амжилтад нь огт итгэж өгөхгүй байсан гэдэг.

1971 онд Пак Чонхи ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Ким Дэ Жуныг ялж, дахин ялалт байгуулав. Пак гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож олон улсын байдал аюултай байгааг харгалзан улсдаа онц байдал зарлалаа.1972 оны аравдугаар сард Пак парламентийг тарааж, Үндсэн хуулийг зогсоож, 1972 оны арван хоёрдугаар сард шинэ Үндсэн хуулийг батлуулав. Энэ шинэ Үндсэн хуулийг Юсин гэж нэрлэдэг. 1974 оны 8-р сарын 15 ны өдөр Пак ерөнхийлөгчийн амь насанд хоёр дахь удаагаа халдлаа. Анхны халдлага 1968 оны 1-р сарын 1-ний өдөр болсон юм. Энэ өдөр хойд Солонгосын ардын армийн тусгай отряд /отряд 124 / Пак ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого хийв. Хойд солонгосын тусгай отрядыг Ерөнхийлөгчийн хөх ордонгоос 800 метр газар цагдаагийн харуул зогсоож чаджээ. Халдлага хийсэн хойд солонгосын тусгай отрядын 2 хүн нь амьд үлдэж,  бусад нь алуулав.1974 оны халдлага Сөүлийн Үндэсний театрт болов.Тэр өдөр улс орон даяар японы дарлалаас чөлөөлөгдсөний 29 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгч Пак индэр дээр үг хэлж байлаа. Энэ үед үзэгчдийн суудал дээр суууж байсан хойд солонгосын тагнуул Мун Се Гван гэнэт ерөнхийлөгчийн зүг зэвсгээр гал нээж сум нь ерөнхийлөгчийн хажуугаар өнгөрч ерөнхийлөгчийн эхнэрийг онож шархдуулан хажууд нь ойр байсан нэгэн бүсгүйг хөнөөв.Үүний дараа Пак ерөнхийлөгч үгээ үргэлжлүүлэн хэлж дуусгасан байна. Пак ерөнхийлөгчийн эхнэр тэр орой нь эмнэлэгт шархаа даалгүй нас баржээ.

Пакын улсаа хөгжүүлэх гол үзэл санаа бол түүний дэвшүүлсэн 6 үндсэн зорилт дээр тулгуурлаж байлаа.Энэ нь : “нэгд, коммунизмын эсрэг тэмцэх, хоёрт, өрнөдийг баримжаалсан гадаад бодлого явуулах, гуравт, эх орноо  нэгтгэх, дөрөвт, авилгалыг бүх шатанд устгах, тавд, ёс суртахуунтай нийгэм байгуулах, зургаад, өөрийгөө хангах эдийн засагтай болох” гэсэн зорилт байлаа. Пак энэ зорилтоо хэрэгжүүлж чадсан юм.   

Пак Чонхигийн “Улс, хувьсгал хийгээд би” гэдэг  номондоо “ Шинэ нийгмийн гол чухал зарчим  бол “ Хамгийн түрүүнд үндэсний үзэл”, “Хамгийн түрүүнд эдийн засаг” гэсэн уриа юм.” хэмээн бичжээ. Пак орчин үеийн хөгжлийн тухай өгүүлэхдээ: “ Солонгосын орчин үе гэдэг бол юуны өмнө аж үйлдвэржүүлэлт бөгөөд энэ нөхцлийг төвлөрсөн хүчтэй улс төрийн засаглал бүрдүүлж чадна. Шинэчлэлт, өөрчлөлт, эдийн засгийн хөгжил үгүйгээр улс хөгжиж чадахгүй. Өрнөдийн үнэт зүйл бол индивидуализм бөгөөд энэгүйгээр орчин үеийн хөгжил, ардчилал оршин тогтнож чадахгүй. “Би” гэдгийг үгүйсгэснээрээ өнгөрсөн үеийн хоцрогдлын гол шалтгаан оршиж байсан юм” гэжээ.Пак Чонхи хөдөө тосгоныг хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэв. Үүний тулд эхлээд мөнгө хүүлэгчдийг зогсоож, хоршоодыг дэмжиж, ургац авах үеэр үр тариаг улс худалдан авах зэрэг арга хэмжээг авав. Далаад онуудад улс орон аж үйлдвэржиж эхлэхэд хөдөө аж ахуй хоцрогдож эхлэв. Шинэ тосгоны хөдөлгөөн өрнуулж, газар тариаланг хөгжүүлж, усжуулалтын систем байгуулж, газрыг бордоо техник хэрэглэж боловсруулан, хоршоодыг урамшуулан дэмжиж орон сууц, халуун усны байр, соёлын ордон барьж байгуулав.Үүний дүнд солонгосын хөдөө нутаг танигдахгүй болж хөгжин өөрчлөгдөв.1978 оны ерөнхийлөгчийн сонгуульд Пак дахин ялалт байгуулав.

1979 оны сүүлчээр Пакын эсрэг чиглэсэн оюутны хөдөлгөөн Бусаны их сургуульд эхлэв. 50 000 хүн цугласан жагсаал сүүлдээ эмх замбараагүй болж төрийн байгууллагууд халдлаганд өртөж  400 жагсагчдыг баривчлав. Масанд жагсаал болж түүнд 10 000 оюутан оролцож тэд төрийн байгууллага, цагдаагийн байр руу дайрсан тул  эдгээр хотод онцгой байдал тогтоолоо.

Улс орон түгшүүртэй болсон энэ  үед Пак Ерөнхийлөгчийн эсрэг хэний ч санаанд оромгүй аймшигтай халдлага боллоо.Пакын итгэлт нөхөр нь түүний эсрэг халдлага хийв.Тагнуулын Төв Газрын дарга Ким Чэ Гю бол түүний ойр дотны нөхөр байсан юм.Тэд цэргийн сургуульд хамт сурч байсан ажээ. Пак түүнд итгэдэг учраас түүнийг ТТГ-ын даргаар томилсон нь мэдээж. 1979 оны 10 дугаар сарын 26-ны орой чухам юу болсныг өгүүлье. Энэ орой Хөх ордонд хэсэг төрийн зүтгэлтнүүд оройн зоог барьж байв. Энэ зоог дээр Пак ерөнхийлөгч, ТТГ-ын дарга Ким, Ерөнхийлөгчийн хамгаалалын албаны дарга Ча Жи Чхоль, ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Ким Ке Вон нар байсан ажээ. Эдний дунд гэнэт маргаан дэгдсэн байна.ТТГ-ын дарга Ким Чэ Гю ерөнхийлөгчийн хамгааллын албаны дарга Ча Чжи Чхолийн Бусанд болж байгаа оюутны хөдөлгөөнийг десантын цэргүүдээр буудуулах саналыг огт зөвшөөрөөгүй аж.Энэ оройн зоог дээр ерөнхийлөгч Пак оюутны хөдөлгөөнийг дарах чадваргүй байна хэмээн Кимийг зэмлэсэн аж.Ча Чхоль ерөнхийлөгчийн үгийг дэмжиж Кимийг буруутгасан байна. Доромжлуулсандаа уурласан Ким ширээгээ орхин гарч хоёр давхарт гараад өрөөндөө орж гар буугаа авч бие хамгаалагч нартаа: “Намайг буудаж эхэлмэгц та нар ч буудна шүү” хэмээн тушаав.Тэр доош бууж ерөнхийлөгч рүү хандаж: “Та яаж ийм новшийг зөвлөхөө болгосон юм” хэмээн хашгирч гар буугаа гарган Ча Чхолийг буудан унагаж дараа нь Пак ерөнхийлөгчийг буудав. Ким хамаг сумаа дуустал нь буудав. Ким гар буу нь ажиллахаа больмогц бие хамгаалагчийнхаа бууг шүүрэн авч үргэлжлүүлэн буудав. Олон удаа буудуулсан Пак ерөнхийлөгч болон Ча Жи Чхоль нар тэр дороо газар дээрээ нас баржээ. 1980 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын Шүүх ерөнхийлөгчийн амь насыг хөнөөсөн Ким Чэ Гю болон түүнийг дагасан 4 хүнийг цаазаар авах ял оноож гүйцэтгэв.

Ард түмнийхээ төлөө хамаг бүхнээ зориулсан Пак Чонхигийн амь нас ийнхүү эмгэнэлтэйгээр төгсгөл болсон юм. Улс орноо хүчирхэг болгож ард түмнээ баян чинээлэг болгосон түүний хувийн дансанд нэг ч доллар байгаагүй гэдэг.Пак Чонхийн ам бүл тавуулаа байлаа.Түүний эхнэр Юк Ён Су түүнд хоёр хүү, нэг хүү төрүүлж өгчээ. Ууган охин Пак Гын Хе нь 1952 онд төрсөн, улс төрийн зүтгэлтэн, Сэнури намын удирдагч, 2012-2017 онуудад БНСУ-ын Ерөнхийлөгч байсан. Өнөөдрийн орчин үеийн хүчирхэг Солонгосын хөгжлийн суурийг бат бэх тавьж өгсөн хүн бол яахын аргагүй ерөнхийлөгч Пак Чонхи юм. Пак бол их даруухан энгийн хүн байсан гэдэг. Жирийн тариачны зооглодог будааны зутан идээд амьдардаг байжээ. Пак бол эх оронч хүн. Пак авилгал тансаглалыг үзэж чаддаггүй хүн. Пак бол коммунизмыг үзэн яддаг хүн. Пак бол хамаг бүхнээ эх орондоо зориулсан хүн.Түүний амь насанд хойд солонгосын тагнуул туршуулууд удаа дараа халдаж байхад тэр огт айж байгаагүй. Тэр эрэлхэг зоригтой цэрэг эр, тэр бол цэргийн авьяаслаг жанжин.Пак Чонхи бол эдийн засгийг өөрчлөн байгуулагч их шинэчлэгч. Тэр хууль, шударга ёсыг тогтоохын төлөө хатуу чанга тэмцсэн. Өөртөө ч хатуу чанга ханддаг байсан.Тэр авилгал шамшигдлыг үздэггүй байсан.Тэр ард түмнээ ядуурлаас гаргаж баян чинээлэг болгохын төлөө тууштай тэмцсэн. Тэр зорилгодоо хүрч чадсан. Пак Чонхи ийнхүү 1961 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 72 доллар байсан, африкийн Нигери улсын түвшинд ядуу байсан, азийн хамгийн ядуу орон Солонгосыг хүлээн аваад ердөө  хорьхон жилийн дотор азийн хамгийн баян чинээлэг улсын нэг  болгож чаджээ.Ийм гарамгай чадварлаг удирдагч дэлхийд тун цөөхөн гарсан. Пакын шинэчлэлт амжилттай болж, өмнөд Солонгост нэг хүнд ногдох ДНБ жил бүр өсөж 1970-аад онд 1000 ам доллар хүрч, 1990 -ээд онд 10 000 долларт хүрэв.

Эдүгээ Өмнөд Солонгосын  нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны жилийн эцсийн байдлаар 39 380 ам долларт хүрч, дэлхийн  өндөр хөгжилтэй хүчирхэг улс болжээ. Ийнхүү өмнөд Сололнгосын нэг хүнд ногдох ДНБ 428 дахин өсчээ.  Өмнөд Солонгосын экспортын бүтээгдэхүүн 54 жилийн дотор 7000 дахин өсчээ. Өмнөд Солонгосын ДНБ 1 450 тэрбум долларт хүрчээ. Энэ нь Өмнөд Солонгос дэлхийд эдийн засгийн чадлаараа 11 дүгээрт  зогсож байна гэсэн үг. Чинээлэг дундад анги хүн амын 45.0  хувьд хүрч баян чинээлэг нийгмийг байгуулав. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 200 тэрбум ам.долларт хүрлээ. Бизнесийн таатай нөхцлаараа дэлхийд 5-р байрт орж байна. Гадаад худалдагаар нэг жилд  735 тэрбум долларын ашиг олж байна. Дэлхийд өндөр технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ эхний 5 дугаар байрт явж байна.Дэлхийн судлаачид өмнөд солонгосын эдийн засгийн гайхамшигийг судлаад дараах дүгнэлтэд хүрчээ.

Амжилт дараах таван хүчин зүйлээс шалгаалжээ.

1.Өөрийн хүчинд тулгуурлах бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Улс орон нь байгалийн нөөц баялаг байхгүй байсан. Ганцхан нөөц баялагтай байсан.Тэр нь хүн хүч. Улс орынхоо хүн амын боловсрол, мэргэжлийг дээшлүүлэхийн тулд бүх хүчээ чиглүүлсэн.Үүний дүнд улс орон нь өндөр мэргэшсэн ур чадвартай инженер, ажилчидтай болсон. Энэ хүчээр улс орныхооо эдийн засгийг жил бүр өсгөсөн.

2.Ерөнхийлөгч Пак Чонхи засгийн эрхийг аваад хамгийн түрүүнд Солонгосын хөрөнгөтөнүүдийг дайчилж улс орноо үйлдвэржүүлэх бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Ялангуяа хөлөг онгоц үйлдвэрлэх асуудлыг шийдэж дэлхийн томоохон хөлөг онгоц үйлдвэрлэгч болж чадсан. Энэ нь дайнд сүйтгэгдсэн эдийн засгийг хурдан босгох нөхцлийг бүрдүүлсэн.

3.Эдийн засгийн амжилтыг гэр бүлийн бизнес дээр тулгуурлан хийсэн. Өмнөд Солонгосын эдийн засгийн амжилтыг Чеболь хийсэн юм. Улсын төр, санхүүгийн хяналт дор гэр бүл дээр тогтсон тогтвортой ажиллагаатай хүчирхэг пүүс, компаниудын амжилт солонгосын эдийн засгийг хүчирхэг болгосон. Алдартай “Samsung”, “Hyundai” корпорацийн үйл ажиллагаа эдгээр компанийг үндэслэгч гэр бүлийн гарт тогтвортой найдвартай хөгжиж байсан түүх бэлээхэн харуулж байна.

4. АНУ, Япон, Герман зэрэг орны зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг өмнөд Солонгосын аж ахуйн нэгж,  компаниуд үр дүнтэй ашиглаж эргэлтэнд оруулж хөгжиж чадсан.

5. Авилгал, гэмт хэрэгтэй тууштай тэмцэж, хууль, шударга ёсыг хатуу гараар тогтоож, төр засгийг төвлөрүүлэн тогтворжуулж, эдийн засгийн хөгжлийн нөхцлийг бүрдүүлсэн.

Эцэст нь дүгнэхэд өмнөд Солонгосыг өөд нь татсан өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн архитектор, эх оронч дайчин генерал Пак Чонхигийн гавьяаг Солонгосын ард түмэн төдийгүй Азийн орны бусад ард түмэн ч санаж түүний улсаа хөгжүүлсэн туршлагыг хэрэгжүүлвэл зохистой ажгуу. 

Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()