1
Чөтгөр төрсөн
1811 онд Сиам буюу одоогийн Тайландад ихэр ах дүүс болох Чанг болон Энг Банкер нар төржээ. Гэвч эцэг эх нь хүүхдүүдээ хараад шоконд орсон байна. Учир нь тэд цээжээрээ нийлсэн байсан гэнэ.
Сиамын хаан энэ талаар сонсож, шинэхэн төрсөн хүүхдүүдийг “чөтгөр” хэмээн үзэж тэднийг алах тушаал гаргасан боловч ээж нь тэднийг аварч чадсан байна. Хэсэг хугацааны дараа Банкерын гэр бүл ихрүүдийгээ 500 доллараар заржээ. Ихрүүдийг өссөний дараа тэднийг циркийн үзүүлбэрт ашиглах болсон бөгөөд энэ үедээ “сиамын ихрүүд” гэх нэртэй болсон аж.
Хэдийгээр тэд цээжээрээ нийлсэн байсан ч тус бүртээ хувийн амьдрал зохиогоод зогсохгүй эхнэр, хүүхдүүдтэй болсон байна. 1843 онд ихрүүдийн хуримын ёслол болсон бөгөөд тэд эгч дүүс болох Аделаид болон Сара Энн Эйтс нартай гэрлэсэн аж. Ихрүүд нийтдээ 21 хүүхэдтэй болжээ.
Хэсэг хугацааны дараа Чанг архинд донтож, харин Энг эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж байсан учир тэд тогтмол муудалцах болсон байна. 1874 оны 1-р сард Чанг 63 насандаа хатгаа өвчнөөс болж нас барсан бөгөөд түүнийг нас барснаас хойш 3 цагийн дараа цоо эрүүл байсан Энг нас барсан аж.
2
Хоёр толгойт гургалдай
1851 онд Хойд Каролинагийн нэгэн боолын гэр бүлд бөөрөөрөө нийлсэн ихэр охид төрсөн байна. Милли болон Кристин нарын ээж нь охидоо эзэндээ үзүүлэхийг хүсээгүй ч эзэн нь энэ талаар мэджээ. Ингээд тэр охидыг ээжээс нь авч, циркт зарсан бөгөөд үзүүлбэр бүрээс тодорхой хувь авахаар тогтоосон аж. Гэвч охидыг циркээс хулгайлсан ч удалгүй хулгайчдыг баривчилж охидыг буцаасан гэнэ. Охидыг үзүүлбэр болгон ашиглаж, мөнгө олох хүсэлтэй хүмүүсийн тоо багагүй байсан учир тэдний эзэд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байна.
Эцэст нь шоумен Жозеф Смит болон түүний эхнэр охидыг авч, Англи руу нүүснээр тэдэнд анхаарал хандуулж, боловсрол эзэмшүүлэх тал дээр ажиллаж эхэлжээ. Охид 5 гадаад хэлтэйгээс гадна, хөгжмийн зэмсэг дээр тоглож, гайхалтай дуулж байсан юм. Охидын тоглолтыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж байсан бөгөөд тэднийг шүтэн бишригчид нь “хоёр толгойт гургалдай” хэмээн нэрлэсэн байна. Хэдийгээр боолын гэр бүлд төрсөн ч тэд эрх чөлөөг олж, алдартай дуучид болж чаджээ. Милли болон Кристин нарын шүтэн бишригчдийн нэг нь хатан хаан Виктория байсан аж.
Сиамийн ихэр охид 12 цагийн зайтай сүрьеэ өвчнөөр нас барсан гэнэ.
3
Хоёр ээжийн нэг хүүхэд
Ташаа хэсгээрээ холбогдсон сиамын ихрүүд болох Роза болон Жозеф Блажек нар 1878 онд Богеми буюу одоогийн Чех улсад төрсөн байна. Хэдийгээр эцэг эхчүүд нь тэднийг салгах хагалгаа хийлгэхэд бэлэн байсан ч эмч нар боломжгүй гэж хэлжээ. Ийнхүү сөрөг хариу сонссон ихрүүдийн эцэг эх тэднийг өлсгөж, амийг нь хороохоор шийдсэн байна. Азаар, тэд эрт ухаарч ихрүүдийг хооллоод зогсохгүй боловсролтой болгох тал дээр анхаарал хандуулах болсон аж.
Роза болон Жозеф нар хийл хөгжим дарж, тус бүрийн хостойгоо бүжиглэж чадаж байжээ. Охид залуустай болзож хайр сэтгэлийн холбоотой болж, гэрлэх санал хүртэл авч байсан ч эцэг эх нь гэрлэхийг зөвшөөрөөгүй байна.
Нэгэн удаа Роза офиццер залууд чин сэтгэлээсээ дурлажээ. Бүсгүй түүнтэй дотно харилцаанд орохыг хүсэж байсан ч ихэртэйгээ дундын гадна бэлэг эрхтэнтэй байсан учир энэ нь боломжгүй болсон байна. Роза маш ихээр гуниглаж, харин Жозеф өөрийн ихрийг хайртай хүнтэйгээ дотносох боломжийг олгосон аж.
Хэсэг хугацааны дараа Роза жирэмсэн гэдгээ мэдсэн бөгөөд 9 сарын дараа эрүүл чийрэг хүү төрүүлж, Франц гэж нэрлэсэн байна. Хэдийгээр ихэр охид тус бүртээ умайтай байсан ч Розаг төрсний дараа ихрүүдийн хөхөнд хоёуланд нь сүү оржээ.
1922 онд Жозефа шар өвчнөөр өвчилсөн гэнэ. Розаг аврахын тулд эмч нар хагалгаа хийх саналыг тавьсан ч тэр татгалзаж, ихрүүд хамтдаа нэг өдөр нас барсан аж.
4
Өөрийгөө эрэгтэй хэмээн зарласан
Эгч дүүс болох Лори болон Дори Шапелл нар толгойгоороо нийлж төрсөн байна. Гэвч эцэг эх нь хүүхдээсээ татгалзсан тул тэд тусгай асрамжийн газар амьдарч байсан гэнэ. Хэдийгээр асрамжийн газрын ажилчид ихэр охидыг халамжилж, анхаарал хандуулж байсан ч боловсролын талаар хэн ч бодоогүй аж. 24 нас хүрмэгцээ Лори шүүхийн замаар коллежид орох эрхийн төлөө тэмцсэн байна.
Лори боломжоороо өөрийнхөөрөө амьдарч байсан бөгөөд нэгэн залуутай сүй хүртэл тавьсан аж. Үүнээс гадна тэр боулинг тоглох дуртай байжээ.
Харин Доригийн хувьд хөгжим дарах дуртай байсан учир Реба нэрийн дор орон нутгаар аялан тоглолт хийдэг хамтлагийн гишүүн болсон аж. Хожим нь тэр өөрийгөө эмэгтэй хүний биед нуугдсан эрэгтэй хэмээн зарлаж Жорж хэмээн дуудахыг хүссэн байна.
Толгойгоороо холбоотой ихрүүдийн хувьд бие дааж нэг алхам ч хийж чадахгүй хэрнээ тус бүрийн сонирхолтой байсан нь хачирхалтай. Үүнээс гадна тэд 2 унтлагын өрөөтэй бөгөөд 2 өрөөндөө ээлжилж унтдаг байжээ.
5
Туршилтын туулай
Эгч дүүс Маша болон Даша Кривошляповыг төрөх үед асрагч газар дээрээ ухаан алдаж байсан гэнэ. Учир нь охид нэг бие, хоёр толгой, гурван хөлтэй байжээ. Эхлээд эх баригчид ээжид нь охидыг амьгүй төрсөн гэж хэлсэн ч дараа нь сувилагчдын нэг нь бүсгүйд хүүхдүүдийг харуулахад бүсгүй шууд галзуурсан гэнэ. Эцэст нь эцэг нь хүүхдүүдээ нас барсан гэх баримтанд гарын үсэг зурж ихэр охид болох Маша болон Даша нар Анагаах Шинжлэх Ухааны академид шилжиж, шинжээчид тэдний бие физиологийг судлах болсон байна.
7 жилийн дараа охидыг Гэмтэл Согог Судлалын Төв Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд шилжүүлж, тэд 20 нас хүртлээ тухайн газар амьдарчээ. Эгч дүүст судалгаа хийж, эмчилж, хооллож байсан ч эрдэм шинжилгээний хүрээлэнд зочин эсвэл сэтгүүлчид ирэх үед л хувцаслаж байсан гэнэ. Үүний дараа ихрүүд тусгай асрамжийн газар амьдарч байсан бөгөөд согтууруулах ундаад донтсон байна.
Кривошляповын эгч дүүс 40 нас хүрснийхээ дараа Москвад өөрийн гэсэн орон сууцанд амьдрах боломжтой болжээ. Гэвч тэд элэгний цирроз, уушгины өвчтэй байсан учир удалгүй нас барсан гэнэ. Олон жилийн турш архины хамаарлын эсрэг тэмцсэн Машагийн зүрх нь өвдөж, тэр зүрхний шигдээс өвчнөөр амиа алдсан байна.
Харин Даша ихрээ нас барсан гэж бодохыг хүсэхгүй байсан бөгөөд түүнийг зүгээр бат бөх нойрондоо унтаж байгаа гэж өөртөө итгүүлж байжээ. Гэвч ихрүүдийн цусны эргэлтийн систем нэг байсан учир Даша ихрийгээ нас барсны дараа удалгүй амьсгал хураасан гэнэ.
6
Дундын төрсний гэрчилгээ
Резахановын гэр бүлийнхэн сиамын ихрүүдээ энэтхэгийн киноны баатрын нэрээр Гита болон Зита хэмээн нэрлэжээ. Бүсэлхий хүртлээ эдгээр охидын бүх зүйл хэвийн боловч бүсэлхийнээс доош тэд нэг эрхтэнтэй байсан гэнэ. Нэг давсаг, нэг шулуун гэдэс, нэг умай, 2 өндгөвч гэх мэт. Харин хөлний хувьд 3 хөлтэй. Улсын бүртгэлээс охидын дунд нэг төрсний гэрчилгээ бичиж өгөх гэж байсан ч эцэст нь хоёр хүн хэмээн бүртгэсэн байна.
Гита бүх зүйлийг түрүүлж хийж сурсан аж. Тэр түрүүлж мөлхөж, түрүүлж хэлд орж Зитад үлгэр дуурайлал болжээ. Охид зураг зурах дуртай ч ихэнхидээ 2 толгой, 3 хөлтэй хүн зурдаг байсан гэнэ. Үүнээс гадна тэд хүүхэлдэйгээр тоглохдоо толгойг нь холбож, нэг хөлийг нь таслаж байжээ.
12 жилийн дараа охид хагалгаа хийлгэхийг хүссэн бөгөөд Филатовын нэрэмжит Москвагийн хүүхдийн төв клиникийн эмч нар энэхүү хагалгааг хийсэн байна. Хагалгаа 10 цагийн турш үргэлжилж, хагалгааны дараа охид нэг хөлтэй үлдэж, хоёрдахь хөлийг нь хиймэл хөлөөр орлуулжээ.
Ингээд тэд дэлхий даяар алдартай болж, төрөл бүрийн зурагтын нэвтрүүлэгт оролцож, ихэр охидын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч багагүй шуугих болсон гэнэ.
Хагалгааны дараа Зита өвчин ороосон хүүхэд болсон бөгөөд 24 настай байхдаа “Зита миний өмнөөс аз жаргалтай амьдраасай” хэмээн инээмсэглэн хэлж нас баржээ.
Харин Гита англи, араб хэл сурч, Кораныг цээжээр мэддэг болсон аж. Тэрээр скайпаар хичээл зааж Исламын их сургуульд орохоор төлөвлөж байгаа гэнэ. Заримдаа Зита ихрийнхээ зүүдэнд орж ирдэг болохыг тэр ярьжээ.
7
Өөр өөрийнхөө биед амьдрах хүсэл
Сиамын ихрүүд заримдаа 2 толгой нэг биетэй байдаг учир хагалгаа хийх нь аль нэгнийхэн амь насанд эрсдэлтэй байдаг.
1974 онд Иранд төрсөн толгойгоороо нийлсэн сиамын ихрүүд болох Ладан болон Лале Бижаны нар бүхий л амьдралынхаа туршид нэг нэгнийхээ царайг харахыг хүсэж байжээ. Тэднийг 5 нас хүрэхэд охидыг хулгайлсан учир Ладан, Лале нар өргөмөл гэр бүлд өсчээ. Арван жилийн сургуулиа төгссөнийхөө дараа ихэр охид Тегераны их сургуулийн хуулийн ангид элсэн орж амжилттай дүүргэсэн аж. Гэвч охидын цор ганц мөрөөдөл нь тус бүртээ, өөрийн биед амьдрах байсан юм.
Германд энэ төрлийн хагалгааг хийхээс татгалзсан учир охид Сингапурт явсан ч хагалгаа амжилтгүй болж тэд хагалгааны ширээн дээр хэдхэн цагийн зөрүүтэй амьсгал хураажээ.