Кристины хувьд гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд хүмүүс түүнийг Шрекийн эмэгтэй хувилбар хэмээн шоолж, доромжилдог байсан гэнэ. Ингээд тэрээр орчин үеийн гоо зүйн шалгуурт нийцэхийн тулд түүний царай хэрхэн өөрчлөгдөх ёстойг мэдэхийг хүссэн аж.
Бүсгүй өөрийн төгс төрхийг мэдэхийн тулд 3 гоо сайхны мэс засалчид хандаж, эдгээр өөрчлөлтийг компьютер графикийн аргаар хийж өгөхийг хүсчээ.
Кристин эмч нарт өөрийн зургийг явуулсан боловч эмч нар бүсгүйг өөрийн биеэр ирж уулзсан нь илүү тохиромжтой гэж хэлжээ. Учир нь үйлчлүүлэгчтэй ярилцаж шийдвэр гаргах нь хамгийн зөв сонголт байх болно гэж бүх эмч нар үзсэн байна. Кристин гоо сайхны мэс засалчид дээр ирмэгц тэд бүсгүйн үзэл бодлыг төдийлөн сонсохгүйгээр өөрсдийн саналыг тавьж эхэлсэн аж.
Эхний эмч
Эхний эмч түүний царайг, эсвэл биеийг нь бүхэлд нь өөрчлөхгүйгээр бага зэрэг л өөрчлөлт хийх саналыг тавьсан байна. Гэхдээ тэр мэснээс татгалзсангүй.
Нэгдүгээрт, гоо сайхны мэс засалч түүнд уруулныхаа хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй гэжээ. Дараа нь духанд ботокс шахаж, хамрыг илүү шовх болгож, нүүрний зарим хэсгүүдэд филлер хийхийг санал болгосон байна. Үүнээс гадна хөмсөгний хэлбэрийг засаж, хацар улайлтыг арилгаж, нүүрний хэлбэрийг гаргахын тулд нүүрний өөхнөөс соруулах хэрэгтэй гэж зөвлөсөн аж.
Ингээд өөрийн шинэ төрхийг харсан Кристин үнэхээр хацрын улаанаа арилгах хүсэлтэй байсан талаараа хэлжээ. Хэдийгээр шинэ царай нь Кристины хуучин царайнаас төдийлөн ялгарахгүй байсан ч эрүү нь бага зэрэг шовх болсон аж.
Хоёр дахь эмч
Хоёр дахь эмчийн хувьд Кристины хүсэлтийг төдийлөн гайхширч хүлээж авсангүй. Учир нь хүмүүс моделийн төрхтэй болохыг хүсэж багагүй ирдэг байна. Гэхдээ тэд Кристин шиг компьютерын аргаар бус харин бодит байдлаар өөрчлөгдөхийг хүсдэг аж.
Энэ эмчийн хувьд мэс засал хийхийг илүүд үзжээ. Тэрээр Кристинд дараах өөрчлөлтийг хийхээр санал болгосон гэнэ. Үүнд: Хөмсөгний хооронд байрлах үрчлээнд ботокс хийх, уруулын хэлбэрийг өөрчлөх, унжсан зовхийг татах, хамрын нүхийг жижигсгэх, хамар болон уруулны хооронд филлер шахах, шанаанд филлер шахах, нүүрний өөхнөөс соруулах.
Эмчийн тавьсан саналуудаас бүсгүйд унжсан зовхи татах, шанааны хэлбэрийг өөрчлөх нь ихээр таалагдсан байна.
Сүүлийн эмч
Харин 3 дахь эмчийн хувьд маш их өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзжээ. “Тэр надад модель бүсгүйчүүдийн гадаад төрхний талаар нарийн тайлбарлаж, надад маш их өөрчлөлт хийхийг санал болгосон бөгөөд би энэ төрлийн зүйлийг хийж болдог гэдгийг ч мэдээгүй байсан” хэмээн Кристин тайлбарласан аж.
Эмчийн санал болгосон өөрчлөлтүүд: духны хэлбэр өөрчлөх - үүний дараа бүсгүйн дух хавтгай бус төвгөр болох аж. Мөн унжсан зовхийг татах, эрүүний мэс засал, хамарны хэлбэр өөрчлөх, нүүрний хэлбэрийг өөрчлөхийн тулд нүүрний өөх соруулах мэс засал зэрэг багтжээ.
Гадаад төрхийг нь бараг л 100% өөрчлөх гэсэн хүсэл бүсгүйн хувьд шок болсон бөгөөд тэрээр дух, эрүүнд мэс засал хийх саналыг тавина гэж төсөөлөөгүй байна.
Ингээд эмч нарын саналын дагуу өөрчилсөн бүсгүйн зургийг харахад тэд хоорондоо нэлээд төстэй болжээ. “Харахад үнэхээр аймшигтай. Хэдийгээр төгс нүүр царайг харж байгаа ч тухайн царай бодит хүнийх гэж итгэхэд бэрх” хэмээн бүсгүй хэлсэн байна.
Бүсгүй эмч бүр өөрийн гэсэн төгс гоо зүйн ойлголттой болохыг тодотгожээ. Ийнхүү өөрчлөлтүүдийг харсны дараа бүсгүй мэс засал хийх хүсэлгүй байгаагаа ойлгосон бөгөөд зөвхөн хацрын улааныг л арилгах тал дээр л санал нийлсэн байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд гоо сайхны хагалгаанд орох нь аз жаргалтай амьдрах амьдралын эх үүсвэр байж болохыг ч тэр үгүйсгээгүй юм.
Кристины туршилт бусдад хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна. Нэгдүгээрт, хүн бүр гоо сайхныг өөр өөр өнцгөөс хардаг. Гоо сайхны мэс засалчийг сонгохдоо таны үзэл бодолтой нийцэхүйц хүнийг сонгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, гоо сайхны хэмжүүрт зохицсон хүн бүр аз жаргалтай байдаггүй. Заримдаа гоо сайхны мэс засал хийсэн хүмүүс хожим нь харамсах зүйл тохиолддог. Учир нь мэс засал бүр амжилттай болдоггүй бөгөөд сөрөг үр дагавар ч багагүй бий.
Гуравдугаарт, мэс засал асуудлыг шийдвэрлэх гол арга зам биш. Заримдаа сэтгэл зүйчид хандах, үсний засалт, хувцаслалтаа өөрчилснөөр өөртөө илүү итгэлтэй болох боломжтой.