Өөрийгөө хөлдөөх аргаар гүн нойрсож, ирээдүйд сэрэхээр шийдсэн анхны хүний түүх

Шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд дээр хүнийг хөлдөөж хадгалдаг технологийн тухай гардаг билээ. Сонирхолтой нь бодит амьдрал дээр энэхүү туршилтыг хэд хэдэн удаа хийж үзсэн байдаг. Чухамдаа хамгийн анх Жэймс Хирам Бедфорд хэмээх эр өөрийгөө хөлдөөж байсан аж.

Өөрийгөө хөлдөөх аргаар гүн нойрсож, ирээдүйд сэрэхээр шийдсэн анхны хүний түүх

Юуны өмнө аливаа амьд биетийг хөлдөөж хадгалах 2 арга байдаг болохыг тайлбарлах нь зүйтэй. Тэдгээр нь криоген ба крионик хадгалалтын аргууд юм. Олон хүмүүс энэ хоёр нэр томъёо нь ижил зүйлийг илэрхийлдэг гэж боддог ч үнэндээ эдгээр нь хоорондоо маш ялгаатай аж.

Криоген нь арай бага температурт хүнийг хөлдөөхийг хэлэх бөгөөд энэ аргаар хадгалсан хүний бодисын солилцоо хэвийн явагддаг учраас зүгээр л гүн нойрсохтой зүйрлэж болно. Харин крионик арга гэдэг нь бие махбодийг байж болох хамгийн хүйтэн хэмд хөлдөөж хадгалах арга юм. Крионикоор хадгалагдсан хүний бүх бодисын солилцоо нь зогсох бөгөөд тухайн хүнийг дахин амьдруулах хэмжээний илүү дэвшилтэт технологи гарч ирсний дараа л гэсгээх аж. 

Түүхэнд ийм туршилт хийсэн анхны хүн бол сэтгэл судлаач Жеймс Хирам Бедфорд юм. 1893 онд төрсөн тэрээр Калифорнийн их сургуулийн судлаач болсны дээр 1940-өөд онд профессор цол хүртжээ. Тэрээр зөгнөлт зохиол, дэвшилтэт технологи сонирхдоггүй байсан ч хүний тархитай холбоотой бүхнийг шимтэн судалдаг байсан аж.

Харамсалтай нь Бедфорд 1960-аад онд бөөрний хорт хавдар туссан байна. 1960-аад оны үед анагаах ухааны салбар хорт хавдарыг төдийлөн сайн эмчилж чаддаггүй байсан учраас эрт үед нь оношлоогүй л бол ийм төрлийн өвчин туссан хүмүүст үхлээ хүлээхээс өөр сонголт байгаагүй юм. Үүний дээр эмчилгээ нь туршилтын шатандаа байсан учраас эрт илрүүлсэн ч амьд үлдэх магадлал бага байсан гэнэ. 

Тиймээс Бедфорд үлдсэн амьдралаа аль болох тайван өнгөрөөхөөр шийджээ. Тэгтэл эрдэмтэн Роберт Эттингер крионик хөлдөөх аргын тухай анхны ном болох "Үхэшгүй мөнх амьдралын боломж"-ийг 1962 онд хэвлүүлсэн аж.

Гэхдээ ийм аргаар хүнийг хадгалах нь тухайн үедээ ч, одоо ч уран зөгнөл төдий юм. Учир нь дотор эрхтэн бүгд ажиллагаагүй болтлоо хөлдөх юм бол ямар ч арга хэрэглээд тухайн хүнийг амьдруулж чадахгүй. Мөн ирээдүйд технологи хичнээн өндөр хөгжсөн ч гэсэн нэгэнт ажиллагаагүй болсон эд эрхтэнг сэргээх нь боломжгүй зүйл. 

Тиймээс крионик аргаар амьд биетийг хадгалах нь хөлдөөгчинд аливаа хүнсний бүтээгэдэхүүнийг хийж муутгалгүй удаан хугацаанд хадгалах аргатай төстэй аж. 

Гэсэн хэдий ч Бедфорд дээрх номыг уншсаны дараа өөрийгөө хөлдөөхөөр шийджээ. Мэдээж хүнд өвчин тусаад өнөө маргаашаа хүлээж байгаа түүнд алдах зүйл байгаагүй аж. 

Бедфорд хамгийн гол нь хорт хавдрыг эмчлэх хэмжээнд анагаах ухаан хөгжсөний дараа "сэрэхээр" төлөвлөсөн байна. Тийм ч учраас тэрээр 100 мянган ам.долларыг хүнийг хөлдөөх судалгааны ажилд хандивлахаар шийдсэн байна. Тэрээр гэрээслэлдээ мөн нас барсных нь дараа биеийг нь хөлдөөх тухай бичиж үлдээжээ. 

Бедфорд 1967 оны 1-р сарын 12-нд нас барсан бөгөөд тэр цагаас хойш түүний эхнэр болон хүнийг хөлдөөж хадгалах чиглэлээр судалгаа хийдэг байгууллагуудын хооронд "дайн" эхэлсэн юм.

Энэ нь 100 мянган ам.долларын (өнөөгийн ханшаар 819 мянган ам.доллар) маргаан дээрээс эхэлжээ. Бедфордын эхнэр, хүү хоёр нь ийм хэмжээний хөрөнгийг гэр бүл нь авах ёстой гэж үзсэн бол судалгааны байгууллага талийгаачийн гэрээслэлийн дагуу бүгдийг шийдэх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Эцэст нь яалт ч үгүй гэрээслэлд нь хэн мөнгийг нь авах ёстойг тодорхой заасан учраас Бедфордын эхнэр заргаа алджээ. Ийнхүү Бедфордын биеийг нь хөлдөөх сүүлчийн хүслийг дээрх байгууллага биелүүлж чадсан байна. 

Уг ажлыг химич Роберт Прехода, биологич Данте Брунол нар гардан хийх үүрэг хүлээсэн байв. Тэд бараг бүхий л амьдралаа энэ төрлийн технологийг хөгжүүлэх тал дээр зориулсан учраас сонгогдсон нь энэ аж. Мэдээж хэрэг өөрийн биеийг хөлдөөх хүсэлтэй хүн таарсанд Роберт, Данте хоёр маш их баярласан байна. 

Бедфордыг хөлдөөхдөө тэд эхлээд судсанд нь диметил сульфоксид шахаж, тархинд нь гэмтэл учруулахгүйн тулд хүчилтөрөгчид залгасан байна. Дараа нь түүний цогцсыг цельсийн хасах 79 хэмтэй хуурай мөсөөр дүүргэсэн капсулд хийжээ. Дараа нь капсулыг битүүмжилж, шингэн азот шахснаар Бедфордыг хасах 196 хэмд хөлдөөж чаджээ. 

Энэ бүхний дараа Брэдфордын цогцос хэд хэдэн гар дамжсан бөгөөд өдгөө "Alcor Life Extension Foundation" гэх байгууллагын эзэмшилд байгаа аж. Тус компани нь хүний биеийг хөлдөөх судалгаа, үйлчилгээ явуулдаг анхны томоохон хэмжээний байгууллага аж. Хэрвээ та өөрийгөө Брэдфорд шиг хөлдөөхийг хүсвэл нэг удаадаа 28 мянган ам.доллар төлөхөд л хангалттай аж. Харин тухайн хүний биеийг хадгалж буй капсулыг тус компани хадгалахдаа сарын 50 ам.долларын түрээс авдаг байна. Мэдээж өндөр өртөгтэй, найдвар багатай ийм аргад итгэх хүн ховорр учраас тус компани өнөөг хүртэл ердөө 300 гаруй үйлчлүүлэгч хүлээж авсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()