1
Мадагаскар "Уур амьсгалын өлсгөлөн"-д нэрвэгдсэн анхны улс боллоо
Мадагаскар гэх нэрийг сонсвол бид хамгийн түрүүнд үзэсгэлэнтэй арал дээр санаа зовох зүйлгүй, эрх чөлөөтэй амьдарч буй амьтдын талаар өгүүлэх ижил нэртэй хүүхэлдэйн киног төсөөлдөг. Гэтэл үнэндээ бодит байдал хүүхэлдэйн киноноос тэс өөр байдаг аж.
Агаар хөрсний бохирдол, ой модны замбараагүй сүйтгэлийн улмаас 2021 онд Мадагаскарт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл асуудалтай тулгарсан байна. Эдгээр нь уур амьсгалын өөрчлөлттэй хоршсоноор ган гачиг, хуурайшил бий болж, арлын өмнөд хэсэгт тариалан эрхлэх боломжгүй болсон аж.
Ингээд сая сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, иргэд олноороо арлын баруун хэсэг рүү шилжин суурьших болжээ.
2
“Пандорагийн архив” дэлгэгдлээ
Бид томоохон улс төрчдийн авлигын хэрэгт холбогдсон тухай сонссоор дөжирч байгаа гэхэд хилсдэхгүй. Гэхдээ 2021 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн "Pandora Papers”-ын мэдээлэл 2016 онд гарч байсан “Panama Papers”-аас дутахааргүй их шуугиан тарьсны зэрэгцээ баримт нотолгоо нь ч хангалттай байлаа.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбооны сэтгүүлчид орон орны 14 санхүүгийн байгууллагын нууцын зэрэглэл бүхий 12 сая орчим баримтыг ил болгосон бөгөөд үүнд манай зарим нэртэй улс төрчид багтсан ч бид тухайн үедээ нэг шуугиад л мартсан билээ.
Оффшор дансаа "Pandora Papers”-ээр илчлүүлсэн эрхмүүд нийтдээ 32 их наяд ам.долларыг татвараас нуун дарагдуулсан байх магадлалтай болсон юм.
3
Цөмийн зэвсгийг хориглох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв
Манай гарагийг цацраг идэвхт балгас болгож хувиргах асар хүчтэй зэвсгийг хүн төрөлхтөн өөрөө атгаж байна гэхээр сонирхолтой. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг анх 2017 онд НҮБ-аас соёрхон баталсан ч 2021 оны 1-р сараас л хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Тус гэрээний гол зорилго нь химийн болон биологийн зэвсгийн нэгэн адил цөмийн зэвсгийг эзэмших, хөгжүүлэх явдлыг таслан зогсоох явдал юм.
Харамсалтай нь энэ гэрээ одоогийн байдлаар зөвхөн цаасан дээр бичигдсэн баримт төдий бөгөөд цөмийн зэвсэгтэй статус бүхий ОХУ, АНУ тэргүүтэй есөн орон уг гэрээнд гарын үсэг зураагүй, цаашдаа ч геополитикийн асуудлаас болж үүнд нэгдэхгүй төлөвтэй байна.
4
Хумхаа өвчний эсрэг анхны вакциныг үйлдвэрлэж эхлэв
Хүн төрөлхтөн малери буюу хумхаа өвчнийг дийлж чадалгүй хэдэн зуун жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд цагаан бурхан, улаан бурхны эсрэг тэмцлийн нэгэн адил олон удаагийн туршилт явагдаж, алдаа дутагдал ч гарсаар байв. Ийнхүү 2021 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага хумхаагийн эсрэг анхны вакциныг хүлээн зөвшөөрч, нэн түрүүнд Африкийн төв болон өмнөд хэсгийн орнууд дахь хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Жил бүр 350-500 сая хүн энэ өвчний халдварыг авч, тэдгээрээс 1.3-3 сая нь нас бардаг болохоор энэ нь маш чухал ололт амжилт гэдэг эргэлзээгүй.
5
IPCC уур амьсгалын өөрчлөлтийн талаар ноцтой мэдээлэл гаргав
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл буюу IPCC байгууллагаас 2021 оны тайландаа дэлхийн дулаарлын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг мэдээлжээ.
Товчоор хэлбэл, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс болж хэт халах, их хэмжээний бороо орох, ган гачиг болох зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд элбэгшсэн аж. Хэрвээ хүн төрөлхтөн ойрын хугацаанд нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх 10 жилд агаарын дундаж температур 1.5 хэмээр нэмэгдэж, хөдөө аж ахуй тэргүүтэй бусад салбарт хохирол учирч, дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдэх, баялгийн төлөөх зөрчил гарах аюултайг тус зөвлөлөөс анхааруулсан байна.
6
Дахин нэг омог устаж үгүй болов
Соёл иргэншил, даяаршил гэдэг зүйл үргэлж сайн сайхныг авч ирээд байдаггүй юм. Жишээлбэл хүй нэгдлийн үеийн гэмээр аж ахуй эрхлэн амьдарч ирсэн омог аймгуудад орчин үеийн соёл нэвтрэх төдийд устаж үгүй болдог гэдгийг бид олонтаа харсан билээ.
Сонирхолтой нь ийм зүйл өнөөг хүртэл гарсаар байна. Бразилын ширэнгэн ойд амьдардаг Юма омгийнхон 2021 онд бүрэн устаж дуусах нөхцөл бүрджээ. Тус омгийн хамгийн сүүлчийн эрэгтэй Амоима Аруку энэ онд нас барснаар Юма омгийнхноос ердөө 3 эмэгтэй үлдсэн аж. Мөн тэд бүгд Арукугийн охид гэдгийг дурдах хэрэгтэй.
1960 оноос хойш Юма омгийнхон бага багаар үрэгдэж эхэлсэн бөгөөд 2021 онд ийнхүү бүгд устаж үгүй болж байгаа нь ганцхан газрын тос олборлогч, мод бэлтгэлийн компаниудад завшаантай зүйл болжээ. Учир нь дархан цаазат ширэнгэн ойн оршин суугчид байхгүй болсноор тэдэнд хэн ч саад болохооргүй болсон байна.
7
Ватиканд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлэхийг хуулиар хориглов
"Каноны хууль" гэдэг нь Католик шашны сүм хийдүүдэд үйлчилдэг хууль дүрмийн нэр юм. Гайхалтай нь энэхүү хуулинд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэхийг гэмт хэрэг гэж тооцсон заалт огт байгаагүй ажээ. Харин 2021 оны 6-р сард олон нийт дарамт шахалт үзүүлсний хүчинд Ватиканы эрх баригчид хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах заалтыг оруулсан байна. Тиймээс одоо номлогч болон санваартнууд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох боломжтой болжээ.
8
Францад гарыг мөрний хамт шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ
Энэ төрлийн мэс заслыг 2021 оны 1-р сарыг хүртэл өөр хаана ч хийж байгаагүй гэнэ. 20 жилийн өмнө золгүй явдлаар хоёр гараа мөрнөөс доош алдсан 48 настай Исландын иргэн мөр, гар шилжүүлэн суулгах мэс засалд орсон анхны хүн болжээ. Францын Леон хотын эмнэлгийн нийт 50 ажилтан уг 15 цагийн турш үргэлжилсэн мэс ажилбарт оролцсон бөгөөд бүх зүйл яг төлөвлсөний дагуу явагдаж дууссан байна. Энэхүү явдал шинжлэх ухаан гэдэг зүйл хичнээн хөгжсөн ч шинэ ололт амжилтууд гарсаар байх болно гэдгийн баталгаа болсон юм.