Түүний хувьсгалын онолоор аливаа улс үндэстэн хувьсгал хийхэд хүн амын олонх нь үзэл санаа нэгдэн шударга хэмээн үзэж буй зүйлийнхээ төлөө тэмүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй хэмээжээ. Түүнчлэн тэрээр хувьсгалыг нийгмийн, элит давхаргын, төвийн болон гадаад давхаргын хувьсгал хэмээн ангилсан байна. Жек Голдстоуны “Towards the Theory of the Fourth Generation Revolution” номыг бичих болсон гол шалтгаан нь өнгөрсөн гурван үеийн хувьсгалын үзэл санаа, онол нь орчин цагт биелэх боломжгүй болсон явдал бөгөөд иймээс ч Дөрөвдүгээр хувьсгалын онол өөд хэмээн номоо нэрлэсэн аж.
Түүний хувьд хувьсгал нь цаг хугацааны эрхээр өөрөө явагддаг үзэгдэл хэмээн тодорхойлоод хувьсгалын тохироо хэмээн нэрлэвэл зохих 5 хүчин зүйлсийг нэрлэжээ. Үүнд тэрээр,
- Эдийн засгийн хямрал, татварын хувь хэмжээ хэт нэмэгдэх
- Элит хэмээн нэрлэгддэг нийгмийг залж чиглүүлэх давхарга олон нийтийг тэргүүлэх үүргээсээ хальж, холдох
- Нийгмийн олон анги, давхаргын хүмүүс нийгэмд сэтгэл дундуур байгаатайгаа санал нэгдэн нийлэх
- Засаглах эрх мэдэлтнүүд нийгмийн итгэлийг алдах
- ОУ-ын нөхцөл байдалд өөрчлөлт орж, шинэ салхи үлээх гэсэн хүчин зүйлсийг тодотгон тэмдэглэжээ.
Голдстоуны энэхүү онолд хүн амын өсөлт, хүн амын дунд залуусын эзлэх хувийг чухалд тооцдог тул хүн ам зүйн байгууллын онол хэмээн нэрлэгдэх нь ч бий. Залуусыг тодотгон авч үзсэн шалтгаан нь Голдстоун залуус нийгэмд болохгүй байгаа зүйлсийн эсрэг шийдэмгий тэмцдэг, нийгмийн таалагдахгүй буй талуудыг хүчтэй шүүмжилдэг нийтлэг зан төлөв ажээ.
Тэрбээр хувьсгал гарах нөхцөл бүрэлдэж буй байдлыг урьдчилан таамаглахын тулд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, нийгмийн халамжийн байдал, шударга бус байдал нэмэгдэж буй эсэх, ард иргэдийн нийгмийн амьдралд сэтгэл ханамжтай байгаа эсэхийг ажиглахад л хангалттай хэмээн тодорхойлжээ. Онолын хувьд дээрх шалтгаанууд хувьсгал гарах нөхцөл байдлыг бүрэн бүрдүүлэх боловч засгийн газар хувьсгалыг таслан зогсоохоор байдлыг зөөлрүүлэх арга хэмжээ авч, нийгмийн эсэргүүцлийг бууруулах эсвэл илүү хатуу хяналт шаардлага тавих арга хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ илүү хатуу дэг журам тогтоох нь хувьсгал гарах магадлалыг улам бүр нэмэгдүүлдэг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.