Уг мэдэгдэл тухайн үедээ олон хүнд хүрсэн бөгөөд багагүй үзэгчдийн дэмжлэгийг авч уг шоу алга ташилтаар өндөрлөж байсан юм. Харин өнөө цагт Жорж Флойдийн үхлээс болж үүссэн эсэргүүцлийн жагсаалын дараагаар уг үзэл санаа, хандлагыг олон хүн дэмжих болсон билээ. Google хайлтын системд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү? Гэх мэт хайлт маш өндөр байсан бөгөөд энэ тухай санал бодол нэгтэй байгаа талаар олон ч хүн Twitter-д жиргээд байгаа юм.
Гэсэн хэдий ч арьс өнгөний үзлийг сэтгэцийн эмгэгтэй жишиж үзэхэд хэцүү. Сэтгэцийн эмгэг судлаачид уг үзлийг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд шалтгаан нь арьс өнгөний үзэл гаргах нь тухай хүний сонголт байдаг харин гүн хямрал, сэтгэлзүйн хоёр туйлт эмгэг эсвэл шизопрени гэх мэт нь тухайн өвчтөнд ямар ч сонголт байхгүй болсон асуудал. Үүнийг сэтгэцийн эмгэг гэж үзэх нь зохимжгүй хэрэг. Тэр хүний сонголт танд таалагдахгүй байлаа гээд шууд солиотой, галзуу эсвэл сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж болохгүй гэж үздэг байна.
Мөн түүнчлэн арьс өнгөний үзэл гаргах нь эцэстээ бусдад чиглэсэн аюулыг үүсгэдэг бөгөөд, бусдад хор хохирол учруулах хандлагатай байдаг бол сэтгэцийн эмгэг нь эсэргээрээ ихэвчлэн өөрийгөө гэмтээх, хохироох хандлагатай байдаг байна.
Арьс өнгөний үзлийг сэтгэцийн эмгэг гэж үздэг үзэл нь хэдэн арван жилийн өмнө хоцрогдсон ойлголт бөгөөд анхдагч санааг нь 1969 онд Америкийн Сэтгэл Судлалын хүрээлэнгийн хэсэг бүлэг хар арьст эрдэмтэд хамтран гаргаж байсан ажээ. Тэдний үзсэнээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь өвчин төдийгүй бусдад нөлөөлж, даамжрах хандлагатай гэж үзэж байв.
Гэхдээ хэрэв арьс өнгөний үзэл сэтгэцийн эмгэг биш бол бид уг үзлийг хүний байгалийн, хэвийн зан чанар гэдгийг зөвшөөрч байгаа хэрэг үү? Энэ бол сэтгэл судлалын салбарын хувьд тун хэцүү асуулт ажээ.1965 онд сэтгэл судлаач Алвин Пуссайн Миссисипи мужийн Жэксон хотод очиж сэтгэл зүйн сургалт явуулж байв. Тэрээр тэнд байх үедээ хэт арьс өнгөний үзлийг мэдэрсэн бөгөөд түүнийг эмнэлэг дээр байх үед цагаан арьс эмч нар хүнд гэмтсэн хар арьст иргэнийг эмчлэхээс татгалзсан байна. Алвин Пуссайн эмч нарыг яаж ч ятгаж, баримт нотолгоо бүх зүйлийг хэлсэн ч эмч нар татгалзсаар байсан бөгөөд тэд хариуд нь бид ялгавартай байсан нь дээр гэж хэлсэн байна.
Энэ тухайд тэрээр: Энэ бүхэн яг л надад сэтгэцийн эмгэг шиг санагдсан, учир нь хэн нэгэнд баттай баримт нотолгоо хангалттай өгсөн ч тэдний итгэл үнэмшлийг өөрчилж чадахгүй байсан нь тэгж бодоход хүргэсэн гэжээ. Түүний хувьд тус эмнэлгийн эмч хий төөрөгдөлд орсон мэт санагдаж байсан бөгөөд, итгэж байгаа зарчим нь ухаангүй үйлдэл, тэд намайг хэчнээн тайлбарласан ч хар арьст иргэдийг тоож үзэхгүй байсан. Энэ бол ухамсарт суусан зүйл гэжээ.
Харин түүний онолыг эсэргүүцдэг хүмүүс үүнийг сэтгэцийн эмгэг гэж нэрлэхийг хүсдэггүй бөгөөд, энэ бол бидний гаднын нөлөөтэй суралцсан зан байдал гэж үздэг байна.
Сэтгэл зүйч Карл Белл арьс өнгөний үзлийг ч мөн сэтгэцийн эмгэг гэж үздэг боловч, түүнийхээр энэ хувь хүний зан чанартай шууд холбоотой гэж үзжээ. Тэрээр нарциситик хүмүүс арьс өнгөний үзэл гаргах нь бусдаас өндөр байдаг гэж үзжээ.
Арьс өнгөний үзлийг судлах болсон өөр нэгэн шалтгаан нь Дэлхийн 2-р дайны үе билээ. Уг үзэл нь Нацистуудын зан байдал болон хэт сөрөг үзлээс болсон юм.
Арьс өнгөний үзэлтнүүд солиотой юу? Номын зохиогч, Эмори Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Сандер Гилман: Би уг үзлийг сэтгэцийн эмгэг мөн байгаасай гэж их найддаг, хэрэв тийм бол бидэн шиг энгийн хүмүүс Аушвицд гэм зэмгүй олон мянган хүнийг тамлаж, хороохгүй байсан. Даанч бодит байдал дээр бидэнтэй л ижил хүмүүс тэнд бусдыг өөр гаралтай улмаас хөнөөж байсан. Тэд олон хүн хөнөөхийн хэрээр хүн байхаа больсон. Энэ чинь сэтгэцийн эмгэг биш шүү дээ, энэ бол хүний муухай чанар, учир нь бидэнд тийм зүйл хийхгүй байх сонголт байдаг гэжээ.
Ихэнх сэтгэл зүйчдийн санал нийлж байгаагаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь хүний сонголтын хэлбэр. Хүн төрөхдөө ийм үзэлтэй байдаггүй, харин багаас нь үүнийг гаднын нөлөөллөөр сургадаг. Арьс өнгөөр ялгаварладаг нийгэмд өсөж бойжсон хүн, тийм л хүн болдог. Бид уг үзэл санааг суралцдаг учир одоо ч өөрчилж чадна гэж үзэж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд Монгол улсад ч уг үзэгдэл их хэмжээгээр ажиглагддагийг та бүхэн мэднэ. Нутаг ус, гарал үүсэл, сум, баг, гол, саахалтаараа нэгнийгээ ялгаварлан гадуурхах нь тун ч олонтаа. Хамгийн нийтлэг хандлага бол Хятад улсыг үзэн ядах үзэгдэл билээ. Тун ч эртнээс уг үзэл санаа, пропагандаг төр улсын удирдагчид тогтмол бидний амьдралд суулгасаар ирсэн билээ. Мөн орчин цагт улс төрчид хүртэл бидний уг үзэл санааг тун зальжин байдлаар ашигласаар, өөрсдийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлсээр байгаа билээ.
Та бусдыг арьс өнгөөр нь ялгаварлалгүй, эрүүл ухаанаар нэг удаа бодоод үзээрэй...