1
Хүүхэд хүргэлтийн үйлчилгээ
Хүүхдийг шууд хайрцаг юмуу саванд хийгээд явуулдаг байсан гэсэн үг биш. Харин тусгай шууданчид бага насны хүүхдүүдийг хариуцаж аваад зохих газарт нь хүргэдэг байжээ. Ингэх нь хямд бөгөөд аюулгүйд тооцогддог байжээ. 20-р зууны эхэн үед АНУ-д хүүхдийг эцэг эхийн зөвшөөрлөөр тээвэрлэхэд 15 цент байсан гэхээр үнэхээр боломжийн үнэ юм. Ихэнхдээ эцэг эхчүүд хүүхдээ хамаатнууд эсвэл дотуур байртай суруульд ингэж явуулдаг байсан аж.
2
Хүүхдийн тор
20-р зууны эхэн үед хүүхэд салхилуулах газар хангалттай байдаггүй байсан учраас хүмүүс зүгээрл тагт юмуу цонхондоо тор суурилуулаад хүүхдээ хийдэг байжээ. Ингэснээр хүүхдээ чөлөөтэй агаар үзүүлэхээс гадна харж цагаа алдах шаардлагагүй болсон аж. Харамсалтай нь тор нь мултарч унаснаас болж хүүхэд эндсэн хэрэг хэд хэд гарсан тул энэхүү аргыг ашиглахаа больжээ.
3
"Хүн"-ий хүрээлэн
Барууны орнуудад бусад тивийн хүмүүсийг сонирхдог байсан ч тэднийг өөрсдийн хэмжээнд авч үздэггүй байсан юм. Тиймээс томоохон хотуудад "хүн" хүрээлэн буюу өнөөх зэрлэгүүдийг харуулдаг амьтны хүрээлэнтэй төстэй газрууд байгуулагдаж байжээ. Ихэнхдээ эдгээрт Африк, Латин Америкийн зэрлэг омгуудын хүмүүсийг харуулдаг байсан аж. Хамгийн сүүлд 1958 онд Брюссельд болсон дэлхийн үзэсгэлэнд Конго орны "зэрлэг"-үүдийн тосгоныг үзүүлсэн байдаг. Тухайн үед Конго улс Бельгийн колони байсан юм.
4
Этгээд эмчилгээний аргууд
Анагаах ухаан өнөөгийн хэмжээнд хүрэхийн тулд олон аймшигтай туршилтыг даван туулсан байдаг. Ялангуяа 20-р зууны эхэн үед туршиж байсан "эмчилгээнүүд" өнөөгийн бидний санаанд багтамгүй хэрцгий аргачлалтай байсан юм. Жишээлбэл сэтгэцийн өвчнийг анагаахын тулд тархийг шууд цахилгаанд цохиулах, энгийн өвчин намдаагч болгож кокайн мэтийн аюултай мансууруулах бодис ашиглах, хэвтэрт байгаа хүнийг сэргээхийн тулд шууд мөстэй усанд оруулах гэх мэт. Эдгээр нь тухайн үеийн хамгийн "хүнлэг" аргууд байсныг мөн дурдах нь зүйтэй.
5
Цацраг идвэхит бодистой бүтээгдэхүүнүүд
20-р зууны дунд үед хүмүүс цацраг идвэхит бодистой анх танилцсан билээ. Харамсалтай нь олон нийт тэдгээрийг амьтан ургамалд ямар хортойг мэдээгүй байсан учраас томоохон компаниуд үйлдвэрлэгчид, ялангуяа барууны орнууд цацраг идэвхт бодисыг хүүхдийн тоглоом, бугуйн цаг, гар чийдэн зэрэг өдөр тутмын эд зүйлс дээр ашиглаж эхэлжээ. Үүнээс болоод асар олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм. 1950-аад оны сүүлээр л хүмүүс цацраг идвэхит бодисын аюулыг ойлгосон байдаг.
6
Жирэмсэн эхчүүдэд зориулсан тамхи
Өнөөдөр бид тамхи татах нь ургийн хөгжилд ямар хор хөнөөлтэйг мэддэг болсон билээ. Гэвч 70 жилийн өмнө АНУ болон Европын томоохон тамхины үйлдвэрүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд тамхи татсанаар ургаас болж үүсдэг өтгөн хаталтыг эмчилдэг гэж идэвхтэй сурталчилж байв. Залуу эхчүүдийн хувьд мөн тамхи нь төрсний дараах стрессийг даван туулж, биеийн галбираа хурдан сэргээхэд тустай гэсэн ойлголт тарсан байв.
7
Сэтгэцийн эмнэлгүүд
1970-аад оноос л эхлээд сэтгэцийн өвчинг жинхнээсээ эмчлэх гэж оролддог болсон гэхэд болно. Түүнээс өмнө сэтгэцийн эмнэлэгүүдийн үйлчилгээ нь хөөрхий өвчтөнүүдээ хорихоос хэтрэхгүй байсан аж. Бүр зарим газрууд амьтны хүрээлэн эсвэл музэй шиг хүмүүсээс төлбөр авч өнөөх "галзуу"-чуудыг үзүүлж сонирхуулна. Цаашлаад эмч нар нь өмнө нь хэлсэнчлэн цахилгаанд цохиулах, өлсгөх, аюултай мансууруулах бодис тарих гэх мэтийн туйлын харгис арга хэрэглэн өвчтөнүүдээ "анагаадаг" байжээ.