Жилд ганц л удаа харах боломжтой байгалийн гайхамшигт үзэгдлүүд

2021-09-26, 17:13
10,827

Байгаль дэлхий үзэсгэлэнтэй ч ихэвчлэн энгийн талыг нь харах боломж бидэнд олддог. "Мянга сонсохоор нэг үз" гэдэгчлэн тайлбарлахад хэцүү, сонсоод л өнгөрч боломгүй зүйлсээр манай дэлхий дүүрэн. Ингээд та бүхэнд жилд ганц л удаа тохиодог, зөвхөн азтай нэгэн л нүдээр үзэх боломж олддог ховор үзэгдлүүдийг сонирхуулж байна.

Жилд ганц л удаа харах боломжтой байгалийн гайхамшигт үзэгдлүүд

1 Цоохор нуур - Канад

Канадын Бритиш Колумбиа мужийн Осоёос хэмээх газар байх нэгэн нуур нь зуны улирлын хуурай цагт байгалийн гайхамшигт үзэгдлийг бий болгодог. Нуурын ус ууршин ширгэх үед эрдэс давс нь дугуй хэлбэртэй өнгө өнгийн үзэсгэлэнт хээ болон үлдэнэ.

Цоохор нуур нь уугуул Америкчуудын тусгай хамгаалалттай газарт хамаарах бөгөөд нутгийн иргэд нуурын усыг анагаах увдистай гэж үздэг тул аялагчдыг ойртож очихыг хориглодог. Гэхдээ нуур энэ үедээ холоос эсвэл агаараас илүү сайхан харагддаг байна.

Цоохор нуур - Канад

2 Галт хүрхрээ - АНУ

Калифорнийн Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байх Эл Капитан хавцлаас халуун лаав хүрхрэн бууж байгааг харж болно. Үнэндээ жирийн усан хүрхрээ жаргах нарны хурц туяанд гал мэт гэрэлтэн харагдаж буй нь тэр юм. 

Гайхамшигт галт хүрхрээг хоёрдугаар сарын дундаас сүүл хүртэлх аль нэг өдөр, тэнгэр цэлмэг үед ердөө 10 минутын хугацаанд харах боломжтой байдаг.

Галт хүрхрээ - АНУ

3 Гну гөрөөсний их нүүдэл - Танзани

Жил бүр хоёр сая гаруй толгой Африкийн зэрлэг үхэр буюу гну хур бороотой, өвслөг бэлчээрийн эрэлд гарч, Танзанийн Серенгетийн талаас Кенийн Масай Мара хүртэл 3000 гаруй км нүүдэллэдэг байна. Дэлхий дээрх хөхтөн амьтдын хамгийн том нүүдэл гэж тооцогдох энэхүү үзэгдэл нь жил бүр борооны улирлын үеэр буюу таваас зургадугаар сарын хооронд болдог. 

Гну гөрөөсний их нүүдэл - Танзани

4 Манхэттэнхенж - АНУ

Том хотод харж болох байгалийн ховорхон үзэгдлүүдийн нэг бол Манхэттэнхенж буюу Манхэттэний туйл юм. Жилийн хамгийн урт өдрүүдэд буюу 5-р сарын 28-наас 7-р сарын 13-ны хооронд нэг удаа жаргаж буй нарны туяа Нью-Йоркийн Манхэттэн хотын гол гудамжаар нэвт тусаж, баруунаас зүүн зах хүртэл гэрэлтүүлдэг байна. 

Зуны туйл өдөр Их Британийн Стоунхенжийн чулуун цогцолборын голоор мөн адил нарны туяа тусдаг учир түүнээс санаа авч энэ үзэгдлийг Манхэттэнхенж хэмээн нэрлэжээ.

Манхэттэнхенж - АНУ

5 Өмнөдийн туйлын туяа - Австрали

Туйлын туяаг өөрөөр умардын гэрэл хэмээн нэрлэдэг боловч дэлхийн өмнөд хагаст бас харах боломжтойг хүмүүс төдийлөн мэддэггүй. Өмнөдийн туйлын туяа (Aurora australis) нь ихэвчлэн ногоон, ховор тохиолдолд улаан болон бусад өнгийн гэрлэн хөшиг үүсгэнэ. Умардын туяатай нэгэн адил нарны цэнэгжсэн ионууд агаар мандал дахь хүчилтөрөгч, азотын атомуудтай мөргөлдсөнөөр бий болдог.

Энэхүү байгалийн гоо үзэсгэлэнг Австралийн Тасман арлын Веллингтон уулын орчмоос, өвлийн саруудад буюу гурваас есдүгээр сарын хооронд, шөнө дундын цагаар харахад тохиромжтой.

Өмнөдийн туйлын туяа - Австрали

6 Шөнө дундын нар - Норвеги

Антарктидын тойргоос урагш, Арктикийн тойргоос хойш бүс нутгуудад зуны улиралд "Шөнө дундын нар" хэмээх үзэгдэл бий. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэхдээ яльгүй хазайсан байдаг тул хэдэн долоо хоногийн турш дээрх бүс нутгуудад нар огт жаргадаггүй. 

Энэхүү үзэгдлийг Норвегийн хойд нутагт мэдрэхэд хамгийн тохиромжтой. Жилийн энэ үед хийж болох олон үйл ажиллагаа, зугаа цэнгэл бий бөгөөд жишээлбэл шөнө дунд гольф тоглож, дугуй унаж, завиар зугаалж болно.

Шөнө дундын нар - Норвеги

7 Панжины улаан эрэг - Хятад

Хятадын Ляонин мужийн далайн эрэгт орших Панжин хотын ойролцоох нутаг намрын улиралд тод улаан өнгийн бударгана (Suaeda salsa) хэмээх ургамалд хучигдаж, үлгэр домгийн ертөнц мэт харагддаг.

Байгалийн үзэсгэлэнгээс гадна энэ нутгийн намаг нь 260 зүйлийн жигүүртэн, 399 зүйлийн зэрлэг амьтдын амьдрах газар болдог онцгой экосистем юм.

Панжины улаан эрэг - Хятад

8 Цөлийн цэцэгс - Чили

Дэлхий дээрх хамгийн хуурай газруудын нэг Атакамын цөлд жилд дунджаар ердөө 12 мм тунадас унадаг. Гэхдээ байнга ийм байна гэж үгүй бөгөөд хэдэн жилд нэг удаа хур бороо ердийнхөөс элбэгтэй байдаг. Энэ нь Өмнөд Америкийн баруун эрэгт хүрдэг Атлантын далайн дулаан урсгал Эль Нино нь ууршилтыг нэмж, борооны үүл үүсгэдэгтэй холбоотой. Ийнхүү хур бороо элбэгшсэнээр есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 200 гаруй зүйлийн цэцэг дэлбээлж, Атакамын цөл цэцгэн хөнжилтэй болдог байна.

Цөлийн цэцэгс - Чили

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()