Маулиннонг тосгоны талаар мэдээлэл анх 2003 онд дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан бөгөөд тухайн үед “Discover Magazine”-ы сэтгүүлч уг тосгоныг Азийн хамгийн цэвэрхэн тосгон хэмээн нэрлэжээ.
Найман настай балчраас наян настай буурай нь хүртэл амьдарч буй орчныхоо цэвэр цэмцгэр байдалд анхаардаг гэдгийг мэдсэн сэтгүүлч уг тосгонд өөрөө очиж сурвалжлага бэлтгэхээр шийдээд үнэхээр гайхаж хоцорчээ.
Ийнхүү түүний сурвалжлага дэлхийн нийтийн анхаарлыг татаж, Маулиннонг тосгоныг зорьсон олон мянган жуулчид тэндхийн иргэд байгаль дэлхийдээ хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгааг харж бишрэх болжээ.
Хэдийгээр энэ нь жуулчдын анхаарлыг татах гэж байгаа маркетингийн арга мэт санагдавч үнэн хэрэгтээ тийм биш. Маулиннонгийн оршин суугчдын хувьд цэвэр цэмцгэр байдал үргэлж нэгдүгээрт байдаг бөгөөд яг хэзээнээс эхэлж үүнийг эрхэмлэх болсноо тэд мэддэггүй:
Зарим хүмүүсийн үзэж байгаагаар зуугаад жилийн өмнө энэхүү тосгонд халуун хумхаа өвчин тархаж, олон хүний амийг авсан бөгөөд дахин энэ өвчнийг тархаахгүйн тулд тэд ийнхүү ариун цэврийг сахих болсон аж.
Харин зарим нь үүнийг тус тосгоныхон цусан төрлөө илүүд үздэг, эхийн эрхт ёсыг баримталдаг гэдэгтэй холбож тайлбарласан байна. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан тосгоны бүх иргэд хөгшин, залуугүй олон жилийн турш энэхүү үнэт зарчмыг баримталсаар иржээ.
Тосгоны иргэд цэвэр цэмцгэр байдлаа хэрхэн хадгалдаг вэ?
Энэ нь маш энгийн, амархан системтэй. Тосгоны бүх оршин суугчид цэвэрлэгээний үйл ажиллагаанд хамрагдана. Хүүхдүүд өглөө хичээлдээ явахынхаа өмнө гудамж шүүрдэж, хогийн савыг султгаж, хог ангилдаг байна. Мөн газар унасан навчнуудыг түүж тусгай нүхэнд хийдэг бөгөөд хожим нь тэдгээр навчнууд бордоо болдог аж.
Харин хуванцар хаягдлыг дахин боловсруулахаар тушаадаг бол бусад хогийг шатаадаг. Ерөнхийдөө уг тосгонд тамхи татах, хуванцар сав хэрэглэхийг хориглодог ч заримдаа жуулчдаас болж энэ төрлийн хог гарах нь бий.
Мэдээж тосгоны зөвхөн нийтийн эзэмшлийн талбай цэвэрхэн байдаг гэвэл үгүй. Цэвэр цэмцгэр байдлыг иргэдээс нь салгаж ойлгож болохгүй учир гэрт нь ч гэсэн үргэлж цэмцгэр байдал ноёрхоно.