Алдарт "Кавказад болсон явдал" киног Францын нэгэн инээдмийн киноноос хуулбарлаж бүтээснийг илрүүлжээ

2022-01-19, 14:30
5,568

Плагиаризм буюу хуулбарлах явдал ЗХУ-ын кино урлагт түгээмэл тохиолддог байжээ. Зөвлөлтийн найруулагчид барууны алдартай уран бүтээлийн зохиолыг нь орос хэв маягт нийцүүлэн өөрчилж, өөрийн бүтээл болгон түгээх явдал инээдмийн киноны алдарт мастер Леонид Гайдайг ч тойроогүй байна. Түүний хамгийн шилдэг бүтээл болох "Кавказад болсон явдал " киноны сэтгэлд хоногшсон гурвалын дүрийг 1930 онд Америкт гарсан "The Rogue Song" киноноос санаа авч бүтээсэн гэдэг нэгэнт тодорхой болсон. Гэтэл саяхан Оросын нэгэн кино экспертийн олж судалснаар Шурикийн адал явдал бараг тэр чигтээ Францын нэгэн инээдмийн киноны хуулбар байж таарчээ.

Алдарт "Кавказад болсон явдал" киног Францын нэгэн инээдмийн киноноос хуулбарлаж бүтээснийг илрүүлжээ

1957 онд гарсан Францын инээдмийн кино "Le triporteur" (Гурван дугуйт) болон 1967 онд Зөвлөлтөд гарсан "Кавказская пленница" (Кавказад болсон явдал) нь хоорондоо гайхалтай адилхан байгааг Оросын найруулагч Сергей Турулин анзаарчээ. Энэхүү нээлтийнхээ тухай тэрээр твиттер хуудастаа бичиж, хоёр кинон дээрх ижил төстэй дүрсүүдийг харьцуулан хавсаргажээ.

"Гайдай бараг бүх үйл явдлыг тэр киноноос хуулсан байгаа нь хачирхалтай. Гол дүрүүдээс нь харахад л бүх зүйл тодорхой. Нүдний шилтэй этгээд залуу, улаан даашинзтай гоо бүсгүй. Санамсаргүй уулзалт, дүрүүдийн зөрчил, аз жаргалтай төгсгөл гээд бүгд ижилхэн" хэмээн тэрээр бичжээ.

Үнэхээр ч хоёр киноны ижил төстэй зүйлсийг анзаарахад заавал гярхай нэгэн байх шаардлагагүй аж. Мөн цэвэр тохиолдол гэмээргүй үйл явдлын давхцалууд өрнөж байгааг Турулин анализ хийж үзээд илрүүлжээ. 

"Франц кинон дээрх ихэнх дууны эффектүүдийг тэр чигт нь авсан байна. Цохилт, цахилгаан, хурдлуулсан хөдөлгөөн, ухраасан хөдөлгөөн, нисэлт, уналт гэх мэт. Дүрүүдийн нүүрний хувирал, үйл хөдлөл нь бас ижил. Тэр ч байтугай ижилхэн машинтай хөөцөлдөөн, ижилхэн майхан, хүнсний ногоо, жимс, бүжиглэдэг хэсэг гарна" гэжээ.

Кино зохиолын хувьд хоёуланд нь гол дүр мэддэггүй газраа очсоноос болж хөгжилтэй явдал тохиолдож буй ерөнхий санаа агуулагджээ. Гол дүрийн залуу нь согтож, амьтадтай ярилцаж, мөн эмнэлэгт очдог хэсгийн харилцан яриа нь хүртэл төстэй байжээ. 

Сергей Турулиний энэхүү нээлтийн тухай цахим орчинд томоохон хэлэлцүүлэг өрнөжээ. Ихэнх хүмүүс Зөвлөлтийн найруулагчийн бүтээлийг илт плагиаризм мөн гэдэг дээр санал нэгдэж байв.

Хамгийн гол нь "Кавказад болсон явдал" зөвхөн ЗХУ-д гэлтгүй олон социалист оронд жинхэнэ байлдан дагуулж, одоо хүртэл яригддаг бүтээл болсон байхад "оригиналь" франц кино нь эх орондоо төдийлөн амжилтанд хүрч чадаагүй аж. Ийм учраас зарим хэрэглэгчид Гайдайг өмөөрч, түүний кино илүү хөгжилтэй, сонирхолтой, дүрслэл сайтай болохыг онцолжээ.

"Бүхий л уран бүтээл өмнө нь гарсан бүтээлээс санаа авсан байдаг шүү дээ. Шекспир Грекийн эмгэнэлт зохиолыг ашигласан, Гайдай ч өөрөө Чарли Чаплины кинонуудаас санаа авсан гэдгээ нуугаагүй" хэмээн нэгэн хэрэглэгч үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()