Нийт 176 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Уругвай улс хэмжээгээрээ Өмнөд Америкдаа сүүлээсээ 2-т ордог. Тус улсын 3.4 сая хүн амын тал хувь буюу 1.8 сая иргэн нь нийслэл Монтевидео хотод төвлөрөн амьдардаг. Сонирхолтой нь хүн амын 88 хувь нь европ гаралтай байдаг аж.
1680 онд Өмнөд Америкийн газар нутаг дээрх хамгийн эртний европ суурингуудын нэг Колониа дель Сакраментог өнөөгийн Уругвайн газар нутаг дээр Португалчууд байгуулж байжээ.
Тэрхүү сууринг нь эсэргүүцэх зорилгоор Испаничууд Монтевидео хотыг 18-р зуунд хаяанд нь шахуу байгуулжээ.
Нэг талаас Португал, нөгөө төлөөс Испанийн нөлөөнд байсаар ирсэн Уругвай 1811-28 оны хооронд Испани, Португали, Их Британи гэсэн гурван талын тэмцлийн үр дүнд тусгаар тогтнолоо олж авсан байна. Тэр үеэс хойш тус орон нь ардчилсан үндсэн хуульт бүгд найрамдах улс болсон бөгөөд ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний үүргийг давхар гүйцэтгэх болсон юм..
Уругвай хэмээх үг нь уугуул иргэдийн Гуарани хэлээр "өнгөт шувуудын гол" гэсэн утгатай үг аж.
Түүхийнхээ явцад асар олон иргэний дайн үзэж байсан Уругвай нь ихэнхдээ ардчилсан засаглалтай байсан ч Ерөнхийлөгч Хорхе Пачеко 1968 онд үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, дарангуйллын нийгэм тогтох эхлэлийг тавьсан юм. Үүний уршгаар Хуан Мария Бордаберри хэмээх улс төрч цэргийнхний дэмжлэгтэйгээр 1973-1985 оны хооронд бараг хэмжээгүй эрх мэдэл эдлэн, тус улсыг жинхэнэ дарангуйлагч болж удирдсан юм.
Цэргийнхэн зэргэлдээ улс орнууд, тэр дундаа Аргентинтай дайсагнах бодлого явуулсан байдаг. Үүний нөлөөгөөр асар олон Уругвайчууд амиа алдсан учраас иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл гарсан ч тэр бүрийг туйлын харгис арга хэрэглэн дарсан гэдэг.
АНУ-ын төлөөлөгч Эди Кауфманы хэлснээр тухайн үед Уругвай улс 1000 хүнд ногдох улс төрийн хоригдлуудын тоогоор дэлхийд дээгүүрт ордог байжээ.
Гэвч иргэд бууж өгөлгүй тэмцсээр байсан бөгөөд цэргийнхэн арга буюу буулт хийж, эцэст нь 1984 онд үндсэн хуулинд дахин өөрчлөлт оруулан жинхэнэ сонгууль зохион байгуулав. Тэрхүү сонгуулиар ялалт байгуулсан Хулио Мария Сангинетти ерөнхийлөгчийн албыг 1985-1990 оны хооронд хашсан бөгөөд эдийн засгийн шинэчлэл хийж, дахин цэргийн дарангуйлал тогтохгүй байлгах үүднээс ардчиллыг бэхжүүлэх олон тооны хууль тогтоомжийг баталсан байна.
Хулио Мария эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч импорт экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч Уругвайн экспортын гол зах зээл дэх түүхий эдийн үнэ буурснаас болоод эдийн засаг нь 11 хувиар агшиж, ажилгүйдэл 21 хувьд хүрч, ядуурал 30 гаруй хувь болж өсжээ.
2004 онд ерөнхийлөгчөөр сонгогсдон Табаре Васкес ажлаа хүлээн аваад, эдийн засгийн уламжлалт бодлого явуулж эхэлсэн гэдэг. Үүний ачаар түүхий эдийн үнэ өсч, тус орон эдийн засаг уналтаас гарч чаджээ. Мөн Табаре Васкес гадаадын хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмэгдүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулж, улсын өрийг ДНБ-ий 79 хувиас 60 хувь хүртэл бууруулж, инфляцийг тогтвортой барьж чадсан байна.
Табаре Васкес хамгийн гол нь ганцхан түүхий эд бус эдийн засгийн бүхий л салбарыг хөгжүүлэх дээр анхаарлаа хандуулж чадсан юм. Үүний ачаар тус орон нь оюуны өмчийн салбар, дундаж давхарга, хүний эрхийн тал дээр Латин Америкдаа тэргүүлэх болжээ. Тэр бүү хэл 2009 оны их хямралыг тус улс бараг мэдрээгүй бөгөөд 2010 онд ажилгүйдлийн түвшин түүхэн доод 5.4 хувьд хүрсэн аж.
Ингээд та бүхэнд Уругвайн талаарх сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
1
Бороо их ордог ч ширэнгэн ой байхгүй
Уругвайн уур амьсгал нь чийглэг хэдий ч бусад Өмнөд Америкийн орнууд шиг халуун биш бөгөөд зундаа дунджаар цельсийн 26 хэм хүрдэг бол өвөл нь 9 хэм хүрдэг байна.
Харин зуны улиралд аянга цахилгаантай бороо орох нь элбэг. Газар нутгийн ихэнх нь хэсэг ой мод багатай бөгөөд хөрс нь үржил шим ихтэй учраас газар тариалан маш сайн хөгжжээ.
2
Мал аж ахуйн орон
Тус орны чухал салбар гэвэл аялал жуулчлал, хөдөө аж ахуй юм. Өмнө нь хэлсэнчлэн Уругвайн экспортын томоохон хэсгийг газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн бүрдүүлдэг гэдэг.
Сонирхолтой нь тус оронд орчин үеийн фермийн бус уламжлалт мал аж ахуйн аргачлал зонхилсон хэвээр байгаа аж. Гаучо буюу өмнөд америк ковбойчууд морио унаад, үхрээ хариулах нь одоо ч хэвийн үзэгдэл учраас үүнийгээ дагаад мал аж ахуйн соёлоо сурталчилсан жуулчлалын салбар сайн хөгжжээ.
Нийтдээ 11.4 сая толгой үхэртэй тус улсад нэг хүнд 4 үхэр ногддог учраас энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Мөн Уругвайн хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар дундаж иргэн нь жилд 58.2 кг үхрийн мах хэрэглэдэг гэсэн тоо гарчээ.
Тус орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх систем нь маш боловсронгүй зохион байгуулалттай, мал нь ямар ч нэмэлт бэлдмэлгүй байгалийн өвс иддэг учраас Уругвайн үхрийн мах дэлхийн зах зээл дээр эрэлт ихтэй, өндөр үнэтэй байдаг гэнэ.
3
Уругвай улс колоничлогчдын мөргөлдөөнөөс болж үүссэн
Латин Америкийн төлөө олон зууны турш тэмцэж ирсэн Испани, Португали, Их Британи гэсэн тэр үеийн гурван хүчирхэг гүрэн Уругвайн үржил шимтэй, стратегийн хувьд чухал ач холбогдолтой газар нутгийн төлөө мөн удтал дайтсан юм.
Гэхдээ дээрх орнууд Монтевидео хотын төлөө хангалттай цус урссан гэж үзсэн учраас 1828 онд Уругвайг тусгаар улс болгох тунхагт гарын үсэг зуржээ. Ингэснээр хэн нь ч тус орны газар нутгийг өмчлөх эрхгүй болсон бөгөөд Уругвайг өөр хоорондын халхавч болгон ашиглах боломжтой болсон байна.
4
Уругвай аюулгүй байдал, наран шарлагын газруудаараа алдартай
Уругвай улсад хоёр далайн эрэг бий. Нэг нь Атлантын далай, нөгөө нь Уругвай мөрөн далайд цутгадаг Рио де ла Плата хэмээх эрэг юм. Алдарт амралтын газар Пунта дель Эсте нь эдгээр хоёр эргийн уулзвар дээр байрладаг аж. Тус хотыг жуулчлалын улирлын үеэр (12-р сараас 2-р сар хүртэл) ихэвчлэн Аргентинаас ирсэн чинээлэг жуулчид "эзэлдэг" байна.
Зүүн зүгийн салхи ихтэй наран шарлагын газрууд нь хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог бөгөөд энд серфинг хийх, байгальтай ойртоход хамгийн тохиромжтой гэдэг. Харин нийслэл Монтевидеогийн гаднах голын эрэг дээр ихэвчлэн хотын иргэд гэр бүлийн хамт амрахаар ирдэг. Уругвай нь мөн Бразилчуудын очих дуртай газар болсон учраас зуны улиралд далайн эрэг дээр байгаа хүмүүс нутгийн испани гэхээс илүүтэй португали хэлээр ярьж сонсогдох нь элбэг. Өөрсдийн тансаг наран шарлагын газартай Аргентин, Бразил зэрэг орны иргэд ингэж ихээр Уругвайг зорих болсон нь цэвэрхэн нээлттэй орчин, аюулгүй тайван байдалтай нь холбоотой аж.
5
Ардчилал өндөр хөгжсөн орон
The Economist сэтгүүл жил бүр дэлхийн 167 орныг ардчлалын индексээр нь жагсаадаг бөгөөд Уругвай Латин Америкаас хамгийн өндөр буюу 15-д жагсчээ. Сонирхуулахад Монгол тус жагсаалтын 61-т орсон байна.
6
Дундаж давхаргын иргэдийн тоогоор Америк тивд тэргүүлнэ
Тухайн орны хөгжлийг хүн амын хэр их хувийг нь дундаж давхаргынхан эзэлж байгаагаар нь хардаг билээ. Тэгвэл тус орны нийт иргэдийн 60 хувь нь тус давхаргад харьяалагддаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Америк тивдээ (Хойд, Өмнөд аль аль нь) тэргүүлдэг байна. Эдийн засгийн зөв бодлого явуулсны хүчинд 2006-2016 онд ядуурлын түвшин 32.5 хувиас 9.4 хувь болж буурсан бөгөөд хэт ядуурал мөн хугацаанд 2.5 хуваас 0.2 хувьд хүрсэн байна.
7
Хүүхэд бүрт компьютер
Тус улсын засгийн газар хүүхэд бүрт ар гэрийн байдлыг үл харгалзан ижил хэмжээний боловсрол олгох "Сэйбал" хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний хүрээнд хүүхэд бүрт зөөврийн компьютер олгож, бүх сургуулиудад WiFi сүлжээтэй болгосны зэрэгцээ нийслэлийн багш нар хөдөө орон нутгуудад цахимаар англи хэл зааж эхэлжээ.
8
Латин Америкийн хамгийн том програм хангамж экспортлогч
Өмнө нь дурдсанчлан ганцхан түүхий эд, хөдөө аж ахуй гэлтгүй тус орны засгийн газар оюуны өмчийн зах зээлээ тэлэх тал дээр онцгой анхаарч ажилласны хүчинд нэг хүнд ногдох програм хангамжийн экспортоор Латин Америкдаа тэргүүлдэг болсон байна.
Одоо ч гэсэн Уругвайн засгийн газар мэдээллийн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ технологийн дэд бүтцээ сайжруулахад анхаарч байгаа гэнэ. Тус орон бүхэлдээ маш сайн, өндөр хурдны интернэтийн холболттой бөгөөд олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үнэгүй Wi-Fi цацдаг аж.
Хамгийн чухал нь технологийн экспортыг татвараас чөлөөлсний хүчинд энэхүү салбар нь үсрэнгүй хөгжиж чаджээ.
9
Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч
Уругвай улсын ерөнхийлөгчөөр 2010-2015 оны хооронд ажилласан Хосе Мухика нь цалингийнхаа 90 хувийг орон гэргүйчүүд, жижиг бизнес эрхлэгчдэд хандивлаж, өөрөө жирийн нэгэн хорооллын жижигхэн байшинд амьдардаг байсан тул "Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч" хэмээн олон улсад алдаршжээ.
10
100 хувь сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаанаа хангадаг
Тус улс байгальд ээлтэй төслүүдээрээ дэлхийд дээгүүр бичигддэг. Жишээлбэл тус улс нэг хүнд ноогдох цахилгааны хэрэглээгээр тивдээ тэргүүлэх ч эрчим хүчнийхээ 98-100 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авдаг гэж 2020 оны тооцоонд дурдагджээ. Салхины болон усан цахилгаан станцууд голлох эрчим хүч үйлдвэрлэгч болохын зэрэгцээ нарны, биомассын эрчим хүчийг тодорхой хэмжээнд ашигладаг байна.