YouTube дээр “Exploring with Nug” нэртэй сувагт хөтөлдөг тэрээр өнгөрсөн сарын 30-ны өдөр АНУ-ын Теннессее мужийн Спарта дахь нэгэн нуурын гүнд шумбалт хийж байх үедээ хүний цогцосны үлдэгдэл байхыг олж харснаар энэ бүх хэргийн зангилаа тайлагджээ.
Залуухан дурлалт хосуудын учир битүүлэг хэрэг
2000 оны 4-р сарын 3-ны өдөр 18 настай Эрин Фостер охин найз залуу 17 настай Жереми Бечтелийн хамтаар ор сураггүй алга болсон хачирхалтай хэрэг гарч байв. Тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл 20 гаруй жилийн туршид эл хэргийн зангилаа тайлагдаагүй байсан юм. Залуу хос ор сураггүй алга болдог өдөр Эрин охины гэрээс хамтдаа гарсан бөгөөд оройны 9 цагийн үед Жереми аав руугаа маргааш өдөр нь Эриний гэрээс ирж аваарай хэмээн хэл хүргээд ахин хэнтэй ч холбогдолгүй ор мөргүй алга болсон аж.
5000 хүрэхгүй хүн амтай нам гүмхэн жижиг сууринд залуу хосын алга болсон хэрэг том дуулиан болж хүмүүс тэднийг хар тамхины наймааны золиос болсон, илүү дээр амьдрал хайж нарлаг Флорида муж руу зугтаасан гэх зэргээр таамаг болгон ярьсаар иржээ.
Гэтэл өнгөрсөн сарын 30-ны өдөр тэр бүх таамаглалыг үгүйсгэх баримтыг усанд шумбагч Жереми Сайдс олжээ. Түүний хувьд интернэтээр ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтыг харж байгаад залуу хосын учир битүүлэг хэргийн талаар олж мэдсэнээр тус хэргийн талаар судалгаа хийж, хосын алга болсон газрын ойр орчмын гол усны цутгал, нуур цөөрмийг ажиглаад эрлийн ажиллагааг ганцаарчилж эхлүүлсэн ажээ.
Эрлийн ажиллагаа
Тэрээр Спарта орчмын гол мөрөн, нуур цөөрмийн ёроолоор шумбалт хийж Эрин, Жереми нарын ул мөрийг хайсан бөгөөд тэдний дотны найзаас нарийн мэдээллүүдийг авч эрлийнхээ ажиллагаанд хэрэглэж байжээ. Эрлийн эхний өдөр тэрээр живсэн машин олсон ч залуу хосын жолоодож явсан машин биш байв. Удаах 24 цагт тэрээр Калфкиллер голоор шумбалт хийж усан доогуур самнажээ.
Ийнхүү тэрээр удаан хугацаанд цуцалтгүй эрэн хайж шумбалт хийсний эцэст залуу хосын жолоодож явсан Понтиак загварын автомашиныг олжээ. Автомашины дугаарыг Эриний машины дугаартай тулгаж шалгасныхаа дараа тэрбээр шериффтэй холбогдож дуудлага өгсөн аж.
Мөн өдөр шумбагч багийнхан голын ёроолоос машиныг татан гаргаж ирсэн бөгөөд машин дотроос хүний биеийн үлдэгдэл байгааг олж илрүүлжээ. Чухам хэний цогцос гэдгийг нь тодруулах ажил явагдаж байгаа боловч тэд машины эздийнх гэдэг нь эргэлзээгүй биз ээ. Цагдаа нарын үзэж буйгаар жолооч удирдлагаа алдаж, хашлагагүй замаас гол руу унаж живсэн байх магадлалтай аж.
Эрин охины аав тогтмол Калфкиллер гол дээгүүр завьтай загасчилдаг байсан ч охин нь гүн усны доор нойрсож буй гэж төсөөлөөгүй биз ээ. Олон жилийн турш учир битүүлэг хэвээр байсан хэргийн зангилааг олж өгсөнд залуу хосын ар гэрийнхэн Жереми Сайдст талархаж буйгаа илэрхийлсэн ч нутгийн оршин суугчид 20 жилийн турш цагдаа нарын хийж чадаагүй эрлийн ажиллагааг 2 өдрийн дотор ганц усанд шумбагч хийсэнд тун ч сэтгэл дундуур байгаа ажээ.
Усанд шумбан мөрдөгч Жереми
Жереми Сайдс анх YouTube хуудсаа гол усанд алга болсон гар утас, гар буу гэх мэт эд зүйлс хайж буй бичлэгүүд нийтлэх гэж нээсэн ч 2019 онд хамтран шумбагч найз нь санамсаргүй байдлаар усанд живсэн машин дотор хүний цогцос байгааг олсноор тэрээр хэргийн зангилаа нь тайлагдаагүй, нууцлаг хэргүүдийн араас мөшгин АНУ даяар аялангаа бичлэгүүд нийтэлж эхэлжээ.
Тэрээр хуучирсан гэж хэлж болох шийдэгдээгүй хэргүүдийн учрыг олохоор ажиллана гэдэг хүнд ажил боловч олны тусламжтайгаар бүх хүчээ гарган ажиллахаж нууцийг хариултыг олж болдог хэмээжээ. Зарим хүмүүсийн хувьд Жереми ойр дотны хэн нэгэнд нь тохиолдсон нууцлаг хэргийн учрыг олоход туслах сүүлчийн найдвар нь болсон байх нь олон байдаг ажээ.