Зөвхөн нэг өнгөөр гоо үзэсгэлэнг бүрдүүлж чадсан дэлхийн 8 хот тосгод

2022-01-05, 14:36
4,557

500 хүнтэй бяцхан тосгоноос 5 сая хүнтэй том хот хүртэл дэлхий дээрх бүхий л суурин газрууд дахь барилга, гудамжууд нь хоорондоо ижилхэн байна гэдэг тун ховор билээ. Тэгвэл зарим газрууд тэрхүү "олон ургальч" байдлаас татгалзаж, нэгэн хэвийн байдлаас гоо үзэсгэлэнг олж чадсан байна. Жишээлбэл доорх хотуудын бүх барилга байгууламж, гудамж талбай нь нэг өнгөөр "дагнасан" байдаг аж.

Зөвхөн нэг өнгөөр гоо үзэсгэлэнг бүрдүүлж чадсан дэлхийн 8 хот тосгод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хускар, Испани

Нийт 220 оршин суугч бүхий Хускарнь Испанийн өмнөд хэсэгт орших Малага мужид орших нэгэн тосгон юм. 2011 оны хавар "Smurfs" киноны нээлтийг тэмдэглэхийн тулд хотын барилгуудыг (сүм, булшны чулууг хүртэл) цэнхэр өнгөөр будсан бөгөөд үүнд нийт 4,000 литр будаг ашиглажээ. 

Хускар, Испани

2011 оны 12-р сард Sony Pictures өөрсдийн зардлаар тус тосгоны будгийг дахин сэргээх саналыг тавьсан байна. Ийнхүү тэндхийн оршин суугчид олонхийн саналаар тосгоноо цэнхэр өнгөтэй хэвээр үлдээхээр шийдсэн бөгөөд дараагийн зургаан сарын хугацаанд ойролцоогоор 80,000 жуулчин тус тосгоныг зорин иржээ. Өмнө нь Хускар нь жилд дунджаар 300 жуулчин хүлээн авдаг байсан гэнэ. 

2 Изамал, Мексик

Изамал бол Мексикийн Юкатан муж улсын нийслэл Меридагаас зүүн тийш 72 км зайд байдаг жижиг хот юм. Изамал нь Төв Америкийн олон зуун жилийн түүхтэй суурин бөгөөд 2000 онд хотын хүн ам 15,000-д хүрсэн аж.

Изамал, Мексик

Изамалыг Мексикийн иргэд "Шар хот" гэж нэрлэдэг.

Үнэхээр ч бараг бүх барилга нь шар өнгөөр будагдсан байгааг та анзаарсан байх. Энэхүү үзэсгэлэнт хотод жуулчдын ирэх дуртай байдгийн шалтгаан нь мэдээж өнгөлөг төрхөөс гадна нарийн гудамжуудаар нь алхахад маш тохиромжтой, булан тохой бүрт нь уран бүтээлчдийн урлан, чулуун сүм оршдог, мөн эртний Маяагийн пирамидууд олон байдаг учраас тэр аж.

3 Жайпур, Энэтхэг

"Ягаан хот" хэмээн алдаршсан Жайпур бол Энэтхэгийн Ражастан муж улсын нийслэлийн зэрэгцээ хамгийн том хот нь юм. 2021 оны байдлаар тус хотод 3.1 сая хүн амьдарч байгаа бөгөөд улсдаа хүн амынхаа тоогоор аравдугаарт жагсжээ. 

Жайпур, Энэтхэг

Жайпурыг 1727 онд 2-р Савай Жай Сингх байгуулсан учраас түүний нэрээр нэрлэгдсэн байна. 1863 онд Жайпурчууд хатан хаан Викториагийн нөхөр, ханхүү Альбертийн айлчлалыг угтан хотоо ягаан өнгөөр буджээ. Тэр цагаас хойш энэхүү өнгө нь хотын салшгүй хэсэг болсон аж. 

Өнөө цаг Жайпур нь баялаг соёлтой, эрт үе болон орчин үе хосолсон өвөрмөц хот бөгөөд ягаан барилгуудынх нь дундуур заан, тэмээ, үхэр чөлөөтэй бэлчиж байх нь бүр ч гайхалтай харагдуулдаг.

4 Жодпур, Энэтхэг

Дээрхтэй мөн адил Энэтхэгийн Ражастан мужийн Тарын цөл дунд "Цэнхэр хот" хочтой Жодпур хот оршино. Бүх барилга нь ижил өнгөтэй учраас тус суурингийн дээрээс харвал Жодпур нь цөлийн дундах цэнхэр цэг шиг л харагддаг аж. 

Жодпур, Энэтхэг

Оршин суугчид нь яагаад бүх барилгаа цэнхэр өнгөөр будсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ч зарим хүмүүс үүнийг Энэтхэг дэх кастын системтэй холбоотой гэж үздэг аж. 

5 Коллонж-ла-Руж, Франц

Коллонж-ла-Руж нь Францын Лимузин мужийн Брив хотоос зүүн урагш 23 км зайд оршдог хот юм. Тус хот нь дан улаан өнгийн барилгуудтай гэдгээрээ алдартай. Хотыг анх байгуулахдаа ойролцоох улаан өнгийн боржин чулууны ордыг ашигласнаас тэр аж.

Коллонж-ла-Руж, Франц

Энэхүү хот нь Les Plus Beaux Villages de France (Францын хамгийн үзэсгэлэнтэй тосгод) хэмээх нийгэмлэгийн үүсгэн байгуулагч бөгөөд анхны гишүүн нь юм байна.  

6 Пиодоно, Португал

Пиодоно тосгон нь Португалийн төв хэсэгт орших Серра-ду-Ачор уулын энгэрт байрладаг. Тосгоны бараг бүх барилгын дээвэр, ханыг тус ууланд байдаг бараан өнгийн чулуугаар барьсан бол хаалга цонхыг нь модоор хийжээ.

Пиодоно, Португал

7 Убрике, Испани

Испанийн өмнөд хэсэгт орших Андалуз мужийн алдарт “Цагаан хотууд” ийм өнгөтэй болсон нь цаанаа учиртай. Андалуз нь маш нарлаг нутаг учраас нарны туяаг ойлгож, байшингуудыг хэт халахаас сэргийлэх үүднээс ийнхүү цагаанаар будах болжээ.

Испани даяар ийм дан цагаан өнгөтэй 1500 суурин байдаг бөгөөд ихэнх нь Андалузд байдаг аж. Тэдгээрийн олонх нь алслагдсан нутагт байдаг учраас тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. 

Убрике, Испани

Испанийн цагаан суурингууд дундаас хамгийн том нь Убрике юм. Энэ хот нь Испанийн Кадиз мужид байрладаг бөгөөд нийт 17,362 хүн амтай аж. 

8 Шефшауэн, Марокко

Шефшауэн буюу Шавен хэмээн нэрлэдэг энэхүү хот нь Мароккогийн баруун хойд хэсэгт байрладаг Тус хот нь дан цэнхэр өнгийн барилгатай гэдгээрээ алдартай аж.

Шефшауэн, Марокко

Мароккогийн эртний Шефшауэн хот нь Дундад зууны үед еврейчүүдийн хоргодох газар болж байжээ. Хотын еврей орчшин суугчид тэнгэрт байгаа бурхныг бэлгэдэн барилгуудаа ийм өнгөөр будах болсон нь өнөө үед уламжлал болон үлдсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()