1
Уреаплазма
Уреаплазма нь нэгэн төрлийн өвчин үүсгэгч шимэгч нян бөгөөд ихэнх тохиолдолд хүний биед аюул учруулдаггүй ажээ. Энэ төрлийн нян нь бэлгийн замаар халдах нь элбэг ба ихэвчлэн эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдоно. Тодруулбал эмэгтэйчүүдийн 40 гаруй хувьд, эрчүүдийн 5-15 хувь нь энэ төрлийн нянг тээгч гэсэн судалгаа бий. Эрчүүдийн шээсний суваг эмэгтэйчүүдийнхээ илүү мэдрэг байдаг тул энэ нянгаар өвчилсөн эрчүүдэд бие засах үед өвдөх шинж тэмдэг илрэх нь түгээмэл ба цөөн тохиолдолд үрэвсэл үүсгэдэг байна.
Бүсгүйчүүдийн хувьд энэ нян нь ихэвчлэн цистит хэлбэрээр илэрч, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох үед дамжих эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Ийнхүү нэгэнт давсгийн үрэвсэл болсон тохиолдолд эмчилгээгүй болж, бие засах үед хүчтэй өвдөх, үргүйдэлтэй болох магадлалтай тул курс эмчилгээ хийлгэж эртнээс эмчлүүлэх, эмчийн заавраар антибиотик уух хэрэгтэй.
2
Хүний папилома вирус (HPV)
Дэлхийн нийт хүн амын 80 орчим хувь нь хүний папилома вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Энэхүү вирус нь бэлгийн замаар болох эхээс үрд дамжих замаар тархдаг аж. Гэхдээ тус вирусийн 100 гаруй хувилбар дундаас ганц нь л хорт хавдар үүсгэгч болдог байна.
Олон удаагийн төрөлт, стресс зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэйгээр хүний дархлааны тогтолцоо сулрах үед үү, булцуу, хавдар гэх мэт шинж тэмдгээр хөнгөн илрэн гардаг аж. Түүнчлэн хүний папилома вирус (HPV) нь хүний цусанд нэвчдэггүй цор ганц вирус тул үрэвсэл үүсгэдэггүй байна.
3
Цөсний хүүдийн чулуу
Цөсний хүүдийн чулуу маш алгуур, ямар нэгэн шинж тэмдэггүй “чимээгүй” бүрэлдэн бий болдог нь аюул тарих үндэс болдог ажээ. Статистик судалгаагаар дэлхийн нийт хүн амын тавны нэг нь ямар нэгэн байдлаар цөсний хүүдийн чулуутай байх ба бүсгүйчүүд эрчүүдээс харьцангуй илүү өвчлөх хандлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд эстроген дааврын нөлөөгөөр цөсний чулуу үүсэх магадлал нэмэгддэг ба цаашилбал цөсний хүүдийн суваг бөглөрөх ч эрсдлийг дагуулдаг. Энэ тохиолдолд хүнд нурууны баруун талаар таллаж өвдөх, дотор муухайрч, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд сөрөг нөлөө их гарах эрсдэлтэй боловч цөсний хүүдийн чулууг орчин цагт мэс ажилбарын аргаар хялбар авах боломжтой болоод буй билээ.
4
Хеликобактер
Дэлхий дээрх хамгийн түгээмэл нянгуудын нэг болох хеликобактер нь хүний гэдэс, ходоодонд үржиж, шимэгчлэх замаар үрждэг ажээ. Энэ нян нь ходоодны шархлаа, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчний эмчилгээний үед бүрэн устах боломжтой боловч үнсэх, хүрэх, аяга тавгаар дамжих гэх мэт маш олон хэлбэрээр дахин хеликобактер авах эрсдэлтэй байдаг ажээ. Хүндэрсэн үедээ энэ нян нь шар хөөрөх, бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
5
Гемангиом
Гемангиом нь нярай хүүхдэд ихэвчлэн тохиолддог хоргүй хавдар бөгөөд хүүхэд төрснөөс хойш эхний 1 сарын хугацаанд арьс, дотор эрхтэнд үржиж урт хугацаанд арьсан дээр толбо хэлбэрээр үлдэх хандлагатай байдаг аж. Харин насанд хүрсэн хүнд хүрэн улаан өнгийн толбо арьсан дээр үүсэх шинж тэмдэг илэрдэг ба энэ тохиолдолд хортой байх магадлалтай тул яаралтай эмчид хандах шаардлагатай.
6
Бөөрний уйланхай
Бөөр нь уйланхай үүсэх хамгийн боломжит эрхтнүүдийн нэг ажээ. Энэ төрлийн өвчин нь ихэвчлэн эрчүүдийн дунд түгээмэл байх ба нас ахих тусам уйланхай ургах магадлал нэмэгдэж байдаг ажээ. Түүнчлэн бөөрний уйланхай нь ихэвчлэн шинж тэмдэггүй ургадаг ба ховор тохиолдолд цистит үүсгэх, цустай шээх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
7
Элэгний уйланхай
Ихэвчлэн 40-50 насны эмэгтэйчүүдэд тохиолддог элэгний уйланхай нь хэдий хоргүй, хүний биед хүндрэл учруулдаггүй боловч цөсний чулуу, элэгний циррозтой хавсран хүндрэх магадлал бий. Түүнчлэн хэрэв уйланхай хагарсан тохиолдолд үрэвсэл үүсч, элэгний хөндий идээлэх ч эрсдэлтэй байна. Тус уйланхай нь хамгийн томдоо 7 см хүртэл томорч ургах ба ядарч сульдах, бие хүндэрч, амьсгал давчдах зэрэг хөнгөн шинж тэмдгүүд илрэх нь бий.