Ниос нуур нь Камерун улсын нийслэлээс хойд зүгт 315 километрт, галт уулын идэвхтэй бүсэд оршдог. Эртний галт уулын тогоо дотор тогтсон нуур учраас талбайн хувьд том биш ч 208 гаруй метрийн гүнтэй ажээ. Нуурын эргийн ойролцоох нутагт голдуу малчин иргэдээс бүрдсэн Ча, Ниос, Мунжи, Субум зэрэг тосгод оршдог байна.
1986 оны тэр шөнө Ниос нуурын эргэн тойрны 25 километрийн радиуст байсан бүх хүн, амьтад гэнэт амьсгал хураасан юм. Маргааш өглөө нь тэнд очсон хүмүүс тосгодын байшин барилга, дэд бүтэцэд ямар ч гэмтэл гараагүй мөртлөө хүн амьтан нь бүгд үхсэн байхыг хараад ихэд айж, далдын хүчтэй холбон боджээ.
Гамшгийн уршгаар ойролцоох тосгодын нийт 1746 хүн нас барж, 3500 гаруй мал хорогдсон болохыг тооцоолжээ.
Тухайн шөнө яг юу болсныг гамшгаас зугтаж амьд гарсан Эфриам Че хэмээх малчин дурссан байна. Нуурын ойролцоох хавцлын дээр, шавар овоохойд амьдардаг байсан тэрээр оройн 9 цагийн үед хад чулуу нурах мэт нүргэлсэн чимээг сонссон аж. Гэрээсээ гарч харахад нуурын мандал дээгүүр хачирхалтай цагаан манан нүүж байжээ. Гэнэтхэн түүний бие нь муудаж, дотор нь муухайрч эхэлсэн ч тоогоогүй бөгөөд үхрийн бэлчээр дээр буй эхнэрээ хүлээж байгаад унтсан байна.
Үүрийн гэгээ ороход Эфриам гэрээсээ гартал гадаа хачирхалтай анир чимээгүй байсны зэрэгцээ гүн хөх өнгөтэй байдаг Ниом нуур аймшигтай улаан өнгөөр туяарч байжээ. Цочирдсон тэрээр нуурын эрэг дагуу гүйж, газарт унаад тарчлан хашхирч байсан эхнэрээ олоод амь тэмцэн зугтсан байна. Замдаа тэр хоёр амьгүй хэвтэх дөрвөн хүүхдийнхээ, мөн хамаатан садны 31 хүний цогцосны дэргэдүүр өнгөрсөн аж. Түүнчлэн 400 үхэр нь бүгд үхсэн байхыг, тэр ч байтугай ялаа, шавж хорхойнууд газраар нэг хөглөрч байсныг харснаа тэрээр дурссан байдаг. Энэ үедээ Эфриам дэлхийн төгсгөл ирсэн гэдэгт итгэсэн байжээ
Шалтгаан нь юу байв?
Судлаачдын дүгнэлтээр энэхүү аймшигт явдал Ниос нуураас үүдэлтэй болохыг тогтоожээ. Шинжлэх ухааны хэллэгээр "Лимнологийн идэвхжил", өөрөөр "нуурын хөрвөөлт" гэдэг үзэгдэл тухайн шөнө болсон аж. Энэхүү үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд ердөө хоёр удаа тохиолдсон бөгөөд тэдгээр нь хоёул өнгөрсөн зуунд болсон байна.
1984 онд мөн адил Камерун улсын нутагт орших Манун нууранд эхний "хөрвөөлт" болсон бол хоёр жилийн дараа ердөө 95 км-ийн зайтай Ниос нууранд дахин тохиолдсон нь энэ юм. Дашрамд дурдахад Манун нуурын хөрвөөлтийн уршгаар 37 хүн амиа алдсан байдаг.
Дээр хэлсэнчлэн Ниос нуур нь унтарсан галт уулын тогоон дотор орших бөгөөд хөлдүү магмаас тогтсон ёроол нь галт уулын амсрыг дарсны бөглөө шиг хаасан байдаг аж. Амсраас нь доошоо асар гүн үргэлжилдэг урт суваг бий бөгөөд дэлхийн царцдас доороос өгссөн нүүрстөрөгчийн давхар ислийн хий олон жилийн турш тэрхүү суваг дотор хуримтлагдсаар байжээ. Жирийн үед хий ингэж ихээр хуримтлагддаггүй, харин чулуулгын давхаргын зай завсраар ялгарч байдаг аж. Гэвч Манун болон Ниос нуурууд оршдог Адамавагийн нуруунд ийм зүйл болсонгүй.
Ийнхүү хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар исэлийн хэмжээ дэндүү ихэссэний үр дүнд өчүүхэн төдий газар хөдлөлт болсон тохиолдолд агаар мандалд алдагдахад бэлэн байжээ.
Тэр шөнө Ниос нурууны ёроолын магма дунд хагарал үүсч, түүгээр CO2 асар хүчтэй дэгдсэн тул нуурын мандал дээр усан оргилуур мэт багана бий болж, мөн цунамигийн давалгаа үүсгэсэн байна. Чухамдаа ийм шалтгаанаар энэхүү үзэгдлийг "нуурын хөрвөөлт" гэж нэрлэдэг болсон аж.
Алдагдсан хийний долгион маш хүчтэй байсны улмаас эрэг дагуух модод үндсээрээ булгарсан байжээ. Хийгээр амьсгалсан хүн амьтад тэр даруй угаартаж, ихэнх нь газар дээрээ амьсгал хураасан байна.
Төд удалгүй нуурын ус булингартай бор өнгөтэй болж, усны түвшин нь нэг метрээр багасчээ. Мөн хийний даралтаас болж нуурын эрэг дээрх байгалийн далан эвдэрч, галт уулын уруу их хэмжээний ус буусан байна.
Ирээдүйд үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Камерунд болсон гамшигтай төстэй зүйл тохиолдоход таатай нөхцөл бүхий газар дэлхий дээр хэд хэд бий. Жишээлбэл Хар тэнгисийн ёроолд CO2-оос дутахгүй хортой устөрөгчийн сульфит их хэмжээгээр агуулагддаг аж.
Ниос нуурын усан доорх хий нь дахин хүн, байгальд аюул учруулахгүй болгохын тулд нэлээн үр дүнтэй арга хэмжээг авчээ. Нуурын ёроолоос гадарга хүрсэн урттай гурван ширхэг төмөр хоолойг суурилуулсан бөгөөд тусгай шахуургын тусламжтайгаар ёроолд хуримтлагдсан хийг гаргадаг аж. Ийнхүү Ниос нуур дахин "хөрвөөх" аюул гарахааргүй болсон байна.