Өдгөө 21 настай колумби бүсгүй Аида Викториа шоронгоос ээжийгээ оргуулсан нь илчлэгджээ.
Энэхүү орголт нь 2019 оны 10-р сард болсон байна. Түүний ээж, парламентийн гишүүн Аида Мерлано бусдыг сүрдүүлсэн, сонгуулийн луйвар үйлдсэн, авлига өгсөн зэрэг хэргүүд нь илэрсэн учраас баривчлагдсан байна.
Зүүн талд Аида Виктория Мерлано, баруун талд түүний ээж Аида Мерлано Реболледо
Ийнхүү сонгуульд ялалт байгуулснаасаа зургаахан сарын дараа Мерлано 15 жилийн ял авч, Богота хотын шоронд хоригдсон аж. Гэвч үүнээс 2 долоо хоногийн дараа тэрээр оргож чаджээ.
Шүдний эмчид үзүүлэх цаг авсан нь түүний оргох ганц боломж байжээ.
Ийнхүү шоронгоос гарч, эмнэлэг рүү явахад түүнийг шоронгийн харгалзагч, жолоочийн хамт дагалдаж явжээ. Хачирхалтай нь тэрээр эмчийн өрөөнд ганцаараа орж, харгалзагчийг үүдэнд үлдээсэн аж.
Удалгүй шүдний эмч гарсан хойгуур тэрээр эмнэлгийн гурван давхрын цонхоор олс унжуулж буусан нь ойролцоох барилгын камерт бичигдэж үлджээ.
Ингээд Мерлано буунгуутаа хүргэлтийн ажилтны дүрд хувирсан хүний мотоцикл дээр сундлан одсон аж.
Энэхүү орголтын талаар удалгүй Колумби даяар шуугиж эхлэхтэй зэрэгцэн хууль сахиулагчилд түүний охин Аида Викторияг баривчилж, хэрэгтэнг оргоход тусалсан гэдэг ял тулгав. Гэхдээ тэрээр удалгүй батлан даалтаар суллагдсан байна.
Өдгөө Викториягийн шүүх хурал үргэлжилсэн хэвээр байгаа ч тэрээр инстаграм дээрээ байнга шахуу зургаа хуваалцдаг бөгөөд өдгөө 2.5 сая дагагчтай болоод амжжээ.
Тэрээр ээжийнхээ оргосон явдлыг ашиглан нэрд гарахаар шийдсэн байна. Дээрх явдлаас сарын дараа нэгэн сэтгүүлийн нүүрэн дээр Викториагийн нүцгэн зураг гарсан бөгөөд гарчиг дээр нь "Оргосон гишүүний охин хэргээ хүлээв" гэж бичсэн байв.
2020 оны 1-р сард Аида Мерланог хөрш зэргэлдээ Венесуэльд байгааг илрүүлж, цагдаа нарыг дайчлан баривчилжээ.
Прокуроруудын үзсэнээр энэ бүх үйл явдлыг Аида Викториа зохион байгуулсан гэнэ. Тодруулбал тэрээр шүдний эмчтэй өмнө нь хуйвалдсаны зэрэгцээ орголт болох үед өөрөө эмчийн өрөөнд ч байсан байх магадлалтай болжээ. Улмаар бүсгүй харгалзагчийг саатуулах зуур түүний хөлсөлсөн мотоциклийн жолооч ээжийг нь авч явсан бололтой.
Шүүх хурлын үеэр ээж охин хоёр хоёул өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн аж. Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол олон жилийг торны цаана өнгөрөөх юм.
Аида Викториа инстаграм хуудас дээрээ "21 жилийн турш шоронд хоригдож магадгүй гэж би өглөө бүр сэрээд боддог ч одоохондоо өөрийгөө аз жаргалтай байлгахад болохгүй зүйл үгүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй учраас өнөөдөртөө жаргалтай байх хэрэгтэй" хэмээн өгүүлжээ.