2021 оны 5-р сард эхлүүлсэн өвөрмөц туршилтандаа охин хэдэн сарын турш бэлджээ. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн тэрээр томоохон үдэшлэг, эвентүүдэд оролцож, хаана үнэгүй зууш, уух юм санал болгодог болохыг судалсан байна. Ийнхүү туршилт эхлэх цаг болоход тэрээр алдартай хүн үнэгүй хооллох боломжтой кафе, ресторан, үнэгүй хүнс авах супермаркет, үнэгүй буудаллах буудлын жагсаалтыг гаргасан байжээ.
Нэн түрүүнд Зоу хятадын цахим орчны "минюан" буюу томоохон инфлюнсерийн (нөлөөлөгч) дүрд хувирсан байна. Охин тэдний биеэ авч яваа байдал, хувцаслалт, нүүр будалт гээд бүхий л зүйлийг судалж, дууриан бэлдсэн аж.
Ингээд тэрээр брэндийн хослол өмсөж, уруулаа улаан өнгөөр будаад, хуурамч ганган цүнх бариад гарчээ.
Охин эхлээд онгоцны буудал дахь VIP танхимд оржээ. Ингэхдээ тэрээр Хятадын банк, аяллын агентлаг, нислэгийн компаниудаас байнгын үйлчлүүлэгч нартаа өгдөг картыг хуурамчаар үйлдэн нэвтэрсэн байна.
VIP үйлчилгээний ажилчид тухайн картыг хэзээ ч нарийн шалгадаггүй бөгөөд бараг л нүдний булангаараа хараад өнгөрдөг гэхэд болно. Хэдий VIP өрөөнд хамгийн ихдээ 3 цаг сууж болно гэж заасан ч үнэндээ хэн ч үйлчлүүлэгчийг хөөж гаргахгүй. Ингээд Зоу тэрхүү танхимд 3 хоногийг өнгөрүүлж, буфетийн хоолноос үнэгүй идсэн байна.
Эхний өдөр оюутан маань онгоцны буудал дахь Gucci-ийн дэлгүүрт очоод худалдагчаас нь тус брэндийн лого бүхий цаасан уутыг өгөхийг хүссэн аж.
Үүгээрээ тэрээр өөрийн од гэх дүрийг илүү тодотгосны зэрэгцээ уутандаа үнэгүй хоолыг нөөц болгон хадгалах боломжтой болжээ.
Харин дараа нь тэрээр Louis Vuitton-ы дэлгүүрт орж ирэхэд худалдагчид нь Gucci-ийн уут барьсан түүнийг харангуутаа бусад үйлчлүүлэгчдээ орхиод шууд түүн дээр ирсэн байна. Тэд Зоуд хамгийн үнэтэй гэх бараануудаа сонирхуулаад зогсохгүй брэндэд зориулсан үдэшлэгт түүнийг урьжээ.
Ингээд охин нисэх онгоцны буудлаас гарч, Бээжингийн хамгийн баян хорооллуудын нэг болох Дунчэнд ирсэн байна. Мэдээж тэр хоноглох байр олж, үнэгүй хооллохын тулд дахин инфлюнсер болж жүжиглэжээ. Тэрээр хамгийн тансаг буудлыг сонгож ороод хуурамч нэрээр бүртгүүлж, буудлынхаа өрөөний дугаарыг мөн худал хэлсэн аж. Үр дүнд нь тэрээр дотроо саун бүхий люкс өрөөнд амьдрахаар болжээ.
Шөнө болоход Зоу баячуудын үдэшлэг, эвентүүд рүү орж, тансаг амттан, франц хоолыг зоогложээ. Тэгээд зогсохгүй гоёл чимэглэлийн дуудлага худалдаанд оролцож, заримыг нь бүр зүүж үзсэн байна. Энэ хугацаанд эхэндээ түүнд хэцүү байсан ч удалгүй өөрийн "од байдал"-даа дасаж, сүүлдээ биеэ барихаа больсон гэнэ.
Ийнхүү баячуудын амьдралаар амьдарсан гурван долоо хоног ч дуусч, түүний дипломын ажил ч бэлэн болжээ. Энэхүү туршилт нь Зоу Яцигийн капитализм болон хэтэрсэн хэрэглээний сэдэвтэй дипломны ажлын гол хэсэг нь байв.
Гэрэл зураг, бичлэг хэлбэрээр хадгалсан энэхүү туршилт цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байгаа юм. Олонх нь охины санааг дэмжиж, түүгээр бахархаж байгаа бол зарим нь түүнийг Бээжингийн их сургуулийн нэрийг буруу зүйлд ашигласан хэмээн буруутгаж байгаа аж. Гэсэн хэдий ч оюутан маань түүний төсөл олны анхаарлыг татсанд маш их баяртай байгаа гэнэ.