Хиймэл дагуулыг "дүүгүүрдэж шидэх" аргаар сансарт хөөргөдөг төхөөрөмжийг Америкийн компани бүтээжээ

Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэгнэж эхэлснээс хойш бүхий л төрлийн хиймэл дагуулыг пуужинд "дайж явуулах" замаар хөөргөх уламжлалт аргыг ашиглаж ирсэн билээ. Манай улс ч гэсэн анхны хиймэл дагуул болох "Мазаалай"-г энэ аргаар тойрог замд оруулсан. Тэгвэл Америкийн SpinLaunch хэмээх стартап компани маш бага зардлаар хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэх өвөрмөц арга сэджээ.

Хиймэл дагуулыг "дүүгүүрдэж шидэх" аргаар сансарт хөөргөдөг төхөөрөмжийг Америкийн компани бүтээжээ

"SpinLaunch"-ийн инженерүүд жижиг хэмжээний хиймэл дагуулыг кинетик энергийн тусламжтайгаар хөөргөх нэгэн аргыг танилцуулжээ. Тэдний бүтээсэн төхөөрөмжийн ажиллах зарчим гэвэл хөөргөх гэж байгаа биетийг вакуум орчинд битүүмжилж, төвөөс зугтах хүчний нөлөөгөөр дуунаас хурдтай эргэлдүүлж байгаад "шиддэг" юм байна.

Өөрөөр хэлбэл түлш ашиглахгүй, зөвхөн кинетик энергийн хүчээр пуужинг дүүгүүрдэж эргүүлэн сансарт хөөргөнө гэсэн үг юм. 

Төхөөрөмжийн вакуум тасалгаа дотор тусгай хүрд эргэлдэх бөгөөд үүний ачаар их хэмжээний хүч цугларах аж. Үүний зэрэгцээ тэнцвэржүүлэх үүрэгтэй хүндрүүлэгчийг хүрдний нөгөө талд суурилуулж өгчээ. 

Хангалттай хүч авсны дараа биетийг вакуум тасалгааны нэг талд гаргасан хоолойгоор хөөргөнө. Ингэхдээ хоолойны амсрыг битүүмжилсэн хальсан хавхлагийг зад татан гарах аж.

Тус компанийн инженерүүд 10-р сарын 22-нд Нью-Мексикогийн сансрын буудалд анхны туршилтаа амжилттай хийжээ. 

Эхний ээлжийн туршилтын хөөргөгч нь 91 метрийн өндөртэй байгаа юм. Харин эцсийн загвар нь үүнээс 3 дахин том хэмжээтэй байх гэнэ. 

Туршилтын явцад инженерүүд агаар мандлын дээд давхарга руу гурван метрийн урттай, пуужин хэлбэртэй биетийг гаргаж чаджээ. Энэ удаад бололцоот кинетик энергийн ердөө 20 хувийг ашиглан дээрх биетийг хөөргөсөн байна. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар тэд эрсдэлийг багасгах, төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай судалгааны ажлын 90 хувийг хийж дуусгасан гэжээ. 

Пуужин хөөрөхдөө ийнхүү кинетик энергийн хүчийг ашиглаж байгаа ч сансарт гарсан үедээ химийн хөдөлгүүр ашиглах ёстой.

Иймд дараагийн туршилтаар сансарт явах хөдөлгүүр болон дахин ашиглахын тулд газардахад шаардлагатай механизмуудыг суурилуулах аж.

Тус компанийн төлөөлөгчид пуужингийн хөдөлгүүрийг хамгийн сүүлийн туршилтаар 60 орчим км-ийн өндөрт хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. 

SpinLaunch-ийн инженерүүдийн тооцоолсноор энэхүү аргыг ашиглан дэлхийн тойрог замд 181 кг хүртэлх жинтэй ачаа хүргэх боломжтой гэнэ. Хамгийн гол нь ямар ч шатамхай түлш ашигладаггүй учраас дүүгүүрийн технологи нь байгаль орчинд ямар ч хохирол учруулахгүй юм.

SpinLaunch нь анхны арилжааны хөөргөлтөө аль болох эрт эхлүүлэхээр төлөвлөж байгаа боловч үүнээс өмнө шийдэх олон асуудал байгаа гэнэ.

Жишээ нь өөрсдийн гэсэн бүрэн хэмжээний бааз тэдэнд дутагдаж байгаа бөгөөд агаар мандалд биет хөөргөх 30 удаагийн туршилт хийсний дараа л тойрог зам руу хөөргөх шатанд орох юм байна. 

SpinLaunch нь 2014 оноос эхлэн энэхүү төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд харвах төхөөрөмжийг барихын тулд 110 сая ам.долларыг зарцуулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()