20 нас хүрч буй алдарт "Бөгжний эзэн" киноны цаадах сонирхолтой баримтууд

"Бөгжний эзэн" гурвалсан кино 20 жилийн өмнө нээлтээ хийсэн ч өнөөг хүртэл анх удаа үзсэн, эсвэл дахин үзсэн хүмүүсийг бишрүүлсээр байгаа билээ. Мэдээж нүсэр хэмжээний бүтээлийн ард ч гэсэн дутахааргүй сонирхолтой зүйлс өрнөсөн байж таарна. Энэ үүднээс та бүхэнд "Бөгжний эзэн"-ий тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

20 нас хүрч буй алдарт "Бөгжний эзэн" киноны цаадах сонирхолтой баримтууд

  • Энгийн киноны хувьд өдөрт 2-2.5 минутын л зураг авалт хийдэг аж. Харин "Бөгжний эзэн"-ий бүх зүйлийг урьдчилж тооцсон учраас өдөрт 4 минутын зураг авдаг байжээ. 

  • Зураг авалтад дор хаяж 3000 хүн оролцсон бөгөөд хэд хэдэн газарт нэгэн зэрэг зураг авалт хийдэг байв. Ганцхан урланд л гэхэд 300 хүн ажиллаж байсан гэнэ. Мэдээжийн хэрэг, ийм олон хүмүүсийг хооллохын тулд асар их ажил гарна. Жишээ нь өдөрт л гэхэд нэг зураг авалтын багт зориулж 1460 өндөг бэлтгэдэг байв.

  • Нэгэн тулааны үзэгдлийн зураг авалтыг хийхийн тулд Шинэ Зеландын зэвсэгт хүчнийг оролцуулсан байна. Гэхдээ энэ бүхэн цэвэр тохиолдлоор болсон аж. Тус улсын цэргийн хүчнийхэн Зүүн Тиморт гарсан түймрийг унтраах гэж яваад киноны багтай таарчээ. Тэд  удирдлагуудад нь санал тавьсны хүчинд цэргүүдийг зураг авалтанд оруулахаар болсон байна. 

  • Үүний нөлөөгөөр зураг авалтын зардал 200 мянган ам.доллараар нэмэгдсэн юм. Тиймээс мөнгө хэмнэх үүднээс Билбо Багенсын төрсөн өдрийн үзэгдэлд ердөө 100 жүжигчин хөлсөлж оролцуулсан байна. Уг нь зохиол дээрээ 144 хүн төрсөн өдөрт нь ирсэн гэж гардаг аж. 

  • Кинонд зориулж 10,000 сум, 500 нум, 48 мянган ширхэг хуяг, 19 мянган тусгай өмсгөл хийсний дээр ихэнхийг нь хуучирсан мэт харагдуулах засвар хийжээ. Мөн жүжигчдэд зориулж олон тооны хиймэл эрхтэн хийжээ. Жишээ нь гол дүр болох хоббитуудад зориулж 1800 хос чих, хөл хийсэн гэнэ. Тэдгээрийг латексаар хийсэн бөгөөд ийм төрлийн материалаар хийсэн зүйлсийг ганцхан удаа ашиглаж болдог учраас ийм олноор нь захиалжээ. 

  • Мэдээж хиймэл үс мөн асар олноор нь хийх ёстой байсан аж. Ялангуяа одойн сахал болон элфүүдийн урт торгон үс олноороо хэрэг болсон гэнэ. Сонирхуулахад кино баг хиймэл үсээ Оросоос голдуу авдаг байжээ. 

  • Нэгэн үзэгдэл дээр газар унасан навчсыг үзэсгэлэнтэй харагдуулах үүднээс 50 гаруй ажилчин ширхэг бүрийг будаж (навч амархан харлаж байв) тодорхой хуваарийн дагуу нарийвчлалтайгаар цацаж байжээ. 

  • Энгийн өндөртэй жүжигчид хоббитын дүрд тоглосон учраас төрөл бүрийн арга хэрэглэн тэднийг намхан болгож харагдуулжээ. Жишээ нь уушийн газрын зураг авалтыг хийхдээ зарим жүжигчид модон хөлөн дээр явж зургаа авахуулсан байна. 
  • Сонирхуулахад одой Гимлигийн дүрд тоглосон жүжигчин Жон Рис-Дэвис нь 185 см өндөртэй байсан нь гол дүрийн жүжигчид дундаа хамгийн өндөрт орсон гэнэ. 

  • Элф Элрондыгн дүрд анх дуучин Дэвид Боуи тоглох ёстой байсан аж. Гэвч энэ нь бүтээгүй учраас түүний оронд Хюго Уивинг тогложээ. Түүнчлэн Арагорны дүрд Вин Дизель, Рассел Кроу, Стюарт Таунсенд, Фродогийн дүрд Жейк Жилленхол, Гимлигийн дүрд Уорвик Дэвис нарыг анх тоглуулахаар төлөвлөж байсан юм.
  • Харин Шон Коннери, Патрик Стюарт, Кристофер Пламмер нар Гэндалфын дүрд тоглохыг хүссэн бол Лиам Нисон, Даниел Дэй-Льюис, Итан Хоук, Ума Турман, Люси Лоулесс, Дэвид Боуи нар мөн шидтэний дүрд тоглож болох хүмүүсийн жагсаалтанд багтжээ.

  • Бараг бүх киноны зураг авалтыг зохиолын дарааллын дагуу бус киноны баг болон жүжигчдийн цагийн хуваарьт таруулан янз янзын дарааллаар явуулдаг юм. Үүний дагуу Бөгжний эзний зураг авалт ч мөн зохиолын дундаас шахуу эхэлсэн байна. 
  • Гэндалфын унадаг хэсгийн зургийг авахад гол дүрийн жүжигчид анх удаа цугларсан учраас тэр үед бүгд нэг нэгнээ сайн мэддэггүй байжээ. 

  • Арагорн хоббит Пиппин рүү алим шиддэг үзэгдлийн зургийг 16 удаа авчээ. Учир нь Арагорны дүрд тоглосон жүжигчин Вигго Мортенсен уг хэсэг үнэхээр их таалагдсан учраас аль болох олон удаа давтахыг хүссэн байна. 

  • Леголасын дүрд тоглосон Орландо Блум бүх тулаантай хэсгээ өөрөө хийж гүйцэтгэсэн бөгөөд нэгэн үзэгдэлд тэрээр бэртэж, хавиргаа хугалжээ.

  • Вигго Мортенсен мөн орлон тоглогч хэрэглэхээс татгалзсан бөгөөд Орландогоос илүү олон гэмтэл авсан гэнэ. Нэгэн үзэгдэл дээр тэрээр газар хэвтэх төмөр дуулгыг өшиглөөд цөхрөнгөө баран сөгдөөд хашхирч байгаагаар кинон дээр гардаг юм. Үнэн хэрэгтээ төмөр дуулга хөлийн хурууг нь хугалсан учраас Вигго өвдсөндөө орилж байгаа гэнэ. 

  • Вигго мөн нэгэн тулааны үзэгдэл дээр амандаа цохилт авч үүдэн шүдээ хугалсан байна. Тэрээр үүнийг юман чинээ тоолгүй энгийн цавуугаар шүдээ тогтоогоод зураг авалтаа үргэлжлүүлэхийг хүсчээ. Харин найруулагч Питер Жексон түүнийг хүчээр шахуу шүдний эмч дээр хүргэсэн байна.

  • Билбогийн гэрт Гендалф толгойгоо таазанд цохиод ёолдог хэсэг гардаг. Энэ хэсэг зохиол дээр байгаагүй бөгөөд жүжигчин Иан МакКелен үнэхээр санаандгүй толгойгоо цохисон байна. Түүний энэ үйлдэл үнэхээр үнэмшилтэй байсан учраас кинон дээр үлдээжээ. 

  • Фродо бөгжийг барьж буй хэсэг дээр хурууг нь камер томруулж харуулж буй хоёр үзэгдэл бий. Хэрвээ та анзаарвал эхнийх нь дээр нь Фродогийн хуруу хэмлэсэн хумстай байдаг бол дараагийнх нь дээр хумс нь зүв зүгээр болсон байгаа. Жүжигчин Элэйжа Вүүд хумсаа мэрдэг зуршлалтай байсан учраас үүнийг анзаарсан найруулагч хоёр дахь үзэгдэл дээр өөр хүнээр бөгжийг бариулж зургийг нь авчээ. 

  • Гол дүрийн 9 жүжигчний 8 нь дурсгал болгох үүднээс элф хэлээр 9 гэсэн утгатай бичгийг биен дээрээ шивүүлсэн байна. Иан МакКелен, Вигго Мортенсен, Доминик Монаган, Шон Бин нар мөрөн дээрээ, Шон Астин, Билли Бойд нар шагай, Орландо Блум шуу, Элэйжа Вүүд хэвлийн доод хэсэг дээрээ шивүүлсэн байна. 

  • Харин киноны найруулагч Питер Жексон элф хэлээр 10 гэсэн тоог шивүүлжээ. 

  • Найруулагч Питер Жексон өөрөө кинон дээрээ жижиг дүр бүтээсэн байна. Тэрээр "Prancing Pony" уушийн газрын үүдэнд зогсож байгаагаар гардаг бол дараа нь нэгэн тулааны үеэр оркыг жадаас сүлбэн алж байгаа цэргийн дүрийг бүтээжээ. 

  • Жексоны хүү охин 2 мөн кинон дээр гардаг. Эхлээд тэд Билбогийн үлгэрийг сонсож байгаа бяцхан хоббитын дүрийг бүтээсэн бол дараа нь "Helm's Deep" цайзад нуугдаж байгаа дүрвэгсэд, эцэст нь "Minas Tirith" хотын иргэд болсон аж. 

  • Ганцхан кино компани төдийгүй зураг авалт болсон Шинэ Зеланд ч бас багагүй хөрөнгө цуглуулжээ. Зураг авалтын үеэр л гэхэд 200 сая ам.долларын орлого олсон учраас тус орны засгийн газар зураг авалтын бүх үйл явцыг хянаж, асуудал гарсан даруйд шийдэх үүрэгтэй "Бөгжний эзний яам"-ыг хүртэл байгуулжээ. 

  • Алдарт "The Beatles" хамтлаг 20-р зууны дунд үед "Бөгжний эзнээр" кино хийхээр төлөвлөж байсан юм. Голлумын дүрд Жон Леннон, Фродогийн дүрд Пол Маккартни, Гэндалфын дүрд Жорж Харрисон, Сэмийн дүрд Ринго Старр тоглохоор төлөвлөсөн байв. Агуу найруулагч Стэнли Кубрикт тэд энэ төслийг хариуцах санал тавьсанд тэрээр татгалзсан юм. 

  • Мэдээжийн хэрэг зураг авалтын талбай дээр зохиолч Толкиены жинхэнэ шүтэн бишрэгчид цөөнгүй байсан юм. Жишээлбэл Саруманы дүрд тоглосон Кристофер Ли Толкиентой өөрийн биеэр уулзаж байсан жинхэнэ "фанат" байсан гэхэд болно. Тэрээр уг зохиолыг 1954 онд анх хэвлэгдсэн цагаас нь эхлээд жил бүр уншдаг байжээ. 

  • Продюсерууд "Бөгжний эзэн" цуврал романыг ганцхан кино болгож чадна хэмээн анх бодсон байна. Продюсер Боб Вайнштейн 3 кино хийхэд дэндүү өндөр өртөгтэй тусна гэж үзсэн учраас гурван романыг цомхотгож ердөө хоёр цагийн хэмжээтэй бүтээл болгох санал гаргажээ. Цомхотгох хэсгүүд дуунд "Helm's Deep"-ын алдарт тулаан багтсан гээд төсөөлдөө. 

  • Азаар кино бүтээх эрх Miramax-аас New Line Cinema студи руу шилжсэн аж. Тус студи харин 3 кино хийх юм бол илүү олон тасалбар зарж чадна гэдгийг ойлгосон учраас боть бүрийг тусдаа бүтээл болгохоор шийджээ. 

  • Энэхүү гурван анги бүхий кино нь ашиг орлого, шагналын хувьд түүхэн дээд амжилт тогтоосон юм. "Бөгжний эзэн" кино нийтдээ 800 шагналд нэр дэвшснээс 475-д ялалт байгуулсан нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байна. Ялангуяа "The Return of the King" анги нь түүхэн дэх хамгийн олон буюу 11 Оскар хүртсэн бөгөөд энэ тоогоороо "Titanic" болон "Ben-Hur" зэрэг кинонуудтай дүйсэн гэнэ. 

  • Сонирхолтой нь Толкиены хүү Кристофер кинонуудыг үзэн яддаг гэнэ. Тэрээр “Аавын маань зохиолууд дээр гардаг үзэл санааг тэд ашиг олохын тулд үгүй хийж хаясан. Би одоо тэдгээр кинонуудыг мартахаас өөр зүйл хийж чадахгүйдээ харамсаж байна." гэж хэлсэн удаатай.

  • Бөгжний эзэн дээр гардаг олон төрлийн амьтдын дууг төрөл бүрийн эх сурвалж ашиглан гаргаж авсан байна. Жишээ нь троллуудын дууг далайн арслангийн чимээ ашиглан бүтээжээ. 

  • Иан Маккелен хувийн баарандаа зураг авалтын талбайгаас авч үлдсэн Гэндалфын өмсгөл болон илд, таягийг хадгалдаг аж. Тэрээр мөн Хоббитын зураг авалт дээрээс Смауг лууны агуйд байсан алтан зоос, Билбогийн гэрийн түлхүүрийг "хулгайлсан" гэнэ. 

  • Жүжигчин Шон Бин нисэхээс айдаг гэнэ. Тиймээс уулын орой дээр авсан зураг авалтыг хийхийн тулд тэрээр ганцаараа мацдаг байсан бөгөөд бусад нь түрүүлж нисдэг тэргээр гараад хүлээдэг байв. 

  • 2015 онд үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар "Бөгжний эзэн" нь түүхэн дэх хамгийн шилдэг хөгжимтэй кино хэмээн шалгарсан байна. Хөгжмийн зохиолч Ховард Шор бүх хөгжмийг нь өөрөө бичсэн бөгөөд тэрээр өмнө нь Titanic дээр мөн ажиллаж байсан аж. Ховард Шор өөрийн бүтээлээр гурван Оскарын шагнал хүртсэн байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()