"Hura crepitans" хэмээх шинжлэх ухааны нэршилтэй, нутгийн иргэд хабилло, мөн динамит мод ч гэж нэрлэдэг энэхүү мөнх ногоон мод нь Өмнөд Америкийн ширэнгэн ойд тархжээ. Гэхдээ тус модыг Зүүн Африкт нутагшуулж тарьсан ч байгалийн дайсангүйн улмаас багагүй асуудал учруулах болсон гэнэ.
Нас бие гүйцсэн үедээ өндөр нь 25 метр, тойргоороо 2 метр хүрдэг нэлээн том хэмжээтэй мод боловч тасалгааны жирийн ургамал болох сүүт өвсний овогт багтдаг гэхээр итгэмгүй.
Динамит модны мөчрүүд нь том хэмжээтэй, олон салаалж ургадаг бол навч нь зүрхэн хэлбэртэй, толигор гадаргуутай. Анх ургаж байхдаа голт борын модтой төстэй харагдах ч өндөр нь 5 метр хүрсний дараа навчнууд нахиалж эхэлдэг.
Мөн модны их биеийг өвч хучсан хурц үзүүртэй конус өргөснүүд нь хүн амьтнаас өөрийгөө хамгаалах зохилдлогоотой аж.
Гэхдээ үүнээс сонирхолтой нэгэн онцлог гэвэл тус модны үр тараах процесс юм.
Жижигхэн хулууг санагдуулам жимснүүд нь боловсорч гүйцсэн үедээ хүчтэй тэсрэх бөгөөд тэр үед доторх үрнүүд нь 100 метр хүртэл хол шидэгддэг байна. Жимсний тэсрэлт гар буугаар буудах шиг чанга чимээ гаргаж, цацарч буй үрний хурд 70 м/сек хүрдэг.
Үржлийн арга нь ийм үр дүнтэй, өвөрмөц болохоор том талбайд, хурдан хугацаанд үр жимсээ тарааж чаддаг аж.
Гэтэл энэ нь динамит модны гол аюул гэвэл үгүй. Жимс нь тэсрэх үедээ зөвхөн гэмтээгээд зогсохгүй ихээхэн хортой болохоор нутгийн иргэд, мод бэлтгэгчид энэ модтой таарвал аль болох холуур тойрч явдаг.
Модны их бие, холтост агуулагдах хор нь өргөсөөрөө дамжин ялгардаг тул санаандгүй хүрсэн тохиолдолд ноцтой асуудал дагуулна. Модны хорт шүүс арьсыг үрэвсүүлж, нүдэнд орвол түлж буй мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ түр хугацаанд харааны чадварыг алдуулдаг. Тэр ч байтугай динамит модыг хөрөөдөхөд гарсан үртэс, шатаахад гарсан утаа нь нүд, амьсгалын замд үрэвсэл үүсгэдэг.
Үрний жижигхэн хэсэг гэдсэнд орвол эхлээд хүчтэй өвтгөж, хоолны шингээлтийг алдагдуулж, бөөлжүүлэх бөгөөд дараа нь тухайн хүний зүрхний цохилт түргэсэж, нүд харанхуйлна.
Хэрэв динамит модны хоёр болон түүнээс дээш тооны үрийг залгисан тохиолдолд хий юм харж, таталт өгч эхлэх бөгөөд хүндэрвэл үхэлд хүргэх аюултай.
Ийм учраас нутгийн загасчид тус модны үрийг загасны өгөөш болгож, уугуул омгийн дайчид жадны үзүүрт хорыг нь түрхдэг ажээ.
Сонирхолтой нь тус модонд сармагчин хүртэл ойртдоггүй байхад макау тоть жимсийг нь хүчирхэг хошуугаараа хагалаад доторх үрийг нь ихэд амтархан иддэг. Ингэхдээ тоть үрийг тусгай шавартай хольж иддэг учраас хор нь тэдний биед үйлчилдэггүй байна.
Хүмүүс ч гэсэн дээрх аюулыг үл харгалзан динамит модыг чимэглэлийн ургамал болгох, гудамжинд тарьж ургуулах нь бий. Учир нь тус мод арчилж тордоход тун хялбар, навч нь түр хугацаанд унана уу гэхээс үхэх нь ховор аж. Мөн тэгшхэн их биетэй, саглагар өргөн мөчиртэй тул гудамж талбайг чимэглэж чаддаг.