Томоохон гамшгийн дохио болж буй Сибирийн нууцлаг нүхнүүд

2020-11-16, 15:00
65,676

Анх 2014 онд гэнэт гарч ирсэн нууцлаг тогоо нь дэлхийн эрдэмтдийн сонирхлыг татаж, гайхшруулсаар иржээ. Үүнийг хэрхэн үүссэн талаар олон таамаг байдаг. Эдгээрээс хамгийн хачирхалтай нь үүнийг пуужин унасны үр дүнд, эсвэл бүр харь гаригийнхны нөлөөгөөр үүссэн гэж үздэг хүмүүс ч байдаг байна. Тэгвэл саяхан Оросын хойд хэсэгт орших Ямалын хойг дээрх нууцлаг тогоонд хийсэн шинэ судалгаагаар багагүй зүйлсийг олж мэджээ.

Томоохон гамшгийн дохио болж буй Сибирийн нууцлаг нүхнүүд

Уур амьсгалын өөрчлөлт, Сибирийн мөнх цэвдгийн хайлалтаас болж Ямал, Гыданы хойгийн мөсөн тундрт эдгээр тогоонууд үүсэж эхэлсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эрдэмтэд эдгээр асар том нүхнүүдийн нэг нь усаар дүүрч байгааг олж мэджээ. Сүүлийн экспедицүүдийн нэгийг удирдсан профессор Василий Богоявленский хэлэхдээ: “Ирэх жил энэ нүх бүрэн нуур болж хувирна гэж бодож байна. 10-20 жилийн дараа энд юу болохыг хэлэхэд хэцүү байх болно. Тиймээс ийм объектуудыг хурдан хугацаанд судлах хэрэгтэй. "

2020 онд Ямалд үүссэн шинэ нүх

Профессорын үзэж буйгаар ийм тогоо нь "пинго" хэмээх толгодоос үүссэн байх магадлалтай. Туйлын бүс дэх мөс, мөнх цэвдэгт хөрснөөс бүтсэн өндөрлөг толгойг газарзүйн ухаанд "пинго" хэмээн нэрлэдэг байна.

Дэлхийн цөмөөс ялгарч буй дулааны урсгалын улмаас пинго хайлж эхэлдэг бөгөөд хагас хайлсан мөсөн цөм нь метан хийгээр дүүрдэг. Улмаар дэлбэрэлт болж, мөс, хөрсийг агаарт цацагдан тогоонууд үүсдэг. 

Метан хийг энэ бүхний шалтгаан гэж үздэг ч хамгийн сүүлийн экспедицийн үр дүнгээс харахад хэмжээ нь хэвийн байжээ.

2014 оны зун дэлбэрсэн Ямалын тогоо

2014 онд анхны тогоо илэрснээс хойш дахиад арван долоон тогоо бий болжээ. Ямал, Гайданы хойгт долоон мянга гаруй пинго толгод байгаа нь эрдэмтдийн цуглуулсан мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Ямалын хойгийн төв хэсэг дэх тогоог C1 гэж нэрлэдэг. 2014 тус газар байсан пинго толгой дэлбэрч, хөрс, мөсний хэсгүүдийг агаарт 1000 шахам метр өндөрт цацаж байжээ. Үлдсэн тогоо нь хорин таван метр диаметртэй, тавин метр гүн байв.

2016 оны намар гэхэд энэ нь усаар дүүрч, жинхэнэ нуур бий болжээ. Нэг эмэгтэй үүнийг маш их сонирхож байсан тул өдөр бүр харахаар ирдэг байж. 

Нэгэн өдөр тэрээр тогооны ойролцоо газрын гүнээс чичирхийлэл мэдэрсэн бөгөөд түүнийгээ "газар амьсгалж байгаа мэт санагдсан" гэжээ.

Одоо ч томорсоор буй "Батагай" тогоо

Профессор Василий Богоявленский пинго толгодын зөвхөн 4-5% нь л аюултай гэж мэдэгджээ. Тэрбээр дэлбэрэлт болохоос нь өмнө пингогийн дотор хуримтлагдсан метаны хийг гаргаж авах шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлсэн байна.

Үүнээс гадна мөсөн цөм нь хайлж эхлэхэд зарим пинго дэлбэрэхээс илүүтэйгээр нурах магадлалтай байдаг ажээ. 

Канадын баруун хойд нутаг дахь Туктояктукт арван гурван мянга орчим пинго байдаг. Толгодууд Канадын хилээс Юкон голын хөндий хүртэл үргэлжилдэг байна. 

Пинго нь янз бүрийн хэмжээтэй - арван таваас дөрвөн зуун тавин метр өргөн, гурваас гучин метр өндөр гэх мэт. Тэдгээр нь ихэвчлэн дугуй эсвэл эллипс хэлбэртэй байдаг. 

Канадад байдаг Ибюк Пинго (50м) бол дэлхийн хамгийн өндөр пинго юм. Жил бүр өндөр нь хэдэн арван см-ээр өсдөг. 

Ямалын хойг дахь мөнх цэвдгийн нэг пинго

Мэргэжилтнүүд "пинго дэлбэрэх" үзэгдлийг судалсаар байна. Энэ аюултай үзэгдлийг ялангуяа газрын тос, байгалийн хий үйлдвэрлэдэг бүс нутгуудад маш анхааралтай ажиглаж байх ёстой. Учир нь тэнд гэнэтийн дэлбэрэлтийн аюул маш их байдаг. 

Хачирхалтай нь, Ямал гэдэг нэр нь "дэлхийн төгсгөл" гэсэн утгатай байдаг аж.

Эхний дэлбэрсэн пинго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()