Дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд үргэлжилсэн 10 дайн

Хүн төрөлхтний түүхэнд нийтдээ 15 мянга гаруй удаа дайн болж, тэр бүхэн 3 тэрбум хүний амь насыг авч одсон гэдэг тооцоо бий. Тэдгээрийн олонх нь олон жил дараалан үргэлжилж, тоолж барамгүй их хохирол учруулсан билээ. Гэхдээ зарим дайн бараг эхлэл төгсгөл нь андуурагдмаар богино хугацаанд дууссан байдаг. Ингээд таны түүхийн мэдлэгт нэмэр болох сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд үргэлжилсэн 10 дайн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Иом Киппурын дайн - 18 өдөр

Иом Киппурын дайн буюу "10-р сарын дайн" нь 1973 оны 10-р сарын 6-наас 23-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна. Яг эдгээр өдрүүдэд Еврейн шашны шүүлтийн өдөр хэмээх томоохон баяр таардаг бөгөөд Израильчууд нийтээрээ амарч, мөргөл үйлдэн мацаг барьдаг юм. 

Энэ баярыг Арабын эвсэл, тэр дундаа Сири болон Египет улс ашиглаж, Израильд алдсан газар нутгаа эргүүлэн авахаар шийджээ. 

Мэдээж хэрэг Израильчууд ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан учраас эхний хоёр өдөр маш хүнд хохирол амссан юм. Харин 3 дахь өдрөөс тэд нөхцөл байдлыг хяналтандаа авч чадсан байна. 

Удалгүй ЗХУ Арабын орнуудын талд орж Израилийг галаа зогсоохыг шаарджээ. ЗХУ шаардлага хүргүүлэх үед Израилийн цэргүүд Сирийн нийслэлийн дэргэд тулж ирээд байсны дээр Египетийн нийслэлд хүрэхэд хэдхэн өдрийн газар дутуу байсан юм.

Нийтдээ 18 өдөр үргэлжилсэн дайны уршгаар Израиль 3 мянга гаруй, Арабын эвсэл 20 мянга гаруй цэргээ алджээ.

Иом Киппурын дайн - 18 өдөр

9 Серби-Болгарын дайн - 14 өдөр

1885 оны 11-р сард Сербийн хаан нутаг дэвсгэрийн маргаанаас болж Болгартай дайн зарласан юм. Тухайн үед Туркийн харъяаны Зүүн Румелиа хэмээх жижиг мужийг Болгар эзлээд байсан бөгөөд үүний уршгаар Серби улс Балкан дахь нөлөөгөө алдана гэж эмээсэн учраас ийм шийдвэр гаргажээ. 

Серби, Болгарын хоорондох дайн 1885 оны 11-р сарын 14-өөс 28-ны хооронд үргэлжилсэн юм. Дайн болсон хоёр долоо хоногийн хугацаанд хоёр мянга таван зуу орчим цэрэг амиа алдаж, есөн мянган хүн шархаджээ. Тулалдаан дууссанаас жилийн дараа Бухарест хотод албан ёсоор энхийн гэрээ байгуулсан бөгөөд үүний үр дүнд Европын орнууд Зүүн Румелиа нь Болгарын эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Серби-Болгарын дайн - 14 өдөр

8 Энэтхэг-Пакистаны гуравдугаар дайн - 13 өдөр

1971 оны 12-р сард Зүүн Пакистанд иргэний дайн дэгдэж эхлэв. Тус нутгийн иргэд Пакистанаас бүрэн салан тусгаарлах зорилготой байсан бөгөөд Энэтхэг улс ч тэднийг дэмжиж байлаа. Мөргөлдөөн улам хурцдаж, нөхцөл байдал хүндэрсэн тул Пакистанаас Энэтхэг рүү дүрвэх хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн аж. 

Ерөнхий сайд Индра Ганди энэ боломжийг ашиглан Пакистаны хүчийг сулруулахаар шийдэж, томоохон цэргийн хүч хөдөлгөсөн байна. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн дайны дараа Энэтхэг улс зорилгоо биелүүлэн Баруун Пакистаны хүчийг бут цохиж, Зүүн Пакистаныг тусгаар тогтносон улс болгосон нь өдгөө Бангладеш хэмээн нэрлэгдэх болсон билээ.

Энэтхэг-Пакистаны гуравдугаар дайн - 13 өдөр

7 Хөлбөмбөгийн дайн - 6 өдөр

1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө эртнээс хоорондоо таарамж муутай байсан Сальвадор, Гондурас улсын багууд тааран тоглосноос үүдэн дайн дэгджээ.

Газар нутгийн хэмжээ багатай ч арай илүү тооны иргэдтэй учраас Сальвадор улсаас хөрш зэргэлдээ Гондурас руу хэдэн зуун мянган хүн цагаачилсан байдаг. Үүний уршгаар Гондурасчууд Сальвадорын цагаачид улсынх нь эдийн засгийг доош татаж байна хэмээн үзэх болсон юм. Энэ үзэл хэдэн арван жилийн хугацаанд бараг үзэн ядалт болтлоо дордсон байдаг. Эцэст нь Гондурасын засгийн эрхэнд гарсан дарангуйлагч Сальвадорчуудыг хэдэн мянгаар нь хүчээр нутаг буцааж эхэлсэн бөгөөд энэ үйлдэл нь хоёр орныг "тангараг тасрахад" хүргэсэн аж.

Хөлбөмбөгийн дайн - 6 өдөр

Латин Америкийн бусад орнуудын жишгээр дээрх 2 орны хувьд хөлбөмбөг бараг шашин нь болтлоо хөгжсөнийг дурдах хэрэгтэй. Гэтэл нэрмээс болж 1970 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөө Сальвадор, Гондурасын шигшээ багууд тааран тоглохоор болов. Хэдийнэ нэг нэгнээ үзэн ядах болсон 2 орны иргэдийн хувьд үүнийг энгийн тэмцээн бус бараг дайнаас өөрцгүй зүйл хэмээн хүлээж авчээ. Сальвадор улсын баг ялалт байгуулсан энэхүү ширүүн тоглолтын дараа хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн хооронд олныг хамарсан зодоон болжээ. Цэнгэлдэх хүрээлэнд Гондурасын далбааны оронд ноорхой даавуу намируулж доромжилсон тухай мэдээ радиогоор цацагдсан нь жинхэнэ “гал дээр тос нэмсэн” байна.

Гондурасчууд цагаач сальвадорчуудыг таарсан газраа зодож эхэлсэн бөгөөд үүний хариуд Сальвадорын засгийн газар хөрш улстайгаа дипломат харилцаагаа тасалснаа мэдэгдэж, цэрэг хөдөлгөн дайн зарлав. Ийнхүү 7-р сарын 14-нд хоёр орны хооронд Хөлбөмбөгийн дайн эхэлсэн юм. Зарим хэвлэлүүд мөн үүнийг 100 цагийн дайн ч гэж нэрлэсэн байдаг.  

Үнэн хэрэгтээ энэ дайнд ялагч байгаагүй. Учир нь дээрх хоёр улс ихээхэн хохирол амссаны дээр хэн нь ч, юу ч эзэлж чадаагүй байна. Уг мөргөлдөөнөөс болж 6000 орчим хүн амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд байжээ.

6 6 өдрийн дайн

Ойрхи Дорнодын түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн үйл явдлуудын нэг нь 6 өдрийн дайн юм. 1967 оны 6-р сарын 5-наас 10-ны өдрүүдэд Израиль улс Арабын холбоо буюу Египет, Ирак, Сири, Йордан, Алжир гэсэн орнуудтай дайтсаныг ингэж нэрлэх болжээ.  

1957 онд Израиль Египетийн эзэмшилд байсан Суэцийн сувгийг Их Британи, Францын хамт эзэлсэн байдаг. Тухайн үед Египет НҮБ, тэр дундаа АНУ, ЗХУ-ын дэмжлэгтэй Суэцийн сувгийг буцаан авсан ч энэ нь тэдний хувьд хангалттай байсангүй. Тус 2 орны харилцаа бараг өөрчлөгдөлгүй явсаар 1967 оны 5-р сард Египетийн удирдагч Гамал Абдель Насер Израилийг хилийнхээ ойролцоо цэргийн хүч цуглуулж байгаа гэх мэдээ хүлээн авсан гэдэг. 

Насер Суэцийн хямрал шиг гэнэ алдаж газар нутгаа булаалгахгүйн тулд хөрш арабын орнууд болох Ирак, Сири, Йордан, Алжираас цэргийн туслалцаа авах хэлэлцээр байгуулжээ. Ингээд тэрээр нэн даруй Еврейчүүдийн улс Израилийг хууль бусаар байгуулагдсан, оршин тогтнох эрхгүй хэмээн зарлав. 

6 өдрийн дайн

Үүнээс сарын дараа буюу 1967 оны 6-р сарын 5-нд Израильчууд Египетийн онгоцны буудлуудыг бөмбөгдсөнөөр дайн эхэлсэн юм. Арабын холбоотнууд үүний хариуд Израилийн тал бүрээс цэргээ оруулав. Гэвч Арабын холбоо дайсныхаа цэргийн хүчийг дутуу үнэлсэн байна. Эхний гурван өдрийн дотор Ирак, Сирийн цэргүүд бут цохиулж ухарсан бөгөөд Йордан болон Алжирийн давшилт нам зогсчээ. Энэ мөчийг Израильчууд алдалгүй хариу давшилт эхлүүлсний хүчинд дараагийн 2 өдрийн дотор Иудей, Самари, Голаны өндөрлөг, Газын зурвас, түүнчлэн Зүүн Иерусалимын нутаг дэвсгэрийг эзэлсэн байна. 

Израилийн тал 679 цэргийн хохирол амссан бол Арабчуудын хохирол хамаагүй их буюу 70,000-д хүрч байв. Арабууд мөн асар их хэмжээний цэргийн техникээ тулааны явцад алдсан юм. 

Уг дайны үр дүнд Израиль дайны өмнөх үеийнхээс гурав дахин их газар нутгийг хяналтандаа оруулсан юм. Мөн 1980 оны намар Иерусалимын хуулийг баталж, Зүүн Иерусалимыг Израилийн тусгаар тогтносон улсын газар нутаг гэж заасан байдаг. 

5 Агашерын дайн - 6 өдөр

1974 оны 12-р сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилсэн энэхүү зэвсэгт мөргөлдөөнийг Зул сарын дайн ч гэх нь бий. Төрөл бүрийн ашигт малтмал, тэр дундаа байгалийн хийгээр баялаг Африк тивийн Агашерын зурвасын төлөө Мали болон Буркина Фасо улсууд эртнээс нааш зөрчилдөж иржээ.

Тус хоёр орон тухайн үед хоёулаа Африкийн хамгийн ядуу орнуудад тооцогдож байсан учраас эдийн засгаа сэргээхийн тулд Агашерыг өөрийн эзэмшилдээ оруулах нь нэн тэргүүний асуудалд тооцогдож байв. 

Эцэст нь Буркина Фасогийн шинэ удирдагч Томас Санкара бүгдийг хүчээр шийдэхээр болж цэргээ Агашерын зурвас руу оруулжээ. Үүний хариуд Малигийн ерөнхийлөгч мөн цэрэг хөдөлгөж, 6 өдрийн турш үргэлжилсэн дайн эхлэв. Дайн тооцоолж байснаас их хохирол амсуулсан учраас 2 тал гал зогсоох хэлэлцээр хийсний дээр хоригдлуудаа солилцсон байна. Энэхүү мөргөлдөөний үр дүнд Агашерын зурвасыг хэн нь ч эзэлж чадаагүй боловч олон улс Мали болон Буркина Фасогийн нөхцөл байдалд анхаарал хандуулж эхэлжээ. Барууны орнууд дээрх 2 оронд эдийн засаг болоод эд материалын дэмжлэг үзүүлж эхэлсний дээр НҮБ дараа жил нь Агашерын зурвасыг 2 талд "хувааж" өгөх шийдвэр гаргасан байна. 

Агашерын дайн - 6 өдөр

4 Египет-Ливийн дайн - 4 өдөр

1977 онд Ливи, Египетийн хооронд болсон цэргийн мөргөлдөөн ердөө 4 өдөр үргэлжилсэн бөгөөд ямар ч үр дүнд хүргээгүй аж. Иом Киппурын дайны дараа Египет болон Ливийн харилцаа улам хурцадсан байв. Үүний дээр Ливийн удирдагч Каддафи хөрш зэргэлдээ Арабын орнуудыг өөртөө нэгтгэх бодлого явуулж эхэлсэн тул 1976 оноос эхлээд тус 2 орны хил дээр жижиг мөргөлдөөнүүд үүсэх болжээ. Эцэст нь 1977 оны 7-р сарын 21-д байдал улам хурцдаж, Ливийн танкын дивиз Египетийн газар нутагт нэвтэрч дайн эхэлсэн юм. 

Дайн үргэлжилсэн 4 өдөрт танкын хоёр, агаарын хэд хэдэн тулаан болжээ. Египетийн хос танкын дивиз Ливийн Мусаид хотыг эзэлсний дараа НҮБ-ийн шахалтаар тулаан дуусч 2 тал гал зогсоох хэлэлцээр хийсэн байна. Мөргөлдөөний дараа Ливи, Египетийн талууд эзэлсэн газар нутгаа буцаан өгсөн боловч энхийн гэрээний тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Египет-Ливийн дайн - 4 өдөр

3 АНУ-Гренадагийн дайн - 3 өдөр

1983 оны 10-р сарын 25-нд АНУ Карибийн тэнгисийн жижиг орон Гренадаг эзлэх цэргийн ажиллагаа явуулсан юм. Эхэндээ АНУ тухайн бүс нутгийг тогтворжуулах, Гренадад буй америк иргэдийг хамгаалах үүднээс цэрэг хөдөлгөсөн хэмээн мэдэгдэж байв. Гэвч үнэн хэрэгтээ Гренада нь ЗХУ-тай ойртож, коммунист үзэл дэлгэрүүлж эхэлсэн учраас Кубын түүх давтагдана гэдгээс АНУ эмээж байжээ. Мөн тус ажиллагаа эхлэхээс 2 долоо хоногийн өмнө Гренадад төрийн эргэлт гарч марксистууд засгийн эрхийг булаан авсан учраас АНУ яаравчлан цэргээ илгээжээ. 

Нэн тэргүүнд АНУ-ын цэргүүд коммунистуудыг устгаж хуучин засгийн газрыг эргүүлэн тавьсан байна. Мөн Гренадын хувьсгалчдын нутагтаа оруулж ирсэн байсан куба цэргүүдийг америкчууд хөөн гаргажээ. Гурван өдөр үргэлжилсэн тулааны үеэр 100 хүрэхгүй хүн амиа алдсан ч тэдгээрийн ихэнх нь энгийн иргэд байв. Сарын дараа уг дайны хохирлыг барагдуулах үүднээс АНУ Гренадад 110 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон байдаг.

АНУ-Гренадагийн дайн - 3 өдөр

2 Энэтхэг-Португалийн дайн - 36 цаг

Энэтхэг улс 1961 оны 12-р сарын 18-д Португалийн эзэмшилд байсан Гоа мужийг цэргийн хүчээр нэгтгэсэн юм. 

Гоа хэмээх жижиг муж нь Энэтхэгийн баруун хэсэгт оршдог бөгөөд Дэлхийн 2-р дайны дараа иргэд нь тусгаар тогтнохыг эрмэлзэх болжээ. Гэвч Португалийн тал тус нутгийг орхиж гарах бодолгүй байв. Ийнхүү нутгийн иргэдийг хүсэлтээр Энэтхэгийн тал 2 өдрийн дотор Гоаг өөртөө нэгтгэсэн аж. 

Энэтхэг-Португалийн дайн - 36 цаг

1 Англи-Занзибарын дайн - 38 минут

1896 оны 8-р сарын 27-нд Их Британи ба Занзибарын хооронд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн богино дайн болж өнгөрсөн юм. Тодруулбал ердөө 38 минут үргэлжилсэн бөгөөд Гиннесийн  ном үүнийг дэлхийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд үргэлжилсэн дайн хэмээх тэмдэглэж авчээ. 

1896 оны 8-р сарын 25-нд Занзибарын султан Хамад бин Тувайни таалал төгсөж, шинэ султанаар Халид бин Баргашийг өргөмжилсөн боловч Их Британи түүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Цаашлаад Британийн тал Халидыг эрх мэдлээ өөрсдийн хүлээн зөвшөөрсөн хүнд нь шилжүүлэхийг шаардсан байна. Мэдээж Халид татгалзсан хариу өгсөн тул Британийн тэнгисийн цэргийн хүчин түүнд бодлоо өөрчлөх нэг өдрийн хугацаа өгсөн аж. Хугацаа дуусах мөч буюу 8-р сарын 27-ны өглөөний 9:00 цагт Британийн байлдааны хөлгүүд тухайн үеийн нийслэл Занзибар хот руу гал нээжээ. 

Хот тэр чигтээ галд автаж, шинэхэн Султан тэр даруй зугтсан бөгөөд ердөө 38 минутын дараа Занзибарчууд бууж өгсөн юм. Хэдийгээр маш богино хугацааны дотор бүх зүйл дууссан ч Занзибар хотын 600 гаруй иргэн амиа алдсан байна. 

Англи-Занзибарын дайн - 38 минут

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()