‘The Land Before Time’ хүүхэлдэйн киноны Дакигийн дүрд дуу оруулсан Жудит Барси охины эмгэнэлт үхлийн түүх

Ердөө 10 насандаа Cheers болон Jaws: The Revenge кинонуудад дүр бүтээж, ‘The Land Before Time’ хүүхэлдэйн киноны Дакигийн дүрд дуу оруулсан залуу од Жудит Барсигийн амьдрал харагдаж байгаа шиг тийм ч аз жаргал дүүрэн байгаагүй юм. 1988 оны 7-р сарын 25-ны өдөр Жудит Эва Барси охин Лос Анжелес хот дахь гэртээ ээжийн хамтаар Жозеф Барси буюу эцгийнхээ гарт амиа алдсан билээ.

‘The Land Before Time’ хүүхэлдэйн киноны Дакигийн дүрд дуу оруулсан Жудит Барси охины эмгэнэлт үхлийн түүх

1 Цагаачийн охиноос Холливудын од болон хувирсан түүх

1978 оны 6-р сарын 6-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод цагаач хосын гэр бүлд мэндэлжээ. Унгар гаралтай тэд 1956 онд эх орон нь ЗХУ-ын дайралтад өртөх үед улсаасаа дүрвэн далайн чанадыг зорьсон аж. Ийнхүү Холливудын оддын амьдралыг үзсэн Мариа бүсгүй ганц охиноо урлагийн ертөнцөд хөл тавихад нь тусалж, биеэ зөв авч явах, өөрийгөө зөвөөр илэрхийлэх зэрэг харилцааны олон хэлбэрийг зааж сургажээ.

Хожим Мариагийн дүү Жозеф Велдон “Түүнийг охиноо од болгоно гэхэд би энэ бол 10,000-д нэг л тохиодог аз. Ийм зүйлд цагаа битгий үр” гэж байсан тухайгаа дурссан байдаг.

Цагаачийн охиноос Холливудын од болон хувирсан түүх

Харин тэр 10,000-д нэг тохиох боломж Жудит охинд олдож, зураг авалт хийж байсан багийнхан түүнийг мөсөн гулгуур дээр тоглож байгааг олж харснаар сурталчилгаанд тоглох саналыг охинд тавьсан гэдэг.

Түүнээс хойш хэдэн арван сурталчилгаанд тоглож, “Cheers” телевизийн инээдмийн цувралд тоглож, “Jaws: The Revenge” киноны гол дүрийг бүтээсэн билээ. Түүнчлэн 1984 онд “Fatal Vision” хэмээх бүтээлд аавынхаа гарт амиа алддаг охины дүрд тоглосон байдаг нь ирээдүйг зөгнөсөн гэлтэй явдал болсон аж

Ийнхүү олны танил болсон түүний кино найруулагчид бага насны хүүхдийн дүрд тоглуулах болж, өсөлтийн дааврын дутагдалтай гэсэн онош сонссон тул дааврын тарилга хэрэглэж байсан гэдэг. Иймээс ч түүнийг 10 нас хэдийн хүрсэн боловч 7, 8 настай хүүхдийн дүрд тоглуулж байсан тухай түүний төлөөлөгч байсан Рут Хансен хожим дурссан байдаг.

Чамгүй алдар нэрд гарсан бяцхан охин жилийн $100,000 цалин авах болж,  ядуу тарчиг амьдралтай гэр бүлээ санхүүгийн хүндрэлээс гаргаж, Сан Фернандо хөндийн Мишель гудамжийн 22100 тоот 3 унтлагын өрөөтэй байшинд ч нүүн орж байв.

2 Аавынхаа гарт амиа алдсан харамсалтай түүх

Олны нүдэн дээр алдар нэрд гарч яваа амжилт бүтээл дүүрэн залуу од байсан ч Жудит Барсигийн хувийн амьдрал хүчирхийлэл дунд байсныг хүмүүс тэр бүр мэдээгүй юм.

Архины хамааралтай байсан Жозеф Барси согтсон үедээ эхнэрээ хүчирхийлж, амийг нь хороохоор байнга сүрдүүлдэг байсан төдийгүй, түүнийг зовоохын тулд охиноо ч хорооно хэмээн заналхийлдэг байсан гэдэг. Үүнийг ч Жозефын найз Петер Кивлен "Тэр олон зуун удаа эхнэрээ алахыг хүсч байсан тухайгаа надад ярьж байсан. Тэр бүрт найзыгаа тайвшруулж, эхнэрээ хороовол бяцхан охин яах болж байна" хэмээн тайтгаруулдаг байсан гэж баталсан байдаг ажээ.

Түүнчлэн “Jaws: The Revenge” киноны зураг авалтад оролцохоор Багамын арлууд руу нисэхийнх нь өмнө Жозеф Барси охиндоо хутга тулгаж, “Эргэж ирэхгүй бол чамайг олж хоолойг чинь хэрчинэ” хэмээн сүрдүүлсэн ч түүх бий.

Үнэхээр ч Жудит охин гэртээ очихоос айдаг тухайгаа найзууддаа ярьж байсан бөгөөд цаг ямагт согтуу байдаг аав нь ээжийг нь алахыг хүсдэг талаар ч дурдаж байжээ. Эмгэнэлт явдал болохоос хэдхэн сарын өмнө 1988 оны 5-р сард нэгэн дүрийн сонгон шалгаруулалтын өмнө уйлж, ярьж ч чадахгүй ээрч байсан охиныг хараад түүний төлөөгч Хансен байдал ямар муу байгааг анх мэдсэн төдийгүй түүнийг сэтгэл засалчид хандахыг зөвлөж, Лос Анжелес хотын Гэр бүл, хүүхдийн халамжийн төвд мэдэгдсэн ч байдал өөрчлөгдөөгүй аж.

Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн Мариа Барси салахаар шийдэж, охиныхоо зураг авалт болж буй дүүрэгт ойр байр түрээслэн боломж гарах үед охинтойгоо зугтах төлөвлөгөө боловсруулсан байсан ч 1988 оны 7-р сарын 27-ны өдрийн 8 цаг 30 минутын үед охиныхоо хамт нөхрийнхөө гарт амиа алдсанаар дууссан түүхтэй.

Аавынхаа гарт амиа алдсан харамсалтай түүх

Алдар нэрийн өөд явж байсан бяцхан охины амьдрал ийнхүү харамсалтайгаар дууссан ч түүний бүтээсэн дүрүүд үүрд мөнх үлдсэн билээ. Түүнийг өөд болсны дараа түүний дуу оруулсан The Land Before Time (1988) болон All Dogs Go To Heaven (1989) кинонууд нээлтээ хийж, All Dogs Go To Heaven киноны төгсгөлд “Хайр бүхнийг ялна” хэмээх дууг Жудит охины дурсгалд зориулан эгшиглүүлсэн гэдэг.

Хожим түүний үйлчлүүлдэг байсан агентлагийн тэргүүн Бонни Голд, “Жудит тун авъяаслаг нэгэн байсан. Түүнд бүх л хаалга нээлттэй байлаа” хэмээн дурссан байдаг билээ.

Мөн тэдний амьдарч байсан байшинг худалдан авсан гэр бүл 2020 онд гаражийн хаалга өөрөө нээгдэж, хаагддаг мөн гэрт нь саарал зүйл харагддаг тухай ярьсан бөгөөд Жудит охины сүнс гэртээ үлдсэн хэмээн таамаглаж байгаагаа ч илэрхийлжээ. Энэхүү явдлын дараа Murder House Flip телевизийн шоу багийнхан тус байшинд ажиллаж, туршилт явуулсан ч үр дүнд хүрээгүй ажээ. Тухайн үед оршин суугчид засвар хийснээс хойш элдэв явдал болоогүй хэмээн тайлбарлаж байв. Хэдий залуугаараа хорвоог орхисон ч Жудит охины бүтээсэн дүрүүд кино урлагт мөнхрөн үлдсэн билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()